Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/07081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.О д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч гэрээний үүргийг биелүүлсэн тул гэрээний дагуу үлдэгдэл 1,800,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Иргэн Б.О-той 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу Б.О нь Д ХХК-ийн рекламын дүрийн хувцас дизайныг гаргаад өөрийн материалаар хувцас хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх ажлуудыг хариуцаад нийт ажлын хөлс 6,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Урьдчилгаа 4,200,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Б.О нь гэрээний 4.1-д заасан захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, эрхийн болон чанар байдлыг доголдолгүй ажлыг компанид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар захиалагч талдаа хүлээлгэж өгөөгүй.

Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, ажил гүйцэтгэх гэрээний нэг дэх заалтуудыг тус тус үндэслэн гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж.

Сөрөг нэхэмжлэлийн тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон.

Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хувцсыг хүлээж аваагүй, хүлээлцсэн тухай баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-д зааснаар бид О тэй хийгдэх үүрэг цаашаа ашиггүй болсон учраас бид гэрээнээс татгалзаж болно. Б.О нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.8-д заасны дагуу ажлыг чанартай материалаар хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэвч хуульд заасны дагуу Б.О ийн ажлын үр дүн цаашид ашиглах боломжгүй байсан учраас хүлээж аваагүй. Энэ тухай албан бичгээр Б.О д мэдэгдсэн. Тухайн үедээ ажлаа гүйцэтгэсэн гэж 9 сард аваагүй төлбөрөө одоо нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хариуцлага яриад эхэлж байгаа энэ үед бид хийсэн байна нээрээ гэж авах нь өөрөө цаг хугацааны хувьд ямар юм бол доо. Тийм учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 350 дугаар зүйлийн 350.1.8, 353 дугаар зүйлд заасан зүйл заалтын дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

3. Хариуцагч тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д  ХХК-тай хувцасны дизайныг гаргахад 2,500,000 төгрөг, гаргасан дизайны дагуу хувцас хийхэд 3,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийн гэрээг дизайныг 14 хоногийн доторхувцас хийх ажлыг 14 хоногийн дотор хийх нийт хамгийн багадаа 28 хоногийн дотор энэ ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд ажлын гүйцэтгэл хүлээн авах ажилтан нь Тэнгис түүний [email protected] хаягаар ажлыг хүлээлцэхээр тохиролцсон. Ингээд 09 дүгээр сарын 12-нд хуралдаад дизайны ажил дуусаад хувцас хийж гүйцэтгэх ажил эхэлсэн. Ингээд 09 сарын 16-ны өдөр хувцсаа авсны дараа 09 сарын 17-ы өдөр зураг авалт болсон талаар чатаар зураг авалтын талбай дээрх зургийг явуулсан байдаг. Хувцас авч явснаас хойш Б.О тэй дахин холбогдоогүй. Хувцасны ямар нэгэн доголдол байгаа тухай шаардлага амаар болон бичгээр нэг ч удаа нэхэмжлэгч талаас тавиагүй, гэрээ цуцалсан, гэрээнээс татгалзсан талаар бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Мөн Сүндэръяатай байгуулсан гэрээг харахаар 1,700,000 төгрөг байдаг, гэтэл манайхтай 6,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүн яагаад ингэж буурсан нь тодорхойгүй. Мөн Б.О ийн гаргасан загварыг одоо хүртэл зар сурталчилгаандаа ашиглаж байж юу ч хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл 1,800,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарласан.

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Талуудын маргааны зүйл нь ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгсөн ажлын доголдлын талаар болон гэрээг цуцалсан, татгалзсан талаар байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.

6.Зохигч талууд 2024 оны 09 сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.О тэй 2024 оны 09 сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ddishman Удаанбаяр буюу 2 дүрийн хувцас дизайны дүрийг гаргаж өгөх 2,500,000 төгрөг, Ddishman хувцас 3,500,000 төгрөгөөр хийж өгөх /хавсралт/ зэрэг ажлуудыг тус бүр 14 хоногт, нийт 28 хоногийн дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, биет байдлын болон эрхийн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, гэрээний нийт үнэ 6,000,000 төгрөгийн урьдчилгаанд 4,200,000 төгрөгийг, актаар ажил хүлээлцсэний дараа ажлын 3 хоногт үлдэгдэл 1,800,000 төгрөгийг төлөх, ажлыг Д ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн Э.Тэнгис хүлээн авах ба түүний мэйл хаяг болон гар утасны мэдээллийг дурдаж ажил хүлээлцэхээр харилцан тохиролцжээ.

Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт Ddishman Удаанбаяр буюу 2 дүрийн хувцас дизайны дүрийг гаргах гэж гэрээнд заасан боловч Ddishman буюу 1 дүрийн дизайн гаргахаар тохиролцсон гэж мэдүүлж маргаагүй.

6.2.Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний нэг дэх заалтад заасны дагуу цуцалсан, татгалзсан гэж тайлбарласан.

Гэвч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Гэрээ цуцлах тухай албан бичиг /хх 11/ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэсэн шаардлагыг хангаагүй, хариуцагчид гэрээг цуцалсан, татгалзсан талаар баримт хүлээн авч танилцаагүй гэж тайлбар гаргасан, нэхэмжлэгч хариуцагчид хүргүүлсэн болохоо нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд гэрээг цуцалсан, татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

6.3. Хариуцагч гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан ба энэ нь шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу Б.О ийн мэйлд хийсэн хариуцагч Б.О ийн мэйлээр гэрээнд заасан ажил хүлээн авах Д ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн Э.Тэнгисийн мэйлд 2024 оны 09 сарын 12-ны өдөр дизайны зургийг хүргүүлсэн, хариу мэйл ирээгүй байгаа үзлэг, Э.Т, Т нарын хооронд харилцсан инстраграм чатаар хийсэн хувцасны примеркийг жүжигчинд өмсгөж үзүүлсэн, лого хийх талаар ярилцсан, жүжигчин өмссөн байгаа зургийг илгээсэн зэрэг 9 сарын 7-ны өдрөөс 17-ний өдрийг хүртэл чатад шүүхээс үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч хувцасны дизайн гаргаж, хийж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

6.4. Нэхэмжлэгчээс хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д Гэрээлэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг Монгол улсын хууль, дүрэм, журам, норм, стандартын шаардлагад нийцүүлэн, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, биет байдлын болон эрхийн доголдолгүй ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд Компанид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан тул ажил хүлээн авах акт үйлдээгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс хариуцагчид хийгдсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь бусадтай дахин тухайн ажлыг хийлгэхээр гэрээ хийсэн нь ажил доголдолтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Б.О д холбогдуулан гаргасан Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор,

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Д ХХК-иас хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.О д олгохоор шийдвэрлэв.

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг, хариуцагч Б.О ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43,750 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.О д олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Б.О д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 4,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Д ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.О д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг, хариуцагч Б.О ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43,750 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.О д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН