Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2022/00049/И |
Дугаар | 212/МА2022/00040 |
Огноо | 2022-04-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 212/МА2022/00040
М.Н-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00234 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор *** түр оршин суух М.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргад холбогдох,
Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие 2010 оноос эхэлж Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар тасралтгүй 12 жил ажилласан. Тус сургууль нь 5 дугаар анги хүртэл сургадаг бага сургууль.
1.2. Би ар гэрийн нөхцөл байдалтай холбоотой Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиудад шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлж буруу шийдвэр гаргасан. Би ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Өөр ажилд шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан болохоос биш ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаагүй.
1.3. Миний бие тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Иймд Д сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. М.Н нь 11 жил сургуулийн захирлаар ажиллаж ирсэн. Захирал М.Н нь ажиллах хугацаандаа сургуулийн сурлагын чанар, бүтээн байгуулалтын талаар санаачилга гарган ажиллаагүй талаар ажилчдын санал гомдол олон удаа гарч байсан. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтаар муу үнэлгээ авч байсан.
2.2. М.Н тэй харилцан тохиролцсоны дагуу аймагт шилжих хүсэлт, мөн багш ажилчдын өргөдөл гомдлын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж багшийн албан тушаалд сэлгэн ажиллуулсан.
2.3. М.Н нь намайг аймагт шилжүүлэн ажилтай болгож өгвөл ямар нэгэн гомдол гаргахгүй гэж тохирсон. Багш М.Н-ийн хүсэлтийг аймгийн удирдлага болон боловсролын газарт танилцуулж ойрын үед арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон.
3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:
3.1. Миний зүгээс нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.
3.2. М.Н нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дураараа бичсэн 1 хуудас компьютероор шивсэн хүсэлтээ Д сумын Засаг даргад гаргасны үндсэн дээр ажил олгогч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн.
3.3. Энэ хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.Н-ийн гаргасан хүсэлт гол нотлох баримт болох ёстой. Хэрэв нэхэмжлэгч сайн дураараа хүсэлт гаргаагүй бол Д сумын Засаг дарга түүнийг ажлаас чөлөөлөхгүй байсан. Нэхэмжлэгч М.Н нь дээд боловсролтой, удирдах албан тушаал хашиж байсан хүний хувьд гаргасан хүсэлтийнхээ үр дагаврыг мэдэж байсан байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00234 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх М.Н-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Н надад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.2. М.Н нь Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг дарга надад гаргасан хүсэлтэд “ миний үндсэн харьяа ** баг бөгөөд ажил, албан тушаалын байдлын улмаас 11 жил хөдөө ажиллаж амьдарч байна. Одоо хүүхдүүд том болж тэднийг зохих сургуульд оруулж суралцуулахын тул харьяа сум буюу Өлгий суманд ажиллаж амьдрах шаардлагатай байна. Миний удаан жил хөдөө орон нутаг хүнд нөхцөл байдалд амжилттай ажиллаж ирсэн туршлага, ур чадварыг минь үнэлж намайг болон миний гэр бүлийн хүн болох эхнэр К.Б-г Өлгий суманд шилжүүлэн ажиллуулж өгнө үү..” гэсэн байсан бөгөөд өргөдлийн гол утга нь Д сумын 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас сайн дураар чөлөөлөгдөж цаашид өөрийн үндсэн харьяа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт шилжин очихыг хүссэн гэж үзэж байна.
5.3. Ажил олгогч би М.Н-ийн хүсэлтийг хүлээн авч судлан үзэж, өөртэй нь харилцан тохиролцож Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн хууль ёсны шийдвэр гаргасан.
5.4. Хэрвээ М.Н надад 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй байсан бол түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахгүй байсан.
5.5.Гэтэл анхан шатны шүүх М.Н-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь хууль бус мэтээр тайлбарлан хариуцагчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй.
5.6. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон гуравдагч этгээдийн хариуцагч А.Н миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
6.2. Ажил олгогчийн М.Нийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэр нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасантай нийцсэн хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Учир нь ажилтан М.Н-ээс Дэлүүн сумын Засаг дарга А.Н-т 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн хүсэлтэд “ ... Миний үндсэн харьяа Өлгий сумын 9 дүгээр баг бөгөөд ажил, албан тушаалын байдлын улмаас 11 жил хөдөө ажиллаж амьдарч байна. Одоо хүүхдүүд том болж тэднийг зохих сургуульд оруулж суралцуулахын тул харьяа сум буюу Өлгий суманд ажиллаж амьдрах шаардлагатай байна. Миний удаан жил хөдөө орон нутаг хүнд нөхцөл байдалд амжилттай ажиллаж ирсэн туршлага, ур чадварыг минь үнэлж намайг болон миний гэр бүлийн хүн болох эхнэр К.Б Өлгий суманд шилжүүлэн ажиллуулж өгнө үү... “ гэжээ. Ажил олгогчид ажилтан М.Н-ээс гаргасан өргөдлийн утга агуулга нь тэрээр Дэлүүн сумын 3 дугаар дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр чөлөөлөгдөж цаашид өөрийн үндсэн харьяа болох Өлгий сумын 9 дүгээр багт шилжин очиж амьдрах, аймгийн төвийн сургуулиудад мэргэжлийн дагуу ажиллахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл ажилтан М.Н нь уг хүсэлтээ гаргахдаа гаднын ямар нэгэн шахалт, дарамтгүй, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан компьютерт хүсэлтээ дэлгэрэнгүй бичиж, өөрөө гарын үсгээ зурсан учраас ажил олгогч уг хүсэлтийг хүлээн авч ажилтантай харилцан тохиролцож, Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
6.3. Хэрвээ М.Н 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогчид хандаж ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй байсан бол ажил олгогч түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахгүй нь мэдээж юм.
6.4. Гэтэл анхан шатны шүүх М.Н-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь хууль бус мэтээр тайлбарлан хариуцагчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй.
6.5. Гуравдагч этгээд П.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ...ажил олгогчоос нэхэмжлэгч М.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Д сумын ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус хариуцагч Д сумын Засаг дарга А.Н-ээс, Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн сургалтын болон бусад ажилд аймгийн Боловсролын газраас хийсэн хяналт шалгалтын дүнгийн материалуудыг аймгийн Боловсролын газраас тус тус гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч биечлэн оролцоогүй ба хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журам чухал шаардлагатай. 2010 оноос хойш Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж буй М.Н-тэй байгуулсан ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ заавал байх ёстой ба 11 жилийн турш хөдөлмөрийн гэрээгүй явна гэсэн нь үнэмшил муутай. Энэхүү гэрээ нь сумын ЗДТГ-т байхгүй ч гэсэн аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэст байх ёстой. Учир нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байсан. Иймд ажилтан М.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг эрх бүхий байгууллагаас гаргуулан иргэний хэрэгт нотлох баримтаар авч уг нотлох баримтыг шүүх үнэлэх ёстой. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “... Нөгөө талаас тус сургуулийн хамт олноос цаашид М.Н-тэй хамтран ажиллах боломжгүй, удирдах ажилтны манлайлалгүй, бага ангийн боловсролтой, аймгийн Боловсролын газраас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар хангалтгүй дүн үзүүлж байсан гэж Д сумын Засаг даргад өргөдөл гаргаж байсан" гэж дурдсан. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг нотлуулахын тулд “Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн сургалтын болон бусад ажилд аймгийн Боловсролын газраас 2021 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийсэн байна. Иймд тус сургуульд хийсэн хяналт шалгалтын дүнгийн материалуудыг аймгийн Боловсролын газраас гаргуулах тухай” хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэх ёстой байсан. Дээрх хоёр хүсэлтийг анхан шатны шүүх огт хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 38 дугаар зүйлийн 38.6-г тус тус ноцтой зөрчсөн.
6.6. Давж заалдах гомдолд дурдсан дээрх дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй.
6.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсвэл нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. М.Н нь өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлж өгөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.
7.2. М.Н нь Засаг даргад “аймгийн төвд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Шилжүүлж ажиллах болон ажлаас чөлөөлөх хоёр өөр зүйл. Эхнэр нь ажилгүй байсан учраас цэцэрлэгийн багшаар ажилд оруулахыг хүссэн, өөрөө бас олон жил туршлагатай захирлын ажил хийсэн учраас аймгийн төвд ажиллах боломжтой гэж хүсэлтээ иргэний хувиар гаргасан. Эрх зүйн байдлаа дээрдүүлэх зорилгоор хүсэлт гаргасан нь агуулгаас нь харагдаж байгаа.
7.3. М.Н ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй, энэ талаар эрхийн акт байхгүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа “хамт ажиллаж чадахгүй, мэдлэг боловсрол нь дутмаг байгаа” гэсэн зүйл үндэслэлгүй. М.Н нь хариуцсан ажлаа нэр төртэйгөөр хийж гүйцэтгэж байсан.
7.4. Хөдөлмөрийн гэрээг холбогдох газраас нь гаргуулъя гэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасныг баримтлан шүүхийн шатанд гаргасан хүсэлт учраас талуудад тодорхой хугацааны өмнө мэдэгдэж зарлаж шийдвэрлэсэн. Талуудад тайлбар гаргах хугацаа олгож, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болох өдрөөс өмнө гаргаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэвэл шүүх хүлээж авч шийдвэрлэх журамтай. Анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж, гомдол гаргах эрхгүй болохыг нь тайлбарлаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу зөрчил гаргасан эсвэл ажилтныг ажлаас чөлөөлсөн юм байхгүй.
7.5. Хөдөлмөрийн гэрээ хэрэгт ач холбогдолгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч болон М.Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдол байхгүй. Боловсролын газраар ажлаа дүгнүүлээд 11 жил захирлаар ажилласан. Хариуцагч гэрээгээ хийж, өөрөө гаргаж өгөх ёстой. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч М.Н-ийн “ар гэрийн нөхцөл байдлын улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлж, буруу шийдвэр гаргасан тул урьд ажиллаж байсан Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Ажил олгогч “би М.Н-ийн хүсэлтийг хүлээн авч судлан үзэж, өөртэй нь харилцан тохиролцож, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн хууль ёсны шийдвэр гаргасан. Хэрвээ М.Н надад 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй байсан бол түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахгүй байсан.” гэж маргажээ.
11. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Н нь Дэлүүн сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай захирамжаар Болашах бага сургуулийн захирлаар сонгон шалгаруулалт явагдах хүртэл хугацаанд томилогдож, мөн даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай захирамжаар сонгон шалгаруулалтад тэнцсэн тул тус сургуулийн захирлаар бүр томилогдон, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан нь тогтоогджээ.
12. Ажил олгогч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/131 дүгээр захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Ковидын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, аймгийн Боловсролын газрын даргын 243 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н-ийг ажил олгогчтой тохирсон сэлгэн ажиллуулах болсон гэж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
13. Ажил олгогч ажилтныг эрхэлж байсан ажлаас чөлөөлөхдөө “хүсэлтийг хүлээн авч судлан үзэж, өөртэй нь харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах болсон” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар сэлгэн ажиллуулах болсон гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна. Ажилтны ажил олгогчид гаргасан хүсэлтийн агуулга нь “ажлаас чөлөөлөгдөх бус сэлгэн ажиллуулж өгнө үү” гэх утгатай байх бөгөөд энэ талаарх анхан шатын шүүхийн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг баримталж хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
14. Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан хуульчлаагүй боловч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж үл болно гэж сэлгэн ажиллуулах тохиолдолд ажилтны зөвшөөрлийг авах зарчим хуульчлагдсан.
15. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэвэл, хуульд заасан дээрх үндэслэлүүдээр ажилтныг өөр ажилд сэлгэн ажиллуулахдаа ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсон байж хууль зүйн үндэслэл бүрдэх боломжтой.
16. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах болсон үйл баримт тогтоогдоогүйгээс гадна сумын Ерөнхий боловсролын сургуулиудын захирлыг сэлгэн ажиллуулах эрх сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй, харин Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх “ гэж зааснаар хуульд заасан үндэслэлээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй.
17. Ажил олгогч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “захирал М.Н нь эрхэлсэн ажилдаа хайнга ханддаг, ажлаа шаардлагын хэмжээнд хийж чадаагүй, тус сургуулийн ажлын үзүүлэлт нь доогуур, хамт олон хүлээн зөвшөөрдөггүй, сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа сургуулийн сурлагын чанар, бүтээн байгуулалтын талаар санаачилга гарган ажиллаагүй талаар ажилчдын санал гомдол олон удаа гарч байсан, аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтаар муу үнэлгээ авч байсан” талаар дурдсан байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч М.Н-т холбогдуулан хамт ажилладаг ажилчдаас дээрх агуулгатай өргөдөл, гомдол гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар шалгасан баримт байхгүй тул анхан шатны шүүхийн “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/131 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М.Н-ийг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх захирамждаа үндэслэл болгоогүй тул шүүхээс түүнд дүгнэлт хийх шаардлагагүй” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
18. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
19. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг дарга А.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ