Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/92

 

С.Дэлгэрмаад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/417 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.Дэлгэрмаад холбогдох эрүүгийн 2431002350199 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхайд овогт Санжмятавын Дэлгэрмаа, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ***************** хийж байгаад тэтгэвэрт гарсан, ам бүл *****, Сэлэнгэ аймаг ***** сум ********** баг *****хэсэг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:МЖ61010304)

Яллагдагч С.Дэлгэрмаа нь 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-ыг шилжих шөнө Зүүнбүрэн сумаас зүүн зүгт 3 километр зайд Шаамар сумаас Зүүнбүрэн сум чиглэлийн орон нутгийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэгт Ниссан X-Триал загварын 31-56 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Үүрцайхыг мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.Дэлгэрмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Санжмятавын Дэлгэрмаад холбогдох 2431002350199 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Дэлгэрмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг  хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 26 дугартай эсэргүүцэлдээ:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/417 дугаартай шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг заасныг баримтлан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргалаа.

Нэг. Шүүхээс “... энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж хохирч байхад хэрэгт энэ талаар огт дурдаагүй шалгаж шийдвэрлээгүй байна” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Учир нь яллагдагч С.Дэлгэрмаа нь 2024 оны 06 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө Зүүнбүрэн сумаас зүүн зүгт 3 километр зайд Шаамар сумаас Зүүнбүрэн сум чиглэлийн орон нутгийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэгт Ниссан X-Триал загварын 31-56 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Үүрцайхыг мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон гэх эрүүгийн 2431002350199 дугаартай хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 116/1-2786 дугаартай албан бичгээр /хх 166 хуудас/ Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс Б.Үүрцайхын гэр бүлийн харилцаатай хүмүүс болох эхнэр, хүүхдүүдийн талаарх лавлагаа мэдээллийг гаргуулахаар албан бичиг хүргүүлсний дагуу ирүүлсэн холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан.

Үүнд эхнэр Жамъянжавын Нандинцэцэгтэй 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсон талаарх Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 168 хуудас/ байх бөгөөд талийгаач Б.Үүрцайхын нэр дээр бүртгэлтэй хүүхэд гарч ирээгүй.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон түүний төрсөн ах Б.Лхагвацэрэнгийн өгсөн мэдүүлэгт хүүхдийн талаар мэдүүлсэн тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан /хх 163-165 хуудас/. Үүнд эхийн мэдээлэлд Гөрөөчин овогт Жүгдэрийн Оюунчимэгийн Цолмон /РД:М310272730/ гэх одоо 14 настай хүүгийн талаарх төрсний гэрчилгээ авагдсан боловч эцгийн мэдээлэл байхгүй буюу хоосон байна. Өөрөөр хэлбэл эх Оюунчимэгээр овоглосон Цолмонгийн эцэг хэн болох талаарх мэдээлэл улсын бүртгэлд тусгагдаагүй буюу тодорхойгүй байсан болно.

Мөн О.Цолмонгийн төрсөн эх Ж.Оюунчимэг нь 2017 онд нас барсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар О.Цолмонгийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төрсөн эгч О.Ууганзаяаг өөрчлөн тогтоож, урьд гарсан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвацэрэнгийн мэдүүлэг болон Сэлэнгэ аймаг Мандал сум Баян-Арцат 9 дүгээр багийн нийгмийн ажилтны тодорхойлолтоор амь хохирогч нь О.Цолмон гэх хүүхэдтэй гэх боловч энэ нь амь хохирогчийн төрсөн хүү мөн эсэх нь Улсын бүртгэлийн хэлтэсээс авсан лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдоогүй болно.

О.Цолмонгийн төрсөн эх нас барсан тул амь хохирогч Б.Үүрцайх нь О.Цолмонгийн төрсөн эцэг мөн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох боломжгүй юм. Эцэг тогтоох шинжээч томилж, шинжилгээ хийлгэхийн тулд Шүүх шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг баримтлах шаардлагатай. Тухайлбал тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт шинжилгээний байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар шинжилгээний объект болох эцэг, эх, хүүхдийн ДНК шинжилгээний байгууллагад хүргүүлэх шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэх боломжгүйн зэрэгцээ энэ нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх харьяаллын хэрэг маргаанд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.7-д “хүүхдийн эцэг, эхийг тогтоох” гэж зааснаар Онцгой ажиллагааны журмаар иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарч байгаа тул анхан шатны шүүх энэ асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Хоёр. Анхан шатны шүүхээс “... О.Цолмонгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон эсэх, тогтоогдоогүй бол нэхэмжлэх эсэхийг тодруулах” мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас амь хохирсон Б.Үүрцайх нь О.Цолмонгийн төрсөн эцэг мөн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох боломжгүй асуудал байхад шууд түүний төрсөн эцэг мөн мэтээр хэрэгт нотлогдож тогтоогдоогүй асуудлыг яллагдагчаас хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага тавьсан нь хэргийн бодит байдалд болон хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд Эрүүгийн хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн ба мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн.

Мөн Нийгмийн даатгалын еренхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож, үлдэгдлийг энэ хуулийн 29.8-д заасан журмын дагуу өвлүүлнэ”,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд амь хохирогч Б.Үүрцайх нь 14 настай О.Цолмонгийн эцэг мөн эсэхийг тогтоосны эцэст түүнийг нь тэжээгч нь байсан гэж үзэх нөхцөл бүрдэж, тэжээгчээ алдсны тэтгэмжийн хэмжээг эрх бүхий байгууллага тогтоосны дараа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах мөнгөн дүнгийн хэмжээг тогтоох боломжтой юм.

Иймд энэ асуудлыг мөн холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн О.Цолмонгийн эрх ашиг сонирхлыг зөрчихгүйгээр шийдвэрлэх эрх нь анхан шатны шүүхэд байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

Гурав. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дугнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

40.2.1-д “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж заасан байна. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж заасан тул О.Цолмон нь амь хохирогчийн хүүхэд мөн эсэхийг тогтоосны дараа түүний сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох, сэтгэцэд учирсан хохиролыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэх байтал анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

Дөрөв. Анхан шатны шүүх “... яллагдагч С.Дэлгэрмаад холбогдох хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэггэй, 2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь яллагдагч С.Дэлгэрмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотолж тогтоосон, шүүгдэгчийг яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож болох хэмжээ хязгаарпалт нийцүүлэн эргэлзээгүй тогтоосон хохирогчийн талаархи холбогдох баримтыг хэрэгт авч хавсаргасан зэргээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Авто ослын улмаас миний төрсөн дүү нас барснаар миний бие тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Дүү маань нэг эмэгтэйтэй хамтын амьдралтай байхдаа нэг хүүхэдтэй болсон боловч тусдаа амьдарч байсан.  Хамт амьдарч байсан эмэгтэй нь хэдэн жилийн өмнө нас бараад хүүхэд өөрийн төрсөн эгчийнхээ асрамжид Дорноговь аймагт амьдардаг юм. Хүү Цолмон нь эхээрээ овоглогддог боловч миний дүүгийн хүүхэд юм. Тэжээгчээ алдсан тэтгэмж авдаг эсэх талаар би мэдэхгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.Дэлгэрмаад холбогдох эрүүгийн 2431002350199 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Яллагдагч С.Дэлгэрмаа нь 2024 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Зүүнбүрэн сумаас зүүн зүгт 3 километр зайд Шаамар сумаас Зүүнбүрэн сум чиглэлийн орон нутгийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэгт Ниссан X-Триал загварын 31-56 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Үүрцайхыг мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

2.Анхан шатны шүүхээс яллагдагч С.Дэлгэрмаагийн зам тээврийн осол гаргасны улмаас  хохирогч Б.Үүрцайх нас барсан, амь хохирогчоор овоглоогүй боловч бага насны буюу 14 настай О.Цолмон гэдэг хүүхэдтэй, хохирогч Б.Үүрцайхтай хамтын амьдралтай байсан хүүхдийн эх Ж.Оюунчимэг нас барснаар эгч О.Ууганзаяагийн асрамжид байдаг талаар хэрэгт баримт авагдсан байх ба  гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин болсон, хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн,  хохирогчийн хүүхдийн талаар  мөрдөн байцаалтын ажиллагаа  хийгдээгүй, бага насны хүүхдийн асран хамгаалагч О.Ууганзаяагаас хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах, сэтгэцэд учирсан хохирол гаргуулах талаар тодруулах, мөн  тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хохирогчийн төрсөн ах Б.Лхагвацэрэн болон амь хохирогчийн төрсөн хүү гэх О.Цолмон нарын хэн нь хуульд зааснаар Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг олгох гэдгийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай,  шүүх хуралдаанаар дээрхи ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокуророос анхан шатны шүүх, 14 настай О.Цолмон нь амь хохирогч Б.Үүрцайхаар овоглодоггүй, тус хүүхдийг амь хохирогчийн хүүхэд мөн эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмаар тогтоох боломжгүй бөгөөд тухайн асуудлыг иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой байхад шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж эсэргүүцэл бичжээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалт болон шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд яллагдагч С.Дэлгэрмаагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж тодорхойлсон.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээ нотлогдсон байдлыг харгалзан эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэхээр заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвацэрэн нь шүүхэд амь хохирогч /Б.Үүрцайх/-ын нэрээр овоглоогүй 14 настай хүү О.Цолмон нь бүтэн өнчин  үлдсэн талаар мэдүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн төрөл сандангийн холбоотой баримтыг улсын бүртгэлийн байгууллагаар тодруулах ажиллагаа явуулахад хүүхэдтэй талаар мэдээлэл авагдаагүй, мөн  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 14 настай хүү О.Цолмон нь амь хохирогч /Б.Үүрцайх/ нь биологийн эцэг мөн эсэх талаар баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон  шүүхэд гаргаж өгөөгүй тул  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Б.Лхагвацэрэнг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж заасан.

Энэхүү хуулийн зохицуулалтаар хуульд заасан эрх бүхий этгээд түүний төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар шаардлага гаргах эрхийг эдлэх бөгөөд энэхүү хуульд заасан эрхээ эдлэх эсэх нь тухайн этгээдийн хүсэл зоригоос хамааралтай гэж үзнэ.

Харин тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн бага насны хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн байх магадлалтай боловч хүүхдийн биологийн эцэг тогтоох,   хохирогч нас барсантай холбоотой гэм хорын хохирол гаргуулахаар шаардах  эсэх асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй бөгөөд зайлшгүй эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх шаардлага нөхцөл бүрдээгүй тохиолдолд иргэний журмаар  шийдвэрлүүлэх эрхийг нь  нээлттэй үлдээж шийдвэрлэх  боломжтой.

Учир нь  амь хохирогч Б.Үүрцайх нь  14 настай хүү О.Цолмонгийн  биологийн  эцэг нь мөн эсэхийг нь тогтоосноор хүүхдэд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д шаардах эрх үүсэх бөгөөд  хүү О.Цолмон нь амь хохирогчийн хүүхэд мөн эсэх нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогдоогүй тохиолдолд сонирхогч этгээдийн хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагаагаар шийдвэрлэгддэг тул мөрдөгч болон хэрэгт хяналт тавьж буй прокурорын хувьд  дээрхи ажиллагааг явуулах  үүргийг  хуулиар  хүлээгээгүй  гэж ойлгоно. 

Түүнчлэн  тус хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Лхагвацэрэн нь  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардлага гаргасан тохиолдолд түүний шаардлага үндэслэлтэй эсэх талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

4.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/417 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч С.Дэлгэрмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                   ШҮҮГЧИД                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                                                Г.ДАВААРЕНЧИН