| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0029/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 30
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одогтуяагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох 1823000230027 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овогт А-ийн Б- РД:/ИА********/ Шүүгдэгч А.Б- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “*****” гэх газар нутаглаж байсан С.Д-ын гэрт согтуугаар Д.Б-ын нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайлбал хохирогч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2018 оны 3 сарын 5-ны орой гэр рүүгээ хонио эргүүлж орхиод адуундаа явах замдаа С- гэдэг айлд ортол Бороо тэднийд 1 шил архи тавьчихсан уугаад сууж байхаар нь хийж өгсөн архинаас нь хувааж уучхаад адуундаа мордох гэтэл Бороо ...Г-/С.Д-/, Ж- гэдэг хоёр айл Дээд чулуун хороот гэдэг газар хаваржиж байгаа тэднийх цай уу гэж хэлсэн гээд тэр хоёр айлын хотонд буугаад би Г-ын гэрт ортол Бороо Ж- гэдэг айлд орсон. Тэгээд Г-ын нэг шил архи задлаад надад 2 хундага архи өгөөд байж байтал хажуу айлд хүмүүс том дуугараад маргалдаад байхаар нь Ж- гуайн гэрт яваад ортол Бороо нэг шил архи талд нь шахуу оруулчихсан Ж- гуайтай бэлчээрээс маргалдаад байхаар нь би хамт яваа хүнээ яаж айлд агсан тавиад байгааг нь хараад байх вэ гээд хөгшин хүнтэй битгий маргалдаад бай гээд аваад гарах гэтэл намайг, чи ч гэсэн хаваржааны өвс идсэн гээд агсамнаад байсан. Гэтэл гаднаас Г- орж ирээд бид хоёр Б-г авч гараад Г-ынд ортол над руу буцаж агсамнаад чи ч гэсэн энэ жил малын бэлчээр идсэн шүү гээд байхаар нь би адилхан мал юм чинь идэлгүй яадаг юм гэтэл намайг заамдаж аваад нүүр рүү гараараа цохиж авсан. Тухайн үед би эсэргүүцэж байсан, Г- салгах гээд явж байсан. Арай гэж салтал миний зүүн нүд харж болохгүй битүү хавдаад чихнээс цус гараад байсан. Тэгэхээр нь чи хүн алах нь байна шүү гэхэд миний хэлж байгааг ч сонсох юмгүй дайраад байсан. Тэгэхээр нь гарч зугтаагаад морин дээрээ мордоод сүлжээ барьдаг газар очиж эхнэртээ цагдаад мэдэгд гэж хэлээд С- гуайнх руу явж байхдаа эрэгт тээглэж мориноосоо унаад явган яваад С- гуайнд очсон. Тэгээд шөнө 4-5 цагийн үед эмч, цагдаа нар ирсэн.” гэжээ. Тухайн үед гэрт хамт байсан гэрийн эзэн С.Д-, түүний эхнэр Я.У нар хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлж байна. Гэрч С.Д- мөрдөн байцаалтын шатанд “...Бороо, Б- хоёр орж ирээд зууралдаж аваад Бороо нь Б-ыг гараараа цохиод авахаар нь би салгаад хоёуланг нь гаргаад эхнэр Б-ын хамрын цусыг нь угаагаад, тэр хоёр мордоод явсан” гэж, Я.У мөрдөн байцаалтын шатанд “...Б- жаахан халамцуу орж ирэхээр нь ...тал шил архи байснаа гаргаад ганц нэг хундага архи хийж өгөөд байж байтал хажуу айл Ж- ахынд хүн чанга чанга дуугараад маргаад байтал Б- гараад явсан. Манай нөхөр хойноос нь гараад хэсэг байж байгаад тэр гурав орж ирээд Б-ыг Бороо гэгч нь заамдаж аваад газар унагаад гараараа нэг удаа цохисон чинь Б-ын зүүн талын нүд нь битүү хавдчихсан. Тэгээд манай нөхөр салгаад гадагш гаргатал удалгүй Б- хамарнаас нь цус гоожсон, тэрийгээ угаая гэхээр нь би ус хийж өгч нүүр гарыг нь угаалгасан. Бороо нь гадаа манай нөхөртэй үлдээд манай нөхөр хоноод яв гэхэд үгүй гээд яваад өгсөн. ...Б- нь халамцуу, нөгөөх нь их согтуу байсан. Малын бэлчээрээс болоод маргалдаад байсан. Б-г зодож цохисон хүн байхгүй. ... ” гэж мэдүүлэн шүүгдэгч А.Б-ын үйлдлийг гэрчилсэн бөгөөд тэдний мэдүүлэг хохирогчийн мэдүүлэгтэй нийцэж байна. Хохирогч Д.Б-ын биед тархи доргилт, дээд уруулын дотор талд шарх, зүүн нүдэнд цус хуралт, баруун хацар, духны зүүн тал, баруун чихний омогт зулгаралт үүссэн бөгөөд энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 201820066 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул А.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар мэдүүлж, хохирогчийн биед халдан хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Хохирогч Д.Б- эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлэхдээ төлсөн төлбөр 210000 төгрөг, эм тариа, шинжилгээний төлбөр 90000 төгрөг, ирж очихдоо зарцуулсан зардал 100000 төгрөг нийт 400000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 300000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 100000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж нар овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3/гурван/ 3 сарын хугацаанд сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч А.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-аас 100000/нэг зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгож энэ төлбөрийг 2018 оны 5 дугаар сард багтаан төлөхийг шүүгдэгч А.Б-т даалгасугай.
7. Шүүгдэгч А.Б- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгчийн түүний эзэмшлийн хөрөнгө гэх 5 тооны эр хонины битүүмжлэлийг энэ тогтоолын торгох ял оногдуулсан заалт болон төлбөр гаргуулсан заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ