| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2026/0002/З |
| Дугаар | 109/ШШ2026/0007 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 109/ШШ2026/0007
109/ШШ2026/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаал, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШЗ2026/0015 дугаартай “Нэхэмжлэлийн зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэж, үлдсэн хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.3. Улмаар уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2026/0173 дугаар тогтоолоор тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШЗ2026/0015 дугаар захирамжийг хэвээр үлдээсэн.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэж, багасгаагүй бөгөөд “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/55 дугаар тушаалаар “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний шилдэг Старт-Ап залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг ахлагч Б.М, гишүүд Ж.Э, Э.А, Б.Б, Г.Ж С.Б нарийн бичгийн дарга В.Г” гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. (Хавтаст хэргийн 80 дахь тал)
2.2. West method LLC, иргэн М.Н, Ч.Г нараас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, онооны шүүлтийн талаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус хандаж гомдол гаргажээ. (Хавтаст хэргийн 72, 74, 75 дахь тал)
2.3. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтэд “... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.10, 6.11, 6.12.5, 6.13, 6.15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь “Старт-Ап залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан байх тул” Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4 дэх заалтад заасныг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэв...” гэсэн байна. (Хавтаст хэргийн 115-119 дэх тал)
2.4. Иргэн Б.М Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ерөнхий газрын Ёс зүйн хороонд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хандаж гомдол гаргасан байна. (Хавтаст хэргийн 152-154 дэх тал)
2.5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ерөнхий газрын 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/1024 дүгээр албан бичигт “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М нь 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг Ёс зүйн дэд хорооны дарга Г.Б судлан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18.1 дэх хэсгийг баримтлан хариуг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 88007936 дугаарт холбогдон утсаар хариуг өгсөн болно” гэжээ. (Хавтаст хэргийн 151 дэх тал)
2.6. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаалаар “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь “Старт-Апп" залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан нь байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан байна.”
2.7. Нэхэмжлэгч Б.М Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаалыг эс зөвшөөрч маргаан бүхий уг тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж тус шүүхэд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
2.8. Нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3., 13 дугаар зүйлийн 13.1., 15 дугаар зүйлийн 15.1., 16 дугаар зүйлийн 16.1., Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасныг зөрчөөгүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
Гурав. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Старт-Ап” төсөл шалгаруулах үйл ажиллагааны товч Архангай аймагт жил бүр залуучуудын гарааны бизнесийг дэмжих Старт-Ап хөтөлбөр хэрэгждэг бөгөөд шилдэг хоёр багт 15,000,000 төгрөгийн 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2025 оны III улиралд уг хөтөлбөрийн сургалтын байгууллагаар “Нэгдмэл үйлс нэг сэтгэл” ТББ-ыг сонгон, 2025.09.04-ний өдрийн 01 тоот гэрээг байгуулан 8,000,000 (найман сая) төгрөгийн дэмжлэг үзүүлэн гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, хөгжүүлэг арга хэмжээг “Нэгдмэл сэтгэл нэг үйлс” ТББ-аар хэрэгжүүлсэн. Шалгаруулалтын үйл явц ба нэгдсэн дүн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7 шүүгчийн үнэлгээгээр дараах байр эзлүүлсэн шинэ технологи, ногоон ажлын байр бий болгосон, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ орон нутгийн брэнд бүтээгдэхүүн нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ баг өөрийн хүсэлтээр хасагдсан. Шүүгчид үнэлгээг бие даан, хараат бус байдлаар өгсөн бөгөөд бүх дүн сургалтын байгууллагаар нэгтгэгдсэн. Хөндлөнгийн нөлөөлөл, дарамт шахалт сургалтын байгууллагын ментор Б.Н нь “Номадс шим” төслийн М.Н-г илт дэмжиж энэ төсөл сайн байсан, бусад төсөл муу байсан гэх мэтээр шүүгчдэд нөлөөлж шүүгчид рүү турхиран “Номадс шим” төслийн М.Н-д шууд “гомдол гаргах эрхтэй" хэмээн зөвлөж гомдол бичүүлэн ХХҮГ-т тэр даруй өргөдөл бичүүлэн, өөрөө гэрээлэн хамтран ажиллаж байгаа “Нэгдмэл сэтгэл нэг үйлс” ТББ-аар биш, өөр аж ахуйн нэгж болох Westh Meth d LLC-ийн гүйцэтгэх захирлаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлд, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж төрийн албан хаагчийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд халдаж, илт харлуулах үйл ажиллагааг удаа дараа зохион байгуулан газрын дарга Х.А-тай хамтран оноог хүчингүй болгож “Номадс шим” төслийг 2-р байранд шалгаруул хэмээн удаа дараа дарамт учруулж эхэлсэн. Төслийн шалгаруулалтын дараа Архангай аймгийн ХХҮГ-ын дарга Х.А нь 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдөр өрөөндөө “Яагаад УБ хотоос төсөл авч болдоггүй юм, шүүгчид ээ цуглуулж энэ оноогоо өөрчил, эсвэл дахиж шалгаруулалт явуул, эсвэл чи оноогоо хүчингүй болго” гэх мэтээр дарамт учруулж, үг хэлээр доромжлон, шаардсан бөгөөд миний хувьд шүүгчдийн эцсийн дүн гарсан, оноог өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Миний бие ХХҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/55 тушаалаар зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж эцсийн шалгаруулалт эхлэхийн өмнө сургалтын байгууллагад Монгол улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ны А/50 дугаар тушаалын хавсралтын Зургаа. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны 6.1 дахь заалтаа барьж онооны хүснэгтийг гаргаарай гэж сануулсан боловч “Чи шинэ хүн, би мэдэж байна” гэх доромжлох өнгө аястай, доромжилсон, маргааны шинжтэй хариулт хэлсэн. Мөн ажлын хэсгийн ахлагчийн хувьд шүүгчдэд шударга шүүхийг сануулж “Шинэ технологи, инновац бүхий шилдэг санаа, санаачилга гаргаж, ногоон ажлын байр, өндөр ур чадвар шаардах болон технологийн ажлын байр бий болгох төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап” залуу, эсхүл залуучуудын хоёр баг”-ийг шалгаруулна хэмжээн журмын 6.1 дахь хэсгийг уншиж танилцуулан шалгаруулалтыг эхлүүлсэн болно. Сургалтын байгууллагын ментор Б.Нэргүй нь шүүгчдийн эцсийн шийдвэр гараагүй байхад орон нутгийн Старт-ап төслийг өгнө гэж амласан байж болзошгүй, хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг төслийн оролцогчид мэдэгддэг. Улмаар дарга Х.А нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг /7 шүүгчдийг/ дуудахыг 2 өдөр удаа дараа шаардаж 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цуглуулж уулзан “Ментор Б.Нэргүйг би танина, сайн ментор, та нар дахиж шалгаруулалтаа явуул, ажлын хэсэг дахиж хуралдаж оноо балаа өөрчил, эсвэл шүүгчийн оноог хүчингүй болго” гэсэн чиглэл өгсөн. Шүүгчид онооны эцсийн нэгтгэл, шийдвэрээ өөрчлөхгүй гэхэд үг хэлж буй шүүгчдийг загнаж, үг хэлээр доромжилсон болно. Бүрэн оноо өгсөн гэх үндэслэл журмыг мөрдөж “Nutag e commerce” баг нь “Шинэ технологи буюу веб сайт, гар утасны апп-ын код бичиж ашиглалтад оруулсан, шинэ технологийн инновац шингэсэн буюу бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл явц нь орчин үеийн дэвшилтэт технологи болон шинэлэг шийдлүүдийг агуулсан буюу хиймэл оюун ухаан, автоматжуулалтын систем, төлбөрийн гүйлгээний систем буюу карт, QR-аар гүйлгээ хийх
системтэй, хамгийн гол оноо “Ногоон ажлын байр” буюу Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүнүүд, болон цагаан идээ уг сайт, апп дээр тавигдаж Улаанбаатар хотоос худалдан авах, цаашлаад орон даяар, гадаадад экспортод худалдаалах боломжийг бүрдүүлсэн нь гэртээ болон хувиараа бизнес эрхэлж буй иргэн бүр, уг сайт, апп-аар дамжуулан онлайн худалдааны систем дээр үнэ төлбөргүй лангуутай болж худалдаа эрхлэн эхлэх нь ногоон ажлын байр өөрөө өөртөө бий болгох боломжийг бүрдүүлсэн байна, аймаг орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэнэ, худалдан авалт ихэснэ, QR системтэй тул ebarimt татварын системд холбогдож татвар төлөгдөнө, цагаан идээ, брэнд бүтээгдэхүүнүүд зөвхөн зах дээр зарагдахгүй онлайнаар хүргэлттэй ажиллах юм байна, цаашид хөгжүүлбэл хөдөө орон нутагт өмнө нь хэрэгжиж байгаагүй шинэ санаа, төсөл” гэж харсан. Ийм тул шүүгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд оноо өгсөн болно. Шүүгч өөрөө хараат бус байх ёстой зарчим байдаг бөгөөд хэн нэгэн этгээд шүүгчдийн эцсийн шийдвэр гараагүй байхад манай төслийг өгнө гэж амласан байж болзошгүй гэх хардлага төрж байна. AI AR interior AI баг нь шинэ технологи, инновац шингэсэн, хиймэл оюун ухаан ашиглан interior дизайны загвар гаргаж тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулж, тохижилт хийж ажиллах баг 2-р байранд шалгарсан. “Номадс шим”-ийн маркетинг менежерээр ажилладаг М.Н-н Сүхбаатарын талбайн зүүн талд, Сити Центерийн 1-р давхар-р давхарт үйл ажиллагаа явуулдаг, төсөл нь гарааны бизнес биш жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ЖДҮ-ээс зээл авсан, бараа бүтээгдэхүүн, хаяг, шошго нь үйлдвэрлэгдэж олон төрлийн бүтээгдэхүүн зах дээр дээр нийлүүлэгддэг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаггүй гэдгээ өөрөө танилцуулсан. Орон нутаг гарааны бизнесээ шалгаруулж байхад сургалт явуулах үүрэгтэй Б.Н нь 15 сая төгрөгийн 50% эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөлд хөндлөнгөөс оролцож төсөл авахыг улайрч төрийн байгууллагын үйл ажиллагааг доголдуулж, ТАХ-ын нэр хүндэд санаатайгаар халдаж, гүтгэж буй үйлдэл нь өөрөө ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж харж байна. Б.Н ментортой сургалт эхлэхэд анх удаа таарч байсан, хоёр дахь удаа эцсийн шалгаруулалтын цаг товлож 2 утсаар ярьж очих боломжгүй онлайнаар явуулъя гэх хүсэлтийн дагуу хугацаа бага байсан тул онлайнаар явуулсан, эцсийн шалгаруулалт дээр онлайнаар 7 шүүгчидтэй хамт оролцсон. Үүнээс өөр харилцаа үүсгээгүй байхад байгууллага болон иргэдийг дорд үзсэн, үл хүндэтгэсэн, ашиг сонирхолтой, мэдлэг чадваргүй гэх мэтээр гүтгэсэн болно. Миний бие ямар ч хууль журам зөрчөөгүй, харин ч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.2 дахь заалт, 11.3 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа”-ны 5.3 дахь хэсэгт заасан буюу “гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих санхүүгийн дэмжлэг” үзүүлэх үйл ажиллагаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний А/50 дугаар тушаалын “ЗУРГАА. САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-ны 6.1 дахь хэсэгт заасан “Шинэ технологи, инновац бүхий шилдэг санаа, санаачилга гаргаж, ногоон ажлын байр, өндөр ур чадвар шаардах болон технологийн ажлын байр бий болгох төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап” залуу, эсхүл залуучуудын хоёр багийг шалгаруулж, дэмжлэг олгоно" гэх заалтуудыг чанд мөрдлөг болгон авлига, ашиг сонирхлоос ангид байж, шударгаар, хуулийн дагуу ажилласан болно. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 14-нд газрын дарга Х.Алтантуяа нь AI AR interior AI-ийн төслийн санаачлагч Ч.Г-г албан өрөөндөө дуудаж уулзаад “шүүгчээр оролцсон Архангай аймаг дахь политехник коллежийн арга зүйч Б.Б-ны шүүгчийн хувийн задгай оноо засвартай байсан 2-ын тоог нэмээгүй байна, тэхээр “Номадс шим” төсөл чамаас 1 оноогоор илүү гарсан, чи 3-р байранд ороод хасагдлаа, шүүгчдэд гомдол гаргаж болно” гэж мэдэгдэн Ч.Г-н төслийг хасаж шийдвэр гаргасан ноцтой зөрчил үйлдсэн байна. Ингэж хасахдаа шүүгчдийн бүрэлдэхүүнд бүх бурууг өгч, шүүгчдээс болж чи хасагдсан гэж ойлголтыг өгсөн тул Ч.Г нь "энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна, шүүгчдийг шалгуулах” гэсэн утгатай өргөдөл гаргасан. Ингээд иргэн Ч.Ган-Эрдэнийн өргөдлийг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга дээр цохож арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байдаг. Улмаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/102 дугаар “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” тушаал гаргаж ажлын хэсгийг шинэчлэн байгуулан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/55 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тушаалд ажлын байрын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу төсөл хөтөлбөр шалгаруулах эрх бүхий албан тушаалтан томилоогүй, шинээр томилсон ажлын хэсгийн шийдвэрээр ашиг сонирхол үүсээд буй nomads shim төслийг 1-р байранд шалгаруулж, орон нутгийн старт-ап гарааны бизнес болох nutag.shop төслийг хасаж шийдвэрлэсэн болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр гомдол гаргасан westh meth d LLC-ийн гүйцэтгэх захирал Б.Нэргүй болон “номадс шим” төслийн М.Н нарын гомдолд бичсэн Б.М-н ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь “нотлох боломжгүй байна” гэсэн дүгнэлт гарсан нь ёс зүйн асуудалгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл болно. Гэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн В.Г-р ёс зүйн дэд хорооны хоёр гишүүн хамтран тайлбар бичүүлж “Албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах” буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. В.Га-н тайлбарт “Нийт шүүгч нарын онооны нийлбэрийг сургалтын багш цахимаар дэлгэц дээр харуулсан” гэх мөртлөө нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж буй нь хуульд нийцэхгүй шийдвэр гаргаж төрийн албан хаагчийг хохироож байна. ЁС зүйн дэд хороо В.Г-н гаргасан гүтгэлэг, тайлбарыг танилцуулаагүй, танилцуулах албагүй гэсэн хариу өгч, хариу тайлбар өгөх боломж олгоогүй, Б.Н, М.Н нарын гаргасан гомдлын гол шаардлагуудыг нотлогдоогүй гэж дүгнэсэн боловч, В.Г-н нотлогдоогүй, үндэслэлгүй тайлбар дээр тулгуурлан “Мэдээлэл нуун дарагдуулсан” гэх дүгнэлт гарсан нь буруу байна. Бодит байдал дээр шүүгчдийн оноо сургалтын байгууллагаар дэлгэцээр танилцуулсан, оноог удирдлагад танилцуулж, сургалтын байгууллагад ажлын хэсгийн тушаал болон уг нуун дарагдуулсан гээд байгаа шүүгчдийн оноог цахим шуудангаар нь илгээсэн ба нуун дарагдуулах ямар ч нөхцөл, боломж, санаатай үйлдэл байгаагүй, сонсох ажиллагаа дээр ёс зүйн дүгнэлт, сахилгын шийтгэл хоёрыг гарган харуулсан нь урьдаас төлөвлөсөн, буцааж хурааж аван одоо хүртэл албан ёсоор гардуулаагүй учраас надад эх хувь нь байхгүй байна. Мөн Х.А нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 26-ны өдөр сонсох ажиллагаа дээр уг шийдвэрийг гардуулсан нь хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/102 дугаар “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” тушаалаар Б.М миний ажлын хэсгийн ахлагчаар томилсон 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/55 тушаалыг хууль бусаар хүчингүй болгож, хүчингүй болгосон тушаалын шийдвэрээр “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дугаар “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025.12.25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Х.Ал-г албан тушаалаас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тасалбар болгон нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 сарын 25-ны 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэнийг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэн ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээ авагдсан болно. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
3.3. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргыг старт ап шалгаргуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон. 2 үе шаттай үйл ажиллагаа явдаг бөгөөд 1 дүгээр ээлжийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа дууссан. 69 оролцогч бүртгэгдсэн боловч харамсалтай нь 4 оролцогч ирсэн. 4 оролцогчоос 1 оролцогч гараад, 3 оролцогчоос 1, 2 дугаар байр шалгаруулна. Төслийн квот нь 2 учраас төслийн 2 дугаар ээлжийн шалгаруулалт явагдаж байх хугацаанд “Нэгдмэл сэтгэл, нэг үйлс” хэмээх манайх сургалтын байгууллагад 8,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. “Номадс” буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг кофе шоп 1 онооны дутуу гарч ирээд маргаан эхэлсэн. Старт ап бол шинэ санаа, санаачилга гаргасан, шинэ технологи, инновац шингэсэн ногоон ажлын байр бий болох санааг гаргаж ирсэн төсөлд олгоно. Түүнээс биш төслөө хэрэгжүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Мэдээж технологи шинэ инновац шингэсэн AI-д суурилсан ч юм уу, технологийн ногоон ажлын байр бий болох, өндөр хурд шаардах төсөл боловсруулсан старт ап залуу, эсвэл залуучуудын 2 багийг шалгаруулна гэж үйл ажиллагаанд заасан. Үүнийг би мөрдөж ажилласан гэж бодож байна. Шууд шүүгчдийн өмнө н.Н-ыг чи гомдол гарга гээд н.Н гомдол гаргасан. Дараа нь н.Н “Нэгдмэл сэтгэл, нэг үйлс”-ээрээ гомдол гаргасан. Тамгын газарт гомдол гаргасан. Дараагийн асуудал Х.А дарга 7 шүүгчийг бүгдийг нь дуудаж уулзсан. Ажлын хэсгийн ахлагч нь би болохоор Х.А дарга энэ төсөл рүү орох эрх байхгүй гэж харж байгаа. Яагаад гэхээр энэ дээрээс өөрөө ашиг сонирхлын зөрчил үүссэн харагддаг. Тэгтэл ажлын хэсгийг шинэчлэн байгуулаад, А/56 дугаар тушаалыг хүчингүй болгочхоод, миний хийсэн шалгаруулалт, үр дүн бүх зүйл дагаад хүчингүй болсон. Шинээр ажлын хэсэг байгуулаад, бүх зүйл шинээр явах ёстой. Гэтэл миний гомдол явсаар байгаад 12 сарын 26-нд шийдэгдэхээсээ өмнө Х.А дарга ажлаа хүлээлгэж өгөх өдрөө, ёс зүйн дүгнэлтийг гаргаж ирээд, арга хэмжээ авсан тушаалыг гаргаж өгсөн. Би энэ ёс зүйн дүгнэлт, тушаалуудыг одоо болтол эх хувиар гардаж аваагүй байгаа. Б.М нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй байна гэсэн ёс зүйн дэд хорооны дүгнэлт гарахад н.Г гэдэг хүнээр баахан юм бичүүлсэн. Энэ бичиж байгаа 3 хуудас юмыг ёс зүйн хороо надад үзүүлээгүй. Чамаас ашиг сонирхлыг зөрчил илэрсэнгүй. Гэвч н.Г гэх мэргэжилтний бичиж байгааг харах юм бол чи ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн. Ёс зүйн хорооны дүгнэлтээс харахад, 3 хуудсыг сайн ажиглах юм бол дунд нь Б.М дарга нь ямар ч ажил хийсэн ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг болно гэсэн өгүүлбэрийг 5-6 удаа энд, тэнд копидоод тавьсан байх жишээтэй. Ингээд процесс тайлбарлаад явж байснаа тэс хөндлөн өгүүлбэр Б.М дарга нь ямар ч ажил хийсэн ёс зүйн хариуцлага гаргадаг болно гэсэн нөгөө өгүүлбэрийг дахиад копидсон, ингээд процесс нь үргэлжлээд явж байх жишээтэй. Х.А дарга нь бичсэн байдаг. Намайг гүтгэж, яллахын тулд л бичсэн байдаг. н.Г өөрөө бичиж чадахгүй болохоор нь ёс зүйн хорооны 2 гишүүн нь очиж бичилцсэн байдаг. н.Г гэх хүн дараа нь даргын үүрийг орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа надтай огт уулзахгүй, зөрөөд яваад байсан. н.Ган-Эрдэнэ гэх хүний өргөдөл дээр байдаг. Х.А дарга н.Г-г дуудаад, “Номдас шим”-д төсөл өгөх гээд байгаа. 50%-ийн эргэн төлөлтэй учраас, 7,500,000 төгрөгийн цэвэр ашиг харагдаад байгаа учраас ингэж улайраад байгаа. Ажлын хэсгийн 7 хүний шийдвэр гарсан. Гэтэл Х.А дарга ашиг сонирхлын зөрчил үүсгээд, хөндлөнгийн ажлын хэсгийн 7 гишүүний шийдвэрийг үл хүндэтгээд өөрийнхөө нөгөө төслийг өгөх гээд улайраад байгаа. Онооны хувьд нуун дарагдуулсан юм байхгүй. Энэ арга хэмжээ авсан чинь угаасаа процесс дээрээ харагдаж байгаа. Шүүгчийн дэлгэцэд харуулсан оноогоо бүгд харсан. Майл хаягаар надаас нэхсэн. Тухайн үед майл хаягаар нь сканердаад явуулсан. Энд ерөөсөө нуун дарагдуулсан юм байхгүй. Даргад орж танилцуулсан. Харин харуулаад бүгдийг авчхаад, дараад нь нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авч байгаа нь өөрөө алдаатай байна гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тушаалыг хүчингүй болох шаардлага хэвээрээ. Нөгөө талд ашиг сонирхлын зөрчил үүсээд, хачир дээрээ өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй хүн нь би өөрөө юм шиг шүүхийн өмнө сууж байна. Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан, тэгэхдээ Захиргааны хэлтсийн дарга буюу хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэн манай байгууллагаас орсон байсан. Төсөл хөтөлбөр дээр чиг үүргийн хамаагүй хүмүүс орсон байсан. Би хохирч байна. Арга хэмжээ авхуулаад урамшуулал авч чадахгүй. Буруу юм хийсэн юм шиг яваад байдаг. Сонсох ажиллагаа ямар юм хийгээгүй байж гэнэт ажлаас чөлөөлөгдөх өдрөө, тэр өглөө нь мэдсэн. Маргаан бүхий энэ тушаал хүчингүй болчихвол надад маш их хэрэгтэй байгаа учраас хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан юм. Иймд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дугаар “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.А-г ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгоно гэсэн байгаа учраас сахилгын шийтгэлийг оногдуулсан байна. Маргаан бүхий актыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө тушаалаар арга хэмжээ авсан. Маргаад байгаа Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний даргын Б/81 дугаартай тушаалаар Б.М-д ёс зүйг хариуцлага хүлээлгэх, ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээг авсан. Энэ нь ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай ёс зүйн зөрчилтэй гэж дүгнэлтийг үндэслэсэн. Дүгнэлт нь хамтын шийдвэр учраас энэ дүгнэлтийг үндэслээд Б.М-д ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн арга хэмжээ авагдсан байна. Дүгнэлт гарахаас өмнө ёс зүйн хорооны тэмдэглэл, нотлох баримтууд албажуулсан байна. Мөн Б.М-с өөрийн тайлбарыг нь авч оролцоог нь хангуулж, дүгнэлтийг гаргасан байна гэж дүгнэсэн. Иймд хууль ёсны дагуу арга хэмжээ авагдсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь,
Нэг. Уг хэрэг, маргааны тогтоогдсон үйл баримтын тухайд
1.1. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/55 дугаар тушаалаар “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний шилдэг Старт-Ап залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг ахлагч Б.М, гишүүд Ж.Э, Э.А Б.Б, Г.Ж, С.Б нарийн бичгийн дарга В.Г” гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. (Хавтаст хэргийн 80 дахь тал)
1.2. West method LLC-с 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 11/01 дүгээр албан бичгээр “... Шилдэг старт ап шалгаруулах үйл ажиллагааг ажлын хэсгээс бүрдсэн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй шүүсэн бөгөөд шалгаруулалтад Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг зөрчиж, дараах үйлдлүүдийг гаргасан гэж үзэж байна. Үүнд иргэдийг ялгаварлан ханддаг, хунд суртал гаргадаг, мэдлэг, чадвар, удирдан зохион байгуулах ур чадваргүй, хамтран ажиллаж байгаа байгууллага болон иргэдийг дорд үздэг, үл хүндэтгэдэг, өөрийн албан тушаал эрх мэдлийн хүрээнд “Залуучуудын гарааны бизнесийн үйл ажиллагаанд илт нөлөөлж, ашиг сонирхлын зөрчлийн байж болзошгүй нөхцөл үүсгэсэн. Тус асуудлыг Төрийн албаны зөвлөлөөр шалгуулж, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн үнэ зөв байдлыг тогтоох, илэрсэн зөрчилд тохирсон сахилгын арга хэмжээ (сануулах, ажлаас чөлөөлөх хүртэл) авах, тухайн албан тушаалтанд төрийн ёс зүй, харилцаа, хариуцлагын сургалт, чиглүүлэг олгох, иргэд болон холбогдох байгууллагад уучлалт гуйлгах арга хэмжээ авахыг хүсье.” гэсэн гомдлыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж дараах гомдол гаргасан. Улмаар уг гомдлыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байна. (Хавтаст хэргийн 72 дахь тал)
1.3. Иргэн М.Н-с Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “... хэлтсийн дарга Мөнхболдын оролцогчдод болон надад илтэд ялгаварлал үзүүлж, оноотой танилцах хүсэлтийг амаар илэрхийлсэн боловч дургүйцэж, ёс зүйгүй, шударга бус байдал гаргаж, хүнд суртал үзүүлсэн болно. Тус газрын хэлтсийн дарга М-д хуульд нийцсэн арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлж байна...” гэж ханджээ. (Хавтаст хэргийн 75 дахь тал)
1.4. Иргэн Ч.Г-с Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн хороонд “... М дарга Nutag e comerce вэб ажиллахгүй зураг үзүүлж байхад харьцангуй дүгнэсэн гэж харж байна. Үүнийг харгалзан үзэж гишүүн 4 оноог хасаж шийдвэрлэж ёс зүйг сахиж өгнө үү” гэж хандсан байна. (Хавтаст хэргийн 74 дэх тал)
1.5. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтэд “... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.10, 6.11, 6.12.5, 6.13, 6.15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь “Старт-Ап залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан байх тул” Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэв...” гэсэн байна. (Хавтаст хэргийн 115-119 дэх тал)
1.6. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд “ёс зүйн дэд хорооны дарга Ч.М тодорхой нэр бүхий иргэдээс өргөдөл, гомдол ирсэн учраас энэ асуудал дээр нухацтай хандсан. Ёс зүйн дэд хороо нь дүгнэлтээ гаргаад томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий албан тушаалтан нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана. Үүний дагуу бид хүлээлгэн өгсөн” гэх тайлбар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Х.А “Бэст метод ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-с 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 11/01 тоот албан бичиг, мөн Старт-ап хөтөлбөрт оролцсон оролцогч М.Н Ч.Г нараас өргөдөл, гомдол ирсэн. Чиглэлийн дагуу Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Үүний дагуу дүгнэлт нь гарч байх шиг байна. Миний бие өнөөдрөөр /12 сарын 26/ тасалбар болгоод ажлаасаа чөлөөлөгдөж байна гэж, Б.М “... хуулийн дагуу шийдвэр гараагүй гэж үзэж байна. 14 хоногийн дотор дээд шатны байгууллагын ёс зүйн дэд хороонд гомдол гаргах эрхтэй байсан. Дээд газрын ёс зүйн дэд хороо шийдвэрлэж шийд нь гараагүй гэж” тус тус тайлбарласан нь тэмдэглэгджээ. (Хавтаст хэргийн 111-113 дахь тал)
1.7. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Х.А-г нийтийн албанаас халах хариуцлага тооцох тухай” Б/160 дугаар тушаалаар “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт албан тушаалаас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тасалбар болгон Х.А-д нийтийн албанаас халсан байна.” (Хавтаст хэргийн 120-121 дэх тал)
1.8. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаалаар “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Мөнхболд нь “Старт-Апп" залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан нь байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан байна.” (Хавтаст хэргийн 71 дэх тал)
Хоёр. Маргаан бүхий актын бодит болон хууль зүйн үндэслэлийн тухайд
2.1. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.2. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5., Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4., 16 дугаар зүйлийн 16.1.2.-т заасныг тус тус үндэслэсэн байна.
2.3. Маргаан бүхий актын бодит үндэслэлийн тухайд дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд: Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Мөнхболд нь “Старт-Апп" залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагджээ.
2.4. Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн В.Г Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хороонд гаргасан тайлбартаа “... ажлын хэсгийн дарга Б.М-д та үнэлгээний хуудсаа надад өгөөрэй би эх хувиар нь баримтдаа үднэ гэж хэлсэн. Тэгсэн би даргад үнэнийг хэлсэн тэр 24 оноо өгдөг хүн чинь би өөрөө энэ асуудлаа би өөрөө шийднэ, чи айх хэрэггүй гэж хэлсэн. Гэхдээ энэ асуудлыг ажлын хэсгийн гишүүдтэйгээ ярилцаад шийдэж болох байсан. Б.Мөнхболд дарга энэ асуудлыг тухайн үед нь ярилцаж шийдэж болох юмыг ярилцахгүй зугтсан, оноогоо нуун дарагдуулж энэ асуудлыг хүндрүүлсэн гэж үзэж байна...” гэж (Хавтаст хэргийн 62-65 дахь тал)
2.5. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд “... ХХҮГазрын дарга Х.А: Би тайлбар хийе. Өчигдөр би ёс зүйн дэд хороонд тайлбар хэлсэн. Тухайн үед сонгон шалгаруулалт маш хангалтгүй зохион байгуулагдсан. Зохион байгуулагдах, зохион байгуулагдахдаа маш хангалтгүй зохион байгуулагдсан. Тус арга хэмжээ зохион байгуулагдсан өдөр старт ап арга хэмжээнд хамрагдсан иргэнээс өргөдөл, гомдол ирсэн. Ажлын хэсгийн ахлагч ажлаа танилцуулах ёстой, бас үүрэгтэй. Би энэ хүний араас юу болов гээд утсаар залгасан. Тухайн үед ажил тарсан байсан нь үнэн. Гэхдээ маргааш нь ч оруулж ирээгүй, нөгөөдөр нь ч оруулж ирээгүй. Нилээд хэд хоногийн дараа би өөрөө дуудаж байж оруулж ирсэн. Оноо нь хаана байна. Юу болоод байна гэж ер нь хүн аливаа зүйлд хариуцлагатай, нэг чигийг барьж ажиллах, буруу зүйл хийвэл ямар хор уршигтай юм бэ гэдгийг харсан байх. Өөрийнх нь зохион байгуулсан ажил учир өөрөө ахиж зохион байгуулаад залруулахыг ажлын хэсэгт болон Б.М даргад хэлсэн. Болохоо байгаад албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар хүртэл өгсөн...” гэж тэмдэглэгдсэн байна. (Хавтаст хэргийн 112 дахь тал)
2.6. “Бэст метод” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан тайлбартаа “... Б.М нь өөрийн албан тушаалын эрх мэдлийн хүрээнд залуучуудын гарааны бизнесийн үйл ажиллагаанд илт нөлөөлж, ашиг сонирхлын зөрчлийн байж болзошгүй нөхцөл үүсгэжээ. Б.М нь өөрийн алдаа дутагдлаа нуун далдлах зорилгоор шалгарсан багуудад нөлөөлөх менторуудын нэр хүндэд халдах оролдлого хийсэн нь оролцогч багийн утасны войс бичлэгт бичигдсэн бөгөөд бусад 6 ажлын хэсгийн гишүүдийн оноолттой харьцуулахад Б.М нь шүүлт шалгаруулалтын оноо өгөх зарчмыг үндэслэлгүйгээр зөрчсөн илт ашиг сонирхол бүхий оноог тухайн багуудад өгсөн нотлох баримттай...” гэж (Хавтаст хэргийн 89 дэх тал)
2.7. Ёс зүйн дэд хорооны гишүүн Д.Д өргөдөл, гомдлын тайлбар танилцуулгад “... Тус газрын Ёс зүйн дэд хороонд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Вэст мэтод хөгжил байгууллагын ментор Б.Н-с Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь Шилдэг Старт-Ап залуучуудын багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтын явцад төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг зөрчиж дараах зөрчлүүдийг гаргасан гэсэн гомдол ирсэн. Иргэдийг ялгаварлан ханддаг, хүнд суртал гаргадаг, мэдлэг, чадвар, удирдан зохион байгуулах ур чадваргүй, хамтран ажиллаж байгаа байгууллага болон иргэдийг дорд үздэг, үл хүндэтгэдэг, өөрийн албан тушаал эрх мэдлийн хүрээнд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд илт нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй зөрчил үүсгэсэн асуудлууд тусгагдсан байна. Ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.М-с тайлбар авсан. Тайлбарт Б.Н, Б.М нарын хооронд үл ойлголцол үүссэн бие биеийнхээ ажлыг үгүйсгээд байгаа байдал байна уу гэж үзэж байна. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн В.Ганчимэгээс тайлбараас үзэхэд хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.М д нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1.-д “Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг үйлдлээр эсэргүүцэх” гэж, 8.2.4.-т “Албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах” гэснийг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. (Хавтаст хэргийн 101-103 дахь тал)
2.8. Ёс зүйн дэд хорооны дарга Ч.М-н “...өргөдөл гомдлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Мө-д холбогдох ёс зүйтэй холбоотой зөрчил дутагдал гэсэн гомдол мэдээллийн дагуу ёс зүйн дэд хороо тодорхой ажлуудыг зохион байгуулаад холбогдох хүмүүсээс хариу тайлбарыг авлаа гэж, Б.М-н “... та бүхнийг шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Би өөрийгөө ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзэж байна гэж тайлбарласан нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлд тусгагдсан байна. (Хавтаст хэргийн 107-110 дахь тал)
2.9. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлд “... 8.2.4 дэх заалтын хүрээнд Ч.М - нотлогдож байна, О.Лхагвасүрэн нотлогдож байна, Д.Д-нотлогдож байна, М.Д-нотлогдож байна, Ц.Б-нотлогдож байна гэсэн санал хураалтын дүн гарлаа. Ёс зүйн дэд хорооны дарга Ч.М Маргааш буюу 12 сарын 26-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргад гарсан шийдвэрээ танилцуулна.” гэжээ. (Хавтаст хэргийн 107-110 дахь тал)
2.10. Улмаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтэд “... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.10, 6.11, 6.12.5, 6.13, 6.15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь “Старт-Ап залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан байх тул” Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4 дэх заалтад заасныг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэв...” гэжээ. (Хавтаст хэргийн 115-119 дэх тал)
Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1. Маргаан бүхий Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5.-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4.-д “албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах;” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2.-т “Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;” гэж тус тус заажээ.
3.2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Х.Алтантуяаг нийтийн албанаас халах хариуцлага тооцох тухай” Б/160 дугаар тушаалаар “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт албан тушаалаас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тасалбар болгон Х.А-д нийтийн албанаас халсан байна.” (Хавтаст хэргийн 120-121 дэх тал)
3.3. Тасалбар болгох[1] гэдгийг Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт “дуусгавар, эцэс, төгсгөл, дуусгавар болгох” гэж тайлбарлажээ.
3.4. Дээрхээс үзвэл Тасалбар болгон гэсэн монгол хэлний үгийн санд байдаг үгийг үг зүйн үндсээр нь тайлбарлавал тухайн өдрийг дуусгаснаар буюу 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 цагаар тухайн өдөр дуусгавар болохоор ойлгогдож байна.
3.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.” гэж, 33.11.-т “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж тус тус зааснаас үзвэл Х.А-н тухайд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болон Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргыг үүрэгт ажлаас халагдаж байгаа нь уг өдөр тус газрыг төлөөлөн шийдвэр, тушаал гаргах эрх хэмжээтэй гэж үзнэ.
3.6. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Алтантуяа тасалбар болон халагдсан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөө “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаал гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
3.7. Нэхэмжлэгч Б.М “Старт-Ап" залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасан ёс зүйн зөрчил гаргасан болох нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл болон “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэх эсэх шийдвэр гаргах эрх хэмжээг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд тодорхой заасан.
3.8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно:” гээд, 8.2.4.-т “албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах;” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гээд, 16.1.1.-д “гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;” гэж, 16.1.2.-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;” гэж, 16.1.3.-т “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;” гэж, 16.1.4.-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.
3.9. Б.М Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4.-т албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах гэж заасныг зөрчсөн нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлт хүчингүй болсон зүйлгүй байна.
3.10. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Б.М-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” Б/81 дүгээр тушаалаар “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М нь “Старт-Апп" залуучуудын багийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн оноог нуун дарагдуулж, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулсан нь байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан байна.” (Хавтаст хэргийн 71 дэх тал)
3.11. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн Б.М-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчим болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16.1.2-т заасантай нийцэж байх тул хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.12. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заасан.
3.13. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гэж зохицуулжээ.
3.14. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид ёс зүйн шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал” байхаар заасан байна.
3.15. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М-н ёс зүйн зөрчилд шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон бөгөөд сонгох боломжийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.16. Маргаан бүхий захиргааны актын улмаас Б.М-н эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дөрөв. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд
4.1. Түүнчлэн нэхэмжлэгч “ ... 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа дээр шийдвэрийг гардуулсан нь хуульд нийцэхгүй. Сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэж тайлбарлаж байна.
4.2. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд “... Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Х.А “Бэст метод ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н- 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 11/01 тоот албан бичиг, мөн Старт-ап хөтөлбөрт оролцсон оролцогч М.Н, Ч.Г нараас өргөдөл, гомдол ирсэн. Чиглэлийн дагуу Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Үүний дагуу дүгнэлт нь гарч байх шиг байна. Миний бие өнөөдрөөр /12 сарын 26/ тасалбар болгоод ажлаасаа чөлөөлөгдөж байна гэж, Б.М “... хуулийн дагуу шийдвэр гараагүй гэж үзэж байна. 14 хоногийн дотор дээд шатны байгууллагын ёс зүйн дэд хороонд гомдол гаргах эрхтэй байсан. Дээд газрын ёс зүйн дэд хороо шийдвэрлэж шийд нь гараагүй гэж” тус тус тайлбарласан нь тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.-д заасны дагуу явагдсан гэж үзнэ. (Хавтаст хэргийн 111-113 дахь тал)
4.3. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн “... сонсох ажиллагаа явуулаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4., 16 дугаар зүйлийн 16.1.2.-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.М-с хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008, 1934 дэх тал