Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00810

 

ХХ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТС ХХК-д холбогдох,

5,902,945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Барилгын туслах материал түрээслэх 19-262 тоот гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,208,630 төгрөг,

1.2. Алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг гаргуулна.

1.3. Хариуцагч талд худалдсан 4,160 ширхэг барааны үнэ болох 1,090,000 төгрөг, нийт 5,902,945 гаргуулна.

ХХ ХХК нь ТС ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19-262 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, булан, труба, хэв гэх мэт нийт 290 ширхэг бараа материалыг түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. түрээсийн төлбөрт 3,208,630 төгрөг, алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг, мөн хариуцагчаас хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 50*120 хэв 6 ширхэг, 2м цагаан турбо 1 ширхэг, 6 м цагаан турбо 9 ширхэг, 60*120 хэв 4 ширхэг нийт 20 ширхэг бараа дутаасан. Хариуцагч талаас алга болгосон учраас актлуулъя гэж хэлсэн учраас манайх актлаад нийт төлбөр дээрээ оруулсан. Дутсан бараа материалын төлбөр болох 788,400 төгрөг, мөн 21 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан тул 366,000 төгрөг болж байна. Бараа материал хүлээлгэн өгөхдөө түрээсийн гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу гэмтлээ тооцсон. 21 ширхэг бараа материал гэмтэл учруулаад 336,000 төгрөг буюу гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь 3,208,630 төгрөг, алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг болж байгаа.

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээд түрээсийн төлбөр урьдчилж төлж явах ёстой байсан учраас бид ТС ХХК-ийн төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт суутгасан. Нийт түрээсийн төлбөр нь 7,147,230 төгрөг гарсан. Хариуцагч худалдан авалтын бараа материалыг хүлээн аваагүй гэж маргаж байна. Гэрээ байгуулсан этгээдийн гарын үсэгтэй зарлагын баримт дээр хүлээж авч байгаа баримт нь байна. Борлуулалтаар материал хүлээн авчихаад огт аваагүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч ТС ХХК-аас 5,902,945 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ХХ ХХК-тай 2019 онд гэрээ байгуулж барилгын туслах материал түрээсэлж авсан. Авсан материалаа буцааж өгсөн. Бараа материалыг 2 сар илүү хэрэглэсэн учраас түүний төлбөрт 1,800,000 төгрөгийг төлсөн. Анх түрээслэх үедээ л 788,000 төгрөгийн бараа материалыг аваад 780,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8000 төгрөгийг төлөөгүй. Манайх актаар бараа хүлээж авсан, тухайн үедээ 1,483,000 төгрөг, 780,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийг төлсөн. Хугацаа хэтэрсний 1,800,000 төгрөгийн төлбөрийг төлөөд асуудал дууссан. Гэмтлийн төлбөрийг бол хүлээн зөвшөөрч байна. Анх 688,000 төгрөгийн материал худалдаж авсан, 1,090,000 төгрөгийн бараа бол аваагүй,  акт дээр тодорхой байгаа. Тухайн үед хүлээлгэж өгөхөд асуудал болсон бол нэхэмжлэгч компани акт үйлдээд гарын үсэг зуруулаад авдаг. Тиймээс манайх төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас гэмтлийн төлбөр 336,000 төгрөг, дутуу төлсөн 8,000 төгрөг, нийт 344,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТС ХХК-аас 2,420,230 төгрөгийг гаргуулан ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,482,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,397.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТС ХХК-аас 53,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх, үйл баримт нотлох баримтыг зөв дүгнээгүй.

Шүүх 1,090,000.00 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Иймд 3,482,715.00 төгрөгийг /дотор нь 1,090,000.00 төгрөг багтаж байгаа/хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 290 ширхэг барилгын туслах материал түрээсэлсэн, 4160 ширхэг бараа материал худалдаж авсан нийтдээ төлбөрт 5,063,000.00 төгрөг төлсөн зэрэг үйл баримттай маргаагүй. Нэхэмжлэгч тал 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Пин-богино 1000 ширхэг, богино дэгээ 100 ширхэг, урт дэгээ 80 ширхэг, 50-тай 800 ширхгийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр богино дэгээ 100 ширхэг, урт дэгээ 80 ширхэг, 50-тай 1000 ширхгийг, Пин-богино 1000 ширхгийг тус тус нийт 4,160 ширхэг 1,090,000 төгрөгийн үнэ бүхий барааг борлуулалтаар хариуцагчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нь түрээсийн бараа материалыг 20 хоногийн хугацаатай түрээслэхээр авсан боловч хугацаа хэтрүүлж 81-169 хоног хүртэл ашиглаж түрээсийн гэрээний сунгалтын төлбөрөө төлөөгүй байсан тул тохиролцон 1,090,000 төгрөгийн төлбөрийг түрээсийн төлбөрт суутган авсан. Иймд 1,090,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож нэхэмжлэгчид олгохоор шийдэж өгнө үү.

4.2. Мөн шүүх 788,400 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон.

Шүүх 788,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо энэ талаарх баримт үйлдээгүй, хэрэгт авагдсан баримт байхгүй гэж үзсэн.

Тус дутаасан бараа материалыг хариуцагч нь алга болгосон тул актлуулж түрээсээ зогсоолгох хүсэлт гаргаж 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон түрээсээ зогсоосон. Хэрэв акталсан гэж шүүх үзэхгүй бол уг дутаасан бараа материалд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл түрээс тооцох үндэслэл үүснэ. Иймд актын төлбөр нэхэмжилсэн нь түрээс зогсоосон өдөр тооцоогоор тогтоогдож байгаа тул 788,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож нэхэмжлэгчид олгохоор шийдэж өгнө үү.

4.3. Алданги 1,604,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийг алданги тооцож гаргуулан авах эрхтэй байна гэж үзсэн боловч хариуцагчийн төлбөр төлөлт хэзээ төлөгдсөн эсэх тодорхойгүй байна гэж үзсэн.

Хариуцагч болон нэхэмжлэгч тал төлбөр төлөлт дээр огт маргаагүй, алданги тооцож эхэлсэн огнооноос өмнө төлсөн гэдэг нь маргаангүй юм. Мөн алданги тооцсон хариуцагчийн гүйцэтгээгүй үнийн дүнд гэмтэл, актын төлбөр багтсан, гэрээний 7.2-т түрээсийн гэрээний төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөрийг хамааруулан ойлгохоор заасан. Гэмтэл, актын төлбөр нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул тус дүн дээр алданги тооцох бүрэн үндэслэлтэй. Нийт зөвшөөрөхгүй дүн 3,482,715.00 төгрөг болно.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ТС ХХК-д холбогдуулан

1.1. Талуудын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19-262 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,208,630 төгрөг,

1.2. Алданги 1,604,315 төгрөг нийт 4,812,945 төгрөг,

1.3. Хариуцагч талд худалдсан 4,160 ширхэг барааны үнэ болох 1,090,000 төгрөг нийт 5,902,945 гаргуулахаар шаардсан.

 

Дээрх хариуцагч талд худалдсан барааны үнэ болох 1,090,000 төгрөгийг дараах байдлаар задлаж тайлбарласан. Үүнд:

1.3.а. Хариуцагчаас хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 20 ширхэг барааг дутаасан. Дутсан бараа материалын төлбөр болох 788,400 төгрөг,

1.3.б. Мөн 21 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан тул 366,000 төгрөг.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.1. дутуу төлсөн 8000 төгрөг, 1.3.б. гэмтээсэн барааны төлбөрт 336,000 төгрөг, нийт 344,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 90/

 

А. Хэрэгт дараах үйл баримт маргаангүй тогтоогджээ. Үүнд:

А.1. Зохигч 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19-262 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ХХ ХХК нь түрээслэгч ТС ХХК-д барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эгүүлэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

                                                                                                                                  /хх8-11/

 

А.2. Мөн гэрээгээр ХХ ХХК нь ТС ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6 нэр төрлийн 240 ширхэг, 981,000 төгрөгийн барилгын туслах материалыг 20 хоногийн хугацаанд түрээслүүлэхээр, 4 нэр төрлийн 1,980 ширхэг, 502,000 төгрөгийн барилгын туслах материалыг борлуулахаар, 50 ширхэг 60х1 20-н хэвийг 16 хоногийн хугацаанд түрээслүүлэхээр, 4 нэр төрлийн 2,180 ширхэг 588,000 төгрөгийн барилгын материалыг борлуулахаар өгсөн нь зарлагын баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх14/

 

А.3. Мөн хариуцагч тал уг 290 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөхдөө 50x120 хэв 15 ширхгийн фанер цоолсон, 50x120 хэв З ширхэгт гагнуур хийх засвартай, 60x120 хэв З ширхэг фанер цоолсон нийт 21 ширхэг бараа гэмтэлтэй хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний 7.4-т заасны дагуу нэхэмжлэгч гэмтлийн төлбөрийг хүснэгтээр тооцсон.

 

Нэрс

Хийгдэх засвар

Тоо

Нэгж засварын үнэ

Нийт дүн

1

Хэв,50*120хуучин

фанер солих

15

18,000

270,000.

2

Хэв,50*120хуучин

Гагнуур хийх

3

2,000

6,000.

3

Хэв,60*120хуучин

фанер солих

3

20,000

60,000.

4

3

 

21

 

336,000.

 

Хариуцагч бараа материал гэмтээсэн төлбөр 336,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

А.4. Хариуцагч ТС ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барьцаа 1,000,000 төгрөг, барилгын туслах материалын үнэ 1,483,000 төгрөг, нийт 2,483,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 780,000 төгрөг, мөн 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх14/

 

А.5. Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу 11 нэр төрлийн барилгын туслах материал түрээсэлсэн, 8 нэр төрлийн 4,160 ширхэг барилгын туслах материалыг худалдан авсан, хариуцагч дээрх гэрээний төлбөрт 5,063,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй.

 

А.6. Анхан шатны шүүхээс ТС ХХК-аас 2,420,230 төгрөгийг гаргуулан ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,482,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгчийн “түрээсийн нийт дүн 7,147,230 төгрөгөөс нийт төлсөн 5,063,000 төгрөгийг хасч тооцохоос гадна акталсан барааны төлбөр 788,400 төгрөг гэмтээсэн барааны төлбөр 336,000 төгрөгийг тус тус нэмж тооцоход хариуцагчийн хүлээх үүрэг 3,208,630 төгрөг үлдэж байна” гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч “дутуу төлсөн 8,000 төгрөг, гэмтээсэн барааны төлбөр 336,000 төгрөгөөс” бусад хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

В.2. Зохигч алданги тооцох эсэхэд маргаантай байна. Нэхэмжлэгч нь “Гэрээний 7.2 дахь хэсэгт түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,3 хувийн алданги төлнө гэж заасан тул үлдэгдэл төлбөр 3,208,630 төгрөгийн 50 хувиар буюу 1,604,315 төгрөгийн алдангийг” нэхэмжилсэн бол хариуцагч “төлбөр дууссан” гэж маргасан.

 

В.3. Нэхэмжлэгчийн “290 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх үеийн тооцооноос хариуцагч нь 50x120 хэв 6 ширхэг, 2м труба 1 ширхэг, 6м труба 9 ширхэг, 60x120 хэв 4 ширхэгийг нийт 20 ширхэг бараа дутааж алга болгосон бөгөөд үүний нийт үнэ 788,400 төгрөгийг төлүүлнэ” гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч маргасан. 

 

В.4. Нэхэмжлэгчийн “Худалдан авалтаар нийт 4,160 ширхэг 1,090,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг авсан боловч төлбөрөө төлөөгүй” гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч “анх 688,000 төгрөгийн материал худалдаж авсан, акт дээр тодорхой байгаа. Түүнээс 1,090,000 төгрөгийн бараа бол аваагүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг болон маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч анзын талаарх гэрээний зохицуулалтад холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээс В.3 буюу 20 ширхэг бараа дутааж алга болгосны үнэ гэх 788,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь “20 ширхэг бараа дутааж алга болгосон” гэж баталж байгаа талд нотлох үүрэг ногдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараас өөр баримтгүй байна. Иймд “ 20 ширхэг барааг акталсан талаар баримт үйлдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гарсан  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Түүнчлэн В.4 буюу “4,160 ширхэг барилгын туслах материал борлуулсны төлбөрт 1,090,000 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь энэ талаар мөн л нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараас өөр баримтгүй байна.

 

Нэхэмжлэгчийн В.1 буюу “хариуцагчийн хүлээх үүрэг 3,208,630 төгрөгийн үлдэгдэлтэй” гэх байр суурийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж, 2,420,230 /2,084,230+336,000/ төгрөгийг хариуцагч ТС ХХК-аас гаргуулахаар заасан. Учир нь хариуцагчийн нийт хүлээх үүрэг 7,147,230 төгрөгөөс төлсөн 5,063,000 төгрөгийг хасч дутуу төлсөн гэх 8,000 төгрөгийг нэмж тооцоход 2,092,230 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2,084,230 төгрөгөөр тодорхойлсон тул 2,420,230 төгрөгийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Харин В.2 буюу анзад холбогдох шаардлага 1,604,315 төгрөгөөс хариуцагчийн төлбөл зохих 2,420,230 төгрөгийн 50 хувиар анз тооцон 1,210,115 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Талууд гэрээндээ анзын талаар тохиролцсон, хариуцагч өнөөдрийг хүртэл үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг 2,420,230 төгрөг+ анз 1,210,115 төгрөг, нийт 3,630,345 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 5,902,945 төгрөгийн нэхэмжлэлээс 3,630,345 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 1,090,000.00 төгрөг+788,400 төгрөг +анзын зөрүү 394,200 төгрөг, нийт 2,272,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2,420,230” гэснийг “3,630,345” гэж, “3,482,715” гэснийг “2,272,600” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “53,673” гэснийг “73,035” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД