| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/15468/И |
| Дугаар | 197/ШШ2025/14279 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/14279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Доржийн гудамжны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:, Говогт Г.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Яармаг наадамчдын зам гудамжны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух РД:, О овогт Э.Т-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 939.036 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Э.Тд холбогдуулан 939.036 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
3.Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов.Миний бие Э.Ттэй 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн байрыг түрээсэлсэн. Түрээсийн гэрээгээр төлбөрөө сар бүр төлнө гэж тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Э.Т ар гэрийн гачигдлын улмаас төлбөрөө хугацаандаа өгдөггүй байсан. Миний зүгээс эхнэртэйгээ хоёулаа байдаг залуу гэр бүл гээд хойшлуулж явсаар 05 дугаар сар хүрсэн. Ингээд бид нар байр хүлээлгэж, хүлээн авсан акт үйлдэж, төлөгдөөгүй бүх дүнгээ ярилцаж тэмдэглээд гэрээг цуцлаж нотариатаар баталгаажуулан гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан гэж тайлбарлав.
4.Хариуцагч Э.Т 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд биечлэн ирж нэхэмжлэлээ гардан аваад хариу тайлбараа ирүүлээгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлж, утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Э.Ттэй 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, New life garden хотхоны 0 дугаар орц, 0 дугаар давхар, 27.66 метр квадрат талбайтай, 000 тоот,1 өрөө орон сууцыг түрээслэж суухаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 1.200.000 төгрөгөөр тооцож, төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор мөн ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцжээ.
8.Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
9.Дээрх хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зохигчид 4+1 буюу 4 сарын барьцаа авч, нэг сараар төлбөр төлөх нөхцлийг 3+1 буюу 1 сарын барьцаа аваад 3 сарын төлбөрөө төлснөөр бодож 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр түрээсийг төлөхөөр тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.
10.Зохигчдын хооронд орон сууцны түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаа талаар маргаан үүсэж, гэрээг цуцлаж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ дууссан акт-аар хариуцагч 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэл дулаан, цэвэр бохир усны төлбөр 1.075.830 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарын цахилгааны төлбөр 153.206 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-20-ны өдрийг хүртэл 20 хоногийн түрээсийн төлбөр 800.000 төгрөгийг нийт 939.036 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
11.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Тээс 939.036 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА