Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2026/0014

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг би, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Д.Б******* холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний бие нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэг дор 4 сая төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа бөгөөд хохирол болох 4,244,718 төгрөгийг 5 сарын хугацаанд хуваан төлж 2026 оны 11 дүгээр сарын 05-ны дотор бүрэн төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол болох 4,244,718 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүсэлтийг минь хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж гэж заасны дагуу  хариуцагч Д.Б******* нь Төрийн албаны зөвлөлийн тус шүүхэд 2026 оны ... дугаар сарын ...-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлөөс Д.Б******* холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Б*******ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 4,244,718 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаын зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Я.АРИУНЦЭЦЭГ