Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 397

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                         Б.Мөнхтуяа,

                                         Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:   Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаартай бүртгэл, улсын бүртгэлийн 000429400 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0497 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б, түүний орчуулагч П.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429400 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0497 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Дархан сумын 4 дүгээр багийн 22 хороололд байрлах 5 давхар тоосгон, 12 дугаартай байрыг улсын бүртгэлд бүртгэхдээ гуравдагч этгээдийн санаатайгаар өөрт байхгүй эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахаар бодит бус нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл нь илэрхий байхад ОХУ-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мэтээр бүртгэсэн нь “...бүртгэл үнэн зөв байж, нотлох баримтад үндэслэсэн байх...” хуулийн зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр байсан. Энэхүү хууль бусаар бүртгэсэн үйлдэл, нотлох баримтуудад бодит дүгнэлт өгөөгүй атлаа анхан болон давж заалдах шатны шүүхүүд “...гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй...” мэтээр хууль бус үйлдлийг зөвтгөж төрийн байгууллагын дотоодод чиглэсэн захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй.

4. Учир нь маргаан бүхий орон сууцны барилга нь Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 12 тоот орон сууцны барилга гэсэн хаягтай байдаг бөгөөд уг хаягт 1999 оноос хойно болон өмнө ямар нэгэн өөрчлөлт огт орж байгаагүй нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, 4 дүгээр хорооны Засаг дарга П.Б-ийн мэдүүлэг, хорооны өрхийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Уг 12 дугаартай байрны өмчлөгчөөр аливаа этгээд огт бүртгэгдээгүй.

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хувийн хэргийг шилжүүлсэн Ү-1101005426 дугаартай 6 дугаартай байр нь уг маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгө биш бөгөөд 22 дугаар хороололд 6 дугаар байр гэх албан ёсны хаягтай барилга нь одоо Монгол улсын иргэдийн өмчлөлд байдаг. Энэ байрны хаягт мөн адил ямар нэгэн өөрчлөлт орж байгаагүй болно.

6. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ 6 дугаартай тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ оршин суугчид олгогдсон байх тул ОХУ-ын өмчлөлд байсан байр биш гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийхдээ хэзээ уг байрны өмчлөх эрх оршин суугчдад олгогдсон, уг байр нь ОХУ-ын өмчлөлд байсан эсэх, байсан бол хэзээ ямар шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад зөвхөн багийн Засаг даргын мэдүүлгийг үндэслэсэн.

7. Үүнээс гадна маргаан бүхий орон сууцны 6, 12 барилгуудын гадна шинж байдал зохион байгуулалт өөр бөгөөд нэг янзаар баригдаагүй хийцийн хувьд өөр байдаг. Хэргийн 220 дугаар талд авагдсан Дархан хотын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1971 оны 126 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт зааснаас үзвэл тухайн үед 22 дугаар хороололд барьж байгуулах орон сууцнуудыг нэг ижил загварын буюу /Серин 1-306-с48 И/ загварын барилгын зургаар барихаар шийдвэрлэж байсан. Гэтэл бодит байдал дээр 12 дугаар байрны дотоод зохион байгуулалт, барилгын зураг нь бусад орон сууцны барилгуудаас өөр байдаг нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа.

8. ОХУ-ын өмчлөлд байсан 6 дугаар байр нь 2821 м.кв талбай бүхий байсан. Гэтэл уг маргааны бүхий орон сууцны барилга нь нийт 4564 м.кв талбай бүхий, нийтийн зориулалттай байр юм. Хэрэгт авагдсан ОХУ-аас 1999 онд гэрчилгээ авахаар мэдүүлэгт хавсаргаж өгсөн зураг дээрх 6 дугаартай орон сууцны барилга шинээр гэрчилгээ авахаар өгсөн маргаан бүхий 12 дугаартай байрнаас огт өөр 3 орцтой тус хорооллын нутаг дэвсгэрт байрлах 7, 3, 8 дугаар байруудтай адилхан.

9. 1975 оны Дархан хотын 22 дугаар бичил хороололд Зөвлөлтийн мэргэжилтэнд зориулж төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцыг хүлээн авсан улсын комиссын актад 12 дугаар байр гэж байхгүй бөгөөд 3, 4, 6, 7 дугаар байр л байдаг.

10. Давж заалдах шатны шүүх энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн гуравдагч этгээдийн ашигтай талбайг бүртгүүлсэн байсныг барилгын бүхэл талбай болгож өөрчилсөн гэж баримтгүй тайлбарыг үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 240 дугаартай тогтоолоор уг байрны өмчлөх эрхийн бүртгэлийн үнэн зөв эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ талаарх маргааныг огт шийдвэрлээгүй байхад уг тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийн 12 гэж нэрлээд байгаа байр нь 6 дугаартай байр гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг ойлгоогүй байжээ гэж үзэхэд хүргэж байна. Хэрэв 2 шатны шүүх нь Улаанбаатар хотод хийгдсэн улсын бүртгэлд авагдсан баримтуудыг Дархан-Уул аймагт хийгдсэн улсын бүртгэлийн баримтуудтай харьцуулан бодит дүгнэлт хийсэн бол 6 болон 12 дугаартай барилгууд огт өөр барилга болохыг тогтоож, Дархан-Уул аймагт хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байсан бөгөөд шүүх нотлох баримтуудад хэт нэг талыг барьж өнгөцхөн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь заалтуудад нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

11. Гуравдагч этгээд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх өмчийн газар буюу ФГУП “Госзагрансобственость” нь өөрийн өмчлөлд байхгүй Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 хороололд байрлах 12 дугаар байрыг өөрийн өмчлөлийн 6 дугаар байр мэтээр төөрөгдүүлэн, 524 тоот түрээсийн гэрээг байгуулан 2005 оноос хойш манай компанид түрээсэлж байгаа нэрийдлээр түрээсийн төлбөр авч хууль бусаар хөрөнгөжсөн бөгөөд манай компани нь тухайн үл хөдлөх хөрөнгөнд багагүй хэмжээний засан сайжруулалт хийсэн.

12. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ОХУ-ын нэр дээр хууль бус өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох хүртэл манай компани нь шударгаар эзэмшиж буй барилгаа ОХУ-ын өмч мэтээр төөрөгдөн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ОХУ-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор гуравдагч этгээдийн хууль бус үйлдлүүдийг зөвтгөх үр дагавар үүсгэж байгааг шүүх анхаарсангүй.

13. Нэхэмжлэгчийн зүгээс уг үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд түрээслэх эрхтэй байсан эсэх, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, Үндсэн хууль, Иргэний хуульд заасан хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг шударгаар олж авах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, манай компанийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөж байхад шүүх зөвхөн “эрх ашиг нь хөндөгдөөгүй” гэснээс өөр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд яагаад ийнхүү дүгнэх болсноо шийдвэр магадлалдаа тодорхой дүгнэсэнгүй.

14. Шүүх нь хариуцагчийн гаргасан захиргааны акт /шийдвэр, үйл ажиллагаа/-ын талаар улсын бүртгэлийн хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг дүгнээгүй, захиргааны актын улмаас эрх зөрчигдсөн асуудлыг хуульд нийцүүлэн үнэлж дүгнээгүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үзэж байна.

15. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаартай бүртгэл, Улсын бүртгэлийн 000429400 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “ОХУ эзэмших, өмчлөх эрхтэй болохыг баталсан баримт байхгүй байхад бүртгэсэн, маргаан бүхий орон сууцны барилга нь 12-р байр байхад 6-р байр мэтээр баримт бүрдүүлж төөрөгдүүлсэн” гэж, хариуцагчаас “энэ бүртгэл анхны бүртгэл биш, нэгэнт бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулсан тул хуулийн 13.5-д заасан баримтыг шаардахгүй” гэж тус тус маргаж байна.

18. Анх Оросын Холбооны улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хурлын протокол, Дархан хотын АДХГЗ-ны 1971 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 22 дугаар хороолол, 2821.21 мкв, 6 дугаар барилгыг ОХУ-ын өмчлөлд 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 2202005426 дугаарт бүртгэж, 22850 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

19. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-т “... мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад…гаргаж болно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын  бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан, энэ дагуу дээрх 1999 оны бүртгэлд ОХУ-ын гаргасан хүсэлт, холбогдох баримтад үндэслэн 2016 онд өөрчлөлт оруулж, маргаан бүхий бүртгэлийг үйлджээ.

20. Дээрх 1999 оны 2202005426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, “Т” ТББ-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэж, “уг бүртгэлийн улмаас орон сууцыг дамжуулан түрээсэлж буй иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

21. Энэхүү маргаанд “Г” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байсан, хяналтын журмаар гомдол гаргаж байсан зэргээс үзэхэд  энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон “ОХУ өмчлөх эрхийг болохыг баталсан баримт байхгүй байхад бүртгэл хийсэн” тухай үйл баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж, тогтоогдсон үйл баримт гэж үзэхээр байна.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэдэг, тухайн маргааны хувьд дээрх улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

23. Учир нь нэхэмжлэгчийн “өөрт байхгүй эд хөрөнгийг олж авахаар бодит бус нотлох баримтыг бүрдүүлсэн нь илэрхий байхад ОХУ-ын өмчлөлийн хөрөнгө мэтээр бүртгэсэн” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “6 дугаар байрыг одоогийн 12 дугаар байр” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн байхаас гадна нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээний зүйлийг “6 дугаар байр” гэж тодорхойлж, түрээсэлж байсан учир нэхэмжлэгчийн “маргаан бүхий барилга нь 12 гэсэн хаягтай байсан, энэ хаягт ямар нэгэн өөрчлөлт орж байгаагүй, хэлбэр хийцийн хувьд ялгаатай барилгууд” гэх гомдол үндэслэлгүй.

24. “Орон сууц хүлээн авсан комиссын актад 12 дугаар байр гэж байхгүй, 6 дугаар байр байдаг” гэх гомдол нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй, одоо нэрлэж заншсан 12 дугаар байрыг 1999 оны бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн “6 дугаар байр биш” гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

25. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “олон жил түрээсэлсэн давуу эрх болон байранд засвар хийсэнтэй холбогдох төлбөр тооцооны асуудал” нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

26. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0497 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ