Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/69

 

 

 

 

2024       12         04                                            2024/ДШМ/69

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Т.Т

Шүүгдэгч                                                         Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Х.О

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Бын давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Бд холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

    У овогт Г-н Б, Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Г.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалаар Зэвсэгт хүчний  дугаар ангийн инженерийн техникийн засварын тасгийн инженерийн гинжит техникийн засварчин, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний  дугаар ангийн захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газарт “ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдлийг гарган ажлаа орхин явж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ    аймгийн   сумын  Баянталын    тоот хашаанд урьд дотно харилцаатай байсан Е.Б-г хохирогч Б.Г-тай хардаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа, нуруу, зүүн гарын тохой хэсэгт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь “нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч У овогт Г-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэм буруутайд,

             Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм тус тус буруутайд тооцож,

             Шүүгдэгч Гансүхийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

   Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

             Шүүгдэгч Г.Б энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Г энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Миний бие Г.Б нь Орхон аймгийн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн дугаар ангид дэд ахлагчаар ажиллаж байсан бөгөөд өөрийн эмээ Ж.Ж-н эрүүл мэндийн шалтгаан, өөр бусад шалтгааны улмаас      аймагт ажиллаж, амьдрах боломжгүй болж, ажлаас өөрийн хүсэлтээр гарах болж өргөдлөө өгсөн байсан.

Миний эмээ Ж.Ж нь төрөлхийн сонсгол болон хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй,сүүлийн үед нас өндөр болж байгаатай холбоотойгоор хараанд нөлөөлж , муу хардаг болсон зэрээс асрах шаардлагатай болсон байсан, мөн өөрийн гэсэн орон гэргүй байснаас болж удаан хугацаанд ажиллаж амьдрах боломжгүй болсон байсан юм.

Уг нь би эмээгээ асардаг байгаад цэргийн албанд явах болж, уг албандаа үргэлжүүлэн ажиллах санал авч сайн ажиллаж байсан боловч эмээгээ зайлшгүй асрах шаардлагатай болж ажлаа хийх боломжгүй болсон. Тухайн өргөдлийг шийдвэрлэх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байснаа ойлгоогүй, ажлын байрыг орхиж явсан маань хуулийн дагуу буруу болсон байсан. Иймд хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа болно байгууллага болон хувь хүнд учруулсан хохиролгүй болгосон болно. Иймд гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг болон анх удаа хэрэгт холбогдсон байдлыг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.2 заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.07 ны өдрийн 2024/ШЦТ/407 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 заалтыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эсхүл тэнсэх үүрэг хүлээлгэх арга хэмжээний аль нэгийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Г.Бын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналын прокурор Т.Т-с Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгдэгч Г-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах” гэмт хэргийг ахлагч үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял оногдуулжээ.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Б эс зөвшөөрч ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь заалтыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эсхүл тэнсэх үүрэг хүлээлгэх арга хэмжээний аль нэгийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

           

            Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг нь цэргийн алба хаах өргөсөн тангаргаасаа няцаж цэргийн алба хаах тогтоосон журмыг зөрчиж улмаар зэвсэгт хүчний байлдааны байлдах бэлэн байдал, байлдах чадварыг хангах, бие бүрэлдэхүүний сахилгыг бэхжүүлэхэд хохирол учруулдаг хор уршигтай санаатай үйлдэгддэг гэмт хэрэг юм.

           

            Цэргийн анги байгууллага гэж цэргийн бүх шатны удирдлаын байгууллага, нэгтгэл анги, цэргийн сургууль болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг ойлгоно.

 

            Харин цэргийн алба хаах гэдэг нь Монгол Улсын хуулийн дагуу цэргийн жинхэнэ албыг хааж байгаа иргэн, цэргийн сургууль, цугларалтад оролцож байгаа бэлтгэх үүргийг нэрлэнэ.

 

            Цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа үе гэдэгт цэргийн албан хаагч ангидаа байх, ангидаа ирэх, харих, ангийн байрлалын гадна үүргээ биелүүлэхийг цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа үе гэж тооцно.

 

            Цэргийн алба хааж дууссан хугацааг офицер, ахлагчийн хувьд тэднийг цэргийн бие бүрэлдэхүүнд багтаасан тушаал гарснаар эхэлсэн хугацааг тооцож, дууссан хугацааг халсан тушаал гарсан өдрөөр тооцдог.

 

            Үүнээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн     дугаар тушаалаар Зэвсэгт хүчний     дугаар ангийн инженерийн техникийн засварын тасгийн инженерийн гинжит техникийн засварчин, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалтгаангүйгээр ажлаа тасалж, улмаар 2024 оны 05 дугаар сарыг 30-ны өдөр Зэвсэгт хүчний     дугаар захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газарт ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дараа ажлаа орхин явж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

            гэрч З.П-н ... ажлаа таслаад ажлаасаа гарсан ... гэсэн /хх-5/, ...

 

            гэрч Б.Т-н ... Уг нь бол Г.Б нь мэр сэр ажлаа тасалдаг байсан. 2024 оны 05 дугаар сараас эхлэд олон хоногоор тасалдаг болсон ... ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг нь бичүүлж авсан. Тухайн үед Г.Б нь ажлаас чөлөөлөх тушаал гартал ажил таслахгүй гэж амлаад ажилдаа орсон. ... маргаашнаас нь ажилдаа ирээгүй. Тэгээд л ажлаас чөлөөлөгдөх тушаал тушаал гартал ажилдаа огт ирээгүй утсаа ч аваагүй алга болсон ... гэсэн /хх-7/ мэдүүлэг,

 

            гэрч П.З-н ... дэд ахлагч цолтойгоор томилогдон ажилласан. Тэгээд дэд ахлагч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 10-аас эхлээд тасралтгүй ажлаа тасалж анги байрлалаа орхиж явсан ... гэсэн /хх-9/ мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Мөн шүүгдэгч Г.Б нь 2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн     сумын  Баянталын    тоотод хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

            хохирогч Б.Г-н ... Г.Б намайг үгийн зөрүүгүй ирээд шууд нүд рүү цохихоор нь би түлхэж газар унагаачхаад буцаад явж байтал шууд хойноос хүрз барьж ирээд зүүн талын хавирга, зүүн гарын тохой, нурууны гол хэсгийг хүрзээр олон удаа зүссэн. Тэгээд шууд миний гар нуруу хэсгээс маш их цус гараад тогтохгүй байхаар нь цагдаа болон Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт очиж анхны тусламж авч 22 оёдол тавиулсан ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч О.О-н ... Г.Б Б.Г-г манай гэрт байсан газар ухдаг хүрзээр юу ч үгүй биеийг нь цохиод зүсээд хаячихсан, бие нь битүү цус болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Е.Б-н ... Б.Г гэнэт сэрээд гарч ирсэн чинь Г.Б шууд очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохихоор нь Г-г түлхэж унагаачхаад захирлын гэр рүү орох гэж байхад нь хаанаас ч юм мэдэхгүй нэг хүрз олж ирээд Ганбаярын нуруу, гар хэсэг рүү хүрзээр хэд хэдэн удаа цохиж зүссэн. Тэгээд шууд Ганбаярын гар болон нуруунаас маш их цус гоожсон чинь Б шууд зугтчихсан ... гэсэн мэдүүлэг,

 

            Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 611 дугаартай ... Б.Г-н биед нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байна. Нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн 84-89 дүгээр нотлох баримтаар авагджээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож шүүгдэгчид холбогдох үйлдлүүдийг зөв зүйлчилж түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэрэгт дүгнэлт хийж шийдвэрлэснийг өөрчлөх эсхүл буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалт хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл гэж үзэж болохгүй юм.

 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, сэдэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг болно.

 

            Хэдийгээр Г.Бын эмэг эх Ж.Ж нь   аймгийн   сумын   тосгонд амьдардаг, эмнэлгийн байнгын хяналтад байдаг нь тус тосгоны эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн     дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Харин тэрээр эмэг эхээ асран хамгаалж хамт амьдарч байгаа талаарх     тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн    дугаартай тодорхойлолт хавсаргагдсан боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

         Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 407 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР