Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 871

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох;

ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д заасны дагуу хүчингүй болгуулах;

ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1.-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтад хүчин төгөлдөр тендер ирүүлсэн “Б*******” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И*******, О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б*******” ХХК нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хуучнаар Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зарласан ХААГ/2016/ ХБ-29 Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтэц” төслөөр 2016 онд хэрэгжүүлэх “Б” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2*1000 кВа-ын чадалтай ХТП 2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил"-ын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тендерийн материалыг бүрдүүлэн оролцсон. Уг тендер шалгаруулалт нь цахим хэлбэрээр явагдсан бөгөөд мэргэжлийн 15 компани оролцсон байдаг.

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Худалдан авах ажиллагааны газар буюу шинэ зохион байгуулалтаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас манай компанийн тендерээс ТОӨЗ 4.4(в)-д заасан Барилга хот байгуулалтын яамны 2.1.1 дэх тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1.-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан тухай 14/05 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Дээрх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.

“Б*******” ХХК нь ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын ТОӨЗ 4.4(в)-д заасан Барилга хот байгуулалтын яамны 2.1.1-д заасан Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт хийх тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар тушаалаар БУ17-330/16 тоот тусгай зөвшөөрлийг авсан. Энэ нь БУ17-330/16 тоот тусай зөвшөөрөл болон Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/1381 тоот тодорхойлолтоор нотлогддог.

Худалдан авах ажиллагааны газар буюу шинэ зохион байгуулалтаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14/05 дугаар мэдэгдэлд заасан “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, бүх тендерээс татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн чадварыг дутуу үнэлж, мөн хуулийн 47 дугаар зүйл 47.2.2.-д заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс шалтгаалан мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1.-д заасныг баримтлан бүх тендерээс татгалзсан нь хууль бус байх тул 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хандан гомдол хүргүүлсэн. Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд “Б*******” ХХК-ийн гомдол нь үндэслэлтэй байгааг тогтоож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, хууль журамд нийцсэн шийдвэр гаргахыг 5/4093 дугаар албан бичгээр Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байдаг. Гэвч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тендерийн үнэлгээний хороог хуралдуулалгүйгээр даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Н.О******* нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг 1/946 дугаар албан бичгээр “Б*******” ХХК-д мэдэгдсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 4.2.5-д заасан “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх” зарчмаас хазайж, “Б*******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна” гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо ХААГ/2016/ ХБ-29 Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтэц” төслөөр 2016 онд хэрэгжүүлэх “Б” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2*1000 кВА-н хүчин чадалтай ХТП 2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын зураг төсөл боловсруулах, барилга усралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдөр зарлан тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы №065(5330) дугаарт болон www.e-procurement.mof.mn, www.e-tender.mn, www,meps.gov.mn веб сайтуудад тус тус нийтэлсэн.

Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан хийхэд үнийн саналаа ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам" болон бусад холбогдох журам, тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг үнэлгээний хороо хянан үзэж үнэлгээ хийсэн байна.

Оролцогчид тусгай зөвшөөрлүүдийг хангаж байгаа боловч тусгай зөвшөөрлийн

гэрээний хавсралтыг ирүүлээгүй нь “Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” /Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тус тусгай зөвшөөрөл дээр заасан/ гэж заасан заалтыг хангахгүй гэж үнэлгээний хороо үзсэн. Үүнд: 

“Б*******” ХХК, ”И*******” ХХК, “М*******” ХХК, “Ул*******” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “С” ХХК, “Ч” ХХК, “О” ХХК, “А” ХХК, нэхэмжлэгч “Б*******” ХХК нь тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн /2.1.1./ шаардлага хангаагүй байсан учир үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзаж шийдвэрлэсэн.

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтэц” төслөөр 2016 онд хэрэгжүүлэх “Б” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2*1000 кВА-н хүчин чадалтай ХТП 2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын зураг төсөл боловсруулах, барилга усралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу дахин нээлттэй тендер шалгаруулалт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зарлаж 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад нээхээр болсон. Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоол гарч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхаар заасан тул тендер шалгаруулалтыг явуулаагүй.

Иймд тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй “Б*******” ХХК-ийн

нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14.-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох;

ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д заасны дагуу хүчингүй болгуулах;

ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтад хүчин төгөлдөр тендер ирүүлсэн “Б*******” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” гэж тодорхойлсны дагуу тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд,  Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/405 дугаар мэдэгдэлд дурдсан үндэслэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаар тушаалаар ““Дэд бүтэц” төслөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх “Б” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2/1000 кВА-н чадалтай ХТП 2 иж бүрдэл 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ бүрэлдэхүүнийг байгуулжээ. 

Уг Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг үндэслэн захиалагч 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/405 дугаар албан бичгээр “Б*******” ХХК-д “...тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.(в)-д заасныг хангаагүй...” гэж үзэн ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн байна. 

ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4(в)-д “ТШӨХ-д шаардсан бол тухайн төрлийн ажил, бараа, үйлчилгээг гүйцэтгэх, нийлүүлэх, үзүүлэх тусгай зөвшөөрөл;” гэж зааснаар Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтдээ 4.4(в)-д заасан тусгай зөвшөөрөл нь Барилга хот байгуулалтын яамны “2.1.1.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижолт” гэсэн  ажлын төрлөөр  олгогдсон байх шаардлагыг оруулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.-д “”тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;” гэж заасны дагуу тендерт оролцогч нь захиалагчаас гаргасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой. 

Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БУ11-88/13 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т гаргасан өргөдөлдөө “Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-ын 2.1.1.-д ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авахаар хандсан боловч “Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас “Б*******” ХХК-д нэмэлтээр 2.1.1.* гэсэн ажлын төрлийг олгохоор 05/16 дугаар дүгнэлт  гарч, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралтаар тусгай зөвшөөрлийг олгожээ. 

Үнэлгээний хороо нэхэмжлэгч компанийн тендерийн материалдаа хавсаргасан Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх тухай” 2/805 дугаар албан бичигт “...нэмэлтээр 2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил;...” гэж заасныг хянан үзэж, 2.1.1-д заасан ажлын төрлийг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байхгүй гэж “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 27.4. дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

Хэдийгээр тусгай зөвшөөрөлд “Б*******” ХХК-ийн өргөдөлд бичсэнээс өөр ажлын төрлөөр олгосон нь нэхэмжлэгчийн буруу биш боловч тендерийн материалыг бүрдүүлэхдээ тендерт оролцогч хариуцлагатай хандаж  тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан материал хавсарган гаргах боломжтой байжээ.

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар тушаалаар “Б*******” ХХК-д  2.1.1-д заасан ажлын төрлийг нэмэлтээр олгосныг дурдах нь зүйтэй байна. 

Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас “Б*******” ХХК-ийн тендерийн материалын төсвөөс бусад хэсгийг шаардлагад нийцсэн гэж үзсэн боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурал дээр үнэлгээний хорооны гишүүн О.М*******ын хүсэлтээр тендерийн материалыг дахин хянаж “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуулийн 47 дугаар  зүйлийн 47.2.2.-т заасан чиг үүргийнхээ хүрээнд Үнэлгээний хорооны олонхи дэмжиж гаргасан хуулийн 47 дугаар зүйлийн 47.7., 47.8. дахь хэсэг, “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам”-ын 4.4.-д заасанд нийцсэн эцсийн шийдвэр гэж үзэв.

Үнэлгээний хороо болон захиалагч дээрх үндэслэлээр хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14. дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 27.4., 47 дугаар зүйлийн 47.2.2., 47.7., 47.8.  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох;

ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “Б*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д заасны дагуу хүчингүй болгуулах;

ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах; ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтад хүчин төгөлдөр тендер ирүүлсэн “Б*******” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.–т зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.ДАМДИНСҮРЭН