Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 159/ШШ2026/0013

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:159/2026/0008/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.П*******,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга,

            Гуравдагч этгээд: Б.Т******* нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******, гуравдагч этгээд Б.Т*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Нэхэмжлэгч С.П*******гээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2016 оны А/121 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 108 м.кв газрыг өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын хэмжээгээр эзэмшиж байгаа гэж ойлгон ашиглаж иржээ.

            1.2. Улмаар иргэн Б.Т******* нь нэхэмжлэгчид холбогдуулан 15.47 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураглалд тусгагдсан байршил нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бодит байршилтай нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бус өөр байршил дахь газрыг бүртгэсэн болохыг мэдсэн гэж маргасан.

            1.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь газрын байршил, эргэлтийн цэг, кадастрын бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулж, зөрчлийг арилгуулах талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад хандсан боловч хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн хариу аваагүй гэж тайлбарлажээ.

            1.4. Дээрх асуудлаар нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасныг тус аймгийн Засаг дарга хянан үзэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 дугаар албан бичгүүдээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээ авах талаар үүрэг, чиглэл хүргүүлсэн.

            1.5. Нэхэмжлэгч нь дээрх албан бичгээр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаас хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн шийдвэр гаргаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, холбогдох арга хэмжээ аваагүй гэж үзэн уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгч С.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг Дөмбөн Хөтөл-2 ******* хаягт байрлах Шим худалдааны төвийн 108 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.Т*******, С.О******* нараас 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсантай холбогдуулан түүний доор байрлах газар нь эзэмших эрхтэй учир дагаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 171004383 дугаар бүхий газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болж улмаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар координатыг доорх байдлаар баталгаажуулсан. Гэвч надад эзэмшүүлсэн уг газар нь миний үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бус хажуу тийш нь гүйлгэсэн 105 м.кв газар болж таарсан. Үүнийг Б.Т******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гарган надаас 15.47 м.кв газрыг, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараагаар олж мэдээд байна.

            Өөрөөр хэлбэл миний хүсэл зориг болох худалдаа үйлчилгээний зориулалттай 108 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч мөн түүний доор байрлах газрыг бүтнээр нь эзэмшиж байна хэмээн ойлгож байсан хэдий ч тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бус хажуу тийш барилгын суурийг оруулсан 108 м.кв үл хөдлөх эд хөрөнгө багтахааргүй газрыг надад эзэмшүүлснээс болж миний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрсэн. Улмаар энэ талаар Сайхан сумын Засаг даргад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гомдлыг гаргасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01/1543 тоот албан бичгээр Сайхан сумын засаг даргад “Үүрэг чиглэл хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” үүрэг өгч өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэсэн ажлын дүнг тайлбар баримтын хамт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцуулахыг мэдэгдье гэсэн.

            Гэвч өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01/1543 тоот албан бичгээр Сайхан сумын Засаг даргад хүргүүлсэн “Үүрэг чиглэл хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” үүрэг даалгавар биелээгүй байсаар байна. Миний бие энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад удаа дараа хандаж хариуг ирүүлэхийг хүссэн боловч Сайхан сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар чиглэлийн хүрээнд огт ажил хийгдээгүй байсаар байна.

            Уг үүрэг чиглэл хүргүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичигт иргэн Д.Дандар, С.Ганхүү, С.П******* нарын газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаарх баримт, мэдээллийг ирүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг нэн даруй зохин байгуулж, тус ажиллагаанд өргөдөл гомдол гаргасан дээрх иргэдийг болон холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулан тэмдэглэл хөтлөн баримтжуулан ирүүлэх хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж ажиллах зэргийг тус тус үүргэж болгож 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцуулахыг мэдэгдье гэсэн ч өнөөдрийг хүртэл уг 4 бүлэг бүхий ажил хийгдээгүй байсаар байна.

            Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01/113 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, чиглэл хүргүүлэх” тухай албан бичгээр мөн л дээр дурдсан үүрэг даалгаврыг өгч 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуг ирүүлэхийг мэдэгдсэн ч хариуг ирүүлээгүй. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/639 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээр байсаар байна. сонсох ажиллагааг зохион байгуулахаар болсон ч мөн сонсох ажиллагаа явуулаагүй. Дээр дурдсан 2 чиглэлийн дараагаар үүрэг даалгавар биелэгдээгүйтэй холбоотойгоор мөн л Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 01/296 тоот “Хууль тогтоомжийн хүргүүлсэн. хэрэгжилтийг хангуулж, үүрэг чиглэл хүргүүлэх” тухай албан бичгийг дахин хүргүүлсэн. 

            Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг Дөмбөн Хөтөл-2 202А хаягт байрлах “Шим” Худалдааны төвийн орчмын газрын асуудлыг шийдвэр үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Сайхан сумын Засаг дарга нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хэн алинд нь хариуг огт ирүүлээгүй байгаа юм. Тиймээс миний бие урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн тул ийнхүү захиргааны хэргийн шүүхэд хандах боллоо. Ингэснээр С.П******* миний 2016 онд анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан хүсэл зориг бүрэн хангагдаж, түүний доор байрлах газрыг хууль ёсоор эзэмших эрх бүрэн бодитойгоор хэрэгжиж зөрчигдсөн эрх минь сэргэх юм” гэжээ.

            2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...С.П******* 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөтэй болсон. Мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар тухайн үйлчилгээний газарт байрлах 108 м.кв талбай газрыг эзэмшихээр болсон. Ингээд үүнээс хойш 2021 онд А/72 захирамж гарахдаа өмнө нь 2008 онд Н.Т******* гэж хүнд эзэмшүүлсэн байсан 2630 м.кв газраас хасах байдлаар асуудалд хандсан Засаг даргын буруутай үйлдэл эхэлж байгаа юм. 2021 оны А/72 захирамжаар 1564 м.кв газрыг Б.Т******* гэж иргэнд эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр ашиглана” гэж зохицуулалтыг зөрчсөн. Мөн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт зааснаар “нийтийн эдэлбэр газрын зориулалт хэмжээ зааг, ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталж тогтооно” гэсэн заалтыг Сайхан сумын Засаг дарга зөрчсөн байгаа юм.

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан ямар эрх, үүрэг хэрэгжүүлэх байсан гэхээр газар эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийг илэрхийлэх, зөрчлийг арилгах холбогдох шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах энэ үүргээ биелүүлж ажиллаагүйгээс болж өнөөдөр энэ нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаар зохих байгууллагын дүгнэлт шийдвэртэй, дээд шатны байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас тодорхой чиглэл өгч байсныг биелүүлж байгаагүй. 1564 м.кв газрын Б.Т******* гэж ирсэн 867 м.кв гаднах газрыг эзэмшиж байгаа үүн дээр бусад “Түц” байрлуулж төлбөр мөнгө авдаг эсэхийг мэдэхгүй гэхдээ төлбөр авахгүйгээр газар ашиглуулна гэдэг асуудал байхгүй байх. Доогуур нь явж байгаа шугам хоолой ямар нэг байдлаар Б.Т*******гийн эрх ашгийг хөндөөгүй байхад албадан чөлөөлүүлнэ авхуулна гэдэг байдлаар хандаж байснаас болоод энэ нь ямар нэг байдлаар тэр шугам хоолой эрх ашгийг хөндөхгүй байх боломжтой байна. Шүүхэд 867 м.кв газраас урд хэсэг нь хэдэн м.кв байгааг тодорхойлох боломжгүй байна гэдэг агуулгатай хүсэлт гаргаж байсан. Сая нотлох баримт шинжлэн судлаад Б.Т*******гийн 1564 м.кв газар 3 хэсэгт хуваагдсан. Барилгын хойд талдаа хэсэг, урдаа хэсэг газар байгаа юм. 867 м.кв шууд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж хэлэхгүй. Шим худалдааны төвийн урд талбай олгогдсон байгаа нийтийн эзэмшлийн талбай өөрөө С.П*******гийн 108 м.кв талбайгаа ашиглах өмчлөх эрхэд саад учруулж байна. Энэ үйлдлийг таслан зогсоож, илт хууль бусад тооцож өгнө үү. Хэмжээг нь хэлэх боломжгүй байна Шим худалдааны төвийн урд талын талбайн холбогдох хэсгийг хүчингүй болгож илт хууль бусад тооцож өгнө үү” гэв.

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            3.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газрын тухай хуулиар газар эзэмших, ашиглах талаар иргэн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ Засаг даргад олгогдсон байдаг боловч иргэн С.П*******д эрх шилжүүлэн олгосон газрын кадастр зөв хийгдсэн эсэх талаар мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт байдаггүй. Өөрөөр хэлбэл Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын чиг үүргийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Удаа дараагийн албан бичгээр хандахад ямар нэг байдлаар дүгнэлт гаргаж өгөөгүй. Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг Засаг даргын зүгээс ямар нэг нотлох баримтгүйгээр үгүйсгэж өмнөх захирамжийг хүчингүй болгох боломжгүй байсан.

Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр Газрын тухай хуульд заасан өөрийн эрх хэмжээгээ мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж ирсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас удаа дараа ирсэн 3 албан бичгээр сонсох ажиллагаа явуулаад, үүрэг чиглэл ирүүлэх албан бичигт сонсох ажиллагааг нэн даруй байгуулаад тус ажиллагаанд өргөдөл гомдол гаргасан этгээдүүдийг хамруулаад тэмдэглэл хөтлөн баримтжуулж ирүүлэх, 0113 албан бичгээр сонсох ажиллагаа явуулах үүрэг чиглэлийг ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа гэсэн тодорхойлолтод аймгийн Засаг даргаас тодорхойлолтыг буруу ойлгосон уу яасан сонсох ажиллагаа зохион байгуулаад шийдвэрлэ гэсэн үүрэг чиглэл өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас шийдвэр гаргах боломжгүй байсан” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

            4.1. Гуравдагч этгээд Б.Т******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б. Тураанаа би Д.Байгалмаагаас 2021 онд 1564 м.кв газрыг 643 м.кв үл хөдлөх үйлчилгээний зориулалттай талбай нь хамт “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авч байсан. Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сайхан сумын Засаг даргын А/72 дугаар захирамжаар тус сумын гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв Хөтөл-02-202 тоотод байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1524.2 м.кв газрыг Б.Т*******д 25 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 газар эзэмших, эрх шилжүүлэх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.5, 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт билээ. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймаг Сайхан сумын засаг дарга Б.Мөнхтөрийн эс үйлдэхүй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй байгаа тохиолдолд яригддаг асуудал. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийнхөө хуульд заасан ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн бэ гэдэг дээр нэхэмжлэл дээрээ тодорхой ярьсангүй. Гуравдагч этгээд буюу Б.Т*******гийн эзэмшлийн газар дээр хууль бусаар ухсан асуудал бол энэ хүний эрх ашиг сонирхол биш. Засаг дарга Б.Мөнхтөр энэ хууль бус ашиг сонирхолд нь хариу өгөх үүрэг байхгүй. Энэ асуудлаар иргэд удаа дараа гомдол гаргаж байсан болохоор 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн байдаг. Ярилцаж үзээд Б.Т*******гийн эзэмшлийн газар учраас шууд хүчингүй болгох төрийн өмчлөлд авах эрх зүйн үндэслэл байхгүй учраас шийдвэр гаргахгүй байгаа юм. Б.Мөнхтөр ямар нэг байдлаар эс үйлдэхүй гаргаагүй тул энэ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн шаардлага хангаагүй. Хуульд заасан эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар ямар өргөдөл гомдол гаргаад тэрэнд нь яг яагаад хариу өгөхгүй байгаа талаар тодорхой дурьдах ёстой гэж бодож байна.

            Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд албан бичгээр өгсөн чиглэлийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “аймгийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж байна. 21.3.1 дэх хэсэгт “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний түвшинд чиглэл өгөх” гэсэн ганцхан чиглэл өгөх эрх хэмжээ байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах чиг үүрэг рүү аймгийн Засаг дарга орж энэ асуудлыг ингэж шийд гэж чиглэл өгөх эрх байхгүй гаргасан захирамж дээр хяналт тавих эрх бол байгаа. Тэгэхээр албан бичгээр асуудлыг шийдвэрлэ, хяна гэдэг байдлаар өгсөн түүний дагуу хурлыг хийж сонссон асуудал байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага бол аймгийн Засаг дарга хууль бусаар сумын Засаг даргад чиглэл өгөх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Үүнийг биелүүлэхгүй байгаа нь сумын Засаг даргыг буруутгах хууль бус үйл ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

            Гуравдугаарт илт хууль бус захиргааны акт гэж байна. Сайхан сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/72 дугаартай захирамж нь Б.Т*******д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзээд нэхэмжлэлээ тодорхойлсон юм байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт утга агуулгын илэрхий алдаатай бол илт хууль бус акт гэж үзнэ гэж байна. Утга агуулгын илэрхий алдаа гэж юуг хэлэх вэ гэхээр энэ захирамжийг уншиж үзээд хэн ч ойлгохгүй байвал утга агуулгын илэрхий алдаа юм. Үүнийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамж газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захирамж байна гэж Газрын тухай хуулийг үндэслээд гарсан захирамж утга агуулгын алдаагүй тул хамаарахгүй. 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж байна. Чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан гэдэгт хамаарахгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж байна. Үүнд 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үндсэн эрх хэмжээнд байдаг. Тэгэхээр энэ бол сумын Засаг даргын өөрийн чиг үүргийн асуудал учраас өөрийг чиг үүрэгт хамааралгүй асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх боломжгүй.

            Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг тодорхой тайлбарлах ёстой.

            Нэхэмжлэлийн үндэслэлийг сонсоход яг ямар ашиг сонирхол зөрчигдөөд байгааг ойлгосонгүй. Хэрвээ нийтийн эзэмшлийн асуудалд маргах гэж байгаа бол нэхэмжлэгчид эрх хэмжээ байхгүй нэхэмжлэл гаргах эрх тусдаа яригдана. Нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдөж байгаа вэ? бусдын газар руу дураараа орчхоод эсвэл бусдын газар дээр дураараа хашаа байгууламж барьчхаад миний эрх ашиг зөрчигдөж байна энэ хүний газрыг төр авч надад  олгож өгнө үү гэх хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч С.П*******гээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөрийн удаа дараа сонсох ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113 тоот, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр хариуцагчид чиглэл хүргүүлснийг бүрэн биелүүлэхийг, маргаан бүхий газарт сонсох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөрийн сонсох ажиллагаа явуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын албан бичгүүдээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113 тоот, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр хариуцагчид чиглэл хүргүүлснийг биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжийн Б.Т*******д холбогдох хэсгээс нийтийн эзэмшлийн газрыг олгосон хэсгийг илт хууль бус захирамж болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлжээ. 

            3. Шүүх нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцээд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            4. Сайхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

            4.1. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.П*******д Шим худалдааны төвд өмчилж буй 108 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 85/

            4.2. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд цэвэр, бохир усны хоолой татахтай холбоотой асуудал болон өөрт 2016 онд А/121 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын кадастрын зураглал дахь байршил нь үл хөдлөх эд хөрөнгийн бодит байршилтай нийцэхгүй байгаа, улмаар газрын байршил, хил заагтай холбоотой иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн гэж Сайхан сумын Засаг даргад удаа дараа өргөдөл, гомдол гаргаж, иргэн Б.Т*******д нийтийн эдэлбэрийн газрыг эзэмшүүлсэн эсэх, мөн газрын байршил, эргэлтийн цэг, кадастрын бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэхийг хүссэн байна.

            4.3. Улмаар нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу аймгийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр иргэд хоорондын газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зохион байгуулж холбогдох тэмдэглэл үйлдэх, холбогдох баримт, мэдээллийг хүргүүлэх талаар Сайхан сумын Засаг даргад чиглэл өгсөн байна.  /1хх-ийн 219-221/

            4.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:”, 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд … үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй.

            4.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.6-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасан.  

            Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.1.1, 95.1.3-т зааснаар иргэнээс гаргасан гомдлыг эрх бүхий байгууллага хянан шалгаж, холбогдох этгээдийг оролцуулан саналыг сонсож, нөхцөл байдлыг тогтоон хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй байна.

            4.6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь аймгийн Засаг даргын ирүүлсэн чиглэлийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, уг ажиллагаатай холбоотойгоор дээд шатны болон мэргэжлийн байгууллагаас удаа дараа чиглэл хүссэн, мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг холбогдох этгээдүүдэд хүргүүлж, сонсох ажиллагаа зохион байгуулсан байна. Гэвч уг сонсох ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүх этгээдийг бүрэн хамруулан оролцуулаагүй, ажиллагааны явц, үр дүнг хуульд заасан журмын дагуу албажуулаагүй байна.

            Түүнчлэн хариуцагч нь иргэдийн эзэмшлийн газрын хил, заагийн хэмжилт хийж, дүгнэлт гаргах мэргэжилтэн байхгүй, тухайн асуудлаар удаа дараагийн шүүхийн маргаан үүссэн тул шийдвэрлэх боломжгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 16, 155–163, 225–234 дэх тал/

            4.7. Хариуцагч сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж шүүх үзэв.

            4.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.15-д аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, доод шатны Засаг даргад чиглэл өгөх бүрэн эрхтэй байхаар зохицуулсан. Мөн дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын хууль ёсны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

            4.9. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөр нь маргаан бүхий асуудлаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн чиглэлийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

            4.10. Иймд хариуцагчид нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулж, тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            5. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжийн Б.Т*******д холбогдох хэсгээс нийтийн эзэмшлийн газрыг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

            5.1. Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжаар иргэн Б.Т*******д 1564 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 25 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар нь өмнөх газар эзэмшигчээс эрх шилжүүлэн авсан нөхцөл байдалд үндэслэн шилжсэн байна. /1хх-ийн 87-90 /

            5.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарна, нийтээрээ ашиглах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн газрыг нийтийн эдэлбэрийн газарт хамааруулсан,  эсхүл нийтийн эдэлбэрт авсан талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй.

            5.3. Түүнчлэн маргаан бүхий газар нь Сайхан сумын Засаг даргын 2008 оны 19 дүгээр захирамжаар Хөтөл ЦШХК-аас Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын өрөнд хураагдсан барилгын доорх газарт хамаарч байсан, түүнээс хойш газар эзэмших эрх шилжүүлэх замаар гуравдагч этгээдэд шилжсэн болох нь тогтоогдож байна./1хх-ийн 104-115/

            5.4. Газрын тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.2-т нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарахаар, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т сумын Засаг дарга нь сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар тус тус заасан байна.

            5.5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий газар нь өмнө нь бусад этгээдийн газар эзэмших эрхэд хамаарч байсан бөгөөд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжсэн учир Сайхан сумын Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан байна.    

            5.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д захиргааны актын утга агуулга илэрхий ойлгомжгүй, эсхүл хоорондоо зөрчилтэй байх, 47.1.3-т захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд уг актыг илт хууль бусад тооцохоор зохицуулсан.

            5.7. Маргаан бүхий А/72 дугаар захирамжид газар эзэмшигчийн нэр, газрын хэмжээ, зориулалт, байршил болон газар эзэмших эрхийн хугацааг тодорхой тусгасан байх тул уг захиргааны актын утга агуулга илэрхий ойлгомжгүй, эсхүл харилцан зөрчилтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байх тул өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хэдийгээр маргаан бүхий А/72 дугаар захирамжийг сумын Засаг даргын 2021 оны А/122 дугаар захирамжийн 4 дэх заалтаар хүчингүйд тооцсон боловч энэхүү алдааг залруулж, захирамжид өөрчлөлт оруулсан, энэ талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

            5.8. Түүнчлэн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар албан бичгээр Шим худалдааны төвийн өмнөх талбайг иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаагүй гэх агуулга бүхий албан бичиг нь тухайн газрыг нийтийн эдэлбэрийн газарт хамааруулсан, эсхүл нийтийн эдэлбэрт авсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж шууд тогтоох үндэслэл болохгүй. /1хх-ийн 128/

            5.9. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжийн иргэн Б.Т*******д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн болон бодит нөхцөлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1,  92 дугаар зүйл, Газрын тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөрийн сонсох ажиллагаа явуулаагүй эс үйлдэхүй болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн чиглэлийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулах, тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан Сайхан сумын Засаг даргаас шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг биелүүлэхдээ Сайхан сумын 4 дүгээр баг, Дөмбөн Хөтөл-2 хаягт байрлах Шим худалдааны төвийн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий С.П*******, Б.Т******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрын бодит нөхцөл байдал, хил заагийг тодруулан газрыг хэмжиж, эргэлтийн цэг тэмдэгтийг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах боломжтой болохыг анхаарсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Я.АРИУНЦЭЦЭГ