Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 36

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох 1823000340038 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн,1973 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын Загастай багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Даахин овогт Нямжавын Г- РД:/ИЖ********/ Шүүгдэгч Н.Г- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутагт өөрийн гэртээ Д.Б-ы нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, зүүн гарын чигчий хурууг хазах зэргээр биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ба-тай хамт адуу харчихаад Ба- манай гэрт очиж хоноё гээд байхаар нь за гээд явж байх замдаа Г- ахынд ороод гаръя гээд очсон. Г- ахын гэрт хүн байхгүй ганцаараа байсан тэгээд гэрт нь ороод сууж байгаад би та адуу малаараа гайхуулдаг би ганц морьтой хүн та олон адуутай л юм байгаа биз гэж хэлээд цайны данхыг нь аваад хаалга руу шидчихсэн юм. Гэтэл Г- ах уурлаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа алгадахаар нь би босоод барьж авсан. Г- ах намайг дарчихаад босгохгүй байхаар нь би Г- ахаас одоо больё та намайг тавьчих гэж гуйж байгаад тавиулсан. ...тэгээд бид 3 гэрээс гарч хонь хашиж байтал миний шанаанаас цус гараад байхаар нь та энэ цусаа хар гээд яваад очиход намайг заамдаж авахаар нь би заамдаж аваад бид хоёр хашааны хажууд бие биенээ шахаж байтал Г- ах миний заамдаж байсан гарын чигчий хуруунаас хазчих шиг болсон. Г- ах бид хоёр эвлэрсэн тул одоо надад гомдол санал байхгүй, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн гарын чигчий хурууны 2-р үенд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, зүүн нүдэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна тал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн гарын чигчий хурууны 2-р үенд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэснээр тогтоогдож байна. Хохирогч Д.Б-, гэрч Ө.Ба- нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Н.Г-ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Н.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Н.Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Д.Б- “Г- ах бид хоёр эвлэрсэн тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй бөгөөд хохирогч Д.Б-ы зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл болголоо. Шүүгдэгч Н.Г- улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байгааг дурдаад Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Даахин овогт Н-ын Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Н.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх нэг бүр нь 130000 төгрөгөөр үнэлэгдсэн 10 тооны эр хонины битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.Г- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ