Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00172

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын

Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1987 дугаар магадлалтай,

      “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,

         “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох  

         Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэл 9 сарын хугацааны татварт 23.884.206 төгрөг, 560 гишүүнд ногдох 27.553.849 төгрөг, нийт 51.438.055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан тайлбарт: “Автобус нэг ОНӨҮГ-ын ҮЭ-ийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013 оноос 2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын \тариф\-ын хэлэлцээрийн 5.5-д “ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ”, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар “Захиргаа ҮЭХ-ны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин гишүүдийн татварыг 2015 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл огт шилжүүлэхгүй байна. Энэ талаар ...“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д Захиргаа нь “...ҮЭХ-ны гишүүд, баазуудын ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон боловч шилжүүлээгүй. Дахин 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн "Татварын тухай" албан бичгээр байгууллагын захиргаа болон ҮЭХ-ны ...тохиролцооны 7 дугаар хэсэгт “...гишүүд баазуудын гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу “...ҮЭ-ийн гишүүдийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгаж тус хорооны дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэж ирүүлсэн боловч 2015 оны 04 дүгээр сараас хойш огт олгохгүй байна. Тус байгууллагын захиргаа нь тодорхой шалтгаангүйгээр гишүүдийн татварыг олгохгүй үе үе тасалдуулдаг болно. 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын татварыг тасалдуулж байсан талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04903 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт тус шүүхийн 2015 оны 10 дугаар өдрийн 26951 дүгээр шүүгчийн захирамжаар Автобус-1 ОНӨААТҮГ-ын ажиллагчдын ҮЭ-ийн гишүүн ажиллагсдын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 сар, 2015 оны 4 сараас 8 сар хүртэлх хугацаанд авсан цалингаас төлөх үйлдвэрчний гишүүний татварыг тооцуулж, уг тооцоог зохигчоос гаргуулсугай” гэж заасны дагуу хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн үндсэн цалингийн тооцоо, ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүдийн бүртгэл буюу ҮЭ-ийн татварыг цалингаас суутгахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт зэргийг үндэслэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргааг Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын татвар 23.884.206 төгрөг, Автобус-1 ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүдийн бүртгэл буюу татварыг цалингаас суутгахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт, шүүгчийн захирамжаар байгууллагаас гаргуулсан 621 ажилчдын үндсэн цалингийн цэсийг гаргаж өгснөөс 14 давхцаж орсон, 47 ажилтан нь гишүүн бус байсан тул хасч 560 гишүүнд ногдох 27.553.849 төгрөг, нийт 51.438.055 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт: “...нийслэлээс өгсөн үүрэг даалгавар, тодорхой чиглэлийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/ 1591 дугаартай ҮЭ-ийн суутгалыг зогсоох , мөн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-04/1670 шүүгчийн захирамжийн тухай албан бичгүүдийг манай байгууллагад хүргүүлсэн. Албан бичгүүдэд дурдсанаар ажиллагсдын цалин хөлснөөс ҮЭ-ийн татвар хураамжийг шууд суутгах явдлыг зогсоох, мөн 2015 оны 5 дугаар сарын 21-ний 3539 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж нь эцсийн шийдвэр биш бөгөөд урьд өгсөн чиглэлийн дагуу ажиллахыг бидэнд мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс зөвхөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан болон хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийхээр хуульчлан хязгаарласан. ...хамтын гэрээгээр Үйлдвэрчний гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д захиргаа нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын болон баазуудын гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг хурааж, дараах сарын 05-ны өдрийн дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу байгууллагын нийт ажилчдын хэдэн хувь нь ҮЭ-ийн гишүүн мөн, эдгээр гишүүдийн хэдэн хувь нь гишүүний татварыг цалингаас шууд суутгаж байгааг зөвшөөрсөн гарын үсэггүйгээр бид ажиллагсдын цалингаас татварыг шууд суутгах боломжгүй. Ажил олгогчоос ҮЭ-ийн гишүүний татварыг цалингаас шууд суутгуулах ажилчид санхүү дээр ирж гарын үсэг зурахыг мэдэгдсэн зарлалыг тавьсан боловч хүн ирээгүй. Тус нэгтгэлийн ажилчдын зүгээс сар бүр цалингаас суутгаж байгаа ҮЭ-ийн татварыг шууд суутгахыг эсэргүүцэж зогсоож өгөхийг хүссэн өргөдөл байгууллагын захиргаанд удаа дараа ирүүлсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Хамтын гэрээний үүрэгт 51.438.055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1987 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Хамтын гэрээний үүрэгт 51.438.055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргааг Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Шийдвэр, магадлалыг хэсэгчилэн эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэгдүгээр үндэслэлийн хувьд: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлагыг ханган шийдвэрлэхдээ хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны 496 гишүүний татварт 23 884 206 төгрөг хамтын гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэн нэхэмжилдэг. Хамтын гэрээ бол 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаад мөн оны 2 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн. Энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ороод эрх бүхий байгууллага нь нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хамтын гэрээ хэлэлцээр нь бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл үүрэг үүсээгүй байхад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн энд бас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хугацааг тодорхой заасан. Нэхэмжлэгч энэ хугацааг хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар хэтрүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2015 оны 8 дугаар сард гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана. 

 Нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны 496 гишүүний татварт 23 884 206 төгрөг, 560 гишүүнд ногдох татварт 27 553 849 төгрөг, нийт 51 438 055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, хамтын гэрээ хуульд зааснаар бүртгүүлсэн үеэс үйлчилнэ, ...ажилтны цалингаас татварыг суутгаж болохгүй талаар Засаг даргын захирамжийг хэрэгжүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

       Хариуцагч “Автобус-1" ОНӨААТҮГ нь тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр "Хамтын гэрээ" байгуулсан байх бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 2.7-д нэмэлт өөрчлөлт оруулснаар    “...Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 05-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн тухай гэрээ  хэрэгт авагдсан байна.

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Хамтын гэрээний үүрэгт 51.438.055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож шийдвэрлэсэн байна.

        Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11 дэх заалтыг хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээ, ажил олгогчийн үүргийн зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргааг Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж алдаа гаргасныг илрүүлж, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч буюу байгууллагын захиргаа хамтын гэрээний нөхцлийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

        Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, гэрээний үүрэг үүсэх үеийг зөв тогтоох шаардлагатай бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны 496 гишүүний татварт 23 884 206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хамтын гэрээнд зааснаар ажил олгогчид үүрэг үүсэх хугацааг буруу тодорхойлж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх илрүүлээгүй байна.

       Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй.” гэж заасан байдаг.

       Хэрэгт 2013 оноос 2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тарифын/ гурван талт хэлэлцээрийн хуулбар хувь авагдсан ба энэ хэлэлцээрийн 5.5-д “ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ” гэж, мөн хэлэлцээрийн 1.8-д “Тус хамтын хэлэлцээрт тохирсон заалтуудыг авто тээврийн байгууллага болон авто үйлчилгээний ҮЭ-ийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд тусгах бөгөөд энэхүү хамтын хэлэлцээрээс дордуулахгүй нөхцлөөр оруулна” гэж заажээ. Уг хэлэлцээрийг 2013 оны 07 сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн яам бүртгэсэн байна.

Түүнчлэн Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн Хорооны хооронд 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтын гэрээний хуулбар хувь хэрэгт авагдсан ба 2014 оны 01 сарын 22-ны өдөр уг гэрээний 2.7 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг 2014 оны 02 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэжээ.

Хэрэгт авагдсан дээрх Хамтын хэлэлцээр, Хамтын гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн огноо, дээрх эрх зүйн акт хуульд зааснаар хүчин төгөлдөр болох хугацаа зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны 496 гишүүний татварт 23 884 206 төгрөгийн шаардлага нь  ажил олгогч байгууллагын захиргаанд гишүүдийн татварыг суутгаж, шилжүүлэх үүрэг үүсээгүй байх хугацаанд хамаарч байна. Иймээс энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалтыг анхаараагүй, үүрэг үүсэх хугацааг зөв тогтоож чадаагүй алдаа гаргасан гэж үзнэ.  

       Харин 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтын гэрээний 2.7 дахь заалтад  2014 оны 01 сарын 22-ны өдөр оруулсан өөрчлөлт  2014 оны 02 сарын 03-ны өдөр хуульд заасан журмаар бүртгэгдсэн байх тул анхан шатны шүүх энэ өдрөөс хойшхи хугацаанд хамаарах татварт 27 553 849 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв байна.

       Хариуцагчаас “үүрэг үүсэх үеийг буруу тодорхойлсон” тухай гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангалгүй орхисон нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ зөрчсөн гэж үзнэ. 

         2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварыг бэлэн бусаар хурааж, ҮЭ-ийн Хорооны дансанд шилжүүлэх үүрэг    ажил олгогч буюу байгууллагын захиргаанд үүссэн, ажил олгогч энэ үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

    Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1987 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Хамтын гэрээний үүрэгт 560 гишүүнд ногдох 27.553.849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, нэхэмжлэлээс 23.884.206 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 277.371 /хоёр зуун далан долоон мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН