Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00263

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00263

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн *******, ******* 5 ******* тауэрт байрлах ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суугч холбогдох 3,755,274.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... овогтой нь 2023 оны 06 дугаар сарын 22-нд " *******" ХХК-аас загварын, 1,449,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 1,449,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр загварын, 789,900 төгрөгийн үнэ бүхий гар утас болон загварын, 699,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авч, тус банктай зээлийн гэрээ байгуулж, 1,489,800.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. Б. нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул А-3 маягт тус төлж, 2024 оны 01 дүгээр сарын 15, 2024 оны 03 дугаар сарын 19-нд тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ" гэж заасан. Б. нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөө тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр төлж, давхар зээл, хүүгийн төлбөрт орж хохирсоор байна. Б. нь банктай байгуулсан дээрх 2 зээлийн гэрээний 2.2-т "Зээлдэгч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ" гэж тохиролцсон. Иймээс манай компани нь Б.аас зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй байна. Бид хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэхдээ зээлдэгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн 1,449,900.00 төгрөгийн зээлийн тухайд, шаардах эрх шилжүүлж авахад төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн үлдэгдэл 1,195,235.16 төгрөгөөс гэрээний дагуу тооцоход 1 өдрийн хүүнд 746.61 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /1,195,235.16 * 0,228 (жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн): 365 хоног/, хугацааг, шаардах эрх шилжүүлж авсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бодоход 531 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 746.61 төгрөгийг 531 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 396,451.45 төгрөг төлөх үүрэгтэй байна. Мөн, түүнчлэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлсэн 1,489,800.00 төгрөгийн зээлийн тухайд, үндсэн зээлд төлөх ёстой 1,432,204.12 төгрөгөөс гэрээний дагуу 1 өдрийн хүүг бодоход 894.63 төгрөг төлөх үүрэг хүлээнэ /1,432,204.12 *0,228 (жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн): 365 хоног/, хугацааг шаардах эрх шилжүүлж авсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бодоход 595 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс 1 өдрийн хүү болох 894.63 төгрөгийг 595 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 532,309.07 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Манай компани нь Б.аас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1,449,900.00 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,195,235.16 төгрөг, үндсэн хүү 93,406.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,313.81 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 396,451.45 төгрөг, нийт 1,686,406.86 төгрөг, мөн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1,489,800.00 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,432,204.12 төгрөг, үндсэн хүү 84,357.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.10 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 532,309.07 төгрөг, нийт 2,049,868.02 төгрөг, нотариатын зардлын 19,000 төгрөг, бүгд 3,755,274.88 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,034 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний хариуцагч Б. холбогдуулан гаргасан 3,755,274.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад ...Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй... гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,634 төгрөгийн тал хувь болох 38,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 38,317 төгрөг, хариуцагч Б.аас 38,317 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б. холбогдох 3,755,274.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,634 төгрөгийн тал хувь болох 38,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 38,317 төгрөг, хариуцагч Б.аас 38,317 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ