Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2022/00031

 

С.Ж-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00168 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***оршин суух С.Ж-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн *** багт үйл ажиллагаа явуулдаг “Р” БГБХН /цаашид “өрхийн эрүүл мэндийн төв” гэх/-д холбогдох,

“Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие С.Ж нь 2018 онд Этүгэн их сургуулийг ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч мэргэжлээр төгсөж ирээд 2018 оны 9 дүгээр сараас Хотгор хүн эмнэлгийн хүний их эмчээр томилогдож ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтэд элсэж суралцсан.

1.2. Тухайн үед уг гэрээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого, зохицуулалтын албаны дарга Н.С, Баян-Өлгий аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А, суралцагч С.Ж бид хоорондоо тохиролцон байгуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Н, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А нар баталж баталгаажуулж байсан. Би гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж бүрэн суралцаж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өрхийн анагаах судлал үндсэн мэргэжлээр 2 жилийн 104 багц цагийн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирлын 2021 оны А/23 тоот тушаалаар өрхийн эмч мэргэшил эзэмшсэн.

1.3. Сургуулиа төгсөж ирсний дараа гэрээний дагуу Р өрхийн эрүүл мэндийн төвд ажилд орохоор 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А нарт өргөдөл гаргасан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 728 дугаартай албан бичгээр” Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад намайг ажилд авч ажиллуулахыг санал болгож ажиллуулаагүй тохиолдолд шалтгааныг тодорхой бичиж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч ажилд аваагүй, Эрүүл мэндийн газарт ямар нэгэн хариу ирүүлээгүй. Би М.А даргатай уулзаж өргөдлийн хариуг удаа дараа шаардсан боловч орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.  

1.4. Бидний хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт захиалагч эрүүл мэндийн байгууллагын үүргийг зааж өгсөн бөгөөд 3.4.6-д зааснаар суралцагчийн ажлын байрыг хадгалах эсхүл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах үүргийг захиалагч хүлээсэн. Гэтэл “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А 2020 онд миний ажиллах ёстой орон тоонд өөр хүн авч ажиллуулаад намайг сургуулиа төгсөж ирсний дараа орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар ажилд авахгүй байгаа нь хууль бус бөгөөд үүнээс болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Хэрэв 2019 онд тус төв надтай гэрээ байгуулж сургалтад явуулаагүй бол би Хотгор хүн эмнэлгийн хүний их эмчээр үргэлжлүүлэн ажиллаж ажлын байртай байх байсан. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4.6-д заасан захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж С.Ж намайг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Иргэн С.Ж нь тус өрхийн эрүүл мэндийн төвд огт ажиллаж байгаагүй, манай байгууллагын ажилтан биш. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн тайлбараар нотлогдохоос гадна хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримт болох нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019-2020 оны Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоог батлах тухай тушаалууд, Р өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2021 оны нийгмийн даатгалын тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

2.2. С.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хандаж ажилд орох тухай өргөдөл гаргаж байсан, манай төвийн зүгээс иргэн С.Ж-д манай байгууллагад ажиллаж байгаагүй ажлын сул орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Гэтэл С.Ж нь аймгийн Эрүүл мэндийн газарт дахиад өргөдөл гаргасан байна.

2.3. Бодит байдал дээр иргэн С.Ж нь Хотгорын хүн эмнэлэгт ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөний дараа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан С.А-д хандаж сургалтад явахаар хөөцөлдсөн. Эрүүл мэндийн газрын дарга асан С.А тухайн үед надад С.Ж миний ойрын танилын хүн болдог, С.Ж-г Улаанбаатар хотод сургалтад явуулах хэрэгтэй байна, надад туслаад танай эмнэлгээс явсан болгоод гэрээнд гарын үсэг зураад өгчих гэж гуйж байсан.

2.4. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих эрх хэмжээтэй тул миний бие тухайн үед уг гуйлтыг эсэргүүцэж чадаагүй тул Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Түүнээс биш манай байгууллага иргэн С.Ж-тэй огт харьцаж байгаагүй, зүс царайг нь харж байгаагүй, түүнийг танихгүй. Хэрвээ манай өрхийн эрүүл мэндийн төв өөрийн ажилтнаа Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах тохиолдолд тухайн ажилтны орон тоог хуульд заасны дагуу зохих ёсоор хадгалаад цалин хөлсийг нь тодорхой хугацаанд нь олгож, сургалтын хугацаа дуусах хүртэл тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг байсан. Иймд иргэн С.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00168 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ж-ийн Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд томилж ажиллуулахыг тус төвийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч С.Ж би шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийг үндэслэн хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой.

4.2. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтэд элсэж суралцсан. Тухайн үед уг гэрээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого, зохицуулалтын албаны дарга Н.С, Баян-Өлгий аймгийн “Р” эрүүл мэндийн төвийн дарга М.А, суралцагч С.Ж бид хоорондоо тохиролцож байгуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А нар баталж баталгаажуулж байсан. Би гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж бүрэн суралцаж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өрхийн анагаах судлал үндсэн мэргэжлээр 2 жилийн 104 багц цагийн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирлын 2021 оны А/203 тоот тушаалаар “Өрхийн эмч" мэргэшил эзэмшсэн.Сургуулиа төгсөж ирсний дараа гэрээний дагуу “Р” өрхийн эрүүл мэндийн төвд ажилд орохоор 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А нарт өргөдөл гаргасан.

4.3. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 728 дугаартай албан бичгээр “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад намайг ажилд авч ажиллуулахыг санал болгож ажиллуулаагүй тохиолдолд шалтгааныг тодорхой бичиж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч ажилд аваагүй, Эрүүл мэндийн газарт ямар нэгэн хариу ирүүлээгүй.

4.4. Би М.А даргатай уулзаж өргөдлийн хариуг удаа дараа шаардсан боловч орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэсэн аман хариу өгсөн. Бидний хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4 дэх хэсэгт “Захиалагч эрүүл мэндийн байгууллагын үүргийг зааж өгсөн бөгөөд 3.4.6-д зааснаар суралцагчийн ажлын байрыг хадгалах, эсхүл эзэмшсэн мэргэшлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүргийг захиалагч хүлээсэн.

4.5. Гэрээний дээрх заалтаар захиалагч нь суралцагчийн ажлын байрыг хадгалах, эсхүл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах үүргийг хүлээсэн. Үүнийг тухайн байгууллагад ажиллаж байгаад сургалтад хамрагдсан тохиолдолд ажлын байрыг хадгалах, гэрээ байгуулж сургалтад хамрагдсан бол сургалтыг дүүргэсний дараа мэргэжлийн дагуу ажлын байраар хангах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч өмнө нь манайд ажиллаж байгаагүй учир авах боломжгүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч тухайн байгууллагад орон тоо байхгүй учир даалгах боломжгүй байна гэдэг байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.

4.6.Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ нь одоо хүчин төгөлдөр байгаа учир гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудал яригдах ёстой. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж хуульчилсан учир би хуулийн энэ зохицуулалтын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж хуульчилсан учир хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэж намайг мэргэжлийн дагуу ажлын байраар хангах ёстой. Хариуцагчийн өмнө нь манай байгууллагад ажиллаж байгаагүй, орон тоо байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх, үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй. “Р” өрхийн эмнэлэг нь Өлгий сумын 1, 8 дугаар багийг хариуцан ажилладаг бөгөөд 2021 оны жилийн эцсийн тооллогоор дээрх хоёр багт 6900 хүн тоологдсон байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд 1800-2000 хүнд нэг өрхийн өмч ажиллахаар зохицуулсан учир тус төвд цаашид нэг их эмчийн орон тоог нэмж авах бүрэн боломжтой.

4.8. Мөн хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай” А/01 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоосон бөгөөд төвийн дарга М.А нь ажил хавсран гүйцэтгэсэн үндэслэлээр 40 хувийн нэмэгдэл авч байгаа нь нэг их эмчийн орон тоог өөрөө хавсран гүйцэтгэж байгааг нотолж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2022 оны 01 дүгээр сараас эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвөөр биш үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээ, тусламжийн хэмжээгээр санхүүждэг болсон учир нэг эмчийг нэмж авах бүрэн боломжтой. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Ж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн зорилт “хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцаанд оролцогч ажилтан ажил олгогчийн эрх үүргийг тодорхойлж, талуудын эрх тэш байдлыг тогтооно” гэж заасан байгаа. С.Ж-ийн хувьд “Р” өрхийн эрүүл мэндийн төвд огт ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэ гэрээний дагуу шууд ажиллах боломж байхгүй. Гэрээний зорилго нь төрийн өмчийн хэрэгцээтэй байгаа чиглэлээр ажилтан бэлтгэх тухай гэрээ байсан. Тухайн үед аймгийн эрүүл мэндийн газрын даргаар А гэдэг хүн ажиллаж байсан. А даргын удирдлагын доор ажилладаг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А нь А-ийн хүсэлтийн  дагуу С.Ж-г суралцуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш С.Ж нь энэ байгууллагад огт ажиллаж байгаагүй.

5.2. “Р” өрхийн эрүүл мэндийн төвд нь улсаас санхүүжилт авдаг. “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь төсвийн шууд захирагч. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар батлагдсан төсөвт багтаагаад бүтэц орон тоо ажиллуулах ёстой. Шинжлэн судлуулсан 3 тушаалын хүрээнд С.Ж-ийн нэр нь огт байхгүй. Сул орон тоо байхгүй  нөхцөл байдал харагдаж байгаа. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл болон 24 дүгээр зүйлд  зааснаар ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн харилцаа огт үүсээгүй. Тийм учраас С.Ж-ийн хувьд өрхийн эмчээр ажиллах боломжгүй. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

5.3. С.Ж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргаад мөн сарын 09-ний өдөр хариугаа авсан. Үүнийг С.Ж өөрөө зөвшөөрч байгаа.  Шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 149 дүгээр зүйлд заасан эрх үүрэг зөрчигдсөн гэж үзсэнээс хойш шүүхэд хандах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрсөн байгаа. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх С.Ж ийн нэхэмжлэлтэй гомдлоор авч хэлэлцэх хэргийг түүний давж заалдах гомдлыг үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

8. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, тэдгээрийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэж хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон бөгөөд нэхэмжлэгч С.Ж нь “...“Р” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд томилохыг хариуцагчид үүрэг болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4.6 дахь заалтад “Захиалагч /”Р” өрхийн эрүүл мэндийн төв/ эрүүл мэндийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ: Суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор, суурьшилтай ажиллах” гэж зааснаар тайлбарласан бол хариуцагч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А “С.Ж нь тус байгууллагад огт ажиллаж байгаагүй, тус байгууллагын ажилтан биш” гэж тайлбарлаж, дээрх гэрээнд С.Ж-г улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулахын тулд тухайн үед Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даргаар ажиллаж байсан С.А-ийн гуйлтаар гарын үсэг зурсан гэсэн агуулгатай тайлбар гаргаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

9. Хариуцагчийн “С.Ж нь тус байгууллагад ажиллаж байгаагүй тул түүнийг “Р” эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн ажилд томилох үүрэг хүлээхгүй” гэх татгалзал хууль зүйн болон бодит үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзнэ. С.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Өрхийн анагаах судлал мэргэшлээр суралцаж төгсөхөөс өмнө Хотгор хүн эмнэлгийн хүний их эмчээр ажиллаж байсан, урьд өмнө “Р” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагүй нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдсон. Энэ тохиолдолд “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь өөрийн байгууллагад ажиллаж байгаагүй буюу ажиллаагүй С.Ж-ийн, түүний нэхэмжлэлд дурдсан ажлын байрыг суралцах хугацаанд нь хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй ба Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11 дэх заалтад “ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа”; 60.1.13 дахь заалтад “хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан, эсхүл ажил олгогчтой тохиролцсон бусад тохиолдолд” гэж хуульчилсан “ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” ажил олгогчийн үүрэг үүсэх нөхцөлүүд бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

10. С.Ж нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байгаагүй нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар илэрхий тогтоогдсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 1.1 дэх заалтад “... Баян-Өлгий аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай С.Ж гэж тусгаснаас үзвэл иргэн С.Ж-г улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулахын тулд гэрээнд гарын үсэг зурсан гэх хариуцагчийн хариу тайлбар үндэстэй, гэрээний зорилт, зориулалтаас үзвэл, 3.4.6 дахь заалтад “Суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор, суурьшилтай ажиллах” гэх захиалагчийн үүрэг нь суралцаж буй ажилтны хувьд түүний ажил олгогч нь хариуцагч “Р” өрхийн эрүүл мэндийн төв байсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэхээр байна.

11. Гэтэл Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно гэж хуульчилсан. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч С.Ж-ийн хувьд хариуцагч Баян-Өлгий аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийг түүний ажил олгогч гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4.6 дахь заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “ажлын байрыг хэвээр хадгалах” хууль зүйн үндэслэлгүй, С.Ж-г тус өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд томилох үүрэг хүлээхгүй гэж үзнэ.

12. С.Ж нь хариуцагч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагүй, эсхүл тус төвд ажиллаж байгаад ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу түүний ажлын байрыг хэвээр хадгалах тухай хууль зүйн үндэслэл үүсээгүй нь нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх гэрээний заалт болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төвийн дарга М.А нь ажил хавсран гүйцэтгэж байгаа, нэг эмчийн орон тоог нэмж, ажил авах бүрэн боломжтой” гэх хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тул С.Ж-ийн уг хураамжид тушаасан 70200 төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, өөрт нь олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан төрийн сангийн 020000941 дугаар данснаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж С.Ж-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК