Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 398

 

О.Г-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:    М.Батсуурь

Шүүгчид:                                        Г.Банзрагч,

                                                        Б.Мөнхтуяа,

                                                        Ч.Тунгалаг,                         

Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:                  Б.Уранзаяа,

 Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205051561 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгч О.Г-д өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0537 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгч О.Гэрэлмаад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0537 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоог хаягт байршилтай 42,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Г.О-ээс Капитрон банк шилжүүлэн авснаа 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

4.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр О.Г-г тогтоосон бөгөөд орон сууцны өмчлөгчөөр иргэн О.Г-г бүртгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллага Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн боловч тус хэлтэс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичгээр “... үл хөдлөх хөрөнгийг танай хүсэлтийн дагуу иргэн О.Г-ийн өмчлөлд шилжүүлж бүртгэх боломжгүй” гэсэн хариу хүргүүлсэн.

5.  О.Г нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичигтэй 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцаад тухайн өдрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллага хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх албан бичигт О.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасан боловч тус газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/487 тоот албан бичгээр гомдлыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

6.  О.Г нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн болно.Тус банк анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох хэсгүүдийг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

7.  Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг зөрчсөн буюу захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй.

8.  Анхан шатны шүүх төлөөлөл нь дуусгавар болсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийг шүүх хуралд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

9.  Түүнчлэн тус банкны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр огт байхгүй байтал хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

10.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12.  Нэхэмжлэгч О.Г-аас “орон сууцыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, О.Г-г өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл үйлдэхийг” даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2008 онд орон сууцыг худалдаж авснаас хойш амьдарч байгаа, шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоосон байхад улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарласан байна.

13.  Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байр,18 тоот хаягт байрлах, 42.6 мкв талбайтай 2 өрөө байрыг анх Г.О-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэж, дараа нь “К” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

14.  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т “Энэ хуулийн 6.2-т /бүртгэлд нэр нь байгаа этгээд хүлээн зөвшөөрсөн/ заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж, 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага албан тушаалтан, хуулийн этгээд, хүн заавал биелүүлэх үүрэгтэй байна.

15.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00357 дугаар шийдвэрээр “2008 онд худалдан авч, амьдарч байгаа болох нь нотлогдож байна” гэх үндэслэлээр О.Г-ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

16.  Түүнчлэн “К” ХХК-иас нотариатч Б.М-д холбогдуулж “Г.Б-аас О.Г-д 2 өрөө байр худалдахаар тохиролцсон баталгааг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00661 дүгээр тогтоолоор хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

17.  Энэхүү шүүхийн шийдвэрүүдийн дагуу бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд маргаан бүхий байрны өмчлөгчөөр О.Г-г бүртгэх ёстой байтал захиргааны байгууллагаас “улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглосон” гэх үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байна.

18.  Гуравдагч этгээдийн “захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэх гомдлын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/487 дугаар албан бичгээр гомдолд хариу өгсөн, энэхүү хугацаанаас 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, нөгөө талаар захиргааны байгууллагын бүртгэл хийхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй үргэлжилж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

19.  “Төлөөлөл нь дуусгавар болсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийг шүүх хуралд оролцуулсан” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинээр итгэмжлэл гарсан боловч шүүх хуралдаанд ирэхдээ орхиж ирсэн” тухай тайлбарласан байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлаж, зөвшөөрсөн байна.

20.  Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0537 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ