Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/05832

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г гаргасан,

Хариуцагч: НШШГГ 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , гэрч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/01489 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ГХ2024/01605 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Г.Г төлбөрөө төлөөгүй байна.

 

3.   2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24280761/150-03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 00 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай, нэгж талбарын 00 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай газруудыг битүүмжилж, тус тус тэмдэглэл үйлджээ.

 

4.   Улмаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн000 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор 00 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай, нэгж талбарын 00 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай газруудыг тус тус хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.

 

5.   Төлбөр төлөгч, газар эзэмшигч нь хураагдсан хөрөнгөд үнийн санал өгсөн боловч төлбөр авагч нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч байгууллага 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/65 тоот тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн 0000 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай, нэгж талбарын 000 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай газрууд хөрөнгийн үнэлгээ тус тус хийлгэж, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

 

6.   Шинжээчид нь газрыг зах зээлийн жижиг үнийн хандлага, харьцуулан зэрэгцүүлэх аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК нь тус бүр 19,353,707 төгрөг нийт 38,707,415 төгрөгөөр үнэлгээ тогтоожээ.

 

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн 2 газар нь баригдаж байгаа төслийн 69 айлын орц гарц учир тэдний эрх ашиг хөндөгдөхөөр байгаа мэдээллийг шинжээч төлбөр төлөгчтэй холбогдож аваагүй, төлбөр төлөгчөөс мэдээлэл авах, байлцуулах шаардлагатай журмаа зөрчснөөс тухайн газруудын талаар мэдээлэл аваагүй, тул үнэлгээг хүчингүй болгоно уу гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

 

8.   Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу бусад үнэлгээний байгууллагаар үнэлүүлж харьцуулсан нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд шийдвэр гүйцэтгэгчийг мэдээллээр хангах үүрэгтэй, Г.Г шийдвэр гүйцэтгэгчид эд хөрөнгийнхөө талаар мэдээллээ өгөөд үнэлгээ тогтоох ёстой шүү гэдэг мэдэгдлийг Г.Г удаа дараа мэдэгдээд үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилох тухай сануулаад мэдэгдэл өгсөн. Тэгэхээр мэдээллээр хангах үүрэг өөрт нь байгаа. Мөн бодитоор байгаа эд хөрөнгийг шинжээч үнэлнэ гэхээс ирээдүйд бий болох эд хөрөнгийг төлөвлөж гэж маргасан.

 

9.   Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, 10.2. Үйлчлүүлэгчийн үүрэг. 10.2.1-д хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах гэж хуульчилсан, шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/65 тоот тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон тухай Г.Гатмөмөрт мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн /хх-56/, шинжээчээр томилогдсон Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаан оруулах зориулалтад нийцүүлж, худалдан борлуулах зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь үнэлгээ хийх зорилготой нийцжээ.

 

10.   Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс бага гэх баримт ирүүлээгүй.

 

11.   Иймд хураан авсан хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.   Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 00  дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай, нэгж талбарын 000 дугаартай эзэмших эрхтэй 699 м.кв талбайтай газруудын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН