| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/04518/И |
| Дугаар | 192/ШШ2025/08093 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/08093
2025 10 08 192/ШШ2025/08093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 37 дугаар хороо, *** хороолол, 114 дүгээр байр, 88 тоотод оршин суух ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, 14 дүгээр байр, 307 тоотод оршин суух ***-т холбогдох
Гэм хорын хохиролд 16,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь охин ийн хамт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 50 минутын үед ******* дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ-2 төвийн замд Тоёота Сай маркийн ******* УБП улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байсан. Замын хөдөлгөөнд оролцож байх үед туслах замаас Тоёота Приус маркийн ******* УАТ улсын дугаартай автомашин баруун гар талаас буюу туслах замаас орж ирэн зам тээврийн осол гаргасан. Дээрх зам тээврийн ослын дараа охин ийг гэмтлийн эмнэлэгт үзүүлж, эмчийн зөвлөсний дагуу эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд болон эмчилгээний төлбөрт нийт 1,148,000 төгрөгийг зарцуулсан болно. Өөрийн жолоодож, хөдөлгөөнд оролцож байсан Тоёота Сай маркийн ******* УБП улсын дугаартай автомашиныг “Ашид билгүүн” ХХК-аар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэхэд 18,345,000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд үнэлгээ хийлгэхэд 1,424,000 төгрөг, зам тээврийн ослын газраас автомашиныг зөөвөрлөхөд 40,000 төгрөг, журмын хашаанд 90,000 төгрөгийг тус тус зарцуулсан. Мөн автомашины явах эд ангийн оношилгоо хийлгэхээр зөөвөрлөсөн “40, 000 төгрөг, автомашины явах эд ангийн оношилгоог “Нимонс” ХХК-д 168,000 төгрөгөөр хийлгэсэн. Автомашинд нийт 20,207,00 төгрөгийн хохирол учраад байна. Иймд дээрх зам тээврийн ослыг гаргасан буруутай этгээд болох иргэн ээс миний охин ийн эрүүл мэндэд учирсан хохирол /Эмчилгээний болон бусад холбогдох зардал/ болон миний жолоодож явсан автомашинд учирсан хохирол болох нийт 21,350,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг машины ослоос шалтгаалаад машины хохирол болон эрүүл мэндийн хохирлыг нэхэмжилж байгаа. Үнэлгээг бол үнэлгээний газар гаргасан. Тухайн үед миний охин надтай цуг явж байсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг аваад эсрэг талын буруу байна гэсэн байгаа. Миний бие машиныхаа хохирлыг төлүүлэх, мөн хүүхдийнхээ зардлыг төлүүлэх хүсэлттэй байгаа. Энэ хэрэг яагаад ингэж удсан бэ гэхээр, уг осол маань цагаан сарын үеэр болсон. Тухайн осол гаргагч маань хөгшин настай хүн байсан. Тухайн хүн маань мөнгө төлнө, Приус автомашинаар төлчихнө гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ бүр утсаа авахаа болиод, ийм асуудал үүссэн учраас би шүүхэд хандсан байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 21,350,000 төгрөгөөсөө 5,000,000 төгрөгийг автомашины хохирол төлбөрөөсөө хасаад 16,350,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тухайн үед өглөөгүүр явж байсан. Би тухайн осол дээр дохио өгч орж ирсэн. Нөгөө хүний хувьд хажууд талаас хурдтай орж ирсэн. Би ослын газар дээр 103 дуудсан. Манай охиныг 103 эмч үзээд, гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүл гэсэн байгаа. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж, үзүүлсэн байгаа. Бүх нотлох баримтууд нь авагдсан байгаа. Тухайн үед цастай байсан. Тухайн үед хэргийг шалгаж байсан ахмад цагдаа н.Бат-Амгалан бол өргөдөл, гомдол гаргахад дахиж нэмж шинжээч тогтоох шаардлагагүй юм байна гэсэн. Миний хувьд замын хөдөлгөөнийхөө дүрмийн дагуу явж байсан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ. Хариуцагч ийн хувьд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэр, 03 дугаар хороо, Дүүхээ төвийн замд Toyoto prius авто машинаа жолоодон уулзвар руу орох үед Toyota Sai маркийн авто машин жолоодож явсан ******* ирж мөргөсөн байгаа. Ингээд осол болсон байгаа. Ослын улмаас хэн алиных нь авто машин эвдэрч, гэмтсэн байгаа. Гэсэн хэдий ч тухайн үед шинжээчийн дүгнэлтээр энэ осол нь хариуцагчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд туслах замаас орж байсан боловч гарцаар, нэхэмжлэгч ******* нь зайлшгүй зогсолт хийгээгүй тухайн үед явган хүн гарцаар гарч байсан гэж ярьдаг. Энэ үед хурдаа сааруулахгүйгээр ирж мөргөсөн. Тэгэхээр энэ дээр хэн алиных нь буруутай үйлдэл байгаа эсэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх дээр шинжээчийн дүгнэлт байхгүй. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт ******* нь Toyota Sai маркийн авто машины хохирол үнэлгээ хийлгээд, 18,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан байгаа боловч энэ нь тухайн *******ийн өмчлөл биш, Р.Нарангэрэл гэдэг хүний өмчлөлийн машин байгаа. Тэгэхээр энэ учруулсан хохирлыг тухайн өмчлөгч нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Гэтэл ******* гэдэг хүн нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн хохирол гэж бас мөнгө нэхэмжилсэн байгаа. Тухайн үед ь гэдэг охинд нь бэртэл гэмтэл учирсан гэж үзээд хохирол нэхэмжлээд байгаа боловч энэ хүн нь өөрөө 18 насанд хүрсэн хүн байгаа учраас энэ хүний өмнөөс төлөөлөх эрхгүй, энэ хүний өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Д.Ариунаа дүгнэлтдээ: Хэрэг болох үеийн цагдаагийн шинжилгээний баримт нотолгоог үндэслээд машины хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн зардлын тухайд *******ийн охин 18 насанд хүрсэн тул өөрөө нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
4.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
- Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага /ХХ 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 2 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ 3 тал/, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн Цагдаагийн албаны “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал”/ХХ 4-11 тал/, ийн компьютерт томографийн шинжилгээний хариу/ХХ 12-17 тал/, “Хаан банкны шилжүүлгийн баримт/ХХ 18 тал/, Цэргийн төв эмнэлэгт шинжилгээ өгсөн төлбөрийн баримт/ХХ 19 тал/, “Ану тулга фарм” ХХК-ийн төлбөрийн баримт/ХХ 20 тал/, Голомт банкны төлбөрийн баримт/ХХ 21 тал/, үйлчилгээ авсан төлбөрийн баримт/ХХ 22 тал/, кассын орлогын ордер/ХХ 23 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт/ХХ 24 тал/, ийн шинжилгээний баримт/ХХ 25-26 тал/, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт/ХХ 27-28 тал/, *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 29-30 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/ХХ 31-36 тал/, “Мастер плаза” ХХК-ийн төлбөрийн баримт, компьютер болон техникийн оношилгооны баримт/ХХ 37-39 тал/, “Мед траума” эмнэлгийн шинжилгээний хариу/ХХ 40 тал/, ******* УБП улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/ХХ 41 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
-Хариуцагч талаас итгэмжлэл/ХХ 48, 82 тал/, Хаан банкны шилжүүлгийн баримт/ХХ 80 тал/, нэхэмжлэх/ХХ 81 тал/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн,
-Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
-Иргэдийн төлөөлөгчөөс: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан түүний гэм буруутай үйлдлийн улмаас авто тээврийн хэрэгсэлд болон охиныхоо эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 21,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 16,350,000 төгрөг гаргуулахаар багасгасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гэм буруу болон нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд нэхэмжлэл гаргаагүй үндэслэлүүдээр 16,350,000 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж маргадаг.
6.Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
7.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд ******* дүүргийн 6 дугаар хороо, Дүүхээ-2 төвийн замд Тоёота Приус маркийн ******* УАТ улсын дугаартай автомашины жолооч/хариуцагч/ нь Тоёота Сай маркийн ******* УБП улсын дугаартай *******/нэхэмжлэгч/ жолоочтой автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтаар тогтоогдсон.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар Тоёота Приус маркийн ******* УАТ улсын дугаартай автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн, Тоёота Сай маркийн ******* УБП улсын дугаартай ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй талаар дүгнэсэн байдаг.
Уг зам тээврийн осол хариуцагч ийн гэм буруутай үйлдлийн улмаас автомашинд болон *******ийн охин ийн эрүүл мэндэд хохирол учруулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэл үндэслэлтэй гэж, хариуцагч ийн зүгээс туслах замаар явж байсан боловч гарцаар явган хүн гарч байх үед нэхэмжлэгч ******* нь зайлшгүй зогсолт хийгээгүйн улмаас хурдаа сааруулахгүйгээр ирж мөргөсөн, хэн алиных нь гэм буруутай үйлдэл байгаа эсэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар гэм бурууг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй, мөн түүнчлэн автомашин *******ийн өмчлөлийнх биш Р.Нарангэрэл гэдэг хүний өмчлөлийн автомашин төдийгүй ь гэх охинд нь бэртэл гэмтэл учирсан гэж үзээд хохирол нэхэмжилж байгаа ч охин 18 насанд хүрсэн нь эдгээр хүмүүсийн өмнөөс ******* нэхэмжлэл гаргах эрхгүй гэх татгалзал гаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор уруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөхөөр, мөн түүнчлэн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээхээр заасан.
7.Иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай, хэрэг болох үеийн цагдаагийн шинжилгээний баримт нотолгоог үндэслээд машины хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, харин эрүүл мэндийн зардлыг ь өөрөө нэхэмжлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргадаг.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Тоёота Сай К-10 маркийн ******* УБП улсын дугаартай автомашин Р.Нарангэрэлийн өмчлөлд бүртгэлтэй, ь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрсэн болох нь тогтоогдов.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагчийн татгалзалд дурдсан нэхэмжлэгч нь өмчлөгч Р.Нарангэрэл, ь нарын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэйгээ нотлоогүй гэх татгалзал үндэслэлтэй тул хэрэгт авагдсан нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн зарим дүгнэлт зэргийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч т холбогдох гэм хорын хохиролд 16,350,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгчийн хариуцагчаас автомашины хохирлыг гаргуулах нь зүйтэй гэх агуулга бүхий дүгнэлтийг нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашин бус учир хохирол шаардах эрхгүй тул хангах үндэслэлгүй болохыг дурдав.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,700 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 16,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,700 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****