Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2022/00022

 

М.З-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00072 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух М.З-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух Б.С-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, орчуулагч А.Ахмерей нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Миний бие М.З нь Өлгий сумын төвд байрлах Тирлик захад хувиараа наймаа хийдэг. 2021 оны 01 дүгээр сард Алтанцөгц сумын иргэн Б.М надтай уулзан “Надад зах дотор наймаа хийхэд тохиромжтой 18 м.кв газар байгаа, уг газрыг худалдана” гэхээр нь би түүнтэй ярилцаж, уг газрыг нь үзэж байгаад худалдан авахаар болж, миний *** дугаартай данснаас Б.М-ийн *** дугаартай дансанд 13000000 төгрөг, *** дугаартай дансанд 2000000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд Б.М надад “... мөнгийг бүрэн шилжүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр шилжүүлж өгнө” гэж хэлсэн.

3. Гэтэл дараа нь уг газар Б.Мийн өмчлөлийн газар биш байсан бөгөөд Тирлик захад худалдаа наймаа эрхэлдэг Х.М гэгчийн газар байсныг мэдсэн ба уг газарт энэ жил том барилга барьсан тул би Б.М-ээс худалдан авсан гэх газарт ямар ч наймаа эрхлэх боломжгүй байдалд хүрсэн. Тухайн үед 2-3 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар нураахгүй хэмээн хэлж байснаар худалдаж авч байсан.

4. Улмаар би Б.М-ээс газар худалдан авахад шилжүүлсэн мөнгийг авъя гэхэд удахгүй чиний мөнгийг чинь өгнө гэж явсаар байгаад өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Б.М-ээс 15000000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Миний аав талийгаач Д.Б , ээж Б.Г  нар тус *** оршин суух Х  гэх хүнээс худалдаа наймаа хийх зорилгоор иргэн А.Ж-ийн эзэмшил газарт байрлалтай дэлгүүрийг 2013 онд 11000000 төгрөгөөр худалдаж авч газар эзэмшигч А.Ж-тай газрын түрээсийн гэрээ байгуулан худалдаа наймаа эрхлэн ашиглаж ажиллаж байсан. Түүнээс хойш зохих хөрөнгө оруулалт хийж өргөтгөн янзалж ашиглаж байсан.

2. Миний бие Б.М нь ээж Б.Г-ын нэр дээр байгаа Тирлик захын хажууд байрлалтай тус дэлгүүрийг худалдах зорилгоор олон нийтийн сүлжээгээр 2021 оны 01 дүгээр сараас эхлэн зарлаж байсан ба М.З нь тус дэлгүүрийг 16000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний удаа тал үнийг нь төлж, дараа нь газар эзэмших түрээсийн гэрээг шилжүүлсний дараа талыг нь төлж, нийт 14300000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1700000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй.

3. Бид М.З-д 18 м.кв талбай бүхий иж бүрэн дэлгүүрийг худалдсан болохоос бусдын эзэмшил газрыг худалдаагүй.

4.Тухайн үед би М.З-ыг иргэн А.Ж-д дагуулан очиж түрээсийн гэрээг шилжүүлсэн ба тэр хоёр дахин гэрээ байгуулж байсныг А.Ж болон түүний нөхөр Х.М  нар гэрчилдэг.

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь талууд анх хэлцэл хийхэд бүх нөхцөл байдлыг тайлбарлаж өгч байсан, мөн газрын эзэмшигч нар дээр дагуулж очоод уулзуулж, өөрийн байгуулсан гэрээгээ цуцалж, нэхэмжлэгч газрын эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр тус хэлцэл хийгдэж дууссан. Энд нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн эсхүл залилсан зүйл байхгүй. Мөн талууд хэлцэл хийхээс өмнө тус газрын эзэмшигч нь Х.М гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч газар эзэмшигчтэй гэрээ байгуулсан байсан гэдгийг дахин хэлье.

6. Мөн шүүхээс газрын эзэмшигч Х.М ,А.Ж-ас гэрчийн мэдүүлэг авч байсан. Иймд Иргэний хуулийн холбогдох заалтуудад зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00072 дугаар шийдвэрээр:  

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.З-ын хариуцагч Б.М-ээс 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

            1. Тухайн үед Б.М нь уг дэлгүүрийг 15,000,000 сая төгрөгөөр худалдана гэхээр нь би түүний *** дугаартай дансанд 13,000,000 төгрөг, *** дугаартай дансанд 2,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Б.М нь надад 15,000,000 сая төгрөгийг бүрэн шилжүүлж өгсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч шилжүүлж өгөлгүй, алга болсон.  

            2. Уг дэлгүүрийн байрлаж байгаа газар нь хариуцагч Б.М-ийн өмчлөлийн газар биш, “Тирлик” захад худалдаа наймаа эрхэлдэг Х.М гэгчийн газар байсан. Иргэн Х.М нь өөрийн өмчлөлийн газарт том барилга барихаар болж, миний Б.М-ээс худалдаж авсан гэх дэлгүүрийг нураасан бөгөөд би уг дэлгүүрт ямар ч худалдаа, наймаа эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба сүүлд дэлгүүр ч үгүй, мөнгө ч үгүй хохирч үлдлээ.

3. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан бөгөөд Б.М-ийн надад худалдсан гэх дэлгүүр нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд үүнийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох нөхцөл байдал үүснэ. Анх Б.М надад хэлэхэд уг дэлгүүрийн байрлаж байгаа газар болон дэлгүүрийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болж, надаас залилж, 15,000,000 төгрөгийг авсан болж таарч байгаа.

4. Би тухайн үед Б.М-д дэлгүүр болон газрыг өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хуулийн дагуу миний нэр дээр шилжүүлж өгөөгүй бөгөөд анхнаасаа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, намайг залилан мэхэлж, бусдын өмчлөлийн газарт барьсан дэлгүүрээ надад худалдсан.

5. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд миний бие Б.М-ээс худалдаж авсан эд хөрөнгийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч уг дэлгүүр, газрын хамт анхнаасаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бусдын өмчлөлийн газарт баригдсан дэлгүүр байжээ. Үүнээс гадна Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэж заасан бөгөөд хариуцагч Б.М нь надад дэлгүүрээ худалдахад дээрх хуулийн заалтын дагуу хүлээх үүргээ биелүүлээгүй тул Б.М бид хоёрын хооронд байгуулагдсан хэлцэл шууд хүчин төгөлдөр бус болж байна.

6. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан боловч хариуцагч Б.М нь надад үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрээ худалдах хэлцлээ эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул анхнаасаа уг дэлгүүрийг өмчлөх эрх надад шилжээгүй.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Худалдагч болох Б.М нь худалдсан эд хөрөнгө болох 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг нэхэмжлэгч М.З-д шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан яг ямар нотлох баримтаар Б.М нь 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг надад шилжүүлсэн нь тогтоогдсон талаар дурдаагүй.

8. Ийнхүү ямар нотлох баримтаар тогтоогдсон гэдгийг дурдаагүй байх шалтгаан нь хавтаст хэрэгт Б.М нь 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг миний өмчлөлд бүрэн шилжүүлж өгсөн тухай ямар ч нотлох баримт байхгүй байсан тул ийнхүү бөөрөнхий дүгнэлт хийж, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

9. Үүнийг хуулийн дээрх заалтаар тайлбарлаж хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар хариуцагч Б.М нь 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг миний өмчлөлд шилжүүлсэн тухай эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болж, миний өмчлөх эрх эхлэх ёстой боловч Б.М нь уг эрхээ хэрэгжүүлээгүй тул 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга миний өмчлөлд бүрэн шилжсэн гэж үзэх боломжгүй байна.

10. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасан байх тул хөрөнгийг шилжүүлсний дараа тухайн хөрөнгө устсаны хариуцлагыг худалдагч буюу Б.М хүлээх үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь мөн адил учир дутагдалтай. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үүргийг худалдагч тал Б.М хэрэгжүүлээгүй байх тул 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга миний өмчлөлд бүрэн шилжээгүй гэж үзнэ. Иймд миний өмчлөлд бүрэн шилжээгүй хөрөнгө устаж үгүй болсон хариуцлагыг би хүлээхгүй бөгөөд эцэст нь дэлгүүр ч үгүй мөнгө ч үгүй хохирч үлдэж байна.

11. Иргэнийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж зааснаар 18 мкв талбай бүхий дэлгүүрийн барилгыг худалдан авахад уг эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч миний бие хариуцахад бэлэн байгаа боловч худалдагч тал Б.М нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөс зайлсхийсээр байгаа болно.

12. Иймд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж зааснаар худалдагч тал болох Б.М нь 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тул миний бие ийнхүү түүнд шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа болно.

13. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгож, хэтэрхий нэг талыг баримталж гаргасанд гомдолтой байна. Жишээ нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрч А.Ж ,Х.М нарын мэдүүлгээр маргаан бүхий дэлгүүрийн байрлаж буй газар нь А.Ж-н өмчлөлийн газар болох нь, уг газрыг А.Ж-с 2014 оноос эхлэн Б , Г  нар, 2021 оны 02 дугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд нэхэмжлэгч М.З түрээсийн гэрээ байгуулж ашиглаж байсан болох нь тус тус тогтоогджээ” гэж дурдсан байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд уг газар нь А.Ж-н өмчлөлийн газар болохыг тогтоосон нотлох баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн буюу газар өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

14. Аливаа гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах хэдий ч Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг заавал хангасан байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2021 оны 02 дугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд нэхэмжлэгч М.З түрээсийн гэрээ байгуулж ашиглаж байсан болох нь тус тус тогтоогджээ" гэж дурдсан боловч миний бие гуравдагч этгээд болох А.Ж-тай байгуулсан түрээсийн гэрээ нь өөрөө хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээ байх тул А.Ж бид хоёрын хооронд ямар ч хуулийн хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй.

15. Анхан шатны шүүхээс 18 м.кв талбай бүхий дэлгүүр нь иргэн А.Ж-н өмчлөлийн газарт баригдсан гэж тогтоож, энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан атлаа уг дэлгүүр нь үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдох тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар зөвхөн баригдсан газрын хамт л ашиглах боломжтой бөгөөд газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй, овоолсон хог л болж үлдэнэ гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

16. Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч Б.М-ээс нэхэмжлэгч М.З-д Өлгий сумын 5 дугаар багт орших иргэн А.Ж- н өмчлөлийн газарт байршилтай дэлгүүрийн барилгыг худалдсан байх ба талууд харилцан тохиролцсоны дагуу худалдагч болох Б.М-ээс дэлгүүрийн байрыг худалдан авагч М.З-д хүлээлгэн өгч, худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг худалдан Б.М-д төлснөөр талуудын үүрэг дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч Б.М нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр надад шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болж, миний өмчлөх эрх үүсэх учиртай боловч хариуцагч Б.М нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй буюу 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй тул түүний өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна.                

17. Үүнээс гадна анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгосон хэдий ч уг гэрчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй явдалд дүгнэлт хийлгүй, зөвхөн хариуцагч талын дагуулж ирсэн гэрч нарын өгсөн мэдүүлгийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн адил хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэсэн хардлага төрүүлж байна.

18. Миний бие Б.М-д итгэсний үндсэн дээр ийнхүү амьдралаа залгуулж байсан 15,000,000 сая төгрөгөө алдаж, наймаа маань эргэлтэд орох боломжгүй байдалд хүрсэн.

19. Хэрэв анхан шатны шүүх нь Б.М-ийн надад худалдсан гэх дэлгүүрийг нураахад Б.М буруугүй гэж байгаа бол уг дэлгүүр байсан газрын өмчлөгч А.Ж-г гэрчээр оролцуулах биш Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зааснаар энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж, намайг хохиролгүй болгох ёстой байтал энэ үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

20. Үүнээс гадна шүүхэд гэрийн мэдүүлэг өгсөн Х.М нь хариуцагч Б.М-тэй төрөл садангийн холбоотой байсныг шүүх анхааралгүй, түүний мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

21. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хариуцагч Б.М бид хоёрын хоорондын хэлцэл хуулийн хүчин төгөлдөр бус болсон байх тул хуулийн энэ заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Б.М-ээс 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

            1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Б.М-д холбогдуулан 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.  

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.М нь надад наймаа хийхэд тохиромжтой 18 м.кв газар байгаа, уг газрыг худалдана гэхээр нь харилцан тохиролцож газрын үнэ 15000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба худалдагч болох Б.М нь мөнгийг шилжүүлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Гэтэл уг газар нь Б.М-ийн өмчлөлийн газар биш байсан бөгөөд өөр хүний газар байсан тул тухайн газарт барилга барьж эхэлсэн учир худалдаа наймаа эрхлэх боломжгүй болж урьд шилжүүлсэн 15000000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан...” гэж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...Миний бие “Тирлик” захын хажууд байрлалтай тус дэлгүүрийг худалдах зорилгоор олон нийтийн сүлжээгээр 2021 оны 01 дүгээр сараас эхлэн зарлаж байсан ба тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух М.З нь тус дэлгүүрийг 16000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний удаа тал үнийг нь төлж, дараа нь газар эзэмших түрээсийн гэрээг шилжүүлсний дараа зохих талыг нь төлж, нийт 14300000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1700000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй. Бид М.З-д 18 м.кв талбай бүхий иж бүрэн дэлгүүрийг худалдсан болохоос бусдын эзэмшил газрыг худалдаагүй. Тухайн үед би М.З-ыг иргэн А.Ж-д дагуулан очиж түрээсийн гэрээг шилжүүлсэн ба тэр хоёр дахин гэрээ байгуулж байсныг А.Ж болон түүний нөхөр Х.М нар гэрчилнэ” гэж шүүхэд маргасан байна.

 

5. Худалдагч Б.М болон худалдан авагч М.З нарын хооронд 2021 оны 1 дүгээр сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр хариуцагч Б.М нь Тирлик захад байршилтай 18 м.кв талбайтай дэлгүүрийг хүлээлгэж өгөхөөр, нэхэмжлэгч М.З нь 15000000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч М.З нь дэлгүүрийн үнийг төлснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч М.З нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2000000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10000000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2000000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1000000 төгрөгийг Б.М ийн ХААН банк дахь ***, *** дугаартай данснуудад тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч М.З-ын ХААН банкны дансны хуулгаар тогтоогджээ.

 

7. Нэхэмжлэгч “дэлгүүрийн газар нь Б.М-ийн өмчлөлийн газар биш байсан бөгөөд өөр хүний газар байсан тул тухайн газарт барилга барьж эхэлсэн учир худалдаа наймаа эрхлэх боломжгүй болсон, урьд шилжүүлсэн 15000000 төгрөгийг буцаан гаргуулах” гэж маргаж байгаа боловч тухайн дэлгүүрийн барилга баригдсан газар бусдын өмчлөлийн газар гэдгийг нэхэмжлэгч М.З нь мэдэж худалдан авч, өөрийн худалдаж авсан дэлгүүр байрлаж байсан газрын өмчлөгчтэй 2021 оны 02 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээ байгуулан газрыг ашиглаж байсан, газар өмчлөгчөөс М.З-ын ашиглаж байсан газар нь барилга барих зорилгоор газар чөлөөлөхөөр тавьсан шаардлагын дагуу тухайн үед нэхэмжлэгч нь өөрөө, сайн дураараа бусдын газарт баригдсан 18 м.кв дэлгүүрийн барилгаа нурааж газрыг газар өмчлөгчид чөлөөлж өгч байсан нь гэрч А.Ж ,Х.М нарын мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч Б.М, нэхэмжлэгч М.З нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг харьцуулан шинжлэн судалж үзэхэд, нэхэмжлэгч Б.З  нь  хариуцагч Б.М-ийн Тирлик захад байрлах 18 м.кв дэлгүүрийг худалдаж авахдаа уг дэлгүүр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, бусдын өмчлөлийн газарт баригдсан болохыг мэдэж худалдаж авсан болох нь тогтоогдсон, хариуцагч Б.М нь Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.2.-д “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл мөн тогтоогдоогүй болно.

 

9. Нэхэмжлэгчийн  “...Б.М  бид хоёрын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэрчүүдийн мэдүүлэг хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй явдалд дүгнэлт хийгээгүй...” гэх давж заалдах гомдол гаргасан нь баримтад үндэслэгдээгүй байна. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын талаар үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            10.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/00072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ