Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 112/ШШ2026/0031

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун иргэн С.Г

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Н.Д

Говь-Алтай аймгийн Татварын газар, татварын улсын байцаагч Н.Д-гийн үйлдсэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Татварын газар, татварын улсын байцаагч Н.Д-гийн үйлдсэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б г б хоршооны дарга С овогтой Г  миний бие 72 настай, хүнд өвчний улмаас бусдын асаргаанд байдаг. Манай гэр бүлийн хүн Д.Д нь миний асран хамгаалагч бөгөөд бид ам бүл хоёулаа. Манай хоршоо нь дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хөгшин бид нар Ө у нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж амьдардаг, эхнэрийг дэлгүүрт сууж байхад 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн алба хаагч ирээд миний цагаан сараар бэлгэнд авсан 1 шил архи дэлгүүр дотор байсныг акцгүй архийг борлуулсан гэж хэлээд аваад явсан байсан. Тухайн үед цагаан сарын бэлгэнд ирсэн архийг эхнэр борлуулаагүй зарах ямар нэгэн санаа байгаагүй, гэртээ оруулж тавихаа мартсан байсан. Гэтэл цагдаагаас надад акцгүй архи зарсан гээд материалууд дээр гарын үсэг зуруулаад байсан, би сайн мэдэхгүй учрыг нь ойлгоогүй. Тэгээд Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Н.Д нь 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэж, Б г б хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно гэж хэлээд шийтгэлийн хуудсыг гардуулсан. Миний хувьд тус шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй, 10 сая төгрөг төлөх боломж байхгүй. Иймд Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Н.Д-гийн үйлдсэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Миний тухайд биеийн байдал муу. Хоршоо ажиллахаа байгаад дараа нь дансыг хаагаад хаячихсан байсан юм. Сая 2025 онд хүн амьтнаар хөөцөлдүүлж эргэж сэргээгээд дансыг нь нээлгэсэн. Лангуу дээр тийм 2 архи тавьсан байсныг би мэдээгүй. Цагаан сараар бэлэгт ирсэн. Тэрийг нь манай эмгэн дэлгүүртээ оруулаад архинуудынхаа тэнд тавьчихсан байсан. Тэрийг зарж борлуулаагүй. Тэгээд оруулаагүй байхад сая нэгийг нь аваад явчихсан юм. Тэр цагдаа торгууль бичихэд би энийг төлөх боломж байхгүй, зээлтэй. Нэг нь халамжид байдаг. Нэг нь асардаг. Бид хоёрын тухайд төлөх боломж байхгүй гээд гарын үсэг зураагүй. Тэгээд тэрнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргаад ингээд байж байна гэв.  

  2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 0065800 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн ерөнхий тайлбарыг сонслоо. Хариуцагчийн зүгээс хэлж байна л даа. Ерөнхийдөө цагдаа нь ажиллагаа хийгээд ирсэн материал. Тэгээд прокуророос чиглэл аваад шийтгэлийн хуудас үйлдсэн гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл тухайн агуулга бүхий 11.24 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг дээр эрх бүхий албан тушаалтан буюу татварын байцаагч бол тухайн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг хуульчлаад тодорхойлоод өгчихсөн байдаг. Гэтэл цагдаа ажиллагаа хийгээд ирүүлсэн учраас прокуророос асуухад шаардлагагүй, шууд арга хэмжээ ав гэдэг чиглэл өгсөн гэж байгаа юм. Гэтэл прокурор үүн дээр ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор ажиллагаа явуулаад тухайн зөрчил нотлогдож байна гэж үзэх юм бол тухайн шийтгэлийн хуудсыг үйлдэх эрх хэмжээ нь эрх бүхий албан тушаалтанд байдаг. Эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчлийнхөө үйл баримт буюу шийтгэл оногдуулсан шийтгэлийнхээ хуудасны үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээнэ гэж байгаа юм. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой гэсэн агуулга эндээс харагдаж байгаа юм. Харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой энэ материал ирсэн байдаг. Материал ирэнгүүт нь эрх бүхий албан тушаалтан ямар ажиллагаа явуулах ёстой вэ гэхээр Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авах журам гэж байгаа. Албан тушаалтан, хуулийн этгээд нь гомдол мэдээллийг бичгээр гаргах ба түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно гэж байгаа. Энэ дээр амаар эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирсэн мэдээлэлд тэмдэглэл үйлдэн хүлээн аваад тэмдэглэлд заасан мэдээллийг тусгаж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна гэж байгаа. Хэргийн материалаас харахаар эрх бүхий албан тушаалтан буюу татварын байцаагч нь тухайн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчил, гомдол мэдээллийг харьяаллын дагуу хүлээж аваад гарын үсэг зураад тэмдэглэл үйлдчихсэн байгаа. Тэмдэглэл үйлдсэн нөхцөлөөс нь харахад зөрчилд холбогдогчид эрх, үүргийг тайлбарлаж өгөв гэж бичээд доор нь өөрийнхөө гарын үсгийг зурсан байдаг. Гэтэл 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдлыг хүлээн аваад дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж байна. Гомдол гаргагчид эрх, үүргийг танилцуулах гэдэг асуудал бас яригдах ёстой. Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн тохиолдолд энэ хүн ямар нөхцөл байдалд байгаагаа мэдэхгүй, дээрээс нь 75 настай, эхнэрийнхээ асаргаанд байдаг. Болж байгаа процесс нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байхад тухайн өгсөн мэдүүлэг дээр нь үндэслээд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж яриад байдаг боловч бодит байдал дээр энэ хүн өөрөө ямар зөрчилд холбогдож байгаагаа ч мэдэхгүй нөхцөл байдалтай байсан. 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд болон өөрийн нь эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг танилцуулна гэж байгаа. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан цагдаа ажиллагаа хийчихсэн юм чинь би одоо ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байгаа дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй буюу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан нөхцөл байдал эндээс харагдаж байгаа. Наад зах нь дэлгүүр дээр тухайн архийг борлуулж байгаа худалдагчаас энэ зүйлийг тодруулаагүй. Ямар зорилготой юм, хаана яаж байршуулсан байсан юм. Энийг тодруулсан зүйл байхгүй. Лангуун дээр байсан гэдэг асуудал яриад байдаг. Гэтэл лангуун дээр байсан гэх зураг ямар нэгэн баримтаар баталгаажуулсан зүйл байдаггүй. Түрүүн бас хариуцагч хэлж байна л даа. “Та дэлгүүрт нь очиж үзсэн үү? Ямар үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр байдаг юм бэ?” гэх шүүгчийн асуултад “очиж үзсэн” гэж хариулсан. Гэтэл тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үедээ очсон зүйл ерөөсөө байхгүй. Шийтгэлийн хуудсыг гардуулж өгөх гээд очсон гэдэг. Нэхэмжлэгчээс асуухад тэгж хариулдаг. Дараагийн дугаарт шийтгэлийн хуудас үйлджээ. 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохицуулаад өгчихсөн байдаг. Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж байгаа юм. Ингээд 0065800 дугаартай шийтгэлийн хуудсыг харах юм бол 7.1, 7.2 дугаар зүйлийг баримталж уг шийтгэлийн хуудас гарсан юм уу гэдэг асуудал дээр үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа. 7.1 дэх хэсэг нь шийтгэл оногдуулах гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гээд 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэжээ. Нотлох баримт бүрдсэн эсэх дээр тухайн лацгүй архи байсан гэдгийг холбогдогчоор нотлуулах гээд буюу холбогдогч нь байсан гэсэн мэдүүлэг авангуутаа нотлогдож байна гэдэг байдлаар дүгнэлт шийдвэрийг гаргадаг. Лацгүй архи байсан эсэх үүнтэй холбоотой зургаар бэхжүүлсэн баримт байхгүй. Тухайн худалдагчаас авсан мэдүүлэг байхгүй. Энэ хөгшний хувьд өгч байгаа мэдүүлгийнхээ учрыг ч ойлгохгүй өгсөн мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй. Дээрээс нь энэ нөхцөлөөсөө болоод өмгөөлөгч аваад шүүхэд шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах нөхцөл байдалд хүрч байгаа юм. Тэгэхээр нотлох баримт бүрдсэн эсэх гэдэг дээр ийм тайлбартай байна. Дараагийн дугаарт 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэжээ. Тэгэхээр шийдвэрлэх нь гэчхээд 11.24-ийг баримталсан байдаг. 11.24 дотроо аль заалтыг нь баримталж шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой байх ёстой. Аль зүйл заалт хэсэгт нийцэж байгаа эсэх нь тодорхой тогтоосон байх ёстой. Шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт...” гэж бүр зүйл, хэсэг заалт гээд тодорхой бичээд өгсөн байна. Тэгэхээр хариуцагч сая хэлээд байна л даа. Дээр нь 11.24 дүгээр зүйлийн 1.6 гээд биччихсэн учраас шийдвэрлэсэн хэсэг дээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийг үндэслээд 10 сая төгрөгөөр торгож байна гэдэг үндэслэлээ тодорхой зүйл, заалт, хэсэгтэй нь бичих ёстой. Гэтэл 11.24-ийг барьчхаад 10 сая төгрөгөөр торгож байна гэж бичиж байгаа нь өөрөө шийтгэл оногдуулах нөхцөлийг зөрчсөн болох нь эндээс харагдаж байна.

 Мөн гомдол гаргах эрхийг нь хүртэл буруу дурдсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийг үндэслэн гомдол гаргах гэж байгаа боловч хуульд 7.7-г баримталж гомдол гаргахаар хуульчилж өгсөн. Дээрээс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шийтгэлийн хуудас үйлдэхдээ нотлох баримт гэдэг асуудлыг ярих ёстой. Ямар зүйлээр яаж нотлогдож байгаа зүйлийг арга хэмжээ авах үндэслэл тогтоогдсон нөхцөл байдлыг шийтгэлийн хуудаст бичих ёстой болохоос биш ийм акцгүй архи байна гэж бичингүүтээ арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр ямар, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа юм гэдэг үйл баримт шийтгэлийн хуудастаа нэг бүрчлэн бичиж байж тухайн шийтгэлийг оногдуулах ёстой. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтны оногдуулаад байгаа шийтгэлийн хуудаст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, холбогдогчийн эрхийг хязгаарласан, шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн агуулга нь юу вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим баримтална гэж хуульчлаад өгчихсөн байдаг. Энэ дээр юу харагддаг вэ гэхээр зөрчилд холбогдогч буюу гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдийн өгч байгаа мэдүүлгээр нотлох үүргийг хүлээхгүй гэдэг зарчим байдаг.

Тэгэхээр гэм буруутай этгээдээр өөрөөр нь нотлуулах гэж байгаа юм шиг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар дүгнэлт хийгээд бусад үйл баримтыг тогтоохгүйгээр зөрчлийг нотлогдож байна гэж үзэж шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 10,000,000 төгрөгийн хувьд энэ хоёр хүн төлөх боломж, чадвар байхгүй. Мөн асаргаанд байдаг. Энэ нөхцөл байдал буюу асаргаанд байдаг хүний хувьд ч гэсэн тухайн хүн нь мэдүүлэг өгөх бүрэн эрх зүйн чадамж байсан уу гэдэг асуудал дээр уг нь дүгнэлт хийж байж мэдүүлэг авч, мэдүүлгийг үнэлэх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг огт дүгнэхгүйгээр мэдүүлэг аваад энэ хүн нь тухайн дэлгүүр дээр байсан мэтээр бүгдийг нь бичсэн. Ерөөсөө хөтөлж асууж мэдүүлэг аваад гарын үсэг зуруулчихсан ийм л процесс болсон байгаа. Тэгэхээр тухайн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчсөн мөн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, оногдуулж байгаа шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

2.3. Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Татварын газарт 2026 оны 05-р сарын 08-ны өдөр Цагдаагийн газраас 3-723 зөрчлийн дугаартай Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх “Б Г Б”хоршооны "Ө У” хүнсний дэлгүүртэй /3250296/-тай холбоотой зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Онцгой албан татварын тухай хуулийг зөрчсөн мөн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын газрын Жижиг бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Н. Дашдаваа Зөрчлийн тухай хуулийн 11.24-дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 0065800 дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 /арван мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. Зөрчил үйлдэгч “Б Г Б” хоршооны дарга С.Г нь Цагдаагийн газрын алба хаагчид мэдүүлсэн мэдүүлэгт, хурааж авсан онцгой албан татварын тэмдэггүй Berentzen нэртэй 1 ширхэг архи нь нотлогдож, өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа дурдан, гарын үсгээ зурсан байдаг.  Иймд нэхэмжлэгч “Б Г Б” хоршооны дарга С.Г-д оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн “Б г б” хоршооны дарга С.Г-ын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Говь-Алтай аймгийн Татварын газрын Жижиг бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын Улсын байцаагч Н.Д 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаар шийтгэлийн хуудсаар Баян гүү бариач хоршооны “Ө у” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан... гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасны дагуу 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

5. Зөрчлийн хэргийн материалд авагдсан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Шүүхийн цагдаа д/а Б.Ш-ын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “...Баяншанд багийн 1-45 тоот хаяг дээр байрлах “Г б” хоршоо нь татварын акцгүй 1 ш 1 литрийн хэмжээтэй berentzen нэршлийн согтууруулах ундаа мэт шингэн зүйлийг илрүүлж ажилласан” гэсэн илтгэх хуудас, гэрчийн мэдүүлэгт “...хүнсний дэлгүүрийг шалгахад татварын акцгүй berentzen нэртэй 1 литрийн багтаамжтай архи лангуун дээр байсныг илрүүлэн тус дэлгүүрийн худалдагч Д-гоос berentzen нэртэй 1 литрийн багтаамжтай архийг хураан авч тэмдэглэл үйлдэн худалдагчаар гарын үсэг зуруулан авсан ...Г б хоршооны хүнсний дэлгүүр нь архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байсан ...хяналт шалгалтаар ороход berentzen  нэртэй архи нь дэлгүүрийн лангуун дээр ил байсан” гэсэн мэдүүлэг өгсөн.

6. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч О.Т нь 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн 3-723 дугаартай гомдол мэдээлэлд /........./ регистрийн дугаартай, Говь-Алтай аймгийн Баяншанд багт байрлах “Б Г Б хоршоо”-ны хууль ёсны төлөөлөгчөөр, дарга С овогтой Г/................./-ыг тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авсан байна.

7. Холбогдогч С.Г-ын өгсөн мэдүүлэгт “Б г б хоршоо хүнсний дэлгүүр нь С.Г миний эзэмшлийн дэлгүүр, ...2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр татварын акцгүй berentzen нэртэй 1 шил архи дэлгүүрийн лангуу дээр байж байхад цагдаагийн албан хаагч орж ирж хураан авч явсан, ...хүнсний дэлгүүр нь архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй, ...2025 оны 07 дугаар сараас эхлэн архи согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлтэйгээр худалдан борлуулж байгаа ...тухайн berentzen нэртэй архи цагаан сараар бэлгэнд ирсэн архи худалдан борлуулах гэж дэлгүүрийн лангуу дээр тавьсан байсан, би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл алга” гэсэн.

8. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35/04-2459 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Татварын газарт “Б Г Б хоршоо”-нд холбогдох гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн зэрэг зөрчлийн материал хавтаст хэргийн материалд авагдсан байна.

9. “Б Г Б хоршоо”-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний  үйл ажиллагааны чиглэлд Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар бүртгэсэн байх бөгөөд  2015 оны 03 сарын 24-нд С овогтой Г-ыг даргаар сонгосон бүртгэсэн байх тул С.Г нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар Б г б хоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т  “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дугаар зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

11. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь хэсэгт зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа, .... бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ...бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх-ийг Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тэмдэггүй согтууруулах ундаа, ...-г бэлтгэн нийлүүлэх, ...худалдах, ...-ыг тус тус хориглохоор заасан.

12. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд “Б Г Б хоршоо”-ны Өлзий ундрах хүнсний дэлгүүр нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан нөхцөл байдал тогтоогдож, энэ зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн байх байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10,000.000/ торгох шийтгэл оногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хориглосон зохицуулалт нь бусад байдлаар хүний эрүүл мэнд, бусдад гэм хор үүсэхээс урьдчилан сэргийлсэн заалт бөгөөд “Б г б  хоршоо”-ны хүнсний дэлгүүр онцгой албан татварын тэмдэггүй 1 шил berentzen нэртэй согтууруулах ундааг худалдах зорилгоор лангуун дээрээ байлгаж байсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид хамаарч байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг тус тус баримтлан “Б Г Б хоршоо”-ны Говь-Алтай аймгийн Татварын газрын Жижиг бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын Улсын байцаагч Н.Д 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ