Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 28

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-өд холбогдох 1823000090016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн, ******* боловсролтой, 37 настай, малчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овогт Д-ийн Б- РД: ИХ******** Шүүгдэгч Д.Б- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Б.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Уушийн үзүүр” гэх газарт иргэн Б.Б-гийн “ морь аргамждаг газар үхрээ тогтоож бэлчээлээ” гэж хэлснийг эсэргүүцэн үснээс нь зулгааж татан, шилбүүрийн модоор 2 гар руу нь цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Б.Б-гийн “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б- үхэрнүүдээ туугаад манай морь аргамждаг газар авчраад өөрөө хажууд нь суугаад байхаар би явж очоод “чи нэгнийгээ боддоггүй юм уу морь аргамждаг газар үхрээ яагаад тогтоогоод байгаа юм бэ” гэхэд миний урдаас хэрэлдээд байхаар нь би үхрийг нь туусан чинь Б- босоод мориндоо мордоод хонь луугаа явсан. Тэгээд хонио эргүүлчихээд шууд над дээр ирэнгүүтээ морин дээрээсээ шилбүүрээр миний нуруун дундуур ороолгосон чинь шилбүүр хугарчихсан. Дараа нь мориноосоо бууж ирээд хугарсан шилбүүрнийхээ ёзоороор миний хоёр гарын булчин хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод, тэгсэнээ үсдэж татан дарж байгаад гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Одоогийн байдлаар толгой жаахан өвддөг. Б- буруугаа хүлээж надаас уучлалт гуйсан. Эмчилгээний 312420 төгрөг, замын зардалд 93000 төгрөг төлсөн. Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг, Тухайн хэргийн үйл баримтыг харсан гэрч Б.*******ын “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед манай нутгийн ах Б- үхэрнүүдээ туугаад манай морь аргамждаг газар орхичихоор нь өөр тийш нь туугаад явж байтал Б- ах араас морьтой давхиж ирээд морин дээрээсээ шилбүүрээр ээжийн нуруун дундуур ороолгосон чинь ээж шилбүүрээс нь барьж аваад морин дээрээс нь татаад унагачихсан. Гэтэл Б- ах босч ирээд ээжийг хугарсан шилбүүрнийхээ модоор хоёр гарын булчин хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод, үсдэж аваад элэг рүү нь өшиглөөд бас гараараа хоёр гурав цохисон байх... Тэгээд би ээжийг та аллаа гээд уйлаад салгасан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Б-ны “...манай эхнэр хүүхэд хоёр замд тааралдаад уулзтал Б- намайг зодчихоод явчихлаа гээд үс гэзэг нь сэгсийсэн байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлгүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Шүүгдэгчийн Б.Б-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201820020 дугаартай дүгнэлтийн “...хохирогч Б.Б-гийн биед тархи доргилт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл учирсан...” гэсэн хэсгээр тогтоогджээ. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.Б- нь иргэн Б.Б-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Д.Б- нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 402000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлснийг тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.4, 1.5,1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Б-өд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд оногдох хөрөнгөнөөс 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилсэн 1400000 төгрөгний үнэ бүхий 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА