| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0464/э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ө.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оточ овогт Өлзийбатын Золбоод холбогдох эрүүгийн “1811014300536” дугаартай, 186/2018/0464/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, “Ач тус” эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 12 дугаар гудамжны 89/б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө.Золбоо /РД:УЦ88090455/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ө.З нь 2018 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 12 дугаар гудамжны 89/б тоот гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Болормаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоолойг нь боож, түүний биед уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ө.Знь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Болормаагийн:....би Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 12-89Б тоотод өөрийн нөхөр, хадам эх Оюунгэрэл, хадам эцэг Өлзийбат нарын хамт амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 12-89 Б тоотод манай нөхөр Золбоо намайг зодсон. Нөхөр бид хоёр 1 нас 6 сартай эрэгтэй хүүхэдтэй. Өнөөдөр манай нөхөр бид хоёр ажиллаа тараад гэртээ ирсэн. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь би нөхөр Золбоог хүүгээ ав гэсэн чинь Золбоо надруу хүүхдийн живх авч шидсэн. Тэгэхээр нь буцаагаад Золбоо руу шидсэн чинь Золбоо надруу ирээд миний хүзүүг багалзуурдаж, ор нь дээрээс татаж унагаагаад хивсэн дээр намайг чирсэн. Тухайн үед манай гэрийн нэг давхарт хадам эх Оюунгэрэл, хадам эцэг Өлзийбат нар байсан. Тэгээд хадам эх, эцэг хоёр байшингийн хоёр давхарт гарч ирээд юу болоод байгаа талаар Золбоо бид хоёроос асуусан. Тэгэхээр нь би танай хүү Золбоо намайг зодчихлоо гэсэн чинь хадам эх зодоогүй байна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би хүзүү, хөлөө харуулсан чинь хадам эх, хадам эцэг хоёр хүүхдээ аваад намайг зайл гэсэн. Тэгээд би хувцас, хүүхдээ аваад явах гэж байсан чинь хадам эцэг Өлзийбат намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний тэсвэр алдаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх 11-13/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунгэрэлийн:...Болормаа бол манай хүү Золбоогийн эхнэр байгаа. Тэр хоёр хамт 3 жил орчим амьдарч байгаа. Манайд нөхөр бид хоёртой хамт амьдардаг. Манай хүү маань эмч мэргэжилтэй. Бэр маань жаахан түргэн ууртай. Сая эмч нарын баяр болох үед хүү маань 1-р эмнэлгийн эмч нартай уулзчихаад ирье гэхэд нь Болормаа уурлаад тэрнээс хойш нэг л хоорондоо харьцаа муутай байсан. Тэгээд сая 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ ирээд хоолоо хийж байхад Болормаа ирсэн. Тэгээд их дурамжхан, ханиалгаад байхаар нь бие нь муу байна уу, хоол идээрэй гэхэд за гээд дээшээ өрөө рүүгээ орсон. Манай хүү орой ажлаасаа ирсэн. Тэгээд нөхөр бид хоёртой, хүүтэйгээ мар мар хийж байгаад орой унтлаа гээд хүүгээ аваад дээшээ гарсан. Тэгээд хүүгээ ээжид нь өгсөн байлгүй. Тэгээд удалгүй түр тар хийгээд явсан. Нөхөр бид хоёр шууд дээшээ гарсан. Тэгэхэд Болормаа орныхоо хажууд шалан дээр уйлчихсан сууж байсан. Золбоо хажууд нь зогсож байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ та нар чинь гэтэл Болормаа би цагдаа дуудна гээд байсан. Удалгүй цагдаа дуудсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг. /хх-24/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Өлзийбатын:..Болормаа бол манай хүү Золбоогийн эхнэр тэр хоёр хамт 3 жил орчим хамт амьдарч байгаа. Манайд хамт амьдардаг. Бэр маань жаахан түргэн ууртай. Ер нь бол хэрүүл маргаан болоод байх шалтгаан байхгүй. Яагаад тийм асуудал үүсгээд байдгийг сайн мэдэхгүй. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бэр маань дээд давхарт унтаж байсан юм байна лээ. Хүү маань ажлаасаа тарж ирээд байж байгаад унтах гээд хүүхдээ тэврээд дээд давхарт гарсан. Тэгээд хүүхдээ авч унт гэхэд чи өөрөө авч унт гээд л маргалдсан бололтой байсан. Тэгээд түр тар хийгээд эхнэр бид хоёр дээшээ гарахад танай хүү намайг зодлоо цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь дууд дууд шийддэг замаараа шийдүүлье гэсэн. Тийм л зүйл болсон. Зодсон цохисон юм ажиглагдаагүй гэх мэдүүлэг. /хх-26/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6000 тоот актын:
1. Н.Болормаагийн биед уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ байна.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, өргөдөл /хх-8/, хохирогчийн мэдүүлэг /хх 11-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, хохирогч Н.Болормаагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-54/, шүүгдэгч Ө.Золбоогийн хэргийг хялбаршуулсан журамаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-55/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ө.Знь 2018 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 12 дугаар гудамжны 89/б тоот гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Болормаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоолойг нь боож, түүний биед уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Болормаа, гэрч О.Оюунгэрэл, Б.Өлзийбат шүүгдэгч Ө.Золбоогийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Золбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Болормаа нь шүүгдэгч Ө.Золбоогоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, өөрийн сайн дураар эвлэрсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оточ овогт Өлзийбатын Золбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ө.Золбоог 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Золбоод оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ө.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Золбоод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ