Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 120/2017/0019/З |
Дугаар | 221/МА2018/0223 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2018/0223
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, Р.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил” 00000 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын “Х ш” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Номгон сумын Дэрсэн ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих нэмэлт ажил”-ын гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... нийт 6 компани тендерийн баримт бичиг ирүүлснийг Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн баримт бичигт заасныг дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, тендерийг үнэлж, харьцуулжээ, ... дээрх шаардлагыг хангасан болох нь Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 00000 дугаартай, барилга, угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00000 дугаартай гэрээ, ... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны тайлан, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ... зэрэг хавтас хэрэгт болон CD-д хадгалагдсан баримтуудаар тогтоогдож байна, ... тухайн ТББ, ТОӨЗ, ТШӨХ зэрэгт заасныг дагуу үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, үнэлгээг хийжээ гэж үзлээ, ... үнийн саналыг харьцуулан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х ш” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчөөгүй, хариуцагч захиалагч байгууллага, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй байна, ... захиалагч гуравдагч этгээдтэй “Номгон сумын Дэрсэн ус багийн соёлын төвийн барилга шинээр барих” ажлын 00000 дугаар гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэмэлт ажлын 00000 дугаартай гэрээг 2017 оны 12 сарын 13-ны өдөр тус тус байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна, ... дээрх үндэслэл, дүгнэлтүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан бөгөөд шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна.
3. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 08 сарын 10-ны өдөр зарласан 00000 дугаар бүхий сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нээж, уг тендерт “Т х” ХХК, “Г о о” ХХК, “М ц” ХХК, “Т” ХХК, “Э б” ХХК, “Х ш” ХХК гэсэн 6 компаниас материал ирүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Х ш” ХХК-ийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шалгаруулсан бөгөөд уг шалгарсан “Х ш” ХХК нь “... тендерийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй “Б Х ш” ХХК гэсэн өөр нэртэй баримт өгсөн, нийгмийн даатгалд өртэй, барилгын ажлын төсөв нь бодит байдалд нийцээгүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 10-аас дээш хүнийг түр ажлын байраар хангахаа нотолсон холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрээгүй, гүйцэтгэлийн баталгаа банкны тодорхойлолт ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй баримт өгсөн байхад тодруулж шалгаагүй, давуу эрх тооцоогүй, үнэлгээ хийх хуулийн заалт, зааврыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад хууль зөрчиж “Х ш” ХХК-тай гэрээ, нэмэлт гэрээ байгуулсан гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 00000 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарласан байна.
Улмаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/147 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулжээ.
Дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад “Т х” ХХК, “Э б” ХХК, “Г о о” ХХК, “М ц” ХХК, “Т” ХХК, “Х ш” ХХК гэсэн нийт 6 хуулийн этгээд тендерийн баримт бичиг ирүүлснээс “Х ш” ХХК-ийг Үнэлгээний хорооны шийдвэрээр 00000 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн ялагчаар шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг захиалагч хүргүүлжээ.
Харин нэхэмжлэгч “Т” ХХК нь “... тендерийн баримт бичгийн бүрдэл хангаагүй /Б Х ш” ХХК гэсэн өөр нэртэй баримт өгсөн, нийгмийн даатгалд өртэй, барилгын ажлын төсөв нь бодит байдалд нийцээгүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 10-аас дээш хүнийг түр ажлын байраар хангахаа нотолсон холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрээгүй, гүйцэтгэлийн баталгаа банкны тодорхойлолт ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй баримт өгсөн “Х ш” ХХК-ийг 00000 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн ялагчаар шалгаруулсан нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргаж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан 00000 дугаар бүхий “Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн баримт бичиг болон уг сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Т х” ХХК, “Э б” ХХК, “Г о о” ХХК, “М ц” ХХК, “Т” ХХК, “Х ш” ХХК гэх нийт 6 хуулийн этгээдийн тендерийн баримт бичгийг шинжлэн судлаад “Х ш” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, түүнчлэн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны дагуу Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг хянаж, ажлын гүйцэтгэгчээр “Х ш” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулж хяналт тавьж ажиллах зөвлөмж гаргасан болох нь тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэсэн тохиолдолд уг тендерээс татгалзахаар хуульчилсан.
Харин хуулийн энэхүү шаардлагын дагуу Үнэлгээний хороо нь дээрх байдлаар тендерийн бичиг баримтыг үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х ш” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Тодруулбал, Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 30.2-т “ТОӨЗ-ны 30.1 дэх хэсгийн (а)-(е) дэх заалтыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 30.1-д “Захиалагч зөвхөн ТОӨЗ-ны 30 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн гэж тогтоосон тендерүүдийг үнэлж, харьцуулна”, 5.2-т “Хэрэв захиалагч урьдчилсан сонголт явуулаагүй бөгөөд ТШӨХ-д өөрөөр заагаагүй бол бүх тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдуулан захиалагчийн шаардсан дараах мэдээллийг нотлох баримт болгон тендерийн хамт ирүүлэx”-ээр заажээ.
Хэрэгт цугларсан, мөн уг тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаас шинжлэн судлахад “Х ш” ХХК нь Номгон сумын Дэрсэнэ-ус багийн Соёлын төвийн барилга шинээр барих ажлын тендер сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангасан баримтуудыг ирүүлсэн нь тогтоогдсон бөгөөд, хамгийн бага харьцуулах үнэтэй саналын талаарх баримтыг ирүүлсэн байх тул “... шаардлагад нийцээгүй ... тодруулж шалгаагүй, давуу эрх тооцоогүй, үнэлгээ хийх хуулийн заалт, зааврыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад хууль зөрчиж “Х ш” ХХК-тай гэрээ, нэмэлт гэрээ байгуулсан ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Тиймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд тендерт ирүүлсэн бичиг баримтыг хэлэлцэж, хүчин төгөлдөр бус гэрээ ирүүлсэн, өндөр үнэ санал болгосон нь тогтоогдсон бөгөөд Үнэлгээний хороо уг үндэслэлээр ирүүлсэн тендерийг нь шалгаруулаагүй, энэ тохиолдолд “Х ш” ХХК-ийн тендерийг шалгаруулсны улмаас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2018/00003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъянхоролоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР