Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/87

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                             ******* холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                   

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч: *******, ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2211015120483 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1., 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаатай хорих ял тус тус оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 /таван/ жилийн хугацаатай хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 300 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 60.029.922 төгрөгийг гаргуулж, хохирогч ...нарт тус тус олгож,

-Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний үйлдсэн гэмт үйлдэлд шүүхээс оногдуулж байгаа зүйл анги, ял шийтгэлийн хувьд шударга бөгөөд тохирсон гэж үзэн шүүхийн тогтоолыг хүндэтгэн үзэж байгаа хэдий ч өөрийн ахуй амьдрал, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялаас минь хөнгөлж өгөхийг хүсэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Би ар гэртээ ам бүл 3-уулаа бөгөөд ээж, эмээ нарынхаа хамтаар амьдардаг. Ээж, эмээ 2 маань хоёулаа нас өндөр, ээж минь эмээг асран хамгаалж тодорхой ажил төрөл эрхлэх боломжгүй, бидэнд тус нэмэр болох ахан дүүс байхгүй юм.

Би гэмт хэргийн улмаас бусдад 55.182.337 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирлоо төлөөгүй байгаа. Миний ар гэрийнхэн энэ хохирлыг төлөх боломжгүй. Тийм болохоор би тодорхой ялаа эдэлсний дараа гарч ирж байж дээрх хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн ухамсар доройгоос гэмт хэрэг үйлдэж, шударгаар шүүгдэж гэм буруудаа тохирсон ял авч өнөөдрийг хүртэл цагдан хоригдохдоо олон асуудлыг бодож, ойлгон гэмшиж ухаарч сууна. Миний хамгийн гол зорилго маань хохирогчид учруулсан хохирлоо төлөхөд өөрийн гэх хөрөнгө мөнгөгүй учраас ажил төрлөө эрхлэн гэмт хэргийн хохирлоо төлж барагдуулах чин хүсэлтэй байна. Мөн нас өндөр болсон эмээгээ амьд сэрүүнд нь ухаарч гэмшсэнээ харуулж ажиллаж амьдрах хүсэлтэй байна. Иймд давж заалдах шүүх хүнлэг энэрэнгүй ёсыг бодож миний ухаарал гэмшлийг ойлгон хүлээн авч хорих ялаас минь багасган хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Гомдлоо дэмжиж байна. Би хохирогчдынхоо гомдлыг барагдуулна.  Ажил төрөл хийж хохирлоо барагдуулна. Ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж миний хорих ялаас багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Аппликэйшнээс зээл авахад ямар хүн, ямар өнгө төрхтэй, ямар бичиг баримтаар зээл авч байгааг нь харах боломжгүй. Энэ нөхцөл байдал шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн юм болов уу. *******ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь их. Хохирол төлбөр төлөөгүй. Энэ нөхцөл байдалд нь ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д шүүх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудаас гадна хуульд заагдаагүй онцгой байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. ******* нь ажил төрөл эрхэлдэг байсан. Ар гэрийн нөхцөл байдал маш хүнд, хураалгаад өгье гэсэн ч гэр орон байхгүй. Ээж нь настай, эмээ нь 90 нас хүрч байгаа хүмүүс байдаг. Энэ хоёроос өөр хохирлыг нь төлөх хүн байхгүй. Өнөөдрийн байдлаар 390 хоног цагдан хоригдож байгаа. Энэ хугацаанд маш их зүйл ойлгосон гэж ярьдаг. *******ын 50, 60-аад үйлдэл байгаа. Энэ үйлдлүүдийг харахад зарим нь 80,000 төгрөг, зарим нь нэг сая төгрөг гээд нэг хүнд их хэмжээгээр төлөх хохирол байхгүй. Цувуулаад төлөх нөхцөл байдал байна. Анх гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь гэж хүн байгаа. утсаар аппликэйшний зээл авсан. *******тай ойр дотно харьцаатай, архи дарсанд уруу татдаг. Ийм нөхцөл байдлууд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан. Залуу хүн гэмшиж ойлгож, ажил хийвэл нэг сарын цалингаар ч гэсэн хохирлоо төлөөд байхад болно гэсэн өөрийнх нь саналыг дэмжиж хорих ялаас 1 жилийн хугацааг хасаж хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн хангасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ялыг оногдуулж, ерөнхий ангид заасны дагуу нэмж нэгтгэсэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1., 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч ******* нь нийт 35 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий хуулийн этгээдүүд болон хохирогч нарт нийт 58.878.022 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн,  прокуророос шүүгдэгчийг нийт 36 удаагийн үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс иргэн цахим иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглаж “” ББСБ-аас эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар 550.000 төгрөгийн зээл авч залилсан гэх үйлдлийг “” зээлийн апплекэйшнээс 500,000 төгрөгийн зээл авч байсан. Түүний үлдэгдэл 500,000 төгрөг байгаа. Өөр ямар нэгэн зээл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хохирлын хэмжээнээс хасч, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б. эзэмшлийн 290.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-30 загварын гар утсыг, мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б. эзэмшлийн “Хаан” банкны данснаас 861.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.151.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнээд түүнийг гэм буруутайд тооцож, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******аас нийт 60.029.922 төгрөгийг гаргуулж хохирогч нар, хуулийн этгээдүүдэд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэсэн.

Энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан.

Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1., 2.. 3 дахь хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, мэдэгдсэний дараа танилцуулж тэмдэглэл үйлдэх, хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар заасан.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад урьд энэ хэрэг нь хэд хэдэн удаа анхан шатны шүүхээс прокурорт буцсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн материалыг хамгийн сүүлд 2024 оны 04 сарын 30-ны өдөр танилцуулснаас хойш хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулсан байх боловч нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчдын хэнд нь ч танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн, түүнчлэн яллагдагч ******* хэргийн материалтай танилцах хүсэлтээ 2024 оны 07 сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан байх боловч танилцуулаагүй, дээрх хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан заалт огт хэрэгжээгүй байна.

Мөн прокурорын хяналтын шатанд 2024 оны 07 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын 177 дугаар тогтоол гарсныг яллагдагчид танилцуулаагүй, 2024 оны 08 сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 94 дугаар тогтоол гарсныг яллагдагчид даруй танилцуулахыг мөрдөгчид даалгасан байхад яллагдагч ******* танилцуулаагүй, улмаар 2024 оны 08 сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж яллагдагчид 2024 оны 08 сарын 15-ны өдөр гардуулсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6.д зааснаар түүний өмгөөлөгч *******т энэ тухай мэдэгдээгүй байна.  

Дээрх байдлаар мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ингэхдээ хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

           2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                          Б.МАНЛАЙБААТАР

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ