| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00494/И |
| Дугаар | 311/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 311/ШШ2025/00485
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ....... баг, ...,....... байр ...... тоотод байрлах, .... газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын ....... багт оршин суух хаягтай Ц.......ийн М.......д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23.009.84972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч . ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц......... /......../ нь манай байгууллагаас 2024 оны 11-р сарын 14-ны өдөр Toyota Prius XW-30/2010 2024/ автомашиныг худалдан авч 20,000,000.00 /хорин сая/төгрөгийн зээлийг жилийн 34,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар /2028 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл/ сар бүрийн 15-ны өдөр төлөлт хийхээр 44373694039 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн эргэн төлөлтөө 2 дахь сарын төлөлтөөс хоцроож гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Манай байгууллагын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулга хүргэж утсаар холбоо барьсан. 2025 оны 04-р сарын 23-ны өдөр 700,000.00 /долоон зуун мянган/төгрөгийн төлөлт, 2025 оны 07 сарын 09-ний өдөр 500,000.00 төгрөгийн төлөлт, 2025 оны 07 сарын 31-ний өдөр 280,000.00 төгрөгийн төлөлтүүдийг хийж бодогдсон хүүгээс төлөлтөөс хасагдсан. Зээлийн гэрээнд заасны дагуу Тайжууд овогт Ц........ийн М..... /......../-өөс үндсэн зээлийг хүүгийн хамт 23,009,849.72 /хорин гурван сая есөн мянга найман зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О...... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...тус . газраас ...автомашин зээлээр худалдан авсан. Зээлийн эргэн төлөлтийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийгээгүй байсан учраас төлөөлгүй хугацаа хэтрүүлсэн. Одоо нэхэмжилж байгаа 23.009.84972 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......ХХК нь хариуцагч Ц.М......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.009.84972 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон бөгөөд уг эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... эрхтэй гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь хуульд нийцнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О......... нь нэхэмжлэлийн шаардлагыг болох 23.009.84972 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275.800 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ....... ХХК-ийн 23.009.84972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О....... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137.900 төгрөгийг, улсын орлогын ......... данснаас 137.900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ