| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0027/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 33
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-д холбогдох 1823000250024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсэг 5-10 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Партизан овогт Гунгаагийн П- РД:/ИА********/ Шүүгдэгч Г.П- нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.П- нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-3962 маркийн **-** ЗАА улсын дугаартай авто машинаа жолоодож Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд явах үедээ Алдархаан сумын нутаг дэвсгэрт байх Яруугийн голын гүүрэн дээр авто тээврийн осол гаргаж машинаа уг гүүрний хажуу руу унаган машинд сууж явсан эхнэр С.Г-ийнхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйл баримт болжээ. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд Завхан аймгийн төв Улиастай сумаас баруун зүгт Алдархаан сумын чиглэлд 17 км зайд Алдархаан сумын Алдар багийн нутаг Алдар толгойн хойд талд байх Яруугийн голын 3.45 метрийн өндөртэй, цутгамал бетонон гүүрийн хойд талын/ертөнцийн зүгээр/ 15.4 метр урттай төмөр хашилган хайс доош газарт унасан, гүүрний хойд тал руу **-** ЗАА улсын дугаартай саарал өнгийн пургон авто машин нүүрэн хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш харан жолооны хүрдтэй талаараа унасан байгааг бэхжүүлсэн байна. Үзлэгийн үед авто машины тормоз болон өөр ул мөр илрээгүй болохыг тэмдэглэлд тусгажээ. Шүүгдэгч Г.П- хэрэг бүртгэлтийн шатанд “...2018 оны 3 сарын 08- ны өдөр 17 цагийн үед Улиастайгаас Алдархаан сум руу ээжийндээ очихоор өөрийнхээ УАЗ маркийн **-** ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байгаад гэнэт гүүрний хажуугийн бетон шүргээд тэрүүхэн зуур тэвдээд тормос гишгэж чадалгүй хаазан дээрээ гишгээд гүүр рүү ниссэн. ...” гэж, шүүх хуралдааны үед “...50/60 км цагийн хурдтай явж байсан. Торомзон дээрээс хөл халтираад хаазан дээр гишгэсэн байх.” гэж тус тус мэдүүлжээ. Шүүгдэгчийн хурд сааруулах арга хэмжээ аваагүй болохоо мэдүүлсэн мэдүүлгүүд хэргийн газрын үзлэгээр авто машины тормозны мөр илрээгүй байдлаар давхар нотлогдож байна. Мөн Замын цагдаагийн эрх бүхий ажилтан шинжээчээр томилогдон дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Г.П-г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2- ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй бөгөөд энэ нь осол гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 201820068 дугаартай дүгнэлтээр “Иргэн С.Г-ийн биед: Зүүн гарын богцос яс, баруун талдаа сээрний Th2, 3, 4, 6, 7, 8-р нугаламуудын хажуу сэртэн, сээрний Th7, 11, 12, L1-р нугаламуудын их бие шахагдсан, сэлтэрсэн, зүүн талын 7, 12-р хавирганы хугарал, баруун талын 1-р хавирганы борооны мултрал, толгойн орой хэсэгт шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Иргэн С.Г-ийн биед: Сээрний Th7, 11, 12, L1-р нугаламуудын их бие шахагдсан, сэлтэрсэн хугарал, цээжний баруун хөндийд шингэн хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, болон 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн гарын богцос яс, баруун талдаа сээрний Th2, 3, 4, 6, 7, 8-р нугаламуудын хажуу сэртэн зүүн талын 7, 12-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун талын 1-р хавирганы борооны мултрал, толгойн оройн хэсэгт шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тогтоожээ. Мөн шинжээчээс байцаалт авахад “...С.Г-ийн биед сэрээний 7, 11, 12, бүсэлхийн 1 дүгээр нугаламуудын их бие шахагдсан, сэлтэрсэн хугарал, цээжний баруун хөндийд шингэн хуралт зэрэг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 болон 3.1.12-рт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин бусад гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэргийн гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учир нь хүний биед учирсан гэмтлүүдийг тус тусад нь тогтоодог боловч олон төрлийн гэмтлийг нийлүүлээд аль хүнд гэмтлээр нь тогтоодог болно” гэж мэдүүлж байгаа зэргээр шүүгдэгч Г.П-гийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч С.Г-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоосон байна. Ийнхүү хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд уг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учирсан хохирлыг хангалттай нотолж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Г-ээс мэдүүлэг авахдаа түүнд гэр бүлийн гишүүн болох нөхөр Г.П-гийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь эдлүүлээгүй, 18 нас хүрээгүй гэрч П. мэдүүлэг авахдаа тэдний хууль ёсны төлөөлөгч эсхүл төрөл, садангийн хүнийг оролцуулаагүй байх тул дээрх гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Г.П-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Түүнчлэн шүүгдэгч гэм хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийг тохиолдлын чанартай байдалд үйлдсэн, хохирол нэхэмжлэгдээгүй, хэвтрийн дэглэмд эмчлүүлж буй эхнэрээ болон бага насны хүүхдүүдээ асрамжилдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5, 1.7-1.9, 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Партизан овогт Г-ийн П-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Г.П-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Г.П- тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолоочийн 20780 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн 015888354 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Г.П-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Г.П-гийн эд хөрөнгө болох Samsung S-2 маркийн хар өнгөтэй гар утсыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ