Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/61                                                         ******* сум

 

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Б.Б /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 2428000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ...сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. хорооллын .. тоотод хохирогч Г.У-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Чонос овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 651,900 /зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан АгкЫ нэртэй 1 ширхэг шил, Адаг нэртэй 2 ширхэг шил, Риге1еа нэртэй хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн 12 см урт бариултай, ажлын хэсэг нь 12 см урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-д 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээж ирсэн.

Гагцхүү хохирогчийн зүгээс түүнд чиглэсэн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх бүрэн бодитой дүгнэлт хийж ялын хэмжээг тогтооход харгалзан үзээгүй байна.

Иймд Б.Б-д оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж 4 жил 9 сарын хугацаагаар тогтоох өөрчлөлтийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоол оруулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогчид хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн шинжтэй зүйл хэрэглэсэн бол 5-12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгчид хамгийн бага ял буюу 5 жилийн ялаас 5 жил 3 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугийн байдал дээр нь шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Б.Б нь холбогдсон хэрэг нөхцөл байдлын талаарх тайлбар мэдүүлгээ өгсөн. Ингэхдээ Г.У гэдэг хүнтэй найз нөхөд, танилын харилцаа холбоотой байдаг. Тухайн өдөр хамт архи ууж байсан. Тухайн үед хиам, мах идэхэд хэрэглэж байсан хутгыг Г.У эхэлж аваад над руу гаргаж ирсэн. Мөн дээрээс нь ууж байсан архи руу нулимаад уу гэж хэлээд заналхийлж, дарамтлаад байсан гэх зүйлийг ярьдаг. Энэ нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой дүгнэлт хийж, хянаж шалгасан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ч энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Энэ нөхцөл байдал нь хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаа байсан эсэх, энэ нь бүр цаашилбал сэтгэл санаа цочрон давчдах чиглэл рүү санаа сэдэлт өөрчлөгдөх ийм зүйлчлэлийн ялгамж гаргах зохицуулалт байж болох энэ нөхцөл байдлуудыг нарийн тодруулаагүйгээр дүгнэлтүүдийг хийсэн.

          Хоёрдугаарт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Б-ийн зүгээс өөрийн хохирлын үлдэгдэл болох 651,900 төгрөгөө төлж барагдуулах гээд өөрөө хувийн хөрөнгөө худалдан борлуулж төлөхийг хүссэн боловч энэ хугацаанд ар гэрийн харилцаа элдэв асуудлаас болоод төлж амжсангүй. Тэгэхдээ миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрийг яаралтай барагдуулна гэсэн сануулгатай байдаг. Хавтаст хэргийн хүрээнд Б.Б-н зүгээс Г.У-ын зан ааш болон надтай ингэж харьцсан гэдэг асуудал яригддаг. Мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан буюу анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дууссаны дараа 10 дугаар сарын 12-ны өдөр гэхэд өмгөөлөгч ******* миний албан ажлын өрөөний цоожийг эвдэж, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үүд хаалгыг эвдэж, хагалсан асуудлыг Г.У болон түүний хамтрагчдын зүгээс гаргасан байдаг. Энэ нь ямар зорилготой эсэх талаар одоогоор дүгнэлт гараагүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол өгөөд одоо болтол ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээгүй аваагүй байна. Энэ үйлдлүүдээс нь харахад Б.Б-ийн хэлээд байгаа зүйл нь үндэслэлтэй байж болохуйц нөхцөл байдлууд гарч байгаа. Тийм учраас энэ бүхэнд дүгнэлт хийж өгнө үү. Мөн Г.У-ын зүгээс гаргаж өгсөн эмчилгээ хохиролтой холбоотой баримтуудад дахин дүгнэлт хийх шаардлагатай байна. Зарим нь яг эмчилгээнд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, хүчин төгөлдөр үнэлж болохуйц баримт биш гэж үзэхээр баримтууд байна. Хугацаа огноо нь гэмтэл гарснаас хойш байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч яг энэ эмчилгээ энэ төрлийн гэмтэл бэртэлд хэрэглэж байгаа зүйл мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдлууд байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр ... хорооллын .... тоотод хохирогч Г.У-той хувийн таарамжгүй харилцаа улмаас маргалдан хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-ын “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг ...сумын .... гэр хороололд байдаг Б-ийн гэрийн гадаа Ц, бид гурав архи уугаад байж байсан. Тэгээд би согтоод *******ийн хашаанд гэрийнх нь гадаа ор засаад унтсан. Өглөө гэнэт сэртэл би хагалгаанд аль хэдийн орсон аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг сэрэхэд манай ээж надад чамтай хамт архи уусан ******* гэдэг хүн чамайг хутгалсан байна лээ. Надад Ц ирж энэ талаар ярьсан. ...Б-той утсаар ярьж чи намайг яасан олон хутгалсан юм гэж асуухад Б надад би бас сайн санахгүй байна ямар ч байсан би чамайг хутгалсан байна тэрний дараа Ц ах ирж болиулж цагдаа эмнэлэг дуудсан байна лээ гэж хэлсэн... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, харин болж өгвөл Б-ийн ялыг жоохон хөнгөлж өгнө үү гэж хүсмээр байна. Би *******оос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” (хавтаст хэргийн 18-21 дэх тал) гэх,

Гэрч Г.С-ын “2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагаас 02 цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 22 цагийн үед хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймаг ... сум .... дугаар баг .... тоотод очиход түргэн тусламжийн машин ирээд хохирогчийг аваад эмнэлгийн байгууллага руу явж байсан. Тэгээд Б гэх хүн У гэх хүнийг гэдэс хэсэгт нь хутгалсан байсан. Тухайн үед Б-оос юу болсон талаар асуухад *******ыг гаднаас машинтай ирэхдээ хашааны хаалга мөргөж орж ирээд над руу томроод байхаар нь хутгалчихсан гэж хариулт өгч байсан.” (хавтаст хэргийн 25-28 дахь тал) гэх,

Гэрч Т.Ц-ын “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр .... гэр хорооллын хойд тал дээр У, Б бид гурав архи уусан. Би тасраад унтаж байтал Б намайг дуудаад би хүн хутгалчихлаа та цагдаа, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би Б-ийн гэрээс нь гараад иртэл гадаа У газар уначихсан, Б хутга бариад явж байхаар нь би хутгыг аваад хашааны урагшаа шидчихсэн.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал) гэх,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “1,2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн иштэй хутга, Agar нэртэй 0.7 литрийн архины 1 ширхэг шил, Arkhi нэртэй 0.75 литрийн архины шил зэргээс гарын хээний мөр илрээгүй. Agar нэртэй 0.7 литрийн архины ширхэг шилний гадаргуугаас 2 ширхэг гарын хээний мөр илэрнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн

  1. ширхэг гарын хээний мөрийн №1 гэж дугаарласан Аgar нэртэй 0.7 литрийн архины шилнээс илрүүлсэн мөр нь Б.Б-ийн баруун гарын эрхий хурууны хээтэй, №2 гэж дугаарласан гарын хээний мөр нь Б.Б-ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна. 1 гэж дугаарласан гарын хээний мөр нь Б овогтой Б-ийн баруун гарын эрхий хурууны хээтэй, гарын хээний битүү гэх ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. салаалат, 2. Салаалат, 3. Салаалалт, 4. Салаалалт 5. Эхлэл 6. Нийлэлт, 7. Нийлэлт, 8. Салаалалт гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. - 2 гэж дугаарласан гарын хээний мөр нь Баттөмөр овогтой Б-ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй гарын хээний битүү гэх ерөнхий шинжтэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. Нийлэлт, 2. Салаалат, 3. Нийлэлт, 4. Төгсгөл 5. Салаалалт, 6. Салаалалт, 7. Салаалалт, 8. Төгсгөл гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” (хавтаст хэргийн 40-42 дахь тал) гэх,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн “Г.У-ын биед бүдүүн гэдэсний цоорол, хэвлийн хөндийн шингэн, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Г.У-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 45-46 дахь тал) гэх дүгнэлтүүд,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 425 дугаартай “...Тус төвийн Гэмтэл согогийн тасагт 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн Г-ын У /ЗЮ92071130/-ын өвчний түүх /№4273/-ийг хуулбарлаж хүргүүлж байна. Хавсралт 82 хуудастай..." гэх албан тоот (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ийг иргэн Г.У-той маргалдан зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д оногдуулсан “хорих ялыг хөнгөрүүлэн 4 жил 9 сар болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 3  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.*******ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                                                                           Л.УГТАХБАЯР