| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03145/И |
| Дугаар | 197/ШШ2025/02433 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02433
2025 03 13 197/ШШ2025/02433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: Номин дэлгүүр
Гэм хорын хохиролд 3,953,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Номин супермаркет ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин супермаркет ХХК-ийн Жуков салбарын үүдний хэсэгт унаж гараа хугалсны улмаас гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 313,500 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 3,640,000 төгрөг, нийт 3,953,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Баянзүрх дүүрэгт байрлах Номин супермаркет дэлгүүрээр 2024.01.19-ний өдөр үйлчлүүлэх гээд явсан. Гүйдэг шатаар гарах гэтэл гацуур буулгаж байна нөгөө хаалгаар үйлчлүүл гэсэн. Нөгөө хаалгаар нь орох гэж байгаад халтираад гараа хугалсан. Тухайн үедээ гайгүй байх гээд ажил дээрээ очоод байж байхад гар өвдөөд байсан. Буцаж дэлгүүр дээр нь очоод гэмтлийн эмнэлэгт хүргээд өгөөч гэхэд хүргэж өгсөн. Эмнэлэгт зургаа авхуулаад үйлчлүүлээд харьсан. Тэр өдөр дэлгүүрийн эрхлэгч Баярмаа гэдэг хүн надад тусалж эм тариа авч өгсөн. Тухайн үед эмч хагалгаанд ороод зөрүүгүй болго гэсэн боловч гайгүй байх гэж бодоод хагалгаанд ороогүй. Ингээд цалингүй байх хугацааны мөнгөө нэхэмжлээд хуулийн зөвлөх рүү нь яриад тусалж үзүүлээч гэхэд боломжгүй гэсэн. Гар гайгүй болоод Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад манай шүүхийн харьяалал биш гээд буцаасан. Би 6 сар ажлаа хийхгүй байж болох байсан ч гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй учраас 2 сар болоод ажилдаа орсон. Энэ ажилгүй байсан 2 сарын цалин, эмчилгээ үйлчилгээний зардлаа нэхэмжилж байна. Камерын бичлэг 2 сарын 22-ны өдөр авах гээд очиход байгаа гэсэн боловч удирдлага руугаа ярьснаа болохгүй юм байна гээд өгөөгүй. Байгууллагын босго дээр намайг өөрөө тээглэж унасан гэж худлаа бичсэн байна лээ. Тэнд ямар ч босго байхгүй. Цас орсон байхад үүдэндээ юу ч тавиагүй байсан. Үүдэндээ цас орчихсон байхад ямар нэг зүйл тавьдаггүй юм уу гэхэд цаас тавихаар хүний хөлөөр хөдлөөд болдоггүй гэж хэлсэн. Миний гар одоо ч эдгээгүй хөхрөлттэй явж байна. Эмчилгээний зардалд 313,500 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 3,640,000 төгрөг, нийт 3,953,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгч шаардлага дээрээ мөстлөгийн улмаас халтирсан гэж бичсэн байсан. Тухайн үед мөстлөг үүссэн байсан эсэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, үүнийгээ нотолно уу. Үнэхээр мөсөн дээр халтирч унасан нь тогтоогдвол хохирлыг төлөх боломжтой. Манай хуулийн зөвлөхтэй уулзсан байсан. Тухайн үед хуулийн зөвлөх тайлбарлахдаа өөрт учирсан хохирлын баримтаа гаргаж өгвөл хохирлыг барагдуулна гэж хэлсэн боловч нэхэмжлэгч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх, мөн гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.
Нэхэмжмлэгч Д.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн цаг агаарын мэдээгээр хасах 16 градус цастай байсан ба дэлгүүрийн үүдний хэсэг мөстсөн халтиргаатай байсан учир би унаж гараа хугалсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн цаг агаарын мэдээ /хх-23 дахь тал/-нд тухайн өдөр хасах 16 градус цастай байсан гэх баримтаар Номин супермаркет ХХК-ий Баянзүрх дүүрэгт байрлах Номин супермаркет дэлгүүрийн үүдэнд халтиргаа үүссэнийг цэвэрлээгүй, цэвэрлэх үүргээ биелүүлээгүй хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ байна гэж дүгнэх үндэслэлгүй тул Номин супермаркет ХХК нь гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна.
Иймд Номин -иас гэм хорын хохиролд 3,953,500 төгрөг гаргуулах тухай Д.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э ийн нэхэмжлэлтэй, Номин супермаркет ХХК холбогдох, гэм хорын хохиролд 3,953,500 /гурван сая есөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78,206 /далан найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН