| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0009/З |
| Дугаар | 112/ШШ2026/0029 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 112/ШШ2026/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн С.А
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд Н.Х, С.Ар, Х банк нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-гийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, иргэдийн төлөөлөгч Б.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.А-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.Агийн өмчлөх эрхтэй 25%-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Аг тус байрны 25%-ийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 18 дугаар байрны 26,04м2 өвлийн орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлээр Л.Н, С.Ар нарт, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлээр С.О-д, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлээр Т.Ц-д харин 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлээр тухайн маргаан бүхий орон сууцыг Н.Х-т тус тус олгож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
2.2. Нэхэмжлэгч С.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/14098 дугаар албан бичгээр Гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу хүргүүлжээ.
2.3 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар тухайн захиргааны шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
2.4. Иймд нэхэмжлэгч С.А нь дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: С-ын А миний бие нэрээ өөрчилж С-ын А болсон. Тус аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, .................... тоот 26.04 м2 2 өрөө, Ү-.......... улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг төрөөс анх удаа 1998 онд хувьчлах үед миний төрсөн эцэг С, эх Л Н, С-ын А, С-ын А, С-ын Б нар байсан бөгөөд бид гэр бүлээрээ өмчилж авсан. Ийнхүү анх удаа өмч хөрөнгөтэй болсон бөгөөд миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүйгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, Баянхайрхан .......................тоот 26.04 м2 2 өрөө Ү-.............................улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас хасагдсан болохыг олж мэдээд тус аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 6/14092 дугаартай албан бичгээр шүүхэд хандах эрхийг зааж өгсөн тул хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонгож хариуцагчаар татаж энэхүү нэхэмжлэлээ гаргалаа. Миний бие аавын үлдээсэн энэ хөрөнгөнөөс өөр ямар нэг үл хөдлөх хөрөнгөгүй, намайг хууль бусаар өмч хөрөнгөнөөс минь салгасанд ихэд гомдолтой байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудлаар миний бие бүртгэл хэрхэн явагдсан талаар мэдэх боломжгүй, мөн нотариат хэрхэн баримт үйлдсэнийг мэдэх боломж алга. Ямар ч байсан миний бие өмч хөрөнгөөсөө татгалзсан зүйл үгүй тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар ийм хууль бус үйлдлийг хаацайлах эрхгүй бөгөөд дотоод хяналт шалгалтаа хуульд нийцүүлэн хийж, хууль бус бүртгэлийг хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Маргаан бүхий Ү-.............................дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ............тоот 26.04 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц нь анх 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр 6 иргэний өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгээр Б.С, Л.Н, С.А /хуучнаар С.А/, С.Ар нарын 4 иргэний өмчлөлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож байжээ. Өрхийн тэргүүн Б.С нь 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар түүний оногдох хэсэг болох байрны 25 хувийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528.1-ийг үндэслэн Л.Н-д Өв залгамжлалын эрхийн 16 тоот гэрчилгээг олгосон байна. Өөрөөр хэлбэл өвлөгч С.Б, С.Б нар өв авахаас татгалзсаныг үндэслэн талийгаач Б.С-ын нэрийг хасуулж шинээр үл хөдлөхийн гэрчилгээ авах хүсэлт Л.Н гаргасан гэж үзэхээр байна. Энэ талаар гэрч улсын бүртгэгч Ш.Г 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “....Нотариатын өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж бүртгэл өөрчилсөн байгаа” хэмээн мэдүүлсэн нь үндсэн өмчлөгч С.А-г үндсэн өмчлөгчөөс хассан буруутай ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэж байна. Мөн хариуцагч Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын ахлах байцаагч Б.Э 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хариу тайлбартаа “Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийн хувьд улсын бүртгэлийн байгууллагад 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөгч Л.Н-ын гаргасан 5011 дугаартай мэдүүлэг, 19-р нотариатчаас олгосон 16 дугаартай өв залгамжлалын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг нотлох баримыг үндэслэн тухай үеийн холбогдох хууль, журмын дагуу уг орон сууц нь өмчлөгч Л.Н, С.Ар нарын өмчлөлд бүртгэгдэж, улсын бүртгэлийн тоот гэрчилгээ олгогдсон байна” гэсэн байгаа нь зөвхөн талийгаач Б.С-ын өвийн асуудлаар улсын бүртгэлд өвлөгч хандаж байсныг нотолж байна. Улсын бүртгэлийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлд “Орон сууцны хамтран өмчлөгч хасагдах хэлцэл” бус харин өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж талийгаач Б.С-ын нэрийг хасах бүртгэлийн ажиллагаа хийх үндэслэл болсон баримт нь өвлөгч төрсөн хүү С.Б 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, С.Б нар 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өвөөс тус тус татгалзсан, С.А-гаас 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн оногдох өвөө шилжүүлэх зөвшөөрөл гэх баримт эх хувь биш факсаар ирсэн нотлох баримтын шаардлага хангахгүй бүрдүүлбэрийг үндэслэсэн болохоо хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс давхар хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх анхаарна уу.
Уг байрны хууль ёсны өмчлөгч нь Л.Н, С.А, С.Ар нар байх бөгөөд тус байрны 50 хувийн өмчлөгч Л.Н, С.Ар нар нь талийгаач Б.С-ын 25 хувийг өвлөж аваад бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаас харагдаж байна.
Гэтэл тус байрны 25 хувийн хууль ёсны өмчлөгч С.А нь “Орон сууцны хамтран өмчлөгч хасагдах хэлцэл”-ийг хийгээгүй, өмчлөгчөөс хасагдах хүсэлт гаргаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хамтран өмчлөгчөөс улсын бүртгэгч хассан байгаа үйлдэл нь Үндсэн хуулийн 2-р бүлэг, 16-р зүйлийн 16.3-т заагдсан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх залгамжлуулах эрхтэй” гэсэн үндсэн эрхэнд нь халдаж, өмчгүй үлдээсэн нь хууль бус бүртгэл, шударга бус үйлдэл болно. 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2, 12.4.1, 12.5.1, 13.5.1, 14.1.4, 25-р зүйлүүд зөрчигдсөн эсэхэд маргана.
Орон сууц бэлэглэлийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр маргаан бүхий байрны 75 хувийг өмчлөгч Л.Н, С.Ар нар нь өөрт оногдох хэсгээ С.О-д 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр худалдах, бэлэглэх эрхийг олгож, итгэмжлэгдсэн этгээд өөртөө шилжүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд С.Агийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Орон сууц бэлэглэлийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий байрны 75 хувийг өмчлөгч С.О нь өөрт оногдох хэсгээ Т.Ц-д бэлэглэсэн байх бөгөөд С.Агийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Орон сууц худалдах, худалдан авах 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр Т.Ц нь өөрийн оногдох 75 хувийг Н.Х-т худалдсан, харин С.А-гийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь Өвлөх эрхээ бүртгүүлэх Л.Н-ын хүсэлтийг зөрчиж өмчлөгч С.Аг өмчгүй үлдээсэн нь шууд буруутай үйл ажиллагаа тул эцсийн өмчлөгч болж буй Н.Х-ын 75 хувийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч, харин С.А өөрийн оногдох хэсгийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр маргаан бүхий өөрийн өмчлөлийн хэсэгтээ нэмэгдэж орохоор шаардах эрхтэй гэж үзэж байна.
Улсын бүртгэл үнэн зөв байх, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-ыг зарчмын хүрээнд Л.Н, С.Ар нар өөрт хуулийн дагуу оногдож байсан 75 хувийг худалдсан хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч, С.А зөвхөн өөрт оногдох хэсэгт шаардлага гаргаж, нэмж бүртгүүлэхийг даалгуулахаар шаардаж байгаа нь өмчлөгч Н.Х-ын хууль ёсны 75 хувийн хэсгийг өмчлөх эрхийг хамгаалах гэсэн шударга үйлдэл, зөв хандлага гэж үзэж байна. Манай нэхэмжлэлийн шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3, 106.3.4-т заагдсан шаардлагууд болно.
Иймд Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.Ад холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.А-гийн өмчлөх эрхтэй 25 хувийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Аг тус байрны 25 хувийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-.............................дугаартай тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ............тоот дахь 26.04м2 талбайтай 2 өрөө орон сууц нь анх 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.С, Л.Н, С.Б, С.Б, С.А, С.Ар нарын 6 иргэний өмчлөлд бүртгэгдэж, 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлээр Б.С, Л.Н, С.А, С.Ар нарын өмчлөлд, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өв залгамжлах эрхийн бүртгэлээр Л.Н, С.Ар нарын өмчлөлд, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэх гэрээгээр С.О-ийн өмчлөлд, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон сууц бэлэглэх гэрээгээр Т.Ц-гийн өмчлөлд, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Н.Х-ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг улсын бүртгэгч тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, мөн зүйлийн 13.5.1-д “...тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж, мөн зүйлийн 13.5.6-д “...улсын тэмдэгтийн хураамж эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт” гэж, мөн зүйлийн 13.5.7-д “...өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар” гэж, мөн зүйлийн 13.5.8-д “энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл”, мөн зүйлийн 13.6-д “Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасныг баримтлан иргэн Л.Нын охин С.Арын хамт гаргасан 5011 дугаартай мэдүүлэг, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай нотариатчаас олгосон 16 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, үйлчилгээний хөлс төлсөн иргэний баримт бичгийн хуулбар, өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг хүлээн авч хянан үзэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д “Энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д “...Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” гэснийг тус тус баримтлан бүртгэх шийдвэр гаргаж уг орон сууцны өмчлөгчөөр Л.Н, С.Ар нарыг бүртгэж баталгаажуулсан байна.
2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэх гэрээгээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг улсын бүртгэгч тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж, мөн зүйлийн 24.2-т “дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна” гэж, мөн зүйлийн 24.3-т “өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй” гэж тус тус заасныг баримтлан, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 тоот тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 5.1-д заасан нотлох баримтууд болох өмчлөх эрх шилжүүлэн авагч С.О-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-гийн гаргасан 185 дугаартай мэдүүлэг, 19 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн журмын 5.4-т “Гэрээ хэлцэлд итгэмжлэлээр оролцсон бол итгэмжлэлийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг авч хавсаргана” гэсний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Г.Н, С.Ар нарын Т.Ц-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтад үндэслэн улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д “Энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д “...Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” гэснийг тус тус баримтлан бүртгэх шийдвэр гаргаж уг орон сууцны өмчлөх эрхийг С.О-д шилжүүлэн бүртгэж ............ тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Энэ бүртгэл хийгдсэнээр Л.Н, С.Ар нарын өмчлөх эрх дуусгавар болж С.О өмчлөгчөөр бүртгэгдсэн байх, мөн бэлэглэх гэрээнд нэг талаас өмчлөгч Л.Н, С.Ар нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нөгөө талаас бэлэг хүлээн авагч С.О-тэй бэлэглэх гэрээг байгуулж оролцсон байх тул нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлд “...Орон сууц бэлэглэлийн 2012.01.26-ны өдрийн гэрээгээр маргаан бүхий байрны 75 хувийг өмчлөгч Л.Н, С.Ар нар нь өөрт оногдох хэсгээ С.О-д 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр худалдах бэлэглэх эрхийг олгож, итгэмжлэгдсэн этгээд өөртөө шилжүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд С.А-гийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна” гэсэн нь нотлогдохгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллага иргэн С.А-гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар бусдад шилжүүлсэн буруутай үйлдэл хийсэн гэх үндэслэлгүй юм.
2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэх гэрээгээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг улсын бүртгэгч тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж, мөн зүйлийн 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй гэсэн” гэж заасныг тус тус баримтлан, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 тоот тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 5.1-т заасан нотлох баримтууд болох Т.Ц-гийн гаргасан 258 дугаартай мэдүүлэг, 19 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1- д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул мэдүүлэг нотлох баримтыг хүлээн авч уг орон сууцны өмчлөх эрхийг Т.Ц-д шилжүүлэн бүртгэж 000151097 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Тухайн үед улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх”, 12 дугаар зүйлийн 12.4.1-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, 12 дугаар зүйлийн 12.5.1-д “...Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” гэж тус тус заасныг баримтлан шийдвэр гаргаж бүртгэсэн байна.
Энэ бүртгэл хийгдсэнээр С.О-ийн өмчлөх эрх дуусгавар болж Т.Ц өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлд “...Орон сууц бэлэглэлийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий байрны 75 хувийг өмчлөгч С.О нь өөрт оногдох хэсгээ И.Ц-аад бэлэглэсэн байх бөгөөд С.А-гийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна” гэсэн нь мөн нотлогдохгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллага иргэн С.А-гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар бусдад шилжүүлсэн буруутай үйлдэл хийсэн гэх үндэслэлгүй юм.
2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг улсын бүртгэгч тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж, мөн зүйлийн 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй” гэж заасныг тус тус баримтлан, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 тоот тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 5.1-т заасан нотлох баримтууд болох Т.Хатанбаатарын гаргасан 2135 дугаартай мэдүүлэг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, 19 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2013.07.15-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авч уг орон сууцны өмчлөх эрхийг Н.Х-т шилжүүлэн бүртгэж ............. тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Тухайн үед улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх”, 12 дугаар зүйлийн 12.4.1-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д “Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” гэж тус тус заасныг баримтлан шийдвэр гаргаж бүртгэсэн байна.
Энэ бүртгэл хийгдсэнээр Т.Ц-гийн өмчлөх эрх дуусгавар болж Н.Х өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлд “...Орон сууц худалдах худалдан авах 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр Т.Ц нь өөрийн оногдох 75 хувийг Н.Х-т худалдсан, харин С.А-гийн өмчлөх эрх хязгаарлагдсан нь улсын бүртгэлийн буруутай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна” гэсэн нь мөн нотлогдохгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллага иргэн С.А-гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар бусдад шилжүүлсэн буруутай үйлдэл хийсэн гэх үндэслэлгүй юм.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-.............................дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн дээрх бүртгэлүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг зөрчөөгүй учир С.А-гийн өмчлөх эрхийг хохироосон үйлдлүүд гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч С.А-гийн гаргасан “...Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 5 дугаар сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.А-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.А-гийн өмчлөх эрхтэй 25 хувийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.А-г тус байрны 25 хувийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгаж өгнө үү...” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл хуульд нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Гуравдагч этгээд С.Ар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын 1-р баг, Баянхайрхан .......................тоот 26.04 м2 2 өрөө, Ү-.............................улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд ээж Лхаа овогтой Н -----------ийн хамт 2011 он хүртэл хамт амьдардаг байсан. Бүртгэл өөрчлөгдсөн гэх 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би насанд хүрээгүй буюу 11 настай байсан юм. Гэхдээ тухайн үед болж байсан бүх процессыг санаж байгаа. Тухайн байрны өмчлөлд хамт нэр байсан С овогтой Б (том ах) С овогтой Б(бага ах) С овогтой А (эгч) нартай ээж Л.Н нь уулзаж санал авч өргөдөл бичүүлж авч байсан. Харин тухайн үед эгч С.А нь энэ байрны нэр шилжүүлэх итгэмжлэлийг мэдэж байсан мөртлөө тухайн үед хаана байсан нь бас тодорхойгүй болж байна. Хэрвээ асуудал санал хүсэлт байсан бол насанд хүрсэн хүн байсан тул гэр бүлийнхэндээ хэлэх боломжтой байсан гэж бодож байна.
Уг байрыг ээж маань 28,000,000 төгрөгөөр зарж борлуулж 2013.08.16-ны өдөр байр зарсан мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг .............. /Хаан банк данс/ гэх өөрийн данснаас бэлэн гүйлгээ хийж авч хадгалж байгаад. Америк явж суралцан гэх үед саналыг нь дэмжиж уг ............ тоот 26.04 м2 2 өрөө, Ү-.............................улсын бүртгэлийн дугаартай орон сууц худалдсан мөнгөнөөсөө 2014 оны 03 дугаар сарын 12-нд өөрийн данс болох .............. /Х банк данс/-наас С овогтой А-гийн өөрийнх нь эзэмшлийн дансанд 4,000,000 төгрөг шилжүүлж бэлэн 5,000,000 төгрөгийн тус тус өгч байсныг би харж, өгөх үед нь хамт байсан болно. Асуудал гомдол гаргаад байгаа уг байрыг шууд дураараа нэрийн хас ч шилжүүлж юу ч өгөөгүй гэх мэт гомдол гаргасан байгаад би гайхаж байна. Ээж минь огт хаяаагүй үргэлж чадахаараа дэм тус болчих юмсан гэж их хичээдэг байсан. Хэрвээ санал гомдол байсан бол ээжийг минь эрүүл саруул үед хэлж ярилцахгүй бурхан болсны дараа нь өөрийнх нь нутаг ус найз нөхдийнх нь дунд байрны гэрчилгээг хасуулаад бүртгүүлчихсэн юм шиг мэдээлэл өгч байгаад миний бие гуравдагч этгээдийн хувьд гайхаж, бас гомдолтой байна. Мөн тухайн байрны төлбөрийг бид хоёр 10,000,000 төгрөгийг дансаар авч бусад төлбөрүүдийг өөрийн их сургуулийн төлбөрт зарцуулж үлдсэн төлбөрийг эгчдээ гадаад улсад боловсрол эзэмшин мэргэжлээ дээшлүүлэх боломжийг нь дэмжиж өгч зарцуулсан болно гэжээ.
Гуравдагч этгээд Х банк шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.
3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: С.Агаас 2005 оны 11 дүгээр сарын 16-ны оногдох өвөө шилжүүлэх зөвшөөрөл гэх баримт нь эх хувь байх факсаар ирсэн. Баримтын шаардлага хангахгүй байгаа гэсэн дүгнэлт нь анхаарал татаж байна. Энэ үед надад банкнаас зээл авах шаардлага гарч байрны гэрчилгээ бичигдсэн бүх хүүхдүүдээсээ зөвшөөрөл авах шаардлага гарах үед охин Н.Ц Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан тул гэрчилгээнд нэр орсон бүх хүүхдүүдээ гэрчилгээ дээрх нэрийг нь хасуулах өргөдөл гаргахад нотариатч Н.Ц-ын өв авахыг татгалзсан өргөдлийг факсаар авч хас ч байсан. Тэгэхээр тухайн үеийн шаардлага ийм байсан. Мөн С.А байр зарсан төлбөрөөс 10 сая төгрөгийг авсан. Тэгээд өөрийн 3 настай хүүгээ ээж дээрээ орхиод Америк явсан гэж ээж нь ярьж байсан. Гэтэл шүүх хурал дээр би гадаад улс руу яваагүй гэж байсан. Энэ үеэс ээжтэйгээ уулзаагүй утсаар ч ярилгүй олон жил болж байгаад хүүхэд нь 3 дугаар ангид байхад ээж нь даралт харваж хэвтэрт ороход хүүг нь аавд нь өгсөн. Намайг байр худалдан авахад байрны гэрчилгээ нь дээр Л.Н, С.Ар нарын нэр байсан гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Нандинцэцэг шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Өөрийн ээждээ С.А татгалзах зүйлгүй гэж өгсөн байна. Ийм учраас С.Ад хувь олдохгүй гэж үзэж байна. Тэгэхээр С.А өөрийн ээждээ өгсөн өвлөж татгалзах зүйлгүй гээд өргөдөл бичсэн байх шиг байна. Миний бодлоор ээж нь бүх хувь авах нь зүйтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч С.А анх Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцсийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.Ад холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.А-гийн өмчлөх эрхтэй 25 хувийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.А-г тус байрны 25 хувийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хэсгийг өөрчлөн тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хорооны ...................... тоот дахь 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг анх 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.С /........./, Л.Н /............../, С.Б/......../, С.Б/............/, С.А /............./, С.Ар /................/ нарын 6 иргэнийг хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийг бүртгэж орон сууц өмчлөх гэрчилгээ олгосон байна.
7. 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтайн хороонд байрлалтай ................. тоот 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Б.С /./, Л.Н /./, С.А /./, С.Ар /./ нарын 4 хүний өмчөөр бүртгэж, улсын бүртгэлийн Ү-.............................дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
8. 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмчлөгч Б.С нас барснаар 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Лха овогтой Н-д Баянхайрхан багийн ..............тоот дахь 26 м2 2 өрөө орон сууцыг өвлүүлэхээр хууль ёсны өв залгамжлах эрхийн 16 дугаартай гэрчилгээг нотариатчаас олгосон. Л.Н нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ болон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр С.Ар-ын хамтаар Ү-.............................эрхийн улсын бүртгэлийн дугаартай Есөнбулаг сумын Баянхайрхан баг ................ тоот 26.04м2 байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л.Н, С.Ар нарын хоёр хүний өмчөөр бүртгэж, Ү-.............................дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна.
9. 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгч Л.Н, С.Ар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-гийн гаргасан мэдүүлэг, 19-р тойргийн нотариатчийн баталсан орон сууцны бэлэглэлийн гэрээгээр иргэн С.О-ийн өмчлөлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Уг орон сууц нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэх гэрээгээр иргэн С.О-ээс Т.Ц-д шилжсэн. 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Ц-гаас иргэн Н.Х-т шилжүүлснээр 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай гэрчилгээ олгогдсон байгаа нь хэрэгт авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүд, итгэмжлэл, бэлэглэлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
10. Маргааны үндсэн шалтгаан болсон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлалтай 18-р байрны ............. тоот 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Б.С, Л.Н, С.А, С.Ар нарын 4 хүний өмчөөр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.Агийн эцэг Б.С-ыг нас барсны дараа Говь-Алтай аймгийн нотариатч Г.Н түүний эхнэр Л.Н-д 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г олгосноор 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хийж Л.Н, С.Ар нарын 2 хүний өмчөөр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байгаа талаар дүгнэлт хийх шаардлагатай байна. Нэхэмжлэгч Сын Ану /............./ нь С-ын А гэсэн нэртэй байсан байх бөгөөд өөрийн нэрийг хожим Ану болгон өөрчилсөн байдаг.
11. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” нь хууль ёсны өвлөгч гэж үзэх бөгөөд хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-т “Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй”, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, Нотариатын тухай хууль /1997 он/-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “өв залгамжлах эрх, гэрээслэл”, 9-т “өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох” нь нотариатын үйлдэлд хамаарч байх бөгөөд хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “Үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн иргэн, хуулийн этгээд нь уг бичиг баримтыг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотолно” гэж тус тус заасан.
12. Мөн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-аар зохицуулагдаж байсан бөгөөд уг зааврын 1.8-т “Нотариат, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийлгэсэн этгээдэд үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлан өгнө...”, 4.10.1-т “Өв нээгдсэн газрын нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 4.10.7-т “Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид хүсвэл тэдэнд тэгш хуваан гэрчилгээ олгоно” гэж заасан байна.
13. Тодруулбал: Иргэний өв залгамжлуулах эрхийг хангах харилцаа буюу нас барсан иргэний эд хөрөнгө, эрх өв залгамжлагчдад шилжих хууль зүйн үйл явцыг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавраар зохицуулсан байх бөгөөд нөгөө талаас хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй байна.
14. Шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Архивын тасагт үзлэг хийхэд тус архивын газраас нотлох баримтаар ирүүлээгүй хавтаст хэргийн материалд авагдаагүй байсан С.Агийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Миний эцэг Б овогтой С 2004 онд таалал төгссөн тул Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Баяншанд багт байх Г Ө компани 4420 м2 талбай бүхий ............ гэрчилгээтэй улсын бүртгэлийн 0518000828 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг өөрийн ээж Л овогтой Н-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Зөвшөөрөл олгосон С.А” гэж гарын үсэг зурсан баримт болон С.А-гийн иргэний үнэмлэхний хуулбарыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн нотариатч 2025 оны 10 дугаар сарын 28-ны 336 дугаарт бүртгэж гэрчилсэн баримт;
Мөн Говь-Алтай аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн албанд гээд “Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах ................. тоот Улсын бүртгэлийн ............... дугаартай 26,4 м2 байрыг өөрийн ээж Л овогтой Н-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно С.А” гэж гарын үсэг зурсныг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 354 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатчийн баримт болон С.А-гийн иргэний үнэмлэхний хуулбарыг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт Засаг даргын ............. факсаар ирсэн гэж тэмдэглэгээ хийсэн баримтуудыг нотлох баримтаар авагдсан. /хх 84-85, 98, 105 тал/
15. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.А /хуучин нэр С.А/ нь өөрийн аав Б.Сыг нас барсны дараа өөрийн хамтран өмчлөлд бүртгэлтэй байсан Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлалтай 18-р байрны 02-р орц 16 тоот 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг өөр ээж Л.Н-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байгаагаа илэрхийлж нотариатчид хандаж, татгалзлыг нь нотариатч гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна. Тухайн татгалзал болон иргэний үнэмлэхний хуулбарыг хүлээн авснаар 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л.Н-д хууль ёсоор өв залгамжлах эрхийн 16 дугаартай гэрчилгээ олгосон байна.
16. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” 13.5.6-т “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-т “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар”, 13.5.8-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэсэн баримт бичгийг мэдүүлэгт хавсаргасан байх бөгөөд хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж заасан.
17. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ олгох буюу өв залгамжлах нь тусдаа хуулиар зохицуулагдсан харилцаа байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдахгүй юм.
18. Л.Н нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг буюу Хууль ёсоор өв залгамжлах эрхийг гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /2002 оны 05 дугаар сарын 02-ны/, үйлчилгээний хөлс төлсөн талаар баримтуудыг үндэслэн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л.Н, С.Ар нарт Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлалтай .............. тоот 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж Ү-.............................дугаартай гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
19. Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөх бүртгэл хийхдээ улсын бүртгэгч нотариатын баримт байгаа эсэхийг шаардах бөгөөд хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээтэй байгаа энэ тохиолдолд хамтран өмчлөгч хэн хэн байсан эсэх, хамтран өмчлөгч нар өвөөсөө хэрхэн татгалзсан талаарх нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэхийг хянах эрхгүй байна.
20. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд баримт бичгийн жагсаалтыг хуульчилсан байх бөгөөд хуулийн 13.6-д “Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хуулбар хувийг хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
21. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг бусад этгээдэд бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хуульд заагдсан нөхцөлүүдийг тусган шилжүүлэх эрхтэй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгалах бөгөөд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнээс өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлэхэд, дараагийн өмчлөгч мөн адил одоогийн өмчлөгчид худалдахад тэдгээрийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдсан хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын үүрэг юм.
22. Иймд Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд хийгдсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, Нотариатын тухай хууль /1997 он/-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.А-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.А-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.А-гийн өмчлөх эрхтэй 25 хувийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.А-г тус байрны 25 хувийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР