| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2026/0016/З |
| Дугаар | 112/ШШ2026/0030 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 112/ШШ2026/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Э.О
Хариуцагч: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Г
Гэм буруутай албан тушаалтнаас 12,472.760 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Аюурзана, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэм буруутай албан тушаалтнаас 12,472.760 төгрөгийг гаргуулах гэжээ.
2. Нэхэмжлэлийн үндэслэлдээ: 2025 оны санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийн дагуу (ГАА-2026/136/-НА-СТА-ТШЗ) байгууллагын төсвөөс олгосон 12,472.760 төгрөгийг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Г-аар нөхөн төлүүлж, байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Аюурзана шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хавтаст хэрэгт Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргаар ажиллаж байсан Э.О-ыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлсөн. Дараа нь ажилдаа эргүүлэн томилогдсон. 3 шатны шүүхээр яваад хамгийн сүүлд нь Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 657 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж эцсийн шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу Э.О гэдэг хүн ажилдаа эргүүлэн томилогдсоноос шалтгаалж шүүхийн шийдвэрээр 12,472.760 төгрөгийн цалинг давхардуулан олгосон. Үүнээс шалтгаалж Алтай чуулга буюу төрийн байгууллага буюу төрд энэ хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 498.5-д энэ хуулийн 498.1 498.2 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан болбол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1-т иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага нь Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж байгаа юм. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д, Иргэний хуулийн 498.5-д заасан үндэслэлийн хүрээнд тухайн захирамжийг гаргасан буруутай албан тушаалтан гэж үзэж Ж.Г гэдэг хүнээс 12,472.760 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар төр өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхүүд нээлттэй байгаа. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа энэ хэрэг дээр захирамж гаргасан Ж.Г даргын тухайд ямар нэгэн гэм буруутай үйлдэл байгаагүй юм гэдэг байдлаар бас тайлбар хэлж байх шиг байна. Гэтэл Иргэний хуулийн 498.5-д энэ хуулийн 498.1 498.2 4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан бол гэж байгаа юм. Гэтэл санаандгүй байдлаар юм уу, эсвэл болгоомжгүй байдлаар аймгийн Засаг даргын захирамж гарахгүй байхгүй юу. Тэгээд үндэслэл нь юу гэж байгаа вэ гэхээр сонгон шалгаруулалт ороогүй гэдэг шалтгаанаар тухайн захирамжийг гаргаж байгаа юм. Гэтэл үнэхээр яг тэр өмнөх шийдэгдсэн захиргааны хэргээс нь хараад үзэхээр томилох эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга нь өөрөө сонгон шалгаруулалтаа зарлаагүй байж сонгон шалгаруулалтад орсонгүй гэдэг байдлаар Э.О гэдэг хүнийг чөлөөлөх захирамж гаргаж байгаа нь санаатай үйлдэл гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Тийм учраас Иргэний хуулийн 498.5-д заасан нөхцөл бол хангагдаж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс 12,4 сая төгрөгийн хохирол Ардын дуу бүжгийн Алтай чуулгад учирсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ нэгдүгээрт тодорхойлж байгаа юм. Хоёрдугаарт. Дээд шүүхийн шийдвэр дээр 12,4 сая төгрөг гэсэн дүн байхгүй. Ийм дүн байхгүй байхад энэ хохирол гаргаж нэхэмжилье гэсэн асуудал ярьж байна. Гэтэл 2021 онд гаргасан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 12,4 сая төгрөгийг Э.О-т ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт олго гээд энэ дээр хариуцагч зөвшөөрлийг нь батлаад шийдвэр гаргачихсан ийм баримт нь байгаа. Энэ дээр нэхэмжлэгч Э.О-ын тухайд тухайн үед би ажилгүй байсан хугацааныхаа цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлье гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тийм учраас энэ шаардлагынх нь хүрээнд хариуцагчийн зөвшөөрлийг батлаад шүүгчийн захирамж гарчихсан. Энэ нь өөрөө хүчин төгөлдөр болчихсон байгаа учраас энэ дээр 12,4 сая төгрөг гарсан. Мөн энэ дээр нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдчихсан баримтууд нь бүгд авагдчихсан. Тэгэхээр Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас 12,4 сая төгрөг бодитойгоор хохирол гарчихсан гэдэг нь тодорхой байна. Нөгөө талаас Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг батлаагүй. Аль аль шийдвэр дээр нь дандаа хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрүүд гарсан байгаа гэдгийг нэмж дурдаж хэлэх гэсэн юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ
3.2. Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 19-нд анхан шатны шүүхийн шийдвэр гараад, 08 дугаар сарын 12-ны магадлал гараад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 657 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгосон. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А нь өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд 2020 оны 11 сарын 16-ны Б/91 дугаартай Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон. Хариуцагчийн зөвшөөрлийг батлаад Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байна. Энэ дээр ямар нэгэн эрхийн актаар 12 сая төгрөгийн цалин мөнгө олгох, ажилгүй байсан хугацааны цалин мөнгө олгох тухай дурдагдаагүй байгаа. Засаг дарга ажилд авахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29.2, Соёлын тухай хуулийн заалтыг барьсан байдаг. Дээд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг огт баримтлаагүй. Тэгэхээр аудитын шүүхийн шийдвэрээр хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай дүгнэлт, хэргийн материал, нотлох баримтын эх сурвалж байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 13-нд Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа дууссан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байдаг. Гэтэл 4 жилийн дараа 2025 оны аудитын зөвлөмж гэсэн утгатай юм яриад байгаа юм. Тэгэхээр хэргийн материал дээр аудитын зөвлөмж, аудитын акт гэж байхгүй. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 30 тоот Засгийн газрын 17 дугаар тогтоол гарсан юм байна. Төрд учирсан хохирлыг барагдуулах талаар тэгэхээр энэ мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорт өгөх ёстой юм байна. Үндэсний аудитын газар өгөх ёстой юм байна. Төрийн албаны төв байгууллага буюу ТАЗ-д хүргүүлэх ёстой юм байна. Ингэж байж нөгөө мэдээлэл чинь Улсын Ерөнхий Прокурорт ч юм уу, эсвэл Үндэсний аудитын газар юм уу, ТАЗ-д очиж байж тэр мэдээлэгдсэн учраас Ж.Г-ыг буруутай гэсэн ийм дүгнэлт гаргах ёстой. Гэхдээ шүүхээс ч тийм дүгнэлт гаргаагүй. Улсын Ерөнхий Прокурор, Үндэсний аудитын газар, ТАЗ-өөс гарсан ийм зүйл байхгүй. Тэгээд ТАЗ-өөс шүүхийн шийдвэрээс Ж.Г-ыг төрд хохирол учруулсан буруутай гэсэн эцэслэн шийдвэрлэсэн дүгнэлт гараагүй байхад чинь миний үйлчлүүлэгчээс нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Тэгээд хариуцагчийн эвлэрлийг баталсан байгаач гэсэн нэхэмжлэгч нь Э.О, хариуцагч нь тухайн байгууллагын нярав юм уу О гэж хүн байгаа. Ийм ашиг сонирхлын хувьд зөрчилдөөнтэй эрх бүхий субъектүүд өөрөө өөртөө давуу эрх олгоод ийм нөхцөл байдалтай нэхэмжлэл гаргасан. Ийм үндэслэлгүй нотлох баримт хэргийн материалд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 50.1-ийн төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ийм эрх зүйн зохицуулалттай 12 сая төгрөг авах үндэслэлтэй гэж үзээд байгаа. Гэтэл хууль дээр төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн гэдгийг төрийн албаны байгууллага эсхүл шүүх тогтоосон хохирол, төрд учруулсан хохирлын шийдвэрийг гаргасан бол гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гээд байгаа. Тэгэхээр Төрийн албаны төв байгууллагын ТАЗ-өөс ийм шийдвэр гараагүй, шүүх тогтоогоогүй. Хариуцагчийн зөвшөөрлийг л баталж хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон байгаа. Тэгэхээр нөгөө 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 17 дугаартай Засгийн газрын тогтоолд заасан Төрийн албаны тухай хуулийн 50.1.2, 50.2, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2, 103.3, Иргэний хуулийн 498.1-д нотлогдсон байж хохирол гарна. Тэгэхээр Ж.Г-ын захиргааны актыг буруу гаргасны улмаас бусдад хохирол учруулсан гэсэн шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр мөн Улсын ерөнхий прокурор, Үндэсний аудитын газрын мэдээлэгдсэн, түүн дээр үндэслэсэн дүгнэлт, акт огт байхгүй байхад Ж.Г-ыг төрд хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2021 оны 02 сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 12,4 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байгаа. Энэ захирамж өөрөө хуульд нийцсэн захирамж уу гэдэг дээр ерөнхий нөгөө нэг хариуцагчийн зөвшөөрөл гэдэг нэг ойлголтоор шууд татгалзсан байдаг. Дээд шүүхийн тогтоол нь ч хэрэгт байхгүй байсан гэж хараад байгаа. Тэгэхээр Дээд шүүхийн тогтоолоор болон давж заалдах шатны шүүхийн хууль бус үндэслэлгүй тушаал гарсан байна. Ажилд эгүүлэн тогтоолоо гэсэн анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь өөрөө хүчингүй болж байгаа юм. Дээд шүүхийн тогтоолын агуулга нь анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод, хариуцагчийн зөвшөөрлөөр тухайн ажилд томилогдсон гэсэн. Тэгээд хариуцагч буюу тухайн үеийн Засаг дарга О.А нь ажилд томилохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 буюу өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд энэ хүнийг ажилд томилсон болохоос биш хууль бус тушаалууд буюу шүүхийн шийдвэрийн үндэслэлээр ажилд эргүүлэн тогтоож байгаа агуулга тухайн тушаалын хууль зүйн үндэслэл дээр байхгүй. Тэгэхээр 498.5 дахь хэсэг буюу гэм хорын хохиролтой холбоотой агуулга өөрөө юу вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан энэ агуулга өөрөө юу вэ гэхээр Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгтэй холбогдож байх ёстой. Тэгэхээр шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн хууль бус тушаалыг үйлдсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн тушаалыг гаргасан буруутай этгээдээс гаргуулна гэсэн хуулийн зохицуулалтын агуулга байгаа юм. Ж.Г 2020 оны 11 сарын 16-нд ажлаас чөлөөлөөд байгаа. Гэтэл О.А гэдэг хүн 11 сарын 16-нд томилогдонгуутаа 2020 оны 11 сарын 16-нд Э.О-ыг ажилд томилдог. Дээд шүүхийн тогтоол гарахаас өмнө. Энэ нөхцөл байдлаас харахад ажилгүй байсан хугацааны цалин олгох ганц шүүхийн шийдвэр байхгүй. Ж.Г гэдэг хүний гаргаад байгаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус үндэслэлгүй шийдвэр байна гэсэн дүгнэсэн шийдвэр байхгүй. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн захирамж нь нэхэмжлэгч өөрөө Э.О байдаг. Хариуцагч өөрөө Э.О байдаг. Э.О нь О гэдэг хүнийг итгэмжлэлээр томилдог. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй хүн нэхэмжлэгч өөрөө өөртөө хариуцагчаа итгэмжлэлээр томилоод нөгөө төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлөөр шууд батлаад явчихсан. Тэгэхээс тухайн хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх ямар үндэслэлтэй байна. Хэдийгээр хариуцагчийн зөвшөөрлийг батлах боловч иргэний хэргийн шүүх дээр ч гэсэн нөгөө гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх үү, нөгөө хэлээд байгаа төрд учраад байгаа хохирол байна уу гэдэг асуудал дээрээ дүгнэлт хийж байж тухайн захирамжийг батлах ёстой байсан. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр Улсын Дээд шүүхийн шийдвэр ч байхгүйгээр Э.О нь нэхэмжлэл гаргаад Э.О өөрийнхөө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд 12,4 сая төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр буруутай этгээд гэж ер нь хэнийг тогтоогоод байгаа юм бэ гэхээр аудит дээр буруутай этгээдээр төлүүл гэдэг асуудал бол акт нь байхгүй учраас би мэдэхгүй байна. Нөгөө нэг талууд мэтгэлцэх зарчмынхаа хүрээнд ч гэсэн хэдий Захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэдгээ боловч буруутай этгээдээр төлүүл гээд байгаа. Энэ актынхаа үндэслэлийг уг нь нэхэмжлэлтэйгээ цуг хавсаргаад гаргаж өгөх үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл дээр үүрэг хүлээсэн байдаг. Нэгдүгээрт: Үүргээ хэрэгжүүлээгүй, хоёрдугаарт буруутай этгээд гэдэг нь өөрөө шууд шийдвэр гаргасан. Нөгөө Ж.Г гэдэг хүн бол биш. Эсрэгээрээ буруутай этгээд нь Э.О гэдэг хүн энэ цалинг авах хууль зүйн үндэслэл байгаа эсэх дээр дүгнэлт тавьсан. Тэгэхээр энэ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ч гэсэн хэрвээ аудитын байгууллага өөрөө шүүхэднэ гэдэг асуудал яригдахаар бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдэх боломжтой ийм хэргийн нөхцөл байдал эндээс харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь буруутай этгээд буюу Ж.Г гэдэг хүнээс нь 12,4 сая төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юу? үгүй юу хууль бус уу, санаатай үйлдэл үү, болгоомжгүй үйлдэл үү гэдгийг өнөөдрийн энэ шүүх хуралдаан дээр хэлэлцэхгүй. Энэ талаар гаргасан шийдвэр байх ёстой. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр эсхүл шүүхийн шийдвэр байх ёстой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрээр хууль бус шийдвэр гаргасан байна гэсэн дүгнэлт ерөөсөө байхгүй. Тэгэхээр Дээд шүүхийн тогтоол бол хариуцагчийн зөвшөөрөл гэдэг асуудал дээр л өнөөдөр энэ асуудал хөндөгдөөд байна. Хариуцагчийн зөвшөөрөл гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй нэг намын нөхдүүд томилогдонгуутаа Э.О-ыг шууд ажилд нь авсан. Ингэж аваад байгаа тушаалын үндэслэл ядаж шүүхийн шийдвэрээр ажил томилоод байвал бас өөр. Гэтэл ажилд эгүүлэн томилж байгаа тушаалын хууль зүйн үндэслэл өөр өөр агуулгаар томилдог. Дараагийн дугаарт 2021 оны шүүгчийн захирамж гараад байдаг. Шүүгчийн захирамжийг харахаар төлбөр төлөгч нь Алтай чуулга, төлбөр авагч нь даргаар томилогдсон Э.О өөрөө нэхэмжлэл гаргаад итгэмжлэлээ хийгээд л хариуцагчийнхаа итгэмжилсэн төлөөлөгчөөр нарийн бичгээ томилоод л хариуцагчийн зөвшөөрлийг баталчихсан. Тэгэхээр хариуцагчийн зөвшөөрлийг батлах энэ процесс дээр Дээд шүүхийн шийдвэр нь магадгүй нөгөө хууль бус шийдвэр гаргасан гэдэг үндэслэлүүд байгаа эсэх дээр дүгнэлт өгсөн. Тэгэхээр аудитын байгууллагын төлбөр төлөгч буруу шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан хохирлыг төлүүлэх гээд. Тэгэхээр төлбөр төлөгч Алтай чуулга өөрөө төлбөр төлөгч болж таараад энэ буруутай этгээд болж таараад байна. Энэ 12,4 сая төгрөг гаргах хууль зүйн үндэслэл 2021 оны 02 дугаар сарын анхан шатны шүүгчийн захирамжаар байхгүй болсон. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй, хуулийн ийм цоорхой л ашиглачихсан юм шиг тийм харагдаад байна. Үүн дээр хууль бус шийдвэр гаргасан гэдэг үндэслэл журмыг тогтоосон ганц шийдвэр, зөвлөмж Төрийн албаны зөвлөлийн шийдвэр ч байхгүй, шүүхийн шийдвэр ч байхгүй. Энд ажилгүй байсан хугацааны цалин гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хариуцагч Ж.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилоогүй тул Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
6. Э.О нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд гүйцэтгэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112/ШШ2020/0011 дүгээр шүүхийн шийдвэрээр Э.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.О-ыг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал шимтгэлийг төлж бичигт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 487 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
8. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.А томилогдсоноор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Соёлын тухай хуулийг тус тус үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/91 дугаар захирамжаар Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй Ц.Э-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс чөлөөлж, Э.О-ыг үүрэгт ажилд эгүүлэн томилсон байдаг.
9. Хариуцагч аймгийн Засаг дарга О.А-аас Монгол Улсын Дээд шүүхэд Э.О-ыг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 657 дугаар шүүгчийн захирамжаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112/ШШ2020/0011 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 487 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.
11. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.
12. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байх бөгөөд тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
13. Хавтаст хэргийн материалд авагдсан Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргаар ажиллаж байгаа Э.О ажилгүй байсан хугацааны цалин 12,472.760 төгрөгийг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгаас нэхэмжлэж, Э.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаар захирамж байна.
14. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ тохиолдолд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг шүүхээс тогтоосон, албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна
15. Тодруулбал: Төрд учруулсан хохирол болох гэм хорыг буруутай албан тушаалтнаас гаргуулах маргааны тухайд шүүх тухайн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай /үйлдэл, эс үйлдэхүй/ шийдвэр гаргасан гэдгийг тогтоохгүй харин шүүхээс захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд түүнээс үүссэн гэм хорыг гэм буруутай албан тушаалтнаас гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.
16. Түүнчлэн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон, эсхүл Ж.Г ажлаас чөлөөлсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн заалт хангагдахаар байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын нэхэмжлэлтэй, тус сумын иргэн Ж.Гад холбогдох гэм буруутай албан тушаалтнаар 12,472,760 /арван хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ