Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/13264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны Гурван гал төвийн 609 тоотод байрлах  Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Яргайтын 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух РД:, М д овогт Ц.А-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 11.920.200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Хариуцагч Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч Ц.А-д холбогдуулан 11.920.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

3.Нэхэмжлэгч Ж ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Манай компани Ц.Атай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан бөгөөд сарын цалин 800.000 төгрөг, хоол унааны нэмэгдэл олгохоор тохиролцсон. Түүнийг худалдагчаар ажиллах хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын байран дахь эд хөрөнгийг тоолоход 121 төрлийн бараа материал дутааж 1.920.200 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх төлбөрийг хариуцагч зөвшөөрч, 5 сарын хугацаанд төлнө гэдгээ бичгээр бичиж, тооллогын баримт дээр гарын үсэг зураад төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан гэж тайлбарлав.

4.Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлэхдээ Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Надад их гомдолтой санагдаж байна. Би өөрөө алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч болох хэдий ч агуулах камергүй, цоож нь эвдэрсэн зэрэг асуудлууд байхад шууд намайг бүгдийг төлнө гэхээр хүнд санагдаж байна. Ажиллах хугацаандаа эхний 1-3 сард нэг, хоёр бараа дутсаныг миний цалингаас суутгаж авсан бөгөөд гэнэт 04 дүгээр сард 11.000.000 төгрөгийн төлбөр гараад ирэхээр гайхаж, айсан. Ажлаас гаргах гэж байгаа бол ядаж 3-7 хоногийн өмнө мэдэгддэг байхад огт мэдэгдээгүй амралтын өдөр ээлжиндээ гарч байхад нэг хүн орж ирээд би ээлжийг чинь хүлээж авах хүн байна гээд шууд тооллого хийж эхэлсэн. Миний зүгээс ажлын хариуцлага гэдэг үүднээс мөнгөн дүнгийн 50 хувийг төлж болох боловч ийм хэмжээний бараа дутаасан гэдгээ зөвшөөрөхгүй. Хэдийгээр агуулахын цоож эвдэрсэн, камергүй гээд байгууллагын хариуцах асуудал боловч байнгын эргэж тойрч, хяналт тавих нь миний хариуцлага гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулаад 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Ийм их хэмжээний бараа дутаагүй, дутах боломжгүй гэж маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ж ХХК, хариуцагч Ц.Атай Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ байгуулж, худалдааны зөвлөхөөр үндсэн цалин 800.000 төгрөг, KPI-н урамшуулал цалин 700.000 төгрөг, ур чадварын нэмэгдлийг ажлын үр дүнгээс шалтгаалж олгохоор тохиролцож ажиллуулсан боловч 2024 оны 04 дүгээр сарын тооллогоор их хэмжээний бараа бүтээгдэхүүний дутагдал үүсгэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

7.Талуудын маргааны гол зүйл нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хийсэн тооллогоор худалдагч Ц.А 121 төрлийн бараа бүтээгдэхүүн дутааж хохирол учруулсан, учруулаагүй эсэх талаар маргаж байна.

8.1.Зохигчдын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-гээр ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхэд шаардлагатай ажлын байр, хоол, техник хэрэгсэл, ажлын багаж хэрэгсэл, ажлын хувцас зэргээр хангах, 4.2.3 дахь хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ болон хууль тогтоомж, компанийн дотоод журам, дүрмүүдийг зөрчсөн ажилтанд хариуцлага тооцох, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах,

8.2.Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт, асуулт, лавлагаа авах, компанийн захиргаа, холбогдох бусад албан тушаалтанд санал, хүсэлт тавих, тэднээс заавар зөвлөгөө авах, 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт ажлын талаарх санал, хүсэлт, гомдлоо бичгээр илэрхийлж шийдвэрлүүлэх,

8.3.Талуудын байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт ажилтан хариуцаж буй эд хөрөнгийн хөдөлгөөн, үлдэгдлийн бүртгэлийг тогтоосон журмаар хөтөлж, тайлагнах үүрэгтэй, 2.4 дэх хэсэгт ажилтан тооллогын үед бараа бүтээгдэхүүн дутагдуулсан, алга болгосон тохиолдолд тухайн сардаа багтаан компанийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцно, 2.6 дахь хэсэгт ажилтан эд хөрөнгийг аюулгүй байлгах, хохирол учруулахаас сэргийлэх үүднээс компаниас шаардлагатай хамгаалах хэрэгсэл камерь, хайрцаг, сав, баглаа боодол, цоож цуурга болон хамааралтай бусад зүйлсийг шаардаж авах эрхтэй, 3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт байгууллага ажилтанд хэвийн ажиллах болон хариуцан авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардагдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заажээ.

9.Зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч, хариуцагчийг анх ажилд авахдаа хэдэн төгрөгийн, хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөөд 04 дүгээр сарын тооллогоор түүнээс хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буюу нотлож чадахгүй байна.

10.Түүнчлэн хариуцагч Ц.Агийн агуулахын цоож эвдэрснийг тайлангийн хурал дээр хэлж, худалдааны менежерт утсаар, захидлаар мэдэгдсэн гэх тайлбар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/09 дугаартай Албан бичгээр нотлогдож байна.

11.Иймээс тооллогын хуудас, хариуцагчийн төлбөрөө төлөхийг илэрхийлсэн өргөдөл хэрэгт авагдсан хэдий ч овор хэмжээ, сав, боодлоор ялгаатай нийт 121 төрлийн бараа бүтээгдэхүүний дутагдал дэлгүүр, агуулахын алинаас нь дутсаныг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож чадаагүй, хариуцагч тайлбартаа байгууллагын хариуцах асуудал боловч өөрийнхөн хариуцлагагүй байдал байгаа гэдгийг илэрхийлэн нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн тал хувийг төлөхийг зөвшөөрч, ажил олгогч, ажилтны хэн хэнийхэн буруутай үйлдэл хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт байгуулагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг сахилга, зөрчил, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт ажилтан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцлийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд 5.960.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.674 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Агаас 5.960.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үлдсэн 5.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.674 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.АРИУНАА