Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/86

 

 

*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/

Яллагдагч *******ын өмгөөлөгч *******

Яллагдагч *******ийн өмгөөлөгч ******* /цахим/

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2318001930673 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

2.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

3.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

4.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

5.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

Яллагдагч  *******, *******, *******, *******, ******* нар нь нийтийн албанд ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлээгүйн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “....яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолыг нэр бүхий яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн учир яллагдагч нарын өмгөөлөгч нар нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ хэргийг прокурорт буцаасан хугацаанд гарган шийдвэрлүүлэх боломжтой, яллагдагчийн өмгөөлөгч ******* нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхээс хэргийг прокурорт буцаах нөхцөл байдал үүссэн тул хэлэлцэхгүй орхив...” гэж дүгнээд:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт , овогт , овогт , овогт , овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318001930673 хэргийг прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаа хураагдсан зүйлгүй болохыг дурдаж.,

-Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх захирамждаа ...яллагдагч нарын өмгөөлөгч нарын санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулахаар хуульчилсан ба яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулав.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг нэр бүхий яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулах үүднээс хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Нэгэнт шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шүүх шийдвэрлэсэн тул яллагдагч нарын өмгөөлөгч нар нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтээ хэргийг прокурорт буцаасан хугацаанд гарган шийдвэрлүүлэх боломжтой гэж шүүх үзсэн болно. Яллагдагчийн өмгөөлөгч ******* нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийн тухайд шүүхээс хэргийг прокурорт буцаах нөхцөл байдал үүссэн тул хэлэлцэхгүй орхив... гэж дүгнэжээ.

1 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэхээр тусгагдсан.

Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг нээж оролцогчдын ирц шалгахад яллагдагч *******ын өмгөөлөгч *******аас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэсэн.

Үүнтэй холбогдуулан шүүгчээс прокурор, өмгөөлөгч нарын саналыг сонсож бусад өмгөөлөгч нараас өмгөөлөгч *******аас гаргасан хүсэлтийг дэмжиж байгааг илэрхийлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө прокуророос яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан боловч прокурорын байгууллагын бичиг хэрэгт яллагдагч нарын гарын үсэг зурагдсан тогтоол үлдэж, хэрэгт гарын үсэггүй тогтоол авагдсаныг зөвтгөх хүсэлт гаргасан. Гэтэл прокурорын гаргасан хүсэлттэй холбогдуулан өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг гаргасан бөгөөд шүүх зөвлөлдөх тасалгаанд орж хэргийг прокурорт буцаах шийдвэр танилцуулсан буюу хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудаас гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заалтыг зөрчсөн.

Прокурорын тухай хуулийн 21 дүгээр зүйлд прокурор шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд нотлох баримт гарган өгөх, шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах бүрэн эрхтэй оролцохоор хуульчилсан ба дээрх эрхийн дагуу шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлтээ гаргасан. Дээрх хүсэлттэй холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны дараа гаргах шийдвэр буюу хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулах”-аар тусгагдсан.

Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг прокурор өөрөө биечлэн танилцуулж гарын үсэг зуруулсан, танилцуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахгүйгээр “...тогтоолыг нэр бүхий яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаараа бус харилцан нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлснээр шүүх түүнд үндэслэн үйл баримтыг тогтоох замаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой.

Яллагдагч *******, *******, *******, *******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор биечлэн ирсэн байхад прокурорын хүсэлттэй холбогдуулан яллагдагч нараас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан эсэхийг ч асууж тодруулалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.  

Шүүхийн шийдвэрт прокурорын яллах дүгнэлтэд гаргасан техникийн шинжтэй алдааг залруулах үүднээс прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд яллах дүгнэлтэд ямар техникийн шинжтэй алдаа гаргасан нь тодорхойгүй, яллах дүгнэлт алдаатай талаар талуудаас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, энэ талаар хэлэлцэгдээгүй байхад “...прокурорын яллах дүгнэлтэд гаргасан техникийн шинжтэй алдааг залруулах үүднээс прокурорт буцаах нь зүйтэй..” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Мөн дээрх шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг зөвтгөж солих, хэрэв талууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тогтоолыг эх хувиар нь гарган өгч хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан.

Шүүхийн шийдвэрт нэмж гаргаж өгч хэрэгт хавсаргуулах тухай асуудлыг дурдалгүйгээр тогтоолыг солих хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар тусгагдсан.

Гэтэл яллагдагч нарын тогтоолтой танилцсан гарын үсэгтэй тогтоолыг прокурор урьдчилсан хэлэлцүүлэгт эх хувиар нь хэрэгт хавсаргуулах, хэргийг үдэж дугаарлахдаа гаргасан алдааг зөвтгөх талаар гаргасан саналыг хүлээн авалгүйгээр прокурорт буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй буюу прокурорт буцааснаар хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй болно.

4.Шүүх захирамждаа ...яллагдагч нарын өмгөөлөгч нарын санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулахаар хуульчилсан ба яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулав... гэжээ.

Гэтэл шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг огт хэлэлцэлгүйгээр ...мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтээ хэргийг прокурорт буцаасан хугацаанд гарган шийдвэрлүүлэх боломжтой... гэж дүгнэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг хянаад прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт нь үндэслэлтэй эсэх, түүнийг хийж гүйцэтгэх шаардлагатай эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх тогтоож, хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг тодорхой ойлгомжтой байдлаар шийдвэртэй тусгах ёстой.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцээгүй атлаа дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/798 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зарласан. Урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж ирцийг шалгаж танилцуулсны дараа ******* өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг нарийн бичгийн даргаас илтгэж танилцуулсан. Үүн дээр нэмээд прокуророос хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь юу вэ гэхээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байж байгаад прокурорын хяналтын шатанд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлж 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосон. Би өөрөө яллагдагч нарт танилцуулж, гарын үсэг зуруулаад, хэргээ үдэж, дугаарлаад шүүх рүү явуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болохоос өмнө би шүүх дээр очиж хэргийн материалтай дахиж танилцаж үзэх явцад яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагч нараар гарын үсэг зуруулаагүй нь хэрэгт авагдчихсан байсан. Ингээд зуруулсан хэсгээ урьдчилсан хэлэлцүүлэг дээр барьж очоод урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлт нь яллагдагч нарт танилцуулсан хэсгээ хэрэгт хавсаргуулъя, алдаа гаргасан байгаа учраас зөвтгүүлье гэдэг хүсэлтийг шүүхэд танилцуулсан. Шүүх ******* өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулъя дээрээс нь прокуророос нэмж материал гаргаж өгье гэсэн хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон. Зөвлөлдөх тасалгаанд ороод шийдвэр гаргасан нь хэргийг прокурорт буцаах шийдвэрийг уншсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүх хуралдааны дэг, процесс зөрчсөн. Өөрөөр хэлбэл оролцогч нараас гаргасан хүсэлт шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орчхоод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад гаргах шийдвэрийг гаргаж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрччихсөн байна гэж үзэж байна.  Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчид болон улсын яллагчаар оролцож байгаа прокурор нэмэлт нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргах эрх нь байгаа. Тийм учраас хэлэлцүүлэг эхлэхээс өмнө би алдаа гаргасан асуудлаа зөвтгүүлье гэдэг хүсэлтийг тавихад шууд прокурорт буцаасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Прокурорын хяналтын шатад яллагдагчийг буруутгаж байгаа зүйл заалт, үйл баримтуудыг үндэслэн прокурор тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Энэ тогтоолд өөрчлөлт оруулаад яллагдагч нарт танилцуулна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүхийн шийдвэр яллагдагч нарт яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна гээд шийдвэртээ тусгачихсан. Энэ нь танилцуулаагүй биш танилцуулсан баримтаа би гаргаж өгье гээд хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргаад байхад шууд танилцуулаагүй байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр ******* *******, *******, *******, ******* нар нь өөрсдийн биеэр ирж биечлэн оролцсон. Хүсэлттэй холбогдуулаад яллагдагч нараас үнэхээр энэ тогтоолтой танилцсан уу, гарын үсэг зурсан уу гэж тодруулалгүйгээр шууд зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргаж байгаа нь илтэд хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа юм. Шүүхийн нотлох ажиллагаа дан ганц нотлох баримтуудад тулгуурлахгүй харилцан нэг нэгээ нөхсөн уялдсан, холбогдсон цогц тогтолцоо бүрдүүлснээр тухайн үйл баримтыг сэргээн тогтоох хэргийн бодит байдлыг тогтоох нөхцөл бүрддэг, гэтэл ганцхан энэ тогтоол дээр гарын үсэг зураагүй нь хэрэгт авагдчихсан байна гэдгээр шууд прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдалтайгаа нийцэхгүй нөхцөл байдал байгаад байна. Шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж бичсэн байгаа. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх шатанд яллах дүгнэлттэй холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Яллах дүгнэлт дээр техникийн шинжтэй алдаа гаргасан талаар оролцогч нарын гаргасан хүсэлтэд нэг ч дурдагдсан юм байхгүй. Гэтэл яллах дүгнэлтэд гаргасан алдааг залруулахаар гэж бичиж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Дээрээс нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа.  Учир нь яллах дүгнэлт дээр ямар алдаа гаргасан юм, энийг хэрхэн яаж зөвтгөх юм, энэ талаар шүүхийн шийдвэр дээр огт тусгагдаагүй. Хэргийг прокурорт буцаах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3  дэх хэсэгт заасан гурван үндэслэл байгаа. Хэргийг буруу тусгаарласан бол шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаана гэж хуульчилсан байгаа.  Гэтэл прокурорт буцаагаад байгаа шүүгчийн захирамжийн үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш. Прокурорт буцааснаараа хийгдэх ажиллагаа байхгүй. Учир нь нэмэлтээр гаргаж өгье гээд байгаа тогтоолоо өөрөө хавсаргаад буцаагаад шилжүүлэх юм уу ийм л асуудал байгаад байна. Шүүх хуралдааны явцад гаргаж өгье гээд эх хувиар нь бариад зогсоод байхад энийг аваад үнэхээр танилцсан, гарын үсэг мөн үү, биш үү гэдгийг нэмж тодруулаад хурлаа цааш нь үргэлжлүүлээд явах боломжтой ийм л ажиллагаа. Түүнээс прокурорт буцаагаад байгаа үндэслэлээр нь прокурор дээр хийгдэх ажиллагаа байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчсөн байна гэж үзэж байгаа Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг явууллаа гэж биччихсэн мөртлөө өмгөөлөгч нараас гаргаад байгаа хүсэлт дээр огт дүгнэлт хийгээгүй, тэр талаар ярих боломж, мэтгэлцэх боломж олголгүйгээр прокурорт буцаагаад байгаа нь оролцогч нарын эрхийг зөрчиж байна. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна гэж эсэргүүцэл бичсэн. Ийм учраас Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 798 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байгаа. Эсэргүүцлээ дэмжин шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Прокурор хавтаст хэргийг шүүхэд ирүүлэхдээ дугаарлаад ирүүлэх ёстой. Ирүүлсэн хэрэг дотор гарын үсэггүй баримт байна. Тэрийгээ урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед нөхөж авах, түүнийг солих хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Прокурорын хийх ёстой ажлыг шүүх хуралдааны явцад хийнэ гэдэг нь нөхөн гүйцэтгэх ажил. Энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн. Ийм учраас шүүх прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Гагцхүү тэр ажиллагааны явцад өмгөөлөгч нарын гаргаад байгаа хүсэлтийг шийдэх үү үгүй юу гэдэг л асуудал яригдаад байдаг. Захирамжийг хэвээр үлдээж өгөөч. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ийн өмгөөлөгч саналдаа: Яллах дүгнэлт үйлдээд ирчихсэн хэрэг дээр 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 тоот прокурорын тогтоолыг сольё гэсэн хүсэлт тавьсан. Ийм нөхцөл байдал үүссэн юм урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр. Өмгөөлөгч нарын болон хэргийн оролцогчийн саналыг аваад нотлох баримтыг шүүхийн шатанд солино гэсэн асуудал байж болохгүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуульд заасан эрх үүргийнхээ дагуу бүрэн бүтэн үйлдэл бүхий нотлох баримт хангагдлаа гэж үзээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Тэгэхээр сольчихъё гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын маш ноцтой асуудал гэж үзсэн. Тийм ч учраас саналаа гаргаж прокурорт буцаах нь зүйтэй юм байна. Ингэж буцааж байгаа асуудал нь прокурорын хэлээд байгаа шиг урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө хүсэлтээ гаргасан. Өмнө нь гаргасан тэгээд ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг шууд дүгнэж үзээд гарсан захирамж. Тийм учраас энэ захирамж хууль ёсны гарсан. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Шүүгчийн захирамж нь хэргийн үйл баримттай нийцээгүй байна гэдэг дүгнэлт хийгээд байна. Үүнийг хууль зүйн дүгнэлт гэж үзэхгүй байна. Ямар ч байсан анхан шатны шүүхийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий. Харин анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа байна гэж үзсэн. Бид нар үүнийг процессын маш ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Шүүх үүнийг засаж залруулаад хийх боломжгүй юм гэсэн байр суурьтайгаар буцаасан байдаг юм. Тиймээс прокурорын бичсэн эсэргүүцэл  үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа: Шүүгчийн захирамжийг хүлээж аваад яллагдагчаар татсан тогтоолоо хэрэгтээ хавсаргаад буцаагаад ирүүлчихсэн бол өнөөдөр бараг гэм буруугийн шүүх хуралдаан ч юм уу болж байх цаг хугацаа. Эсэргүүцэл бичих нь яг юунд хүрэх юм бэ гэдэг асуудал. Сая прокурор тайлбарлаж байна. Би шүүгчийн захирамжийн дагуу хэргийг буцааж аваад яллагдагчаар татсан тогтоолоо нэмээд буцаагаад өгөх юм уу гэж байна. Ер нь тийм л зүйл шүү дээ. Үнэхээр гарын үсгээ зураад танилцуулчихсан юм бол тэрийгээ нэмээд л оруулаад ирэх хэрэгтэй. Энэ дээр маргаад эсэргүүцэл бичээд байх үндэслэл биш гэж харж байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ын өмгөөлөгч ******* саналдаа: Тогтоол өөрөө бусад оролцогч нарын эрхийг хязгаарлаад гар гарын үсгийг нь зуруулаагүй байгаа нь өөрөө оролцогч нарын эрхийг хязгаарласан эсвэл прокурор өөрийн мөрдөн шалгах ажиллагаа хэрэгтээ хяналт тавиагүй. Үүнийг шүүхээс гарын үсэг зуруулаад явуулах нь үндэслэлгүй гэж үзсэн. Хэрвээ тийм байсан бол прокурорын зүгээс энэ асуудлыг солих биш техникийн алдаа гаргаж танилцуулаагүй байна энэ асуудлаар прокурорын шатанд танилцуулаад дахин хүргүүлэх боломжтой. Шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт гарчээ гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******:

Өмгөөлөгчийнхөө саналтай нэг байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч ******* саналдаа: Өмгөөлөгчийнхөө саналтай нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч  *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Б.Батсүрэн нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7 хавтастай 1561 хуудастай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Дархан-Уул аймгийн прокурорын газарт гаргажээ. /7-р хх-ийн 49-р тал/

Тус аймгийн Прокурорын газар хэргийг хүлээж аваад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянах хугацааг 14 хоногоор сунгасан тогтоол хэрэгт хавсаргагдсан байх ба үүний дараа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 42 дугаар тогтоол үйлдэгдэж, энэ тогтоолыг нэр бүхий 5 яллагдагчид тус тус танилцуулахаар зааж, улмаар яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч *******, *******, *******, ******* нарт гардуулсан, харин яллагдагч ******* хүлээн зөвшөөрөхгүй гэж гардаж авахаас татгалзсан нь түүний бичсэн бичилтээс харагдаж байх ба прокуророос хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна..

Дээрх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг зөвхөн яллагдагч *******д танилцуулж гарын үсэг зуруулаад бусад яллагдагч *******, *******, *******, ******* нарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан байх ба үүний дараа яллагдагч *******ийн өмгөөлөгч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ...хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...гэсэн агуулгаар хүсэлт ирүүлсэн /7-р хх-147/, мөн яллагдагч *******ын өмгөөлөгч *******, яллагдагч *******ын өмгөөлөгч ******* нар ....мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтэй...гэж  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг /7-р хх-150., 151-р тал/ тус тус бичгээр гаргасныг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6., 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.00 цагт явуулахаар тов тогтоосон захирамжийг гаргажээ.

Гэтэл энэ шүүх хуралдаан эхлэхийн өмнө яллагдагч *******ын өмгөөлөгч ******* нь ...өөрийн хүү нь зам тээврийн осолд орсны улмаас хүүгээ асрах хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү... гэж ээлжийн амралт олгосон тушаал, хүү ийхээ эмнэлгийн магадалгааг хүсэлтийнхээ хамт шүүхэд ирүүлсэн байна. /7-р хх-ийн 156-159-р тал/

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.00 цаг 10 минутад эхлэхэд шүүх хуралдааны ирцийг илтгэсэн нарийн бичгийн дарга  нь өмгөөлөгч *******аас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн, тэрээр шүүх хуралдаанд биечлэн ирээгүй шалтгаан, холбогдох нотлох баримтыг уншиж танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. /7-р хх-161/

Түүнчлэн улсын яллагчаас .... яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж явж байгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Энэ тогтоолыг бүх хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулсан боловч гарын үсэг зурагдаагүй байгууллагын эх хувьд үлдэх хувийг хэрэгт үдсэн байна, иймд гарын үсэг зурагдсан тогтоолыг хэрэгт солих саналтай байна....гэсэн саналыг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигджээ.

Ингээд шүүх ирцтэй холбоотой хэлэх зүйл байгаа эсэх талаар өмгөөлөгч нар болон яллагдагч нараас асууж тодруулахад өмгөөлөгч *******, , *******, яллагдагч *******, *******, *******, ******* нар нь ... өмгөөлөгч *******аас ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй... гэж, мөн яллагдагч ******* нь ...би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй тул хойшлуулж өгнө үү...гэсэн хүсэлт хэлсэн, харин прокурорын гаргасан.... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан боловч гарын үсэг зурагдаагүй хувийг хэрэгт үдсэн байгаа тул гарын үсэг зурагдсан тогтоолыг хэрэгт солих саналыг хүлээж авах боломжгүй тул хэргийг прокурорт буцаах саналтай...талаар өмгөөлөгч нар мэдэгджээ.

 Шүүхийн явуулсан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6., 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана..., мөн ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан тогтоож, оролцогчдод мэдэгдэнэ...гэж зааснаар  өмгөөлөгч *******, ******* нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн энэхүү хуралдааныг явуулах тов тогтоох тухай захирамж гаргасан нь буруу биш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж хуульчилсан.

Дээрх шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч *******аас ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүний үйлчлүүлэгч яллагдагч *******ын ...би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй тул хойшлуулж өгнө үү...гэх хүсэлтийг тус тус гаргасан байхад эдгээр хүсэлтийг эхлээд хэлэлцэх байтал хэлэлцэхгүй орхисон нь хуулийн үндэслэлгүй, хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн, түүнчлэн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл байгаа эсэхийг нягтлаагүй, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1., 2.т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, ийм боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдах, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3.т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нь яллагдагч ******* нь өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд орох хүсэлт гаргаад байхад өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор нь хангаагүй, мөн хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын талаар дүгнэлт гаргах эрхтэй талаар заасан байхад тэдний эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэн тул шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

Мөн прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг буюу яллагдагчийн өмгөөлөгч *******аас ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг  хэлэлцэхгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэснийг хүлээн авч бусад үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг хуулийн хугацаанд эмхэтгэж давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй, хариуцлагагүй алдаа зөрчил гаргасан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 10 минутад эхэлж, 14 цаг 54 минутад дуусжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахаар заасан.

Иймд уг шийдвэр 2024 оны 08 сарын 12-ны өдөр гэхэд эцсийн байдлаар ёсчлогдож гардуулагдах байсан.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийг гардуулсан буюу танилцуулсан баримтаас харахад хамгийн эхэлж улсын яллагчид захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан, дараа нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас үзэхэд дээрх хугацааг хэтрүүлж гардуулсан гэж үзэхээр байна.

Улсын яллагч захирамжийг хүлээж аваад эс зөвшөөрч хуулийн хугацаандаа багтаан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг шүүх тухайн өдөр нь хүлээн авчээ /7-р хх-170-д/

Хэргийн бусад оролцогчдоос захирамжийг эс зөвшөөрсөн гомдол гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг оролцогчид хүргүүлэхээр заасан.

Гэтэл дээрх эсэргүүцлийг шүүгчийн туслах нь 2024 оны 08 сарын 26-ны өдөр оролцогчдод танилцуулах, эсхүл хүргүүлэх байтал 2024 оны 10 сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарт 2 сарын хугацаа хэтрүүлэн хүргүүлж танилцуулсан болох нь 7 дугаар хавтаст хэргийн 175-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх алдаа, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

            2.Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ

         ШҮҮГЧ                                                       Б.МАНЛАЙБААТАР

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ