Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2026/0042

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэврийн хяналтын байцаагч **, Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгч ** нь 1980 оны 7 дугаар сараас Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд рентген техникчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

3. Өндөр насны тэтгэвэр тогтоосон хэдий ч Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/35 дугаар “**г ажилд томилох тухай” тушаалаар тус төвийн дүрс оношилгооны тасагт рентген техникчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас гарсан байна.

4. ** нь 2014.01.24-2025.08.31-ний өдрийг хүртэл албан журмаар татвар, тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан тул тэтгэврийг өөрчлөн тогтоох хүсэлтийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасныг тус ерөнхий газраас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/910 дугаартай албан бичгээр “Таны өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2009-2014 оны 5 жилийн цалин хөлсийг өөр онуудын цалин хөлсөөр өөрчлөн тогтоох боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** миний бие нь 1978 онд “Анагаахын сургууль”-д “Рентген техникч’’ мэргэжлээр суралцаж, 1980 онд төгссөн. Сургууль төгсөөд 1980 оны 7 дугаар сараас эхлээд “Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-т хуваарилагдан 2014 оны 01 дүгээр сарын 14-ний хүртэл мэргэжлээрээ 489,939 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад тус ондоо “хүнд, хэвийн бус” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч нарийн мэргэжил эзэмшсэн тул тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас гарсан.

Өндөр насны тэтгэврийг 2014 онд 383,877 төгрөгөөр тогтоолгосон хэдий ч 2025 он хүртэл ажиллаж, үндсэн цалинтай уялдуулан улсад төлөх албан журмын татварыг байнга төлж байсан. Ингээд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно гэж заасны дагуу 2014 онд тэтгэвэрт гарснаас хойш 2025 он хүртэл албан журмаар татвар, тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан тул тэтгэврийг өөрчлөн тогтоох тухай хүсэлт гаргасан боловч Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хугацаанд тус байгууллагын дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын Ерөнхий газарт дээрх асуудлаар мөн гомдол гаргасан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/910 дугаар албан бичгээр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан 5 жилийн цалин хөлсийг өөр 5 жилийн цалин хөлсөөр өөрчлөн тогтоох зохицуулалт байхгүй тул таны тогтоолгосон 2009-2014 оны 5 жилийн цалин хөлсийг өөр онуудын цалин хөлсөөр өөрчлөн тогтоох боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйл Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох заалтын 25.1.2 “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол” гэж заасан байна. Иргэн ** миний бие 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч 2025 он хүртэл буюу 10 жилийн хугацаанд улсад төлөх татварыг үндсэн цалингаас албан журмаар төлж байсан. Гэтэл би дээрх албан бичигт дурдаж байгаачлан өөр өндөр татвар төлсөн 5 жилээр тэтгэврийг шинэчлээд өгөөч гэж хүсээгүй. Тэтгэвэр тогтоосон хугацаанаас хойш 10 жил улсад албан журмаар татвар төлж байсан тул төлсөн татварыг үндэслээд тэтгэврийг маань хуулийн дагуу шинэчлээд өгнө үү гэж хүссэн.

** миний 2014 онд тогтоолгосон тэтгэвэр 383,877 төгрөг. Би тэтгэвэрт гарсан оноос хойш буюу 2014-2025 он хүртэл албан журмаар татвар төлж байсан бөгөөд сүүлийн 5 жил буюу 2020-2025 оны дундаж цалин 3,500,000 төгрөг бөгөөд улсад 45 жил ажилласан үүнийг хувь хэмжээгээр тооцож улсад төлсөн татварыг тооцоход одоо авч байгаа тэтгэвэр нэмэгдэх боломжгүй буюу иргэн миний бие хуульд заасны дагуу болон бусад дүрэм, журамд нийцүүлэн улсад албан татвар төлж байсан тул иргэн миний дээрх эрх зүйн байдлыг дээрдүүлж, төлсөн татварт тохируулан хуульд заасны дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоолгохыг хүссэн өргөдөл гаргасан. Харин Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар нь иргэн ** миний улсад 10 жил албан журмаар татвар төлсөн үйл баримтыг үгүйсгэж, хуульд заасны дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй нь иргэнийг эдийн засгийн хувьд ноцтой хохироож байгаа тул Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгаж өгнө үү.” гэж;

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хариуцагч талаас тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийг өөрчлөх хуулийн зохицуулалт байхгүй гэж маргадаг. Нийгмийн даатгалын улсын байцаагч хууль тайлбарлахгүй. Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох боломжтой. **н нийгмийн даатгалын лавлагаагаар цалин хөлс, ажилласан жил хугацаа өөрчлөгдсөн байгаа нь харагдаж байгаа. 2014 оноос хойш хууль дүрмийн дагуу албан журмаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа, төлснөөр ирсэн. Засгийн газрын шийдвэрээр тэтгэврийг нь нэмж байсан нь нэхэмжлэгчийн субьектив эрхэд хамаарахгүй. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр хүчин төгөлдөр болсон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтыг үндэслэн албан журмаар төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтэй уялдуулан тэтгэврийг өөрчилж өгөөч гэсэн хүссэн болохоос биш хариуцагч талын яриад байгаа шиг миний тэтгэврийг нэмэгдүүлээд өгөөч гэж хэлээгүй. Хариуцагч тал хуулийг буруу тайлбарлаж, иргэний эрх зүйн байдлыг дордуулаад байна. Иймд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгаж өгнө үү.” гэв.  

7. Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тэтгэвэр авагч иргэн ** нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон. Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн шимтгэл төлсөн 20 жил дотроос хамгийн боломжит өндөр дараалсан 60 сарын дундаж цалингаас бодох бөгөөд иргэний гаргасан хүсэлтэд дурдсан тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойших шимтгэл төлж ажилласан 60 сарын цалингаар солих эрх зүйн зохицуулалт байхгүй болно. **н 2014 оноос хойш шимтгэл төлж ажилласан хугацааны нэмэгдлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг үндэслэн анх тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгож байна. Тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойш шимтгэл төлж ажилласан жилийн нэмэгдлийг 10 удаа, Засгийн газрын тогтоолд үндэслэсэн нэмэгдлийг 12 удаа нийт 22 удаагийн нэмэгдэл хийсэн байна. Тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджийг 2014 оноос өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс сонгон сольж болно.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “анх тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно гэсний дагуу 2014 оноос хойш **н шимтгэл төлж ажилласан хугацааны нэмэгдлийг нь олгож явж байгаа. Анх тогтоолгосон 60 сарын цалинг өөрчлөх үндэслэлтэй буюу үндсэн цалин, хөлс өөрчлөгдсөн, ажилласан жил нь дутуу орсон бол дахин шинээр бодож болдог тэрнээс биш тогтоолгосон 60 сарын цалинг хуулиараа өөрчлөх боломж байхгүй. Нэхэмжлэгч ** нь одоо өөрт тохирсон тэтгэврээ аваад явж байгаа. Энэ талаар хуулийн зохицуулалт байхгүй учир манай дотоод программ дээр хөгжүүлэлт хийгдээгүй. Нэхэмжлэгч нь  хууль дүрэм журмын дагуу жил бүр 1,5 хувиар тэтгэврийн нэмэгдлээ аваад явж байгаа. Нэгэнт 60 сараар тэтгэврээ тогтоолгосон байхад дахиж шинээр өөрчлөн тогтоох үндэслэл хуульд байхгүй. Тэтгэвэр авагч **н тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй гээд байх юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7.3-т “Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно” гэсний дагуу **н тэтгэвэр авч байсан 10 жилийн хугацаанд жил бүр 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгосон байна. **н тэтгэврийг тогтоолгоход анх 597,000 төгрөг байсан, итгэлцүүрээр өсгөсөөр байгаад өнөөдрийн байдлаар 1,237,850 төгрөгийн тэтгэвэр авдаг үүнээсээ 2011 оноос хойш жил бүр 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлсэн. Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, эдгээр тогтоол шийдвэрүүдийн дагуу **н тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлэн олгосон” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ** нь тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойш шимтгэл төлж ажилласан жилийн нэмэгдлийг 10 удаа, Засгийн газрын тогтоолд үндэслэсэн нэмэгдлийг 12 удаа нийт 22 удаагийн нэмэгдэл хийгдсэн байна. Хуульд иргэний урьд нь тогтоолгосон тэтгэврийн хэмжээг хуульд заасан үндэслэлээр ажилласан жил, шимтгэл төлсөн хэмжээ өөрчлөгдөх юм бол тэтгэврийг дахин тогтооно гэж байгаа. Нэхэмжлэгч ** хувьд өмнө нь тогтоолгосон цалин хөлс, ажилласан жил нь өөрчлөгдөөгүй. Харин тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгон гэсэн зохицуулалт байгаа. Үүнийг дагуу 2014 оноос хойш нэхэмжлэгч тэтгэврийн нэмэгдлээ аваад явж байгаа.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан  “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “рентген техникч”-ээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

2.2. Нэхэмжлэгч ** нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар “рентген техникч”-ээр эргүүлэн томилогдож, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажилласан байна.

2.3. ** нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “рентген техникч”-ээр эргүүлэн томилогдон нийгмийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлсөн жилд тутам 1.5 хувийн тэтгэврийг нэмэгдүүлэн авч байсан үйл баримтууд тогтоогдож байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өндөр насны тэтгэврийг 2014 онд 383,877 төгрөгөөр тогтоолгосон хэдий ч 2025 он хүртэл ажиллаж, үндсэн цалинтай уялдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно гэж заасны дагуу 2014 онд тэтгэвэрт гарснаас хойш 2025 он хүртэл албан журмаар татвар, тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан тул тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэлтэй” гэж;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтыг үндэслэн албан журмаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулан тэтгэврийг өөрчилж өгөөч гэж хүссэн болохоос тэтгэврийг нэмэгдүүлээд өгөөч гэж хэлээгүй” гэж;

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Тэтгэвэр авагч иргэн ** нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон, өндөр насны тэтгэврийг иргэний гаргасан хүсэлтэд дурдсан тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойших шимтгэл төлж ажилласан 60 сарын цалингаар солих эрх зүйн зохицуулалт байхгүй, 2014 оноос хойш шимтгэл төлж ажилласан хугацааны нэмэгдлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг үндэслэн анх тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 1.5 хувиар тооцон жил бүр тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгож байгаа, тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджийг 2014 оноос өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс сонгон сольж болно” гэж тус тус тайлбар гарган маргасан.

3.3. Өндөр насны тэтгэвэр авагч ** нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно гэж заасны дагуу 2014 онд тэтгэвэрт гарснаас хойш 2025 он хүртэл албан журмаар татвар, тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан тул тэтгэврийг өөрчлөн тогтоох” хүсэлтээ Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар гаргасан бөгөөд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариуг түүнд хүргүүлжээ. 

3.4. Мөн ** нь гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/910 дугаартай албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан 5 жилийн цалин хөлсийг өөр жилийн цалин хөлсөөр өөрчлөн тогтоох зохицуулалт байхгүй тул таны өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2009-2014 оны 5 жилийн цалин хөлсийг өөр онуудын цалин хөлсөөр өөрчлөн тогтоох боломжгүй байна” гэсэн хариу хүргүүлжээ.

3.5 Нэхэмжлэгч ** нь захиргааны байгууллага буюу Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын дээрх татгалзлыг эс зөвшөөрч “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

3.6. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариуг **д хүргүүлсэн нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

3.7. Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг. Тийм учраас нэхэмжлэгч нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын **н өндөр насны тэтгэврийг 2014-2025 онд шимтгэл төлсөн 5 жилээр сольж өөрчлөн тогтоохоос татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ.

3.8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар нь тэтгэвэр авагч **н гаргасан өндөр насны тэтгэвэр өөрчлөн тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

3.9. Тордуулбал, “Эс үйлдэхүй”-н хувьд захиргааны зүгээс ямар нэгэн хариу үйлдэл буюу шийдвэр гаргаагүй байдгаараа татгалзсан шийдвэрээс ялгаатай байдаг. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар нь **н гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, “хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн тул өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариу хүргүүлсэн нь татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.10. Захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарна. 

3.11. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр авагч **н тэтгэврийг өөрчлөн тогтоолгохоос татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.12. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар болон тэтгэвэр авагч ** нарын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлж, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилласан эрэгтэй 50 нас хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох харилцаа 2014 онд үүссэн. Тодруулбал, **н хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгожээ. Ийнхүү өндөр насны тэтгэврийг анх тогтоохдоо 2009-2014 оны нийт 5 жилийн цалин хөлсийг сонгож тэтгэврээ тогтоолгосон байна.

3.13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно”, 7.3-т “Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.” гэж зааснаар тэтгэвэр авагч ** нь жил тутам өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэн өөрчлөн тогтоолгож байсан.

3.14. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т зааснаар тэтгэврийг нэмэгдүүлэн олгох тухай бүрд Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр авагчийн анх тогтоосон тэтгэврийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно: 25.1.2. тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол;” гэж зааснаар өөрчлөн тогтоохоор байна.

3.15. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан тэтгэврийг өөрчлөн тогтоох зохицуулалт нь өндөр насны тэтгэвэрт гарч, анх тэтгэвэр тогтоолгосон иргэн тэтгэвэр авч байх хугацаандаа ажил хийж албан журмаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн цалин буюу 5 жилийн цалин хөлсийг сонгон дахин өндөр насны тэтгэврээ шинэчлэн тогтоолгох зохицуулалт биш байна. Энэхүү зохицуулалт нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасан нэмэгдлийг бодож олгох тухай бүрд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооход хэрэглэгдэнэ.

3.16. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч тэтгэвэр авч байх хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол анх тогтоосон тэтгэврийг өөр жилүүдийн 5 жилээр сольж, тэтгэврийг өөрчлөн тогтоох талаар тусгайлан зохицуулсан зохицуулалт хуульчлаагүй болно.

3.17. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно: 25.1.1.тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;” гэж заажээ.

3.18. Энэхүү зохицуулалтын “тэтгэвэр тогтооход баримталсан...” гэсэн урьдчилсан нөхцөл нь **н анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан буюу 2014 оноос өмнө ажиллаж шимтгэл төлсөн хугацаа, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэл бий болсныг ойлгохоор байна. Тухайлбал, 2014 оноос өмнөх тэтгэвэр тогтоолгоход баримталсан ажилласан жил тэтгэвэр тогтоолгосны дараа нэмэгдэж, шимтгэл төлсөн жил нэмэгдэх, улмаар тухайн нэмэгдсэн жилүүдэд өндөр цалин хөлс авсан байдал зэргээс шалтгаалан 5 жилийн цалин хөлсийг сонгох зэрэг тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэрэглэгдэх агуулгатай байна.

3.19. Иймд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэлд хамаарахгүй.

3.20. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар нь тэтгэвэр авагч **н гаргасан хүсэлтийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалин хөлсийг сольж тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан нь үндэслэлтэй байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэлээ. 

3.21. Иймд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй бөгөөд тэтгэврийг өөрчлөн тогтоохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **н Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ