Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/1241

 

 

 

                                                Ё.Б, Х.Б нарт холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батсүх, 

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, С.Батнасан,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Р.Булгамаа,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базаррагчаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батсүх, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, иргэний хариуцагч ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ё.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн 2305005670114 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ё.Б .........  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

2. Х.Б ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Б нь .... дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа ..... эмнэлэгт ..... ажиллаж байхдаа, шүүгдэгч Х.Б нь ..... дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа ...... эмнэлгийн ..... ажиллаж байхдаа буюу хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллах явцдаа  тус тус Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, Хүүхдийн өвчний цогц менежмент:, Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ:, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргаж, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн .... настай, ....., Э.Э-ын эмчлэгч эмчээр ажиллахдаа, 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд түүний биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн Э.Э нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ё.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ё.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ын эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Б-гийн эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулж,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “..... дүүргийн эрүүл мэндийн төв”-өөс хохирол, хор уршгийн төлбөрт 10,466,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-т олгож, иргэний хариуцагч ..... дүүргийн эрүүл мэндийн төв нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,871,934 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн шинжээчид төлөх зардал болох 1,556,400 төгрөгийг шүүгдэгч Ё.Б, Х.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг эргэлзээгүй тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт хийгдээгүй, гэмт хэргийн шинж хангалттай нотлогдож тогтоогдоогүй байхад эцэслэн шийдвэрлэсэн болно.

Х.Б нь 2023 оны 01 сарын 7-ны өдөр 14 цаг 26 минутад хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байх үедээ тус эмнэлэгт ирсэн Э.Э-д үзлэг хийж гарааны эмчилгээг бичиж тус эмнэлгийн 3 давхарт эмчилгээний тасагт хэвтүүлэх шийдвэр гаргаж уг тасагт илгээж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

2023 оны 01 сарын 7-ны өглөө 09:00 цагаас маргааш өдрийн буюу 8-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд уг тасагт хэвтэн эмчлүүлэгсдэд Х гэх эмч эмчлэгч эмчээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан нь нотлогдсон.

Үүнээс өмнө буюу 2023 оны 01 сарын 5-ны өдөр Э.Э ирж үзүүлэх үед зөвлөгөө өгч буцаасан нь өвчин хүндрэхэд нөлөөлөх эсэх асуудлыг шалгаагүй энэ талаар шинжээч нар асуултанд хариулж дүгнэлт гаргаагүй нь гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг дутуу хийснийг нотлож байна.

Э.Э-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй этгээдийн асуудлыг шалгахгүй орхигдуулсан шинжээч нарт энэ талаарх холбогдох материалыг өгөөгүй зөвхөн Б гэх эмч хүлээн авч 3 давхарт эмчилгээг хариуцан хийж байгаад Б эмч 2023 оны 01 сарын 8-ны өдрөөс эмчлэгч эмчээр үргэжлүүлэн ажилласан үйл явдал болсон мэт дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 497 дугаартай дүгнэлтэнд “...2023 оны 01 сарын 7-ны өдрөөс цефлоспорины 3 бүлгийн өргөн хүрээний антибиотик хийгдэж байсан гэсэн хүлээн авах тасагт ирэхэд хэвтүүлэх үеийн Б эмчийн бичсэн гарааны эмчилгээ зөв байсныг нотолсон.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 870 дугааратай дүгнэлтэнд 2023 оны 01 сарын 7-нд хүлээн авсан эмч Б үзлэг хийж оношлогоо хяналт хийгээгүй гэсэн үндэслэлгүй. Учир нь, хүлээн авах тасагт эцсийн эмнэлзүйн онош тавигдах боломжгүй бөгөөд урьдчилсан онош тавиад зохих тасагт илгээдэг.

Уг тасгийн эмчлэгч эмч хүлээн авах тасгаас ирсэн өвчтөнг үзэж төгсгөлийн онош тавихад чиглэгдсэн (шинжилгээ хийх мэт) үйлдэл хийж бодит үзлэг болон шинжилгээг нэгтгэж төгсгөлийн онош тавьж эмчилгээ хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг. Энэ тохиолдолд эмчлэгч эмч буюу 3 давхрын хэвтэн эмчлүүлэх тасгийн эмчээр Б томилогдож ажиллаагүй шинжээч эмч нар тус байгууллага буюу ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажил үүргийн хуваарийн талаар холбогдох материалыг судлаагүй дүгнэлтээ ташаа гаргасан.

Дээрхи асуудлаар шинжээч нараар дахин дүгнэлт гаргах үндэслэл тогтоогдсон тул Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй шийдвэрлэсэн.

..... дүүргийн эрүүл мэндийн төвийн ..... -ийн эмч Ё.Б-ыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э-ын  өвчин хүндэрч нас барсан гэж үндэслэл муутай болохыг дараах баримт нотолж байна.

- 2023 оны 01 сарын 5-ны өдөр Э тус эмнэлэгт ирэх үед буцаасан нь өвчин хүндрэхэд нөлөөлсөн эсэхийг огт шалгаагүй орхигдуулсан.

Энэ талаар шинжээч нарт асуулт тавьж дүгнэлт гаргаагүй атлаа 2023 оны 01 сарын 7-ны хэвтүүлэн эмчлэх боломж олгож шийдвэрлэн гарааны эмчилгээг эхлэж урьдчилан онош тавьж хэвтүүлсэн эмч Б-г ялагдагчаар татсан нь ойлгомжгүй, Б эмч 2023 оны 01 сарын 8-ны өдөр 3 давхарын тасгийн эмч Х-аас ээлж хүлээн авч тарианы өрөөнд Э-ын  биед үзлэг, эмчилгээг хийж эмчлэгч эмчээр ажилласан бөгөөд 2023 оны 01 сарын 8-ны өдрийн үзлэгээ өвчний түүхэнд шивж амжаагүй нь ажлын хэт ачаалалтай холбоотой бичиг баримт хөтлөлтийн алдаа болохоос эмчилгээнд нөлөөлөхгүй, өвчний хүндрэлд шалтгаанд холбогдолгүй асуудал болно.

Шинжээчийн 870 дугаартай дүгнэлтийн 2-9 дахь хэсэгт 2023.01.07-2023.01.09-ний өдрүүдэд хүүхэд эмчлэгч эмч болон жижүүр эмч нар огт үзлэг хийгээгүй тул уушгиний хатгалгаа оношлогдоогүй гэжээ. ...

Гэтэл Б эмч 2023.01.07-ны өдөр 3 давхрын тасагт ажиллаагүй.

Харин Х гэх эмч 2023.01.07-2023.01.08-ны өглөө 09:00 цаг хүртэлх хугацаанд ажилласан нь тогтоогдсон.

2023.01.09-ний өдөр Б эмч үзлэг хийн хянаж байсан нь өвчний түүхэн дэх тэмдэглэлээр тогтоогдсон байхад шинжээч нар буруу дүгнэсэн байна. Түүнчлэн, хавтаст хэргийг 153-р талд буй өвчний түүхийн хуулбарт клиникийн урьдчилсан онош DS:Двухсторонняя пневмония, острое течение, тяжелая форма (хоёр талын уушгины хатгалгаа) гээд, дагалдах оношийг Острый гастроэнтерит (Гэдэсний цочмог үрэвсэл) хүндрэлийг Инфекционый токсический состояние гэсэн байхад Б эмчийг буруу оношлосон гэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмчилгээ, оношлогооны стандарт удирдамжийг зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шууд шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эмчилгээ хийсэн боловч өвчин нь хүндэрч үхэлд хүргэсэнд эмч нарын үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг шинжлэх ухаан болон хууль зүйн үндэслэлтэй тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх үндэстэй юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийх, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлөөр дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, 2023 оны 01 сарын 5-ны өдөр эмнэлэгт хэвтүүлээгүй буцаасан болон 2023 оны 01 сарын 7-ны өдрийн үдээс хойш 14:26 цагт 3 давхарт хэвтүүлснээс хойш эмчлэгч эмчээр ажилласан эмч хэн байв. ...Яагаад үзлэг, хяналт хийгээгүй 2023 оны 01 сарын 8-ны өдөр жижүүрээс буусан асуудлыг дахин шалгах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. 2023 оны 01 сарын 15-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....ийн эмнэлэгт .... настай  ..... нас барсан эмгэнэлтэй үйлдэл болсон. ... нас барахад гагцхүү эмч нарын алдаатай эмчилгээ гэж дүгнэсэн боловч нийгмийн, байгаль орчны хүчин зүйл нэг талаар бий болсон. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол, 2023 оны 01 сарын 5-ны өдөр талийгаачийг эмнэлэгт авч ирээд хэвтүүлэхгүй авч явсан зэрэг хүчин зүйл юм.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 сарын 25-ны өдрийн 497 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-т ... талийгаач нь хоёр уушигны нэвчдэст хатгалгаа өвчний улмаас үхжлээр хүндэрч нас барсан...,

4-т ... 3-12 настай хүүхдэд 30 мг/кг-аар тооцож хийгддэг ба хэмжээ болон тун биеийн жинд тохирсон, эмчилгээ зөв хийгдсэн... байна.

6-д ... бүлгийн халдвар харшлын эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг эмийн бодис бөгөөд тухайн тариаг хийсэн тохиолдолд биеийн байдал муудах гаж нөлөө үзүүлэхгүй ба талийгаачийн тухайн үеийн биеийн байдалд хэрэглэхэд тохиромжтой байжээ...

7. ... Харин эмнэлэгт ирэх үед үжлийн шокыг үнэлээгүй, эмчилгээг хожимдож хийсэн байна...

8. ... 2023.01.08-ны өдрийн эмнэл зүйн шинж тэмдэгүүдийг үнэлэхэд үжлийн шокыг оношлоогүй, хүүхдийн биеийн байдлыг зөв эрэмблээгүй, оношийг бүрэн тогтоогоогүй, эмчилгээ хожимдож буюу дутуу хийгдсэн байна, 2023 оны 01 сарын 8, 9-ны өдрүүдэд эмчийн үзлэг хийгдээгүй байна... гэжээ.

Харин Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 сарын 27-ны өдрийн 870 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 497 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, эмч Ё.Б уушигны хатгалгаа, үжлийн байдлыг хожуу оношилсон тул эмчилгээ оройтож хүүхэд нас баржээ, өвчтөнд хийж болохгүй эм тариа, эмчилгээ хийгээгүй байна, МNS5095- 2017.12.1.9 зөрчигдсөн нь тухайн эмнэлгийн үйл ажиллагааны алдаа байна гэжээ.

Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд талийгаачид биеийн жинд тохирсон, эмчилгээ зөв хийгдсэн, өвчтөнд хийж болохгүй эм тариа, эмчилгээ хийгээгүй байна гэдгээс үзэхэд хүлээн авсан болон эмчлэгч эмч нар нь нарийн оношийг шинжилгээгээр тогтоон эмчилгээг цааш үргэжлүүлсэн ба амь насанд хүрэх эмчилгээг хийгээгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт... Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс гэж тухайн гэмт хэргийн сэдэлтийг тодорхойлсон. Хэрэгт гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 497, 870 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Ё.Б нь Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдын амь нас хохирсон гэдэг нь эргэлзээтэй. Талийгаач хүүхдэд эмчлэгч эмчээр томилогдсон үеээс зохих ёсоор өвчтөний түүх дээр эмчилгээ бичиж өгсөн нь нотлогддог.

Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлож чадаагүй тул өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгах байдлаар оролцсон болно.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь шүүгдэгч Ё.Б нь 2024 оны 7 дугаар сард төрж хүүхэдтэй болсон. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 1-3 жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 5400-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай. Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байсан бөгөөд 1 нас хүрээгүй хүүхэдтэй эхийн сэтгэл санааны байдал, хүүхэд нь өвдөх тохиолдолд өөр газарт эмчлүүлэх, сувилуулах зэрэг хүүхдийн эрхийн зөрчил гарахыг үгүйсгэхгүй юм.

Иймд Ё.Б-ыг цагаатгах боломжгүй бол хорих ял оногдуулан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Х.Б миний бие өмгөөлөгч Э.Ганбаттай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар харилцан тохиролцсоны дагуу “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” хийж, үйлчилгээний хөлсөө төлсөн юм.

Миний бие өмгөөлөгч Э.Ганбаттай хамт 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Гэтэл өмгөөлөгч Э.Ганбат нь 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр надтай эсрэг сонирхолтой яллагдагч Ё.Б-ын өмгөөлөгчөөр ажиллаж мэдүүлэг өгөхөд нь байлцсан байдаг.

Өмгөөлөгч Э.Ганбат нь намайг шүүхийн хэлэлцүүлэгт үгээ хэлж байх үед “илүү юм битгий ярь” гэх байдлаар хажуунаас шүүх хуралдаанд өгөх мэдүүлгийг хязгаарлаж байхад хуралдааны дарга энэ ёс зүйгүй байдлыг таслан зогсоохгүйгээр барахгүй миний үгийг хэлүүлэхгүй цагаар хязгаарлаж байсанд, мөн Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй, нөгөө талаар шүүх хуралдаанд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжийг алдагдуулсанд гомдолтой байна.

Өмгөөлөгч Э.Ганбатын болон шүүх хуралдаан даргалагчийн энэ ёс зүйгүй үйлдлийг шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харж болох тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний шүүх хуралдааны бичлэгийг үзэж дүгнэлт хийхийг хүсч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 10.8.2-т заасан “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлөж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ны 2024/ШЦТ/688 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2. Х.Б миний бие 2023 оны 01 дүгээр сарын 7-ны 09:00 цагаас 01 дүгээр сарын 8-ны 09:00 цаг хүртэл ... дүүргийн ..... -ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд манай эмнэлэгт 127 хүүхэд тусламж авахаар ирсэн байдаг. Хохирогч Э нь 01 сарын 7-ны 15:00 цагийн үед ээжтэйгээ хамт ирж надад үзүүлсэн юм.

Э-ын ээж нь түүнийг бөөлжсөн, гүйлгэсэн, халуурсан, хааяа ханиасан гэсэн зовиуртай байгаа талаар хэлсэн, намайг үзэхэд хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, уруул хуурай, хэл өнгөртэй, чагналтаар хоёр уушиг хэржигнүүргүй, захад хавангүй, амин үзүүлэлт болох амьсгалын тоо 24, зүрхний цохилтын тоо 109, сатураци 97 хувьтай, биеийн халуун 36,8 хэмтэй, халуунгүй байсан. Тийм учраас урьдчилсан онош “острый гастроэнтерит” буюу “ходоод гэдэсний үрэвсэл” онош тавьж, биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлээд, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, цээжний рентгенд харуулах шинжилгээнүүдийг төлөвлөж, гарааны эмчилгээ болох антибиотик /цефотаксин 500 мг-аар 6 цагаар судсанд тарих, церукал бөөлжилтийн эсрэг эм судсаар тарих, рингер 250 мл судсанд дуслаар тарихаар, ашигтай бактери уухаар, халуун бууруулах эм уухаар/ бичиж өгөөд хүлээн авахын жижүүр сувилагчаар тасагт хүргүүлсэн.

Ингэснээр хүлээн авах, яаралтай тусламжийн жижүүр эмчийн үүрэг дуусч, өвчтөн тасагт шилжсэнээс хойш хэвтэн эмчлүүлэх тасгийн жижүүр эмч оношлогоо эмчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй.

Миний 01 сарын 7-ны өдөр бичсэн цусны ерөнхий шинжилгээний хариу 01 сарын 8-ны өдөр буюу намайг ээлжнээс бууснаас хойш гарсан бөгөөд шинжилгээгээр үжил оношлогдсон байсан, 01 сарын 9-ний өдөр рентген шинжилгээгээр 2 уушигний угийн нэвчдэс хатгаа оношлогдсон байсан.

Үжил оношлогдсон цагаас маш богино хугацаанд хүндрэл өгдөг учраас цаг алдалгүй эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Эмчлэгч эмч Б 01 сарын 8, 9-ний өдрүүдийн шинжилгээний хариутай танилцаагүй байснаас болж хожуу оношлогдож хүндрэл гарсан байдаг.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 870 дугаартай дүгнэлтээр намайг 01 сарын 7-9 ны өдрүүдэд үзлэг огт хийгээгүй, ялган оношлогоо болон үзлэг, хяналт хийгээгүй гэж буруутгасан байна. Миний бие 01 сарын 7-ны өдөр Эд үзлэг хийсэн, тэмдэглэл хөтөлсөн, эмчилгээ бичсэн, шинжилгээ төлөвлөсөн байхад огт үзлэг хийгээгүй гэж үндэслэлгүй буруутгасан, мөн ялган оношлогоо, үзлэг, хяналтын тухайд эмчлэгч эмчийн үүрэг байхад хүлээн авахын жижүүр эмчийг эмчлэгч эмчтэй адилтган буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн намайг буруу оношлосон гэж буруутгасан байдаг. Хүлээн авах, яаралтай тусламжийн жижүүр эмч өвчтөнийг асуумж, үзлэгт үндэслэн урьдчилсан онош тавьдаг, үндсэн оношийг эмчлэгч эмч 72 цагийн дотор шинжилгээнд үндэслэн тавьдаг. Би өвчтөнийг бодит үзлэгээр, асуумжийг үндэслэн тавьсан оношоо буруу гэж үзэхгүй байна.

Яагаад гэвэл тухайн үед бөөлжилт, суулгалт давамгай байсан учир би ходоод гэдэсний үрэвсэл гэдэг онош тавьсан, харин өндөр халуурсан, хааяа ханиалгасан гэсэн өгүүлэлтэй байсан тул хатгаа байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар цээжний рентген зураг авахуулах шинжилгээг төлөвлөсөн.

Миний бие 01 сарын 7-ны өдрийн 15:00 цагийн үед Э-ыг 20 минут орчим үзэж оношлон эмчилгээ бичсэн, үүнээс хойш 8 хоног энэ хүүхэд тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байгааг анхаарч үзнэ үү.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад миний бие үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа стандартын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, би гэм буруугүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч А.Ариунтуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр. Гомдлын үндэслэл:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 111

дугаартай яллах дүгнэлтэд: “Х.Б-г ... тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн .... настай, ....., Э.Э-ын эмчлэгч эмчээр ажиллахдаа, 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд түүний биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс уушгины хатгалгаа оношглогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн нас барсан...” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн /2024.03.07-ны өдрийн 111 дүгээр яллах дугнэлтийн 16-17 талд/.

Харин дээрх яллах дүгнэлтэд дурдсан Х.Б-г буруутгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх “Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаар дүгнэхэд амь хохирогч Э.Э нь 2023.01.06-ны өдөр ханиад хүрсэн. Улмаар 2023.01.07-ны өдөр ..... дүүргийн эрүүл мэндийн төвд хандахад жижүүр эмч Х.Б нь хүлээн авч, үзлэг оношлогоо хийгээд “острый гастроэнтерит буюу хоол боловсруулах замын үрэвсэл /суулгалт/ гэж оношилж, биеийн байдлыг шар түвшинд буюу хүндэвтэр гэж үнэлсэн байна” /Шийтгэх тогтоолын 22-р тал 5-р мөрд / гэж дүгнэсэн.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-г “...амь хохирогч Э.Э-ыг эмнэлэгт хүлээн авч, үзлэг оношилгоо хийж, түүний эмчлэгч эмчээр ажиллахдаа эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтний биеийн байдлыг зөв үнэлж, дүгнэн стандарт эмчилгээ хийж, шат дараалсан арга хэмжээ авах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж буруутгасан /Шийтгэх тогтоолын 23-р тал 4-р догол мөр/ нь үндэслэлгүй. Учир нь:

a) Х.Б 2023.01.07-ны өдөр Яаралтай тусламжийн тасагт хүлээн авахын жижүүр эмчээр ажиллахдаа, эмнэлэгт халуурах, бөөлжих, суулгах, асуумжтай ирсэн өвчтөн Э.Э-ын биед хийсэн үзлэг болон асуумжид үндэслэн “острый гастроэнтерит буюу хоол боловсруулах замын үрэвсэл /суулгалт/ гэх “урьдчилсан онош” тавьж, биеийн байдал хүндэвтэр хэмээн шар түвшинд үнэлж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэмээн үзэж өвчний түүх нээсэн. Хүлээн авах эмчийн хувьд өвчтөнд гарааны эмчилгээ бичиж, онош тодруулах зорилгоор цээжийг рентгенд харуулах болон цусны шинжилгээ авахаар төлөвлөн өвчтнийг тасагт хуваарилан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь өвчний түүх, яаралтай түргэн тусламжийн үзлэгийн хуудас зэрэг баримтуудаар тодорхойлогдоно. Үүний дагуу өвчтөн Э.Э эмчилгээний тасагт хэвтэж, үрэвслийн эсрэг эмчилгээ хийгдсэн байх бөгөөд төлөвлөсөн цусны шинжилгээ 2023.01.08-ны өдөр, рентген шинжилгээ 2023.01.09-ний өдөр тус тус хийгдэж, шинжилгээний хариу гарснаар өвчний онош тодорхой болсон үйл баримт тогтоогдсон. Үүнээс үзвэл, Х.Б хүлээн авах, яаралтай тусламжийн эмчийн хувьд өвчтөн Э.Э-д цаг алдахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, өвчний үндсэн онош тогтооход шаардлагатай арга хэмжээг авсан байна.

b) Х.Б эмчийн 2023.01.07-ны өдөр тус өвчтөнд тавьсан урьдчилсан онош нь үүнээс хоёр хоногийн өмнө буюу 2023.01.05-ны өдөр мөн эмнэлгийн яаралтай тусламж хүлээн авахын жижүүр эмч Н.Б /гэрчийн мэдүүлэг 1-р хх 30-31-р талд/ өвчтөн Э.Э-ын биед үзлэг хийгээд “ерөнхий хордлогын шинжтэй, өндөр халуунтай, бөөлжилтийн тоо олон” хэмээн Х.Б эмчтэй адил онош тавьсан үйл баримт тогтоогдсон. Тус гэрчийн мэдүүлэг яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болно.

с) Монгол Улсын MNS5836:2008 стандартын 20 дугаар зүйл “Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношлогоо, эмчилгээ”-ний 20.5 дугаар зүйлд “Оношлогоо”-г гаргахад дараах 4 шалгуур үндэслэлийг харгалзахаар заасан байна. Үүнд:

20.5.1 Өвчний өгүүлэмж, өвчилсөн байдал, хугацаа үүсгэгчийн эсрэг эм хэрэглэсэн эсэх,

20.5.2 Бодит үзлэг,

20.5.3 Рентген шинжилгээ,

20.5.4 Цусны ерөнхий шинжилгээ.

Мөн MNS 5836:2008 стандартын 20.6 “Өдөр тутмын бичлэг, хяналт” хэсэгт: Эмчлэгч эмч эмнэлзүйн урьдчилсан онош, шинжилгээ, эмчилгээний үр дүнг 48 цагийн дараа гаргаж, эхний үечилсэн дүгнэлт бичиж, эмнэл зүйн үндсэн оношийг тогтооно” гэж заажээ. Энэхүү MNS5836:2008 стандартын 20 дугаар зүйлд зааснаар “Уушгины цочмог үрэвсэл буюу хатгаа нь уушгины эдийн олон шалтгаантай, эмгэг жам бүтцийн өөрчлөлтөөр харилцан адилгүй, эмнэл зүйн хувьд олон ангилал /эхлэх, ид үе, 1, 2, 3-р зэрэг, явцаар нь цочмог, дахилттай гэх зэрэг олон янз/-тай тул рентген болон цусны шинжилгээ эмчилгээний үр дүнд үндэслэн уушгины хатгааг оношлох боломжтой болох бөгөөд 48 цагийн дараа өвчний үндсэн онош тавигдахаар байна.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/ 611 дүгээр тушаал, түүний хавсралтад заасны дагуу тухайн өдөр өвчтөн Э.Э-ын биед үзлэг хийхдээ, өвчтөнд “урьдчилсан онош” тавьж, шинжилгээний заалт бичсэн. Харин “үндсэн онош” нь шинжилгээний хариу гарсны дараа буюу анхны үзлэгээс хойш 3-5 хоногийн дараа тодорхой болж тавигдах ёстой гэж зохицуулагдсан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3.1.1. “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Түүнчлэн амь хохирогч Э.Э 2023.01.07-ны өдөр хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн эмч Х.Б-д үзүүлж, тасагт хэвтэн эмчлүүлснээс хойш 8 хоногийн дараа нас барсан байх бөгөөд энэ хугацааны үзлэг оношилгоо, шинжилгээний явц болон эмчилгээний стандарт, шат дараалсан арга хэмжээг хэрхэн авагдсан талаар асуудал нь Х.Б-гийн мэдэхгүй, оролцоогүй, хамааралгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

3. Миний үйлчлүүлэгч Х.Б-гийн хувьд өвчтөн Э.Э-д үзлэг хийсэн цаг хугацаа, яаралтай түргэн тусламж үзүүлэх хүлээн авах эмчийн ажлын онцлог, ажил үүргийн хуваарь, түүний дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь хүүхдийн тасгийн эмчлэгч эмч бөгөөд өвчтөн Э.Э-ын эмчилгээг гардан хариуцаж байсан Ё.Б-ын үйлдлээс ялгаатай өөр байхад шүүх анхаарч шийдвэрлэсэнгүй. Үүний улмаас шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, яллах, цагаатгах нөхцөл байдлуудыг тус тусад нь ялгамжтайгаар тогтоох хуулийн зарчим алдагдсан бөгөөд эмчлэгч эмчид хамаарах үндэслэл нөхцөлөөр шүүгдэгч Х.Б-гийн үйлдэлд дүгнэлт хийж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарыг нэг адил хууль тогтоомж, стандарт баримт бичгийн заалтыг баримтлан буруутгаж, үйлдлийн хувьд чухам хэн алинд хамаарах нь тодорхойгүй байдлаар нэгтгэн дүгнэх байдлаар Х.Б-г гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

4. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах үндэслэлдээ 9 төрлийн хууль тогтоомж эрх зүйн баримтыг зөрчсөн хэмээн тодорхойлсон. Үүнээс Өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль гэсэн нэртэй хууль хууль тогтоомжийн санд байхгүй, мөн хууль тогтоомжийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй Эрүүл мэндийн сайдын 2018.12.03-ны өдрийн А/489 тоот тушаал, түүний 1-р хавсралтыг баримталсан. Түүнчлэн хууль хэрэглээнд ашиглах, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий MNS 5836:2008, MNS 5095:2017 стандарт болон Хүүхдийн өвчний цогц менежмент зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг эрүүгийн хэрэгт хавсаргаагүй. Улсын яллагч нь шинжээч Т.У-гийн гаргасан дүгнэлтэд оруулсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, стандартын нэрийг яллах дүгнэлтэд хуулж оруулахдаа эх сурвалжийг магадлах, тухайн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, шүүгдэгч Х.Б-гийн үйлдэлд хамааралтай эсэх, эдгээрийн үндэслэл зэргийг бүхэлд нь нягталж хянаагүй бөгөөд үүгээр миний үйлчлүүлэгчийг яллаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр алдаатай хууль тогтоомж эрх зүйн актын талаар улсын яллагч шүүх хуралдаанд тайлбарлаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолд зөвтгөж буй мэтээр тодорхойлж буй нь үндэслэлгүй.

5. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т Хэргийн бодит байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-г гэм буруутай хэмээн тооцохдоо .... дүүргийн ..... -ийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эмч сувилагчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, жижүүрт гарах эмч, сувилагчийн батлагдсан хуваарь зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд анхаараагүй, бодитой дүгнэлт хийсэнгүй. Энэхүү эрүүгийн хэрэгт ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн ..... -ийн батласан 2023 оны 01 дүгээр сарын “яаралтай түргэн тусламж”-ын эмч нарын жижүүрийн хуваарь /2-р хавтаст хэргийн 68 дах талд авагдсан/-аар 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр эмч Х.Б, хүүхдийн яаралтай тусламжийн тасагт эмч Л.Х, хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг болон тасагт эмч Б.Х нар тус тус 24 цагаар ажилласан байна. Эмч Б.Х /1-р хавтаст хэргийн 44-45/: “...хүлээн авахын эмч Б үзлэг хийж, өвчний түүхийг бичээд, хийгдэх эмчилгээг шийдвэрлээд, хүлээн авахын сувилагчаар дамжуулан тасагт ажиллаж буй сувилагчид хүлээлгэж өгөөд, Хишигсүрэн эмч бид хоёр хариуцах ёстой” гэж гэрчээр мэдүүлэг өгсөн.

Мөн ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн ..... -ийн сувилагч нарын 2023 оны 01 дүгээр сарын ээлжийн хуваарь /2-р хавтаст хэргийн 69-д авагдсан/-аар 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр “хүлээн авах яаралтай тусламжийн тасагт сувилагчаар Б.М, Д.О, эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар Б.И, 3-р давхрын тасгийн сувилагчаар З.М, Т.С, Т.Л /8 цаг/, 4-р давхрын тасгийг сувилагчаар А.А, Ч.Б нар тус тус 24 цагаар ажилласан. Үүнээс үзэхэд, 2023.01.07-ны өдөр ..... салбар эмнэлэгт ажилласан эмч сувилагчид өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу тус бүрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тодорхойлогдож байх тул Х.Б-г өвчтөн Э.Э-ыг тасагт хүлээлгэн өгөх, тасагт хэвтэн эмчлүүлж буй үеийн эмчилгээ, оношлогоог хариуцах үүрэгтэй хэмээн буруутгах боломжгүй.

Эмч Х.Б нь 2023.01.07-ны өдөр Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүр эмчээр ажилласан бөгөөд хүүхдийн эмчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын “1-р зорилтын хүрээнд” хэсгийн 10-т “жижүүр эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх” /2-хх 47-49/ гэсэн заалтын дагуу Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт хандсан хүүхдүүдэд эрэмблэн ангилалт хийх, үзлэг хийх, эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой ажил үүргийг гүйцэтгэх чиг үүрэгтэй ажилласан.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, шинжээчийн дүгнэлт гарсан учраас Х.Б тухайн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон гэх үндэслэлээр мэтгэлцсэн. Энэхүү эрүүгийн хэрэгт Эмгэг судлалын шинжилгээний протокол, шинжээчийн 497, 870 дугаар дүгнэлт, хяналтын улсын ахлах байцаагч Т.У-гийн дүгнэлт зэрэг гарсан байна.

Шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй, буруу ойлголтын хүрээнд дүгнэсэн, мөн тусгай мэдлэгийн хүрээнд бус хууль зүйн ойлголтын хүрээнд хийсэн дүгнэлтүүд нь хуульд нийцээгүй. Тухайлбал, хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн 870 дугаар дүгнэлт, хяналтын улсын ахлах байцаагч Т.У-гийн дүгнэлтүүд нь Х.Б-гийн ажил үүргийн хуваарь, өвчтөнд үзлэг оношилгоо хийсэн цаг хугацаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр эмчлэгч эмч гэсэн ерөнхий ойлголтын хүрээнд хийгдсэн шинжтэй. Мөн өвчний оношийг ямар үзүүлэлтээр, ямар хугацаанд хэрхэн оношлох боломжтой, өвчтний биед хийсэн анхны үзлэгээр буюу цусны шинжилгээ, ренттен оношилгооны хариу гараагүй байхад хатгаа өвчнийг бүрэн оношилох боломжтой байсан эсэх, эмчийн үзлэг, асуумжаар үндсэн буюу эцсийн оношийг тавих боломжтой байсан эсэх асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, бодит нөхцөл байдлуудад тулгуурлаагүй бөгөөд Х.Б эмчийг буруутай мэтээр нэр заан дүгнэсэн нь үндэслэлгүй.

Тус эрүүгийн хэрэгт Х.Б-г холбогдуулах эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох асуудал байхад улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн яллаж, түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэж буй нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуупийн 16.6 дугаар эүйлийн 4-т “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэж заасан. Х.Б-гийн өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй үндэслэлээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлөөр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй, нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

7. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.Б нь .... настай  өвчтөн Э.Э-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд түүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан байх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Х.Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байх тул гомдлын үндэслэлийг маань хянан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “..... дүүргийн эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийн тухайд: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “..... дүүргийн эрүүл мэндийн төв”-өөс хохирол, хор уршгийн төлбөрт 10,466,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-т олгож...” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд шүүгдэгч Ё.Б, Х.Б нар манай эрүүл мэндийн төвд ажилладаггүй, энэ талаараа ч шүүхийн хэлэгцүүлэг, мэдүүлэгт тодорхой дурдсан тул манай байгууллага хохирол хариуцах этгээд биш юм.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч ..... дүүргийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........ дүүргийн эрүүл мэндийн төвийн дотоод хяналтын ажилтан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг байгууллагын даргад танилцуулсан. Хэрэгт холбогдсон хоёр эмч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй гэсэн боловч байгууллагын дарга дотоод итгэл үнэмшлээрээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Иймд тайлбар байхгүй. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай охин 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эндсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд үзлэг хийсэн гэж дурдаж байна. Үзлэг огт хийгээгүй. Х.Б хүлээн авчихаад бусад эмч нартаа хүлээлгэж өгөөгүй. Хэрвээ эмч нарт хүлээлгэж өгсөн бол эмчилгээ, сувилгаа хийгдээд өдийд хүүхэд амьд байх байсан. Буруу эмчилгээ хийсэн. Х.Б эмч 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл үзээгүй. Би тасгийн эрхлэгч М дээр очоод “Хүүхэд үзэх эмч байхгүй юм уу, бямба, ням гээд огт эмчилгээ хийгдсэнгүй. Өнөөдөр нэг дэх өдөр шинжилгээний хариу гарсан уу” гэхэд өнөөдөр шинжилгээний хариу гарах ёстой. Ё.Б эмч үзнэ гэж тайлбарласан. Манай хүүхдийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үзсэн. Эмнэлгийн байгууллага шат шатандаа хариуцлагагүй байсан. Эмч нарын хийж байгаа эм тариа үе шат бүрээр хоцорч байсан. Хүндэрснээс хойш антибиотик хийж байсан нь буруу гэж үзэж байна. .... дүүргийн эмнэлгийн албан хаагчид хариуцлагагүй. Манай хүүхдээс хойш, өмнө олон хүүхдүүд нас барж байсан. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой танилцлаа. Хавтаст хэрэгт хоёр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эхний шинжээчийн дүгнэлт болохоор хэн ямар эмчилгээ, оношилгоо болон бусад үргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар огт дүгнээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс 2 дахь шинжээчийн дүгнэлт гаргая гэж зөвшилцөөд хүсэлт гаргаж, үүний дагуу хяналтын прокурор хүсэлтийг хүлээж авч 2 дахь дүгнэлт гарсан. 2 дахь дүгнэлтээр Х.Б, Ё.Б нар оношийг буруу тогтоосон. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авахад ирсэн. Хүлээн авсан эмч Х.Б оношийг буруу тогтоосон байна. 2023 оны 01 дүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд яг энэ оношоор эмчилгээ хийгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ё.Б эмч хүлээн аваад эмчилгээ солих гэсэн байдлаар эмчилгээ хийсэн талаар тодорхой дүгнэлт гаргасан. Эмнэлгийн тухайд бол чанарын алба болон бусад зүйлийн талаар дурдагдсан байдаг. Улсын яллагч энэ дээр тайлбар өгөх байх. Шинжээчийн дүгнэлт ойлгомжтой гарсан байхад асуумжаар онош тавьсан гэж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгчээс асуусан. Шүүгдэгч үзлэг хийсэн мэтээр тайлбарлаж байна. Яагаад үзлэг хийхгүйгээр онош тавьсан асуудал яригдана. Энэ өвчнийг зөв оношилж, эмчилгээ хийсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан талаар дүгнэлтэд дурдсан. ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албаны хурал болсон. Энэ хурлаас буруутай эмч нарыг тогтоож хариуцлага тооцсон эсэхийг мэдээгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг 2 шатны шүүх хурал дээр зөвшөөрөхгүй байдлаар шүүгдэгч тайлбар өгдөг. Эрүүл мэндийн ойлголттой хүмүүсийн өмнө нэг өөр зүйл яриад бид нарын өмнө өөр зүйл ярьж байгаа нь хардлага төрүүлж байна. Шинжээч эмч А-ын мэдүүлэг байгаа. Чанарын албаны дарга Д нь “Хүүхдийн биеийг шар түвшин буюу хүндэвтэр оношинд тавьсан, тасагт шилжин эмчлэгдэх үеийг хүлээн авах эмч хариуцна” гэж тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг бүрэн шалгаж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Харин зарим зүйлийг орхигдуулсан. .... дүүргийн эмнэлэг, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй эмнэлгийн байгууллагын ажилтан, эмч нарын тухайд анхнаасаа энэ хэрэг дээр бид буруугүй гэдэг байр сууринаас хандаж ирсэн. Хүүхэд амь хохирсноос хойш түүний ар гэрийнхэнд гэмшил харуусал илэрхийлээгүй төдийгүй удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудаж байна гэж хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хаалгуулахгүй байх тал дээр маш их хичээл зүтгэл гаргасан. Хүүхдийн амь насны асуудлыг анхаарах үүднээс хэл үг хийсний үндсэнд шүүхийн босог давсан. Э “.... настай  ааваа, ээжээ” гээд шулганаж байсан. Хүүхдийг үл хайхарч эмнэлгийн тусламж үзүүлээгүй, үзүүлэх үүргээ билүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэх үйлдлийн улмаас хүний алтан амь хохирсон. Өнөөдөр хоёр эмч байр сууриа ийм байдлаар илэрхийлж байна. Өөрсдийнхөө хүүхдийг алдсан бол яах байсан гэдгийг бодож үзэхгүй байна. Миний үйлчлүүлэгчид ёс суртахуунтай үгээ хэлэх байх гэж хүлээж байсан. Х.Б эмчийн тухайд эмчлэгч эмчээр хүлээж авсан. Х.Б эмчлэгч эмчийн хувьд ямар үүрэг оролцоотой байсан бэ, үр дүнтэй эмчилгээ нэмж хийсэн бол хүүхэд амьд байх байсан. Х.Б эмчийн тухайд би үндсэн онош тавиагүй, тавьсан оношоо буруу гэж үзэхгүй, рентгенд үзүүлэх гэж бичсэн, гэдэсний тасаг руу шилжүүлсэн талаар ярьдаг. Рентген хийх шаардлагатай юм бол яагаад гэдэсний тасаг руу явуулаад байна. Харахад хоёулаа дотор эрхтэн гаднаас хараад дүгнэх боломжгүй. Гэхдээ гэдэс хямраад байна уу, уушги давчдах хатгалгаа байна уу гэдгийг хүүхдийн гадаад байдлаас нь хараад эмч хүн бүү хэл, энгийн бид нар ч мэднэ. Х.Б буруу тийш зүглүүлсэн үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр шинжилгээ авагдсан тухай яригдсан. Шинжилгээний хариу хүлээж аваад нэмэлт эмчилгээ хийсэн эсэх асуудал яригдаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч Э.Ганбат шүүгдэгч Х.Б, Ё.Б нарыг өмгөөлж оролцсон. Өнөөдөр ярианы эхэнд хохирогчоос уучлалт гуйх нь бүү хэл, хоёр өөр ашиг сонирхолтой хүн өмгөөлж оролцсон, харамсаж байна. Х.Б гэдэсний хямрал нь илүү чухал гэж оношлоод шилжүүлсэн үйлдлээ, өнөөдөр зөв гэж байна. Гэтэл зөв оношилсон бол өнөөдөр хүүхэд хохирохгүй байсан. Хүүхэд хохироод амиа алдсан үйл баримт дээр гэмшихгүй байгааг үүргээ зохих ёсоор билүүлсэн гэж харж болох уу гэдгийг бодох нь зүйтэй. Тус эмнэлгийн байгууллага нь хайнга хандсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хүүхэд нас барсан оршуулгын зардал баримтаар тодорхой харагдаж байгаа 10,000,000 /арван сая/ төгрөгийг тогтоосон. 35,879,934 /гучин таван сая найман зуун далан есөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийн зардал гарсан байдаг. Хүүхдийн ээж нь жирэмсэн байсан. Том гэдэстэй учраас ээж нь үлдээд аав нь хүүхдээ харсан. Хүүхдийн ээж нь энэ хооронд сэтгэцийн эмнэлэгт шилжингээ алдсан. Бүх зардлыг шүүх хассан. 10,000,000 төгрөг төлөхгүй гэж гомдол гаргаж байгаа. Эмнэлгийн байгууллага хариуцлагаа ухамсарлах нь бүү хэл хүн ёсны алхам хийхгүй байгаан тод жишээ. Эмнэлэг нь ийм үйлдэл гаргаж байхад эмч нар нь ингэж байгаа нь зөв гэж үзэхээр байна. Х.Б эмчийн хувьд ирээд тодорхой хэмжээгээр эмчлүүлэх шаардлагатай. Анхан шатны эмчилгээ хийх талаар бичсэн боловч сүүлдээ цахимаар дараагийн эмч хүлээж авах тухай ярьж байна. Тэр өдөр 24 хүүхэд эмнэлэгт хэвтсэн байдаг. 24 хүүхдээс манай хүүхэд шиг орхигдоод амь алдаагүй гэхэд, эрүүл мэндээрээ хохирсон талаар эмнэлгийн захиргаа дүгнэлт хийхгүй байна. Хүн ёсны анхаарал хандуулах нь бүү хэл оршуулгын 10,000,000 төгрөг нэхэмжлээд эмч нар буруутай, байгууллага буруугүй гэх байдлаар хандаж байна. ..... дүүргийн эрүүл мэндийн төвд хандсан болохоос биш эмч нарыг хайж очоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9.1 дүгээр зүйлд “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” гэж заасны дагуу хариуцлага хүлээх ёстой. Энэ нь цаашдаа маш олон хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Цагаатгах байр сууринаас гаргасан үйл баримтыг үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс бодит байдал дээр нийцэхгүй байна гэж үзэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхээс Х.Б-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Дараах тайлбар өгье. Эмнэлгийн жижүүр эмч үзлэг хийхэд бага насны хүүхдийн асран хамгаалагч хэлж байгаа өгүүлэмжид биеийн байдлын бодит үзлэг хийж урьдчилсан оношийг тогтоосон. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд Х.Б-гийн өгсөн мэдүүлэг байгаа “биеийн халуун 36,8 хэмтэй, халуунгүй байсан” гэдгийг мэдүүлсэн. Шаардлагатай эмийн эмчилгээ бусад шаардлагатай эм тариа хийж, биохимийн шинжилгээ өгөх, рентгенд харуулах, цусны шинжилгээ өгөх зэрэг заалтыг бичиж гарааны эмчилгээ эхлүүлж тасаг руу шилжүүлж байна. Яах гэж шинжилгээ өгүүлж рентген зураг гаруулах талаар бичсэн гэхээр урьдчилан тавьсан оношийг бататгах шаардлагатай үүднээс ажиллагаануудыг хийсэн. Х.Б-гийн гарааны эмчилгээнд тактикийн алдааны талаар тусгагдаагүй. Хавтаст хэргийн 141 дүгээр талд өвчтөн хэвтсэн буюу 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас хавсаргадсан. Уг хуудас нь дээр асуумжид нийцүүлэн түүнийг эрэмбэлсэн. Тухайн үед хүүхдийн асран хамгаалагч “өнөөдөр өглөөнөөс хүүхэд халуурч бөөлжиж эхэлсэн гэрээрээ эм угаагүй” гэж тайлбар өгсөн талаар яаралтай тусламжийн хуудсанд бичсэн. Энэ тайлбар нь өөрөө эмчийг бодит эрэмбэ хийхэд төөрөгдөлд оруулсныг үгүйсгэхгүй байна. Өнөөдрөөс эхэлж гэж тайлбарласан. 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээж авсан эмчийн тэмдэглэл байдаг буюу “21 цагийн үед аав нь ирж үзүүлээд ар гэрийнхэний хүсэлтээр” авч явсан. Хүүхдийг буцаахдаа эмчилгээ хийсэн, жор бичиж өгөөд явуулсан байдаг. Энэ эмчилгээгээр 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр бүтэн, 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр эмнэлэгт ирэх хүртлээ ийм эмчилгээ хийсэн байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Х.Б эмч хүлээж аваад үзэхэд бичиж өгсөн эмчилгээнээс зовуурь багассан, түр хугацаан илааршсан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл урьдчилсан онош тавихад энэ хүчин зүйлийн улмаас эмчийг төөрөгдөл оруулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдлыг шинжээч, мөрдөгч, прокурор тодруулж асуугаагүй учраас шинжээч эмч дүгнэлтэд тусгаж өгөөгүй байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр талд өвчтөний түүх хавсаргадсан. Уг өвчтөний түүхэд тодорхойгүй гэж тусгасан байгаа. Тодорхойгүй гэдэг үгийг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй, батлагдсан онош биш. Х.Б эмчийн гүйцэтгэх үүрэг нь дуусаж тасаг руу өвчтөнийг шилжүүлж байгаа. Эмнэлгийн ачаалал их байсан талаар иргэний хариуцагч болон эмч нар хэлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч мөн хэлж байна. 24 хүүхэд тухайн өдөр хэвтсэн, 01 дүгээр сар утаа униарын улирал эхэлсэн байсан. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр нь амралтын өдөр байсан. Амралтын өдөр өрхийн эмнэлэг ажилддаггүй хүмүүс хүүхдүүдээ аваад шууд эмнэлэгт ирдэг. Х.Б эмч ирсэн хүүхэд бүрд анхаарал тавих боломжгүй гэдгийг үнэлж үзэх нь чухал байна. Гэтэл тасгийн эмч Х-ы асуудал давхар яригддаг. 1 дүгээр нэрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан эмч “хүүхэд хэвтэж байсан талаар надад мэдэгдээгүй” гэж мэдүүлэг өгөөд энэ хэргээс гараад явсан. Жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөлд бүх өрөөнүүдээр орж өвчтөнүүдийг үзэж, оношлоод жижүүр эмчийн хүлээж авсан эмчилгээ таарч байгаа эсэх дээр хяналт тавих, дараа дараагийн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн эмчлэгч эмчид хүлээлгэж өгөх үүрэгтэй этгээд Х эмч юм. 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Х.Б эмч ээлжээсээ бууж амрах нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Өөрөөр хэлбэл, 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр амь хохирогчид эмчилгээ хийгээгүй гэж Х.Б-г буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн асуудал яригддаг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 497 дугаартай дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн 8 дахь заалтад талийгаачийн 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн цусны, рентгений шинжилгээнд цагаан эсийн тоо, эмнэл зүйн үжлийн шокийг оношлоогүй. Х.Б эмчийг 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр ээлжээс буусны дараа шинжилгээний хариу гарсан. Буруутгаад байгаа дүгнэлт миний үйлчлүүлэгчийн буруутгаж байгаа үндэслэл болохгүй байна. Цаг хугацааны хувьд зөв тогтоож дүгнэх шаардлагатай. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр өвчтөн үдээс хойш ирж эмнэлэгт хэвтэж байгаа. Х.Б эмч тайлбартаа дурдаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн шинжилгээний хариу 01 дүгээр сарын 9-ний өглөө гардаг талаар хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр шинжилгээ хийх боломжгүй байсан. Тухайн өдөр шинжилгээ хийх боломжтой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Х.Б эмчээс тодруулж асуухад, рентгений эмч хонодоггүй, хонох бүрэлдэхүүнд рентгений эмч байдаггүй талаар тайлбарласан. Мөн рентгений эмчид үзүүлэх боломжгүй, био химийн цусны шинжилгээ аваад хариуг нэн даруй авах боломжгүй, зөв онош авах боломжгүй нөхцөлд ажиллаж байсан. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай шүүх эмнэлгийн хийсэн шинжээчийн дүгнэлт байдаг. Х.Б эмчийг нэр зааж цочмог ходоод гэдэсний үрэвсэл гэж оношлоод шинжилгээ төлөвлөн үзлэг оношилгоо хийгээгүй гэх шинжээчийн дүгнэлтээр буруутгасан үйл баримт байдаг. Гэхдээ гэрч, хохирогч нарын мэдүүлэг дээр Х.Б эмч үзлэг хийж, шинжилгээ төлөвлөж, хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргаж, гарааны эмчилгээ хийж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгээгүй атлаа шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дурдаж байна. Дутуу материалтай шинжилгээ хийсэн байж болзошгүй хардлага эргэлзээ төрж байна. Энэ мэдүүлгүүдийг хааш хийчихээд ийм дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Эрүүл мэндийн төвийн зохион байгуулалт, стандартаа зохих ёсоор мөрдөх боломжгүй. Стандартаа зөрчсөн гэдгийг дүгнэлтээр тогтоосон. Тасаг хоорондоо шилжүүлэхдээ яаж өвчтөнөө шилжүүлэх талаар тодорхойгүй, дүрэм журам байхгүй хэн шилжүүлэх, хэн яаж хүлээж өгөхийн практик дээр явж байгаа үйл ажиллагаа болохоор дотоод программаараа явуулж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 47 дүгээр талд эмнэлгийн чанарын албаны дарга Доржрагчаа мэдүүлэг өгсөн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурлаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хавтаст хэрэгт хавсаргагдсан тул дүгнэлтээр Х.Б-г буруутгасан, хугацаа алдсан, тактикийн хувьд алдаа гаргасан талаар дүгнээгүй. 2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар талд Х.Б-гийн албан тушаалын тодорхойлолт хавсаргасан. Уг тодорхойлолтоор тасагт хэвтүүлсэн өвчтөнийг тухай өдрийн эмч хариуцаж эмчлэхээр ямар ч заалт байхгүй. Үүнийг анхаарч нь зүйтэй. Албан тушаалын тодорхойлолтын дагуу Х.Б ажил үүрэг гүйцэтгэх ёстой. Ажлын байрны тодорхойлолтод эрэмбэлэн оношлоно гэсэн заалтууд байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээж аваад 8 хоногийн дараа хэдэн тасаг дамжаад, эмч дамжаад явж байгаад байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нас барсан өвчтөн шууд Х.Б-тэй холбох шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт буруутай эсэх дээр эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу цагаатгаж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б, Ё.Б нарыг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн 688 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хэргийн үйл баримтыг тогтоож хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Хэргийн тухайд прокуророос ач холбогдол өгч мөрдөн шалгах ажиллагааг хууль журмын хүрээнд явуулах талаар эрмэлзсэн. Учир нь, бага насны хүүхэд эндэж хохирсон үйл баримтад эмнэлгийн байгууллагын албан хаагчдын үйл ажиллагааны алдаа, стандарт, заавар журам мөрдөгдөөгүй нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалтай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Х эмчийг буруутгаагүй зэрэг зүйлийг дурдсан. Мөн шинжээчийн дүгнэлт буруутай, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хууль ёсны шаардлага хангаагүй гэж тайлбарладаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн, хүүхдийн өвчний талаар мэдлэггүй эмчээр шинжээчийн дүгнэлт гаргахад татан оролцуулсан, хуулийн шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа дутуу материал хүргүүлснээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан талаар гомдолдоо дурдаж байна. Мөн Х.Б албан үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхийн индэр дээрээс ярьсан. Энэ асуудалд анхан шатны шүүх хурал дээр хангалттай мэтгэлцэж оролцсон. Прокурорын зүгээс хэргийг шалгахдаа бүх арга хэмжээг тал бүрээс нь авсан. Энэ үйл баримтыг үнэлж дүгнэхдээ тусгай мэдлэг бүхий хүмүүсийг зайлшгүй оролцуулж, ямар үйл ажиллагааг эмнэлгийн ажилчид мөрдөж ажиллаагүй, хэн хэний буруутай үйлдлийн улмаас гэм хэрэг үйлдэгдсэн гэдгийг тогтоохын тулд 5 нь шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан. Үүнийг хохирогчийн болон прокурорын санаачилгаар хийсэн. Хүүхдийг эмчилж оношилсон өвчтөний түүх, бусад протокол, шаардлагатай бүх нотлох баримтууд, эмч нарын мэдүүлгийг хүргүүлсэн. Тухайн шинжээч эмч нар олон жил ажилласан туршлагатай эмч нар байсан. Эмч нарт холбогдох хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд шинжээчийн дүгнэлтийг гарсан. Шүүхийн шатанд шинжлэн судлуулсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Эмнэлгийн байгууллагын эмч нарын холбогдсон асуудал дээр өдөр тутмынх үйл ажиллагаандаа стандарт заавар журмыг зайлшгүй дагаж мөрдөж үйл ажиллагаа явагддаг. Прокурорын зүгээс зөвхөн шинжээч нарын дүгнэлтийг харгалзаагүй, хуульч хүний хувьд ямар заавар, журмыг эмнэлгийн байгууллагын ажилтан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах стандарт байдаг талаар судалсан. Шинжилгээний дүгнэлтээр эмчилгээ юунаас болж оройтсон, ямар стандарт журмыг мөрдөөгүй талаар дүгнэлтэд дурдсан. Үүнийг хууль зөрчиж хийлгэсэн шинжилгээ гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжилгээний байгууллагаас гадуур хийгдсэн ажиллагаа байгаа. Х.Б-гийн тухайд өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгсөн. Бид нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт гаргах үүрэгтэй, түүнээс биш ургуулж бодох ингэх байсан, ийм байдлаар хийх ёстой байсан гэдгийг мэдэх боломжгүй. Энэ асуудлыг зөвхөн нотлох баримтад тулгуурлаж мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэж дотоод итгэлээрээ гаргасан гэж харж байгаа. Хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд өвчтөний түүх авагдсан. 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр үзлэг оношилгоо хийгдсэн талаар бичигдээгүй гэж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан. Гэтэл хүүхдийг үзээд үзлэг оношилгоо хийгээд энэ талаар өвчтөний түүх дээр тодорхой дурдсан. Урьдчилан сэргийлэх зорилгоор ямар эм өгсөн талаар зөв дурдаж бичээд эрэмбэлэн ангилалтаа зөв хийсэн бол магадгүй эмчилгээ оройтохгүй, хүүхдийн амь насыг аварч үлдэх боломжтой нөхцөл байсныг мэргэжлийн шинжээч нар тогтоосон. Ганц шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар аваагүй. Өөр бусад гэрч нарын мэдүүлэг, эмнэлгийн байгууллага дотроо чанарын алба нь тухайн үйл явдлыг хэрхэн дүгнэсэн талаарх хурлын тэмдэглэл нотлох баримтаар нотлогдсон. Гэтэл бага насны хүүхэд 3 хоногийн турш эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсаар хохирсон. Хохирогчийн “Миний хүүхдийн биед тариа хийхэд миний охины биеэс цус биш шингэн зүйл гарч байсан” гэсэн мэдүүлэг байгаа. Үүнийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үнэлж дүгнээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэж амь хохирсон гэдгийг дүгнэж гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос,

Ё.Б, Х.Б нарын ажил үүргийг адил байсан мэтээр “...2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн .... настай, ....., Э.Э-ын биед үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс...” гэж тэдний үйлдлийн объектив шинжийг адилхан тодорхойлж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, өвчтөн Э.Э-ыг эмнэлэгт хүлээн авч, эмчилгээг бичиж, хийх шинжилгээг төлөвлөж, тасагт шилжүүлсэн эмч нь Х.Б, өвчтөн Э.Э-ыг хэвтсэн тасагт нь хариуцан эмчлэгч эмч нь Ё.Б байсан байхад 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өглөө ажлаасаа буусан Х.Бг “...2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд үзлэг, эмчилгээ огт хийгээгүйгээс...” гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэрэг дэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай “...2023.01.07-2023.01.09-ний өдрүүдэд эмчлэгч эмч болон жижүүрийн эмч нар үзлэг огт хийгээгүй тул уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч үжлийн байдалд орсон байна. Тиймээс хүлээн авч эмчилсэн Х.Б хүүхдийн оношийг буруу тогтоосон, эмчлэгч эмч Ё.Б уушгины хатгалгаа, үжлийн байдлыг хожуу оношилсон тул эмчилгээ оройтож хүүхэд нас баржээ...” гэсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-105/ гарчээ.

Энэ шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан 2023.01.07-2023.01.09-ний өдрүүд дэх эмчлэгч эмч нь хэн болох, жижүүрийн эмч нь хэн болох, хүлээн авч тасагт шилжүүлсэн эмч нь эмчлэгч эмч, жижүүрийн эмчийн алинд хамаарах зэргийг тодруулаагүй, тодруулсны эцэст эмч нарын ажил үүргийн хуваарь нэг бүрээр нь үйл ажиллагааг нь тодорхойлсон мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байна.

Тодруулбал, Монгол Улсын МNS 5095:2017 стандартын:

“...9.3.2. Үйлчлүүлэгчийг хүлээн авах анхан шатны маягтын дагуу бүртгэнэ. 9.3.3. Үйлчлүүлэгчийг хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө. ...” гэж хүлээн авахын эмчийн,

“…12.1.8. Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцана. ...” гэж жижүүр эмчийн үүргийг тодорхойлсон байна. Шүүх хуралдаанд Х.Б өөрийгөө тасагт гарах жижүүрийн эмч биш, Б.Х эмч ажиллаж байсан гэж байх ба 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр өвчтөн Э.Э-ын эмчлүүлж байсан тасагт жижүүр эмч Б.Х, 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр жижүүр эмчээр Ё.Б ажиллаж байсан байна.

2. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай “...Эмч Х.Б, Ё.Б нарын үйл ажиллагааны алдаанаас гадна өвчтөнийг эмчлэх тухай МNS 4621:2008 “Эрүүл мэндийн технологи: эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд-ийн 9-р хэсэг болон МNS  5095:2017-ын 12.1.9 зөрчигдсөн нь тухайн эмнэлгийн үйл ажиллагааны алдаа болно...” гэсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-105/ гарчээ.

Гэтэл тус дүгнэлтийг гаргасан шинжээч Б.А-ын “...миний оролцсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 870 дугаартай дүгнэлтийн 10, 11 дэх хэсэгт МNS 4621:2008 гэж бичигдсэн нь бичилтийн алдаа буюу хэрэгт уг стандартыг зөрчсөн зүйл байхгүй. Бичилтийн алдаа гарсан байна. Өвчтөн эмчлэх тухай МNS 5095:2017 стандартын 9-р хэсэг болон 12.1.9 дэх хэсэг зөрчигдсөн гэсэн үнэн зөв. ...” /1-р хх-ийн 107/ гэсэн мэдүүлгээр тус дүгнэлтийг үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тус дүгнэлтийг 5 шинжээч эмч хамтран гаргасан байхад 1 шинжээчийн мэдүүлгээр дүгнэлтийг заалтыг өөрчлөх боломжгүй.

Мөн өвчтөнийг эмчлэхэд гаргасан ..... дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа ...... эмнэлгийн үйл ажиллагааны алдааны талаар зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлууд бүрэн нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт хийх шаардлагатай гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Ё.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батсүх, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан “...гэм буруугүй...” гэсэн агуулга бүхий, иргэний хариуцагч ..... дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Б-ын гаргасан “...гэм хорын хохирлыг байгууллага хариуцахгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудын үндэслэлийг давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ё.Б, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ