| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 317/2025/00115/И |
| Дугаар | 197/ШШ2025/02429 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02429
2025 03 13 197/ШШ2025/02429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б /РД:00/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э /РД:НВ94102119/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,275,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д/ҮД:00/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Б-нь хариуцагч Г.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,275,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч Э.Б нь Г.Э-тай 2012 оноос хойш 2020 он хүртэл хамтран амьдарсан. 2020 оноос Сононгос улсад Э.Б явж хоорондоо холбоотой байсан боловч 2023 оны 01 сарын сүүлээр ярилцаж тохиролцон цаашид холбоогүй болсон. Солонгост байх хугацаандаа Э-ад гуйлтаар болон зээлээр мөнгө шилжүүлдэг байсан. Үүнээс зөвхөн зээлсэн мөнгөө нэхэмжилж байгаа. Үүнд 2021 онд 7 сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 9 сарын 02-ны өдөр 370,500 төгрөг, 10 сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 11 сарын 29-ний өдөр 120,500 төгрөг, 11 сарын 20-ны өдөр 122,000 төгрөг, 11 сарын 07-ны өдөр 190,000 төгрөг нийт 2,337,500 төгрөг, 2022 онд 1 сарын 12-ны өдөр 350,000 төгрөг, 1 сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 1 сарын 19-ний өдөр 188,000 төгрөг, 1 сарын 27-ны өдөр 250,000 төгрөг, 7 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 11 сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 12 сарын 06-ны өдөр 900,000 болон 2,150,000 төгрөг нийт 4,838,000 төгрөг, 2023 оны 01 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлж зээлүүлсэн. Г.Э-ын гуйлтаар S21 ultra загварын утсыг Солонгос улсын үнэ буюу 800,000 вон буюу 2,000,000 төгрөгөөр, цэргийн зарлан хаах гэсэн юм гэж 800,000 төгрөг тус тус авсан. Нийт 10,275,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл буцааж өгөх үүрэг хүлээгээгүй буюу нэхэмжлэгчээс хариуцагчид тодорхой хугацаанд өгөөд, хариуцагч нь тодорхой хугацааны дараа нэхэмжлэгчид өгөх харилцаа огт үүсээгүй тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2012 оноос 2020 он хүртэл хамт амьдарч байгаад 2023 онд огт харилцаа холбоогоо тасалсан гэж дурдсан байдаг. Тэгэхээр хамт амьдарсан 8 жил, харилцаа холбоотой байсан нийт 11 жилийн хамтын амьдралтай байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдыг хамтын амьдралтай байсан талаар маргадаггүй. Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд гэрлэгчид бие биеэ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг. Хэдийгээр гэрлэлтийн албан ёсны баталгаа байхгүй ч олон жил хамтын амьдралтай байсан учраас бие биеэ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Бхариуцагч Г.Э- нар нь 2012 оноос 2020 оны хүртэл нэг гэрт хамт амьдарсан, 2020 оноос 2023 оныг хүртэл харилцаа холбоотой байсан болох нь хариуацагчийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн маргаангүй тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Бхариуцагч Г.Э-ын дансанд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 2021 онд 5 удаагийн гүйлгээгээр нийт 1,967,000 төгрөг, 2022 онд 8 удаагийн гүйлгээгээр нийт 4,838,000 төгрөг, 2023 онд 300,000 төгрөг шилжүүлсэн болох нь Э.Билгүүн, Г.Э- нарын дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-7-18, 40-102,110/
Э.Б-ээс S21 ultra загварын утсыг өгсөн, Г.Э-ад авсан талаар хэн аль нь маргаагүй байна.
Хариуцагч Г.Э-ын данснаас нэхэмжлэгч Э.Билгүүний дансанд 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 23 удаагийн гүйлгээгээр 8,871,000 төгрөг шилжүүлсэн болох нь Г.Э-ын дансны хуулгаар тогтогдож байна. /хх 40-102,110/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог. Хэргийн баримтаар зохигч талуудын хүсэл зоригийн дээрх илэрхийлэл тогтоогдоогүй ба мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нь зээлийн гэрээ байгуулагдсаны нотолгоо болохгүй.
Нэхэмжлэгч Э.Бхариуцагч Г.Э-ын дансанд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 2021 онд 5 удаагийн гүйлгээгээр нийт 1,967,000 төгрөг, 2022 онд 8 удаагийн гүйлгээгээр нийт 4,838,000 төгрөг, 2023 онд 300,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Г.Э-аас нэхэмжлэгч Э.Билгүүний дансанд 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 23 удаагийн гүйлгээгээр 8,871,000 төгрөг шилжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийн үнэ бүхий S1 Ultra маркийн гар утсыг хариуцагчаас нэхэмжилсэн ба тухайн гар утас нь 2,000,000 төгрөгийн үнэ бүхий болохыг, төлбөрийг авахаар тохиролцсон болохыг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн 800,000 төгрөгийг цэргийн зарлан хаахаар өгсөн болохоо нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан ба зохигчид 2012 оноос 2023 оны 01 дүгээр сарыг дуустал гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байжээ.
Зохигч Э.Б, Г.Э- нар нь 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хамтын амьдралтай байх хугацаандаа амьдралын хэрэгцээ шаардлагаар харилцан мөнгө, эд хөрөнгө өгч байсан байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь мөнгө, эд зүйл хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 179,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э-аас 10,275,500 /арван сая хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 179,358 /нэг зуун далан ёсөн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН