Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 34

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын  яллагч Б.*******, Шүүгдэгч Ж.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн  Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У-өд холбогдох 1823000560033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******гийн У-. Регистрийн дугаар: /ИУ*********/

Шүүгдэгч Ж.У- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Х-гийн алдуул үхрийг бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ч.Х- нь  2017 оны 12 дугаар сарын дундуур Завхан аймгийн ******* сумын ******* гэдэг газарт бэлчээрлэж байсан үхрээ алдсан  үйл баримт нь хохирогч Ч.Х-гийн “...2017 оны 11 дүгээр сард ******* сумын ******* гэдэг газар манай 6 тооны үхэр /2 үнээ, 2 тугал, 1 бяруу, 1 шүдлэн/ байсан. 12 дугаар сарын дундуур манай үхэр алга болоод 5 үхрээ эргүүлж олсон. 1 эр, хар шүдлэн үхэр олдоогүй...” гэсэн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Ч.Х-гийн өмчлөлийн шүдлэн насны хар үхэр нь сүргээсээ тасарч Ж.У-ийн үхэрт нийлсэн байсныг шүүгдэгч бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдсан болох нь Ж.У- Ч.Х-гийн үхрийг гэрийнх нь гадаа авчирч уясан тухай мэдүүлсэн гэрч      Ж.Б-ий “... 2018 оны 01 сарын дундуур орой 17 цаг өнгөрч байхад бор морьтой бараандуу өнгийн тэрлэгтэй хүн 30-аад тооны үхэр тууж ирээд гэрт орж ирж цай уучихаад 1 үхэр барих гэсэн юм, барилцаад өгөөч гэхээр нь гэрээс гараад нөгөө үхэрнүүдээс нь хар зүсмийн гургалдай нь унжсан 1 тооны шүдлэн үхэр барьж аваад манай гэрийн гадаа уяад хүн ирж авна шүү гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлгээр, Ж.*******ий гадаа уясан үхрийг худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч Д.Б-ын “...2018 оны 01 сарын 10-ны орчим... У- ... манайд... ирээд хөгшин нь “Хуудас” гэдэг газар 1 шүдлэн үхэр Б-ий гадаа уячихлаа очиж аваарай гэсэн...Тэр шүдлэн хар үхрийг 200000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр болон яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч.Х-гийн өмчлөлийн хар зүсмийн шүдлэн насны үхрийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Ж.У-ийн үйлдлийн улмаас Д.Х-д 400000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. 

Шүүгдэгч нь мал олсон тухайгаа орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй бусдад худалдаж завшсан байна.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд Ж.Улам- Өрнөхийн алдуул малыг худалдаж ашиг олсон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

        Иймд  шүүгдэгч  Ж.У-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлсөн нь хэрэгт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна

Шүүгдэгч Ж.У-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй. 

        Шүүгдэгч Ж.У-өд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь  зүйтэй

      Шүүгдэгч Ж.У- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд 

Монгол Улсын Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт Ж-ийн У-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-ийг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000/ дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан    шүүгдэгч Ж.У-өд оногдуулсан 460/дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000/ дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 4 тооны эр хонийг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ