Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00763

 

 

М.Н-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Н-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч НД ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээг М.Н-тай хууль, журмын дагуу нөхөж байгуулахыг даалгах, даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч М.Н- нь НД ХХК-д холбогдуулан даатгалын гэрээг М.Н-тай хууль, журмын дагуу нөхөж байгуулахыг даалгах, даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

М.Н- нь НД ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр лангууны барааны үлдэгдлийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 403,000 төгрөгийн даатгалын хураамж төлсөн. Даатгуулсан нийт хөрөнгийн үнэлгээ нь 31,000,000 төгрөг бөгөөд даатгуулагчийн түрээсэлж байсан газарт 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаа хулгай гарч, 2020 оны 4 дүгээр сард НД ХХК-аас даатгалын нөхөн төлбөр авахаар өргөдөл гаргахад тус компани 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4-2/425 тоот албан бичгээр “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гар утас алдсан гэх ... материалуудыг судалж үзэхэд 3130102709 тоот хөрөнгийн даатгалын гэрээний хураамж төлөгдөөгүй байх тул ... татгалзаж байна” гэх хариуг өгсөн. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал, нөхөн төлбөрийн албаныхантай уулзахад 2 дахь удаагийн хулгайн тохиолдолтой холбоотойгоор албан ёсны хариу бичгээр өгөхөөс татгалзсан. Гэвч хуульч Л.Өлзийбат нь 89885120 утасны дугаараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхмандахтай холбогдож эхний удаа 10,000,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахтай холбогдож 15,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгох тухай санал тавьж байсан. Даатгалын хураамжийг НД ХХК-ийн Төв аймгийн Зуунмод дахь салбарын ажилтан Г.О-од өгсөн, Г.О- цааш төлсөн нь даатгуулагчийн санхүүгийн программын бүртгэлээр тогтоогддог. Даатгагчийн гаргаж байгаа дээрх үйлдэл нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн даатгалын багц дүрмийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 5 дугаар зүйлийн 5.4.6-т “Даатгалын баталгаанд даатгуулагчийн овог, нэр, нас, хүйс, даатгалын эрсдэл, нөхөн төлбөрийн нөхцөл, хасалт, даатгалын хураамж, даатгалын үнэлгээ, даатгагчийн хаяг, холбоо барих утсыг заавал тусгасан байна”, 5.5.9-т “Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох заалтыг даатгалын гэрээнд тусгасан байна” гэснийг тус тус зөрчсөн бөгөөд энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд зөрчлийн гомдол гаргахад НД ХХК-ийг хууль, даатгалын багц, журам зөрчсөн үндэслэлээр торгууль ногдуулсан. Иймд НД ХХК нь даатгалын гэрээг даатгуулагчтай байгуулсан атлаа даатгалын баталгааг өгч, гэрээг өгөөгүй тул НД ХХК-д М.Н-тай даатгалын гэрээг Иргэний хууль болон дээрх журамд заасны дагуу нөхөж байгуулахыг даалгах, даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

М.Н-тай байгуулсан Хөрөнгийн даатгалын гэрээгээр даатгуулсан эд хөрөнгөд  хоёр удаагийн хулгайн халдлага гарч даатгалын тохиолдол үүссэнийг үгүйсгээгүй. Эхний тохиолдол буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан хулгайн тохиолдлын дараа НД ХХК-д нэхэмжлэгч М.Н- нөхөн төлбөр авах хүсэлтээ ирүүлснийг судалж үзэхэд манай компанийн Төв аймаг дахь салбарын ажилтан Г.О- нь М.Н-ы эд хөрөнгийг даатгах тухай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №3130102709 дугаартай хөрөнгийн даатгалын баталгааны хуудсыг өгөхдөө хөрөнгийн эзэмшигч буюу иргэн М.Н-аар гарын үсэг зуруулаагүй н.С- гэх хүнээр гарын үсэг зуруулан даатгалын хураамжийг авалгүй орхисон. Даатгалын тохиолдол гарсан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дээрх баталгааны хуудастай холбоотой ямар нэг хураамж төлөгдөөгүй, М.Н- даатгалын хураамжийг НД ХХК-ийн дансанд байршуулаагүй, төлөөгүй болох нь санхүүгийн бичилт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон учир Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасныг үндэслэл болгож, нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Хоёр дахь удаагийн тохиолдол 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарах үед мөн хураамж төлөөгүй нөхцөл байдалтай байсан учир дахин бичгээр хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн. Санхүү зохицуулах хорооноос НД ХХК-ийн дотоод үйл ажиллагаандаа хэрэглэдэг үндэсний бүртгэлийн программ буюу ИРП систем дээр даатгалын хураамж, тухайн даатгалын гэрээ нь одоо хүчинтэй гэсэн төлөвтэй, хураамж төлөгдсөн гэсэн бүртгэлтэй байгаа боловч санхүүгийн анхан шатны баримтуудаар энэ нь тогтоогдохгүй байна гэж санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон зөрчлийн хэргийг дууссаны дараа прокурорт хүргүүлэх 1 дугаартай тогтоолд дурдаж, харин Даатгалын тухай хуулийн 8.6, 9.1.6, 4.1, 8.6-д даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ, даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагч танилцуулах хуулийн заалтыг зөрчсөн, 14.1 дэх хэсэг даатгалын үйл ажиллагааг зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна гэсэн заалтын дагуу, багц дүрмийн 5.4.6 буюу даатгалын баталгаанд даатгуулагчийн овог, нэр, эрсдэл зэргийг тусгах гэсэн үүргээ биелүүлээгүй. 5.5.9 буюу нөхөн төлбөр олгоогүй бол алданги тооцох заалтыг гэрээнд тусгаагүй гэсэн үндэслэлүүдээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу НД ХХК-д 1,500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож торгууль тавигдсан. М.Н- даатгалын хураамж төлсөн нь баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж, нөхөн төлбөр олгоогүй гэдэг асуудлаар торгуулийн арга хэмжээ тооцоогүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 431 дүгээр зүйлийн 431.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч НД ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,500,000 төгрөг болон даатгалын гэрээг нөхөж байгуулахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт мөн нэхэмжлэгч М.Н- даатгалын хураамжид 403,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газраас Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1 тоот тогтоолд “...байгууллагын дотоод ИРП программд бараа материалын даатгалын 31301102709 тоот гэрээ хүчинтэй төлөвтэй, гэрээний дэлгэрэнгүй мэдээлэлд даатгалын хураамж төлөгдсөн төлөвтэй” гэж тусгасан зэргээр тогтоогдож байна.

Гэтэл байгууллагын дотоод хэрэгцээнд ашигладаг ИРП систем нь зөвхөн гэрээний бүртгэл, дугаарлалт хийх зориулалттай программ хангамж бөгөөд энэ нь нэхэмжлэгч талаас хариуцагч НД ХХК-ийн дансанд даатгалын хураамж төлөгдсөн гэдгийг нотлох баримт болж чадахгүй. Даатгалын хураамж төлөгдсөн эсэх нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдох ёстой бөгөөд нэхэмжлэгч М.Н-ы зүгээс НД ХХК-ийн дансанд даатгалын хураамж төлөгдсөн талаар ямар ч үйл баримт байхгүй, хавтаст хэрэгт даатгалын хураамж төлснийг нотлох ямар ч баримт хавсаргагдаагүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан ИРП программын зурган нотлох баримтаас харахад тус программын урсгал тохиргоо нь “Даатгалын ажилтан өөрөө батлах” гэсэн тохиргоотой байх ба даатгалын ажилтан Г.О- нь нэхэмжлэгч М.Н-тай байгуулсан даатгалын гэрээг өөрөө үүсгэж, өөрөө илгээж, өөрөө баталсан байна. Тиймээс ИРП программд бараа материалын даатгалын гэрээ хүчинтэй төлөвтэй, даатгалын хураамж төлөгдсөн төлөвтэй байгаа нь НД ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны үйлдлээр баталгаажаагүй, зөвхөн даатгалын ажилтан Г.О-ын үйлдлээр баталгаажсан харагдаж байгаа ба энэ нь даатгалын хураамж төлөгдсөнийг нотлох баримт болохгүй юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч М.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу НД ХХК-ийн санхүүгийн тайлан, банкны харилцах дансны хуулга зэрэг баримт материалд иж бүрэн шалгалт хийсэн бөгөөд хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1 тоот тогтоолд “Даатгалын хураамж төлөгдсөн нь баримтаар тогтоогдохгүй байна” гэж дурдсан.

Даатгуулагчийн зүгээс даатгалын хураамж төлөгдөөгүй учраас хариуцагч НД ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт заасан “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй” гэснийг үндэслэл болгон даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс даатгалын хураамж төлөгдсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэснийг харгалзаж үзээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ биелүүлээгүй, мөн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн зарчмыг хангалгүйгээр шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс “хариуцагч НД ХХК-аас нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгох” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч НД ХХК-д холбогдуулан

1.1. Даатгалын гэрээг М.Н-тай хууль, журмын дагуу нөхөж байгуулахыг даалгах,

1.2. Даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг,

1.3. Алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-3, 57/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. НД ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М.Н-ы 31,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны лангууны барааг даатгаж, даатгалын баталгаа олгожээ./1хх6/

 

А.2. М.Н-ы түрээсэлж байсан лангуунд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр,

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд хулгай орж, даатгалын тохиолдол үүссэн талаар талууд маргаагүй. /1хх1-3, 57/

 

А.3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1 тоот тогтоолд “...байгууллагын дотоод ИРП программд Бараа материалын даатгалын 31301102709 тоот гэрээ хүчинтэй төлөвтэй, гэрээний дэлгэрэнгүй мэдээлэлд даатгалын хураамж төлөгдсөн төлөвтэй” гэж тусгажээ. /1хх219-221/

 

А.4. Алдангид 15,500,000 төгрөг гаргуулах болон даатгалын гэрээг нөхөж байгуулахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

В. Зохигч М.Н- даатгалын хураамжид 403,000 төгрөг төлсөн эсэх асуудлаар маргаантай байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Н- нь даатгалын хураамж төлсөн нь даатгалын баталгаа, даатгуулагчийн санхүүгийн программын бүртгэлд туссан байдал, санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын дүн, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.  

 

Хариуцагч байгууллагын программ хангамж дээр даатгуулагч М.Н- нь даатгалын хураамж төлсөн төлөв бүртгэлтэй байгаа үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

Харин “санхүүгийн анхан шатны баримтуудаар энэ цахим төлөв давхар тогтоогдохгүй байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч М.Н-ы “даатгалын хураамжийг ажилтан Г.О-од бэлнээр төлсөн” гэх тайлбар нь дээрх программ хангамжид төлөгдсөн төлөвтэйгээр бүртгэгдсэн байдлаар давхар нотлогдож байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримтуудаа бүрдүүлэх нь хариуцагчид хамаарах үүрэг юм.

 

Даатгалын гэрээнд М.Н-ы ажилтан н.С- өөрийг нь төлөөлж гарын үсэг зурсанд нэхэмжлэгч маргаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1 дэх хэсэгт зааснаар даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй. Даатгалын төлөөлөгч Г.О-ын үйлдлээр даатгалын хураамж төлөгдсөнийг баталгаажуулсан байна.

 

Иймд даатгалын нөхөн төлбөрт 31 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулж  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Мөн анзыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хураамж төлсөн нь нотлогдоогүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД