Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/91

 

                                   *******т холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/398 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

****** овгийн *****ийн *****, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын *****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ****настай, ***эгтэй, ****** боловсролтой, ******* мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ********* ажилтай, ам бүл ***, ***** хамт Сэлэнгэ аймгийн ****** сумын *****дугаар баг, ***** дугаар хэсэг ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: *****/

Яллагдагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Хюндай робекс 2900ЛС-3 экскаватор, гитаран буу буюу алт угаах төхөөрөмж зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Монгол алт” гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 1003 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 2,138,778 төгрөгийн шууд хохирол, учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******т холбогдох ******* дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцэлдээ:

...Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/шз/398 захирамжаар “...яллагдагч *******ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.15-т заасныг үндэслэн “дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.15-т зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай буюу “Хюндай робекс 2900ЛС-3 экскаваторын үнэлгээ эргэлзээтэй байна” гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Хэрэгт Damno ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэл нь “Хюндай робекс 2900ЛС-3 экскаватор 64,125,000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар “шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж үүрэг хүлээж шинжээчийн дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд шинжээч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсны үндсэнд шүүх үнэлэх, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.

Гэтэл шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Яллагдагч ******* нь хавтаст хэрэгт авагдаагүй баримт буюу экскаваторын зургийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргаж хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг мөн зөрчсөн байна.

Мөн шүүх захирамжийн 3 дугаар заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин дүгнэлт гаргуулж зохих ажиллагааг хийлгэж, хэргийг тал бүрээс нь шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Тодруулбал дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа тус заалтыг хүчингүй болсон болсон байх тул хүчингүй болгосон хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.

Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/398 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжижи оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 398 дугаартай шүүгчийн захирамжид нилээн тодорхой бичигдсэн байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн 13 эд ангийн 50% нь ажиллахгүй байна. Мөн Монгол улсад уг экскаватор буюу техник хэрэгсэл нь бүртгэлгүй, хэзээ орж ирсэн, хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй. Өнөөдөр хэний эзэмшилд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Хавтаст хэрэгт баримт нь байхгүй. Шинжээчийн дүгнэлт гарахад уг экскаватор нь ажиллаж байсан уу? үгүй юу? гэдгийг тогтоох ажиллагаа хийгээгүй  мөртлөө гаднах байдлаар нь хараад дүгнэчихсэн. Дүгнэсэн байдал нь эрс зөрүүтэй. Тийм учраас прокурорт буцааж тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны эцэст шийдвэрлэх ёстой гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 390 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Түүнчлэн тус шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заагдсан шинжээч Ц.Түвшинцэнгэлээс асууж тодруулах шаардлагатай 1, 2-т заагдсан ажиллагааг түүнийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах, шаардлагатай тохиолдолд шүүхээс дахин шинжээч томилох  боломжтой  гэж үзлээ.

5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/398 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/398 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 2.Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                               

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ