Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00138

 

“Ажет лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00816 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1906 дугаар магадлалтай,

         “Ажет лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         “Содмонгол групп” ХХК-д холбогдох     

         Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 608.790.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, шатахуун хадгалсны төлбөр 300.774 ам.доллар буюу 664.018.759 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан тайлбарт: “Ажет лимитед” ХХК нь “Содмонгол групп” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Шатахуун худалдах худалдан авах” 13/14 тоот гэрээ байгуулсан. “Содмонгол групп” ХХК нь гэрээнд зааснаар нийт 730 тн ТС-1 шатахууныг захиалгын дагуу нийлүүлэх үүрэг хүлээсэн. “Ажет лимитед” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц шилжүүлэн өгсөн. Улмаар манай компанийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны 01/111 тоот албан бичгээр “Содмонгол групп” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 25-ны дотор 300 тн шатахууныг хүлээн авах тухайгаа мэдэгдсэн боловч “Содмонгол групп” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны 14/1692 тоотоор манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохоо мэдэгдсэн. Иймд бид 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Содмонгол групп” ХХК-д  1. Гэрээнээс татгалзаж урьдчилгаа 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэх, 2. Урьдчилгаанд шилжүүлсэн үнийн дүнд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ТС-1 шатахуун нийлүүлэх, 3.Дээрх үнийн дүнгийн тодорхой хэсэгт дизель түлш нийлүүлэх 3 нөхцөлтэй санал тавьсан. Гэвч манайд тус шатахуун нийлүүлэх талаар арга хэмжээ авч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Бид шатахуун худалдах худалдан авах гэрээний 2.1 болон 7.3.1-д заасны дагуу гэрээг цуцалж, тус гэрээний дагуу төлсөн 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэх талаар шаардсан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “Содмонгол групп” ХХК-иас 300 000 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2029.30 төгрөгөөр тооцон нийт 608 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан хариу тайлбарт: “Содмонгол групп” ХХК болон “Ажет лимитэд” ХХК нар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Тус гэрээнүүдийн дагуу “Ажет лимитэд” ХХК нь өөрийн хэрэгцээний хэмжээнд 730 тонн ТС-1 шатахуун худалдан авах, шатахууны төлбөрийн урьдчилгаа 300 000 ам долларыг гэрээ байгуулмагц төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх, мөн Шатахуун худалдах, худалдан авах гэрээний 6.2.1-т зааснаар гэрээний хугацаанд шатахууны төлбөрөө бүрэн төлж дуусгаснаар шатахууныг худалдагчаас хүлээн авахаар, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК буюу хадгалагч талд шатахууныг савандаа хадгалсны хөлсийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. “Ажет лимитэд” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 300 000 ам долларыг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа. “Ажет лимитэд” ХХК гэрээний үүргээ хэдийгээр бүрэн биелүүлээгүй ч гэсэн манай компанийн зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодолцон ОХУ-аас агаарын хөлгийн ТС-1 шатахууны төлбөр тооцоог хийж Монголд оруулан ирж 88 622 962 төгрөгийн гаалийн татвар төлөн өөрийн нефьт баазын саванд буулган өнөөдрийг хүртэл хугацаанд хадгалж гэрээний үүргээ биелүүлэн ажилласаар ирсэн. Дээрх гэрээгээр “Ажет лимитэд” ХХК-ийн худалдан авах шатахуун нь Онцгой байдлын ерөнхий газраас “Ажет лимитэд” ХХК-д “Улсын нөөцийн бараа материалын хадгалалтын гэрээ”-гээр хадгалуулж байсан шатахуун бөгөөд үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Ажет лимитэд ХХК-ийн шатахуун манай компаний саванд байгаа эсэхийг байнга тогтмол шалгаж хэмжилт хийсээр ирсэн. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу шатахууны болон шатахуун хадгалсны төлбөрөө бүрэн төлж манай компанийн ОХУ-аас тус “Ажет лимитэд” ХХК-ийн хэрэгцээнд зориулан импортлон оруулж ирсэн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг хүлээн авахгүй байгаа нь манай компанид туйлын хүндрэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид төлөх шатахуун хадгалуулсны хадгалалтын төлбөр 300 774 ам.долларыг компанид төлөх үүрэгтэй. “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид ирүүлсэн албан тоотод “Ажет лимитэд” ХХК нь манай компани гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон учраас тус гэрээг цуцлах хүсэлтэй байна, гэрээний төлбөртэй холбоотой зардлыг тус төлбөрөөс суутган тооцож, үлдэгдэл мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 451010822 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн байна. Иймд гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас урьдчилгаа болон хадгалалтын хөлсөнд төлсөн 300 000 ам.доллараас шатахуун хадгалалтын хөлс 300 774 ам.долларыг суутгах ёстой гэж үзэж байна. Иймд “Ажет лимитед” ХХК-ийн нэхэмжилсэн 300 000 ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч “Содмонгол групп” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Содмонгол групп” ХХК болон “Ажет лимитэд” ХХК  хооронд харилцан тохиролцсон 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээнүүдийн дагуу “Ажет лимитэд” ХХК нь өөрийн хэрэгцээний хэмжээнд 730 тонн ТС-1 шатахуун худалдан авах, шатахууны төлбөрийн урьдчилгаа 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх, мөн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.2.1-т зааснаар гэрээний хугацаанд шатахууны төлбөрөө бүрэн төлж дуусгаснаар шатахууныг худалдагчаас хүлээн авахаар, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК буюу хадгалагч талд шатахууныг савандаа хадгалсны төлбөрт 1 тонн тутмын нэг сарын хөлс 40 ам доллар, НӨАТ-тэй 44 ам.долларын хөлсийг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Гэтэл “Ажет лимитэд” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу шатахууны болон шатахуун хадгалуулсны төлбөрөө бүрэн төлж манай компанийн ОХУ-аас тус “Ажет лимитэд” ХХК-ийн хэрэгцээнд зориулан импортлон оруулж ирсэн агаарын хөлгийн ТС-1 шатахууныг хүлээн авахгүй байгаа. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитэд” ХХК-иас манай компанид төлөх шатахуун хадгалуулсны хадгалалтын төлбөр 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 300 774 ам.долларыг төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Манай компаниас “Ажет лимитед” ХХК-ийг шатахуун хадгалалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Талуудын хооронд байгуулсан Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээний дагуу “Ажет лимитед” ХХК-ийн шатахууныг өөрийн саванд хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

   Нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Худалдан авах, хадгалалтын гэрээ биелэгдээгүй. “Ажет лимитэд” ХХК нь “Содмонгол групп” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Шатахуун худалдах, худалдан авах” 13/14 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “Содмонгол групп” ХХК нь гэрээнд зааснаар нийт 730 тн ТС-1 шатахууныг захиалгын дагуу нийлүүлэх үүрэг хүлээсэн. “Ажет лимитэд” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа болох 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц шилжүүлэн өгсөн. Улмаар өөрийн нөөцөд байгаа шатахуунаас үнэ тохиролцон өмнө шилжүүлсэн төлбөрт нийлүүлэлт хийх талаар тус компанитай удаа дараа оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул шилжүүлэн өгсөн төлбөрийг буцаан өгөхийг хүссэн. Гэвч манай мөнгийг шилжүүлэн өгөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй байж түүнийг хадгалах гэрээний харилцаа биелэх үндэслэл нөхцөл байхгүй. Өөрийн хэрэгцээндээ татан авсан шатахуунаа манай захиалгын дагуу гүйцэтгэсэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй бөгөөд захиалга өгснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний дагуу ТС-1 шатахуун татан авчирлаа хүлээн аваач гэж бидэнд хандаж байгаагүй. Хадгалалтын гэрээнд заасны дагуу талуудын комисс хүлээн авч, акт үйлдэн гэрээний дагуу хадгалалтын хөлс тооцон авах ёстой. Гэтэл бид хүлээн авах байтлаа бидний захиалсан бүтээгдэхүүн ирсэн буусан гэдгийг нь мэдээгүй бүтээгдэхүүнд хадгалалтын төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй. 2. “Онцгой байдлын гэрээт ТС-1”-ийг бид өөрийн агуулахад хадгалж байгаа: Манай компани Онцгой байдлын ерөнхий газартай “Улсын нөөцийн бараа, материал хадгалах” гэрээтэй бөгөөд жил бүр шинэчлэн гарын үсэг зурсаар ирсэн. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр “улсын нөөц”-ийн ТС-1-ыг өөрийн агуулахад хадгалж байх явцад бид өөрийн агуулахад урсгал засвар хийх шаардлага гарсан тул “сэлгэн шинэчлэх” зарчмын дагуу өөр хэрэглээнд нөөцийг гаргаж улмаар “Содмонгол групп” ХХК-тай “худалдах, худалдан авах”, “хадгалалтын гэрээ” байгуулан 300 000 ам.долларын төлбөр шилжүүлсэн. Гэвч “Содмонгол групп” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид гэрээг цуцалж 2015 оноос улсын нөөцийг нөхөн бүрдүүлж 2015 онд бүхэлдээ өөрийн Чингис хаан ОУ-ын нисэх буудалд байрлах агуулахдаа хадгалж тоолуулж тооцоо нийлж ирсэн болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00816 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Ажет лимитэд” ХХК-ийн “Содмонгол групп” ХХК-иас 608 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 258 дүгээр зүйлийн 258.1, 422 дугаар зүйлийн 422.4.1-т зааснаар “Ажет лимитэд” ХХК-иас 1 708 760 төгрөг гаргуулж “Содмонгол групп” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 662 309 999 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 201 900 төгрөгийг, “Содмонгол групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 478 044 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ажет лимитэд” ХХК-иас 3 478 044 төгрөгийг гаргуулж “Содмонгол групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1906 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00816 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас 595 395 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 13 395 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул шатахуун хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөг гаргуулах тухай “Содмонгол групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг “...үлдээж...” гэсний дараа “...хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 134 925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1906 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. “Содмонгол групп” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй учир "Ажет лимитед" ХХК нь гэрээг цуцлах шаардлага гаргах, урьдчилгаа төлбөрийг шаардах эрхгүй тухайд: Магадлалын хянавал хэсэгт: "...хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас уг гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх агуулга бүхий хариу өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг хэргийн баримттай харьцуулан үзэхэд гэрээний дагуу түлш нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх үүссэн гэж үзнэ” гэж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болох нь дараах нөхцөл байдал, хуулийн зохицуулалтаар тогтоогдоно. 1. “Ажет лимитед” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчлийг гаргасан буюу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир шатахууныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь: Талуудын дунд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.2.1-д “Гэрээний хугацаанд шатахууны төлбөрөө худалдагчид цаг тухайдаа төлөх үүрэг хүлээж, шатахууны төлбөрийг бүрэн төлж дууссанаар шатахууныг худалдагчаас хүлээн авах эрхтэй" гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилгаа 300 000 ам.доллар шилжүүлснээс хойш, үлдэх төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байснаас одоог хүртэл төлөөгүй болно. Манай компаний зүгээс хоорондын хамтын ажиллагааг бодолцон өөрсдийн хөрөнгөөр “Ажет лимитед” ХХК-ийн 730 тн ТС-1 шатахууныг ОХУ-аас оруулж ирсэн ба зөвхөн түүний захиалгаар тухайн үед энэ төрлийн агаарын хөлгийн шатахууныг оруулж ирсэн бөгөөд бусад үед манай компани нь авто машины шатахуун оруулж ирдэг нь хэрэгт авагдсан гаалийн баримтаар тогтоогдоно. Шатахууныг оруулж ирсний дараагаар үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа сануулсан боловч төлөөгүй, “Ажет лимитед” ХХК-иас ирүүлсэн албан бичигт “...гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон” талаар дурдаж байсан тул худалдагчийн төлбөр төлөх үүргээ эхлэн гүйцэтгэхээс өмнө шатахууныг нийлүүлэхгүй байх Иргэний хуулийн 209.1, 249.1 дэх заалтыг хэрэгжүүлсэн. Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлсний дараагаар худалдагч тал шатахууныг шилжүүлэх үүрэгтэй. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь худалдагчийг Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар шатахууны үлдэгдэл төлбөр, хадгалалтын төлбөрийг төлөх хүртэл хугацаанд шатахууныг саатуулах эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдалд хүргэсэн. Дээрхээс дүгнэн үзвэл худалдан авагч болох нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар “үүрэг гүйцэтгэх үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” учир гэрээнээс татгалзах эрхгүй тул урьдчилгаа төлбөр 300 000 ам.долларыг мөн нэхэмжлэх эрхгүй юм. Худалдан авагч тал шатахууныг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. “Содмонгол групп” ХХК нь “Ажет лимитед” ХХК-ийн 730 тн шатахууныг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн хөрөнгөөр оруулж ирж үлдэгдэл төлбөрөө төлж шатахууныг хүлээн авахыг сануулж, ажил хэргийн тогтсон заншлын дагуу утсаар удаа дараа мэдэгдэж ирсэн. Худалдан авагч нь төлбөр төлөх, шатахууныг хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй учир манай компани Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар шатахууныг хадгалсан. Түүнчлэн шатахууныг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, болон “Агаарын хөлгийн ТС-г шатахуун хадгалах гэрээ”-ний дагуу гэрээний хугацаанд өөрийн савандаа хадгалах үүргийг хүлээсэн байсан учир худалдагч төлбөрөө бүрэн төлөх хүртэл зохих стандарт шаардлагыг хангуулан хадгалж ирсэн. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахууны төлбөрийг төлөхөөс зайлсхийж, маргаан үүсгэсэн. “Ажет лимитед” ХХК нь тухайн үед ТС-г шатахуун байхгүй байсан учир Онцгой байдлын ерөнхий газраас явуулах нэн шаардлагатай байсан тооллогод манай нөөцөнд байсан ТС-1 шатахууныг тоолуулж, улмаар урьдчилгаанд төлсөн төлбөрийн хэмжээнд шатахуун авч, гэрээг дуусгавар болгох сонирхолтой байгаад тэр нь бүтээгүй учир, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, манай компанид ямар ч төлбөр төлөлгүй, аливаа үүрэг хариуцлагаас зайлсхийх бодлогоо хэрэгжүүлэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү маргааныг үүсгэсэн. Худалдах, худалдан авах гэрээ, хадгалалтын гэрээ байгуулагдсаны дараахан буюу 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "Ажет лимитед" ХХК-иас ирүүлсэн албан бичигт гэрээгээр тохиролцсоноос өөр санал тавьж урьдчилгаанд төлсөн дүндээ эхний ээлжид шатахуун авах хүсэлт гаргахад манай компанийн зүгээс гэрээний тохиролцоог дагах буюу танай компанийн ТС-1 шатахууныг ОХУ-ын "Роснефть” НХН-д өгсөн захиалга баталгаажсаны дараагаар асуудлыг хэлэлцье гэсэн хариуг хүргүүлж байсан. Хоёр. Талуудын дунд хүчин төгөлдөр хадгалалтын гэрээ байгуулагдсан ба “Содмонгол групп” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу шатахуун хадгалсны төлбөр нэхэмжлэх эрхтэй тухайд: Магадлалын хянавал хэсэгт: "...Мөн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнуудын түлш тоолуулсан баримт /хх-127/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэ баримтад нэхэмжлэгч компаний зүгээс гарын үсэг зураагүй байх тул нэхэмжлэгч компанийг энэ тооллогод оролцон бүтээгдэхүүнээ тоолуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хадгалалтын гэрээний хөлсийг шаардаж буй үндэслэлдээ түлшийг нэхэмжлэгч байгууллагын нэрийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газарт тоолуулж байгаа гэж зааж буй нь дээрх баримтаар няцаагдаж байна” гэж нотлох баримтыг гуйвуулан, хадгалалтын гэрээ, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Талуудын дунд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээ”-гээр “Ажет лимитед” ХХК-ийн 730 тн шатахууныг өөрийн саванд хадгалах үүрэг хүлээсэн. Энэхүү тохиролцоо нь хууль тогтоомж зөрчөөгүй, талуудын хангалттай тодорхой хүсэл зоригийн үндсэн дээр эрх бүхий албан тушаалтнууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан болно. Тус гэрээний зорилго нь “Ажет лимитед” ХХК нь Онцгой байдлын ерөнхий газартай “Улсын нөөцийн бараа материалын хадгалалтын гэрээ”-гээр шатахууныг хадгалах үүргийг хүлээсний дагуу” манай саванд хадгалагдаж байгаа ТС-1 шатахууныг эхний ээлжид Онцгой байдлын ерөнхий газрын тооллогонд хамруулж, дараагаар нь ОХУ-аас оруулж ирсэн ТС-1 шатахууныг мөн манай саванд хадгалуулж, гэрээний хугацаанд тооллогонд хамруулах байсан. Энэ үүргээ биелүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнуудын түлш тоолуулсан 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогддог. Түүнчлэн манай компани нь нөөц, хадгалалт гээд шаардлагыг бүрэн хангасан учир дээрх Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан хадгалалтын гэрээгээ манай компанид шилжүүлэх хүсэлтэй байгаа талаар “Ажет лимитед” ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/95 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Худалдах, худалдан авах гэрээ, хадгалалтын гэрээний зүйл нь өөрөө төрлийн шинжээр тодорхойлогдох зүйл учир худалдан авагч нь төлбөрөө бүрэн төлсөн байсан бол манай компани нь тухайн шатахууны хангалттай нөөцтэй, мөн худалдан авагчийн хүссэн 730 тн ТС-1 шатахууныг оруулж ирсэн байсан учир шатахууныг шилжүүлэх үүргийг биелүүлэх бүрэн боломжтой байсан. "Содмонгол групп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж одоог хүртэл шатахууныг өөрийн саванд хадгалж байгаа, талуудын хооронд хүчин төгөлдөр хадгалалтын гэрээ байгуулагдсан учир Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасны дагуу шатахуун хадгалсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.    

          Нэхэмжлэгч “Ажет лимитед” ХХК нь хариуцагч “Содмонгол групп” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 608 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шатахуун хадгалсны төлбөр 300 774 ам.доллар буюу 664 018 759 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          “Ажет лимитед” ХХК болон “Содмонгол групп” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №14/14 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах, №13/14 тоот шатахуун худалдах-худалдан авах гэрээнүүд байгуулагдсан, худалдан авагч тал буюу “Ажет лимитэд” ХХК шатахуун худалдах-худалдан авах гэрээний 3.4-т заасны дагуу шатахууны урьдчилгаа төлбөр 300 000 ам.долларыг гэрээ байгуулмагц төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин талууд худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон шатахуун нийлүүлсэн эсэх, гэрээгээр тохирсны дагуу хадгалалтад нийлүүлсэн эсэх үйл баримтын талаар маргасан байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ажет лимитед” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.708.760 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

         Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг буюу №13/14 тоот гэрээг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д, №14/14 тоот гэрээг хадгалалтын гэрээ гэж үзсэн нь мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д нийцжээ.

           2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Түлш нийлүүлэх гэрээний дагуу түлшийг хүлээж авах талаар “Ажет лимитед” ХХК-иас “Содмонгол групп” ХХК-д хандан 2014 оны 08 сарын 25 /xx-17/, 2015 оны 4 дүгээр сарын 20 /хх-23/, 2015 оны 5 дугаар сарын 08 /хх-25/, 2015 оны 6 дугаар сарын 19 /хх-27/, 2015 оны 7 дугаар сарын 06 /хх-28/ зэрэг албан тоотоор бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч “Содмонгол групп” ХХК-иас уг гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх агуулга бүхий хариу өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Ажет лимитед” ХХК-д гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож, хариуцагчаас 595.395 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  “...хариуцагчид хадгалалтын гэрээний хөлс шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт нийцсэнгүй.  

Хэрэгт  авагдсан “А-Жет Лимитед” ХХК болон “Сод Монгол групп” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №14/14 тоот агаарын хөлгийн ТС-1 шатахуун хадгалах гэрээ нь Иргэний хуульд заасан хадгалалтын гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд талууд  гэрээг хүчин төгөлдөр эсэх тухайд маргаагүй, №13/14 тоот шатахуун худалдах-худалдан авах гэрээний зүйлийг хадгалах зорилготой байгуулагдсан байна.

            Зохигчдын харилцан илгээж байсан албан тоот болон нэхэмжлэгч “А-Жет Лимитед” ХХК-иас хариуцагч “Сод Монгол групп” ХХК-д явуулсан  2014 оны 09 сарын 12-ны өдрийн 02/111 тоот  албан бичигт “...гэрээний дагуу эхний ээлжинд 300 тн ТС-1 шатахуун авах захиалгаа 8 сарын 25-нд гаргасан.., ...манай захиалгыг ямар хугацаанд баталгаажуулж, нийлүүлэх нь тодорхой бус байгаа тул ...урьдчилгаа төлбөр 300 000 ам.долларыг буцаан шилжүүлэх, эсхүл дээрх үнийн дүнд шатахууныг 2014 оны 09 сарын 12-ны дотор нийлүүлэх., дээрх төлбөрийн дүнгийн тодорхой хэсэгт дизель түлш нийлүүлэх гурван нөхцөлийг” санал болгожээ. /хх-17,18,19,20/ 

2014 оны 09 сарын 12-ны өдрийн дээрх албан тоотоор зохигчдын хооронд байгуулагдсан шатахуун худалдах-худалдан авах гэрээнээс худалдан авагч тал татгалзсан гэж үзсэн тул энэхүү гэрээний зүйлийг хадгалах зорилгоор байгуулагдсан хадгалалтын гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул хадгалуулагч тал 300 000 ам.долларын хэмжээний шатахууныг 2 сар 8 хоногийн хугацаанд хадгалуулсан хөлсийг хариуцагчид төлөх үүрэгтэй, хадгалагчийн тал энэ хөлсийг шаардах эрхтэй гэж үзнэ. 

       Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.2-т “хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалуулагч нь хадгалагчид хөлсийг төлөх үүрэгтэй” гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан шатахуун худалдах, худалдан авах гэрээний 3.2.1., шатахуун хадгалах гэрээний 3.1.1-д заасан нөхцлөөр тооцоход нэхэмжлэгч тал 243.1 тонн шатахууныг 2 сар 8 хоногийн хугацаанд  хадгалуулсны хөлсөнд хариуцагчид 53 504 050 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. /xx-8,13/

        Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 53 504 050 төгрөгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1906 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1, 422 дугаар зүйлийн 422.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А-Жет лимитед” ХХК-иас 53.504.050 төгрөг гаргуулж, хариуцагч “Сод Монгол групп” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 610.514.709 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “3.134.925 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-Жет лимитед” ХХК-д олгосугай” гэсний дараа “ ...нэхэмжлэгч “А-Жет лимитед” ХХК-иас 425.470 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Сод Монгол групп” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Сод Монгол групп” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.134.950 /гурван сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН