Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

 

 

 

 

 

 

 

   2024        11           13                                        2024/ДШМ/50

 

 

Э.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Ч ,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ж ,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б ,

Шүүгдэгч Э.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Х-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Г-т холбогдох эрүүгийн 2439000000081 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч Э.Г  нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ...................................................................................... хохирогч Г.У-ыг “гэзгийн хүүхдүүдийг доромжлолоо” гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож, хохирогч Г.У-ын эрүүл мэндэд баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.А-аас шүүгдэгч Э.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж

-Хохирогч Г.У  нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Г  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.У  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Г.У  би шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолд дараах байдлаар гомдол гаргаж байна.  Э.Г  намайг бусадтай бүлэглэж зодсон, надад ямарч хохирол төлбөр өгөөгүй, хөнгөн шийтгэл авсан. Анхан шатны хурлын дараа ч надад хандан одоо бүх юм дууссан, чи битгий яриад бай гэж хэлсэн. Хэрэгтээ огтхон ч гэмшээгүй байгаа. Иймд түүнээс хохирлыг барагдуулж, шийтгэлийг хүндрүүлж өгнө үү.” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар учраас шүүгдэгчид торгох ял оногдуулсан талаараа хууль зүйн үндэслэлийг дурдсан. Үүнд: шүүгдэгч гэм буруугаа ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.  Мөн хохирогч хохирлоо нэхэмжилж байна гэсэн боловч эмчилгээний зардалтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.У-ын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн гомдлыг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн учраас тухайн ял шийтгэлийг оногдуулсан гэж дүгнэлт хийсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.У  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хэн, хэн, яаж зодсон талаар мэдүүлдэг. А  миний толгойны ар хэсэг рүү цохиод, миний толгойг доош дараад байж байхад миний баруун шанаа хацарт Баяраа ах гуталтай хөлөөрөө өшиглөсөн чинь... гэдэг. Тийм учраас энэ гэмтлийг ганцхан Б  биш А  гэдэг хүнтэй бүлэглэж учруулсан байж болзошгүй нөхцөл байдал хохирогчийн мэдүүлэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг өшиглөх, алгадах зэргээр гэмтлийг учруулсан, ганцаараа энэ гэмтлийг учруулсан гэж дүгнэсэн нь хохирогчийн мэдүүлэгтэй нийцэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох журмын 1.2....Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзнэ” гэж заасан байдаг. Уг журмын 40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэж тус тус заасан. Тухайн журмын  тухайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг орж байгаа. Тэгэхээр эдгээр журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хохирогч өөрөө заавал би сэтгэцээ тогтоолгоё гэсэн хүсэлт гаргасан байхыг шаардахгүй. Мөрдөгч хохирогчоос энэ талаар асуусан, энэ ажиллагааг хэрэгжүүлсэн зүйл хэрэгт байхгүй учраас сэтгэл санааны хохирлыг тогтоолгоогүй нөхцөл байдал үүссэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохиролгүй, хэргийг ганцаараа үйлдсэн гэж тогтоосон нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна “ гэв.

Шүүгдэгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй“ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгч сэтгэцийн хохирол гаргуулах талаар цагдаагийн байгууллага хангалтгүй ажилласан гэж байна. Хохирогч Г.У  хэрвээ хохирлоо гаргуулах байсан бол танд хэлэх зүйл байна уу? гэж асуухад ..би сэтгэл санааны хохирлоо гаргуулахыг хүсэж байна гэсэн бол цагдаагийн байгууллага хохирлыг гаргуулах ёстой. Түүнээс цагдаагийн байгууллага санаачилгаараа сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан хэдэн үндэслэлүүд байсан. Энэ үндэслэлүүдийг мөрдөн байцаах алба хангалттай биелүүлсэн. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт   заасан хэрэгт гэм буруутай байна гэж үзээд 450.000 төгрөгөөр торгох шийтгэл халдаасан. Энэ бол үндэслэлтэй. Анхан шатны шүүх хурал дээр Г.У  гэм хорын хохирол эмчилгээний зардлын талаар ямар нэг баримт бичиг гаргаж ирээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар гомдол гаргах эрхийг нь нээлттэй орхисон байдаг. Ийм учраас  миний үйлчлүүлэгч Э.Г  бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдлаас харахад 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна“ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.У-н гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Г-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч Э.Г  нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ............................... хохирогч Г.У-ыг “гэзгийн хүүхдүүдийг доромжлолоо” гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож хохирогч Г.У-ын эрүүл мэндэд баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Г.У  нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Г  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

       Хохирогчийн өмгөөлөгч Б.Ж  “хохирогчийн сэтгэл санааны хохирлын талаарх хууль болон журамд заасан ажиллагааг мөрдөгч хэрэгжүүлээгүйгээс сэтгэл санааны хохирлыг тогтоолгоогүй нөхцөл байдал үүссэн” талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”-аар, 39 дүгээр зүйлийн  39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагыг хуульчилсан байна.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 1.3-д “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.” гэж,  2.3, 2.4-д “ журмын 2.1-д заасан хүснэгтээр  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулна, шаардлагатай гэж үзвэл дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно”  гэж тус тус заасан ба Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны №25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг  баталсан байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхийг зохицуулсан дээрх хууль, журам, аргачлалаас үзэхэд, хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан эсэхийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж заасны дагуу сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоохоор байна.

 

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  шалгаагүй, холбогдох хууль журамд заасан ажиллагаа хийгдээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай ба дээрх нотолбол зохих байдлын хүрээнд хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох шаардлагатай гэж үзлээ.  Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

           

Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Г-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                  О.БААТАРСҮХ

 

                                                                                       Г.БОЛОРМАА