Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2026/0015

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа би, Р.О*******  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хүснэгтэд бичигдсэн Р.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Р.О******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасантай нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О*******ээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хүснэгтэд бичигдсэн Р.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА