Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 858

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Хариуцагч: “П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/07 дугаар тендерийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/07 дугаар тендерийн 2, 7 дугаар багцад “А*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ2016/07 дугаар нээлттэй тендерийн Үнэлгээний хороо энэ тендерийн 2, 7 дугаар багцуудад манай компанийн ирүүлсэн тендерийг шалгаруулахаас татгалзахдаа тендерийн шалгуур үзүүлэлт гэсэн хэсгийн эхний заалтад ТОӨЗ 4.2.6 илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон гэж дурдаад тайлбарт нь “2015 оны 11 дүгээр сарын 26-ны Сангийн яамны хяналт шалгалтын 4 дүгээр танилцуулгад эрх бүхий улсын байцаагч Ц.Б*******, Г.Г*******, Б.Ц******* нар хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.5-д заасныг зөрчиж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоосон гээд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тендерт оролцогч нь хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр худал мэдээлсэн, ТОӨЗ 18.1 /ё/-д заасныг зөрчиж худал мэдээлэл ирүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Сангийн яамны “2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт шалгалтын танилцуулга” гэдэг нь ШУГТЭ2016/07 дугаар тендерийн 2, 7 дугаар багцын тендерт ирүүлсэн “А*******” ХХК-ийн бичиг баримтад хяналт шалгалт хийж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт биш юм. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот “Хяналт шалгалтын танилцуулга” нь ШУГТЭ2015/02 дугаар нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон бичиг баримтад хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга бөгөөд манай компанийн дахин өөр тендерт оролцох эрхийг хязгаарласан этгээдийн бүртгэлд оруулсан тухай баримт биш .

Тиймээс “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ2016/07 дугаар тендерийн 2, 7 дугаар багцуудад ирүүлсэн манай компанийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт “Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 52.1.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд манай компанийн ШУГТЭ2016/07 дугаартай тендерийн 2, 7 дугаар багцад ирүүлсэн бичиг баримт нь ТОӨЗ-ийн ерөнхий зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтыг зөрчөөгүй юм.

Захиалагч П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2016 оны 05 дугаар сард зарласан ШУГТЭ2016/05 дугаар тендерт манай компанийг оролцох үед тендерийн Үнэлгээний хороо манай компанийн тендерийг шалгаруулаагүй үндэслэлдээ мөн л Сангийн яамны “2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт шалгалтын танилцуулга”-ыг дурдсан байсан бөгөөд энэ удаа ч мөн адил хандаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг ч бас зөрчсөн гэж үзэж байна.

ШУГТЭ2016/07 дугаар нээлттэй тендерийн Үнэлгээний хороо 2, 7 дугаар багцуудад манай компанийн тендерийг шалгаруулаагүй тухай шийдвэрээ бидэнд мэдэгдэхдээ “тендерийн шалгуур үзүүлэлт гэсэн хэсгийн 3 дахь заалтад “ТОӨЗ 18.1/в/ “Гэрээг гүйцэтгэх, удирдах болон мэргэжлийн голлох 3-аас доошгүй боловсон хүчний чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл”-ийг ирүүлээгүй гээд захиалагчийн ТШӨХ-ийн 18/в/-д заасан шаардлагад нийцэхгүй байна” гэж дүгнэхдээ “Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх эрх бүхий байгууллага нь ЭМСС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дүгээр “Шалгуур батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1-д баталснаар хүний нөөцийн бүрэлдэхүүнд худалдааны ба чанарын менежер, агуулахын эрхлэгч эм зүйч байна. Захиалга хүлээн авагч нь эм зүйч эсвэл эм найруулагч, олгогч нь эм зүйч эсвэл эм найруулагч, бэлтгэгч нь эм найруулагч байна” гэснийг хангаагүй байна гэж ШУГТЭ2016/07 дугаартай тендерийн 2, 7 дугаар багцад огтын хамааралгүй бөгөөд эмийн сангийн болон эм ханган нийлүүлэх байгууллагад тавих шалгуур үзүүлэлтийг үндэслэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” тендерийн бичиг баримтад заасан зүйл заалтаа зөрчсөн. “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлэгийн хэрэгсэл, протез худалдан авах” ШУГТЭ 2016/07 тендерийн бичиг баримтын ТОӨЗ болон ТШӨХ-т “ЭМСС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дүгээр “Шалгуур батлах тухай" тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1-д хүний нөөцийн бүрэлдэхүүнд худалдааны ба чанарын менежер, агуулахын эрхлэгч эм зүйч байна, захиалга хүлээн авагч нь эм зүйч эсвэл эм найруулагч, олгогч нь эм зүйч эсвэл эм найруулагч, бэлтгэгч нь эм найруулагч байна” гэсэн шалгаруулалтын нөхцөл шаардлагыг баримтлах тухай заагаагүй. Тиймээс Үнэлгээний хорооны энэ шийдвэр нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэсэн заалтыг ч давхар зөрчсөн.  Тиймээс захиалагч П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан ШУГТЭ2016/07 нээлттэй тендерийн 2, 7 дугаар багцуудад “А*******” ХХК-ийн тендерийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд захиалагч П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах" нээлттэй ШУГТЭ 2016/07 дугаартай тендерийн “2,7 дугаар багцад “А*******“ ХХК-ийн тендерийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Үнэлгээний хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А*******” ХХК нь манай эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” нээлттэй ШУГТЭ2016/07 дугаартай тендерийн багц 2, багц 7-д тус тус оролцсон. “А*******” ХХК нь 2, 7 дугаар багцуудад ТОӨЗ 18.1(ё)-д тендерт оролцож сүүлийн 3 жилийн хугацаанд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон эсэх талаар мэдэгдэл ирүүлнэ гэж заасан бөгөөд “А*******” ХХК нь ТББ-ийн 000016 дугаар хуудсанд “илт худал мэдээлэл бүхий тендер илгээж байгаагүй болно” гэж мэдэгдэл ирүүлсэн.

Гэвч илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг Сангийн яамны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/7055 дугаар албан бичиг бүхий хяналт шалгалтын танилцуулгаар улсын байцаагч тогтоосон байх бөгөөд энэ талаар Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/03 дугаар хурлын тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгажээ.

Мөн манай эмнэлгээс зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” нээлттэй ШУГТЭ2016/05 дугаартай тендерт “А*******” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5-д заасныг зөрчиж, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4875 дугаар албан бичгээр хяналт шалгалтын танилцуулгаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар улсын байцаагч тогтоож эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамааруулж, Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаар тушаалыг Сангийн яамны цахим хуудасны сайдын тушаалын хэсэгт байршуулсан байна. Энэ компани нь 2015, 2016 онуудад удаа дараа илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг 2 удаа Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон юм.

“А*******” ХХК-ийн 2 дугаар багцад нийлүүлэхээр санал ирүүлсэн судас бөглөгч нь захиалагчийн шаардлагад нийцсэн эсэхийг нотлох баримт хангалтгүй, ТОӨЗ 12 (ё) барааны техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримт, монгол хэл дээр ирүүлэх гэснийг зөрчсөн зэрэг нь Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрт тодорхой байгаа болно.

Мөн “А*******” ХХК нь 2, 7 дугаар багцуудад эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх эрх бүхий байгууллага нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр “Шалгуур батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1-д баталснаар хүний нөөцийн бүрэлдэхүүнд худалдааны ба чанарын менежер, агуулахын эрхлэгч, эм зүйч байна. Захиалга хүлээн авсан нь эм зүйч эсвэл эм найруулагч, олгогч нь эм зүйн эсвэл эм найруулагч, бэлтгэгч нь эм найруулагч байна гэснийг хангаагүй.

ТОӨЗ 18.1 (в) гэрээг гүйцэтгэх удирдах болон мэргэжлийн голлох 3-аас доошгүй боловсон хүчний чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл захиалагчийн ТШӨХ-ийн 18.1 (в)-д заасан шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрт тодорхой байгаа болно.

Тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн эмнэлгийн хэрэгсэл, протез, нүдний материал оношлуур, импортлох, хангах, нийлүүлэх ХК-15/23/0165 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 23-нд авсан байна. Энэ нь ТОӨЗ-ийн 18.2(6) гүйцэтгэгчээр ажилласан байх нийт тоо ижил төстэй ажил нийлүүлсэн ажлын туршлага 3 жилээс доошгүй байх гэснийг хангаагүй. Энэ талаар Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07/03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрт тодорхой байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.14.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“А*******” ХХК-иас П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/07 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ холбогдуулан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/07 дугаар тендерийн 2, 7 дугаар багцад “А*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезын худалдан авах ажиллагааны Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулж, уг Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 673 дугаар албан бичгээр “А*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.2.6., 12.1(ё), 18.1(в), 18.2(б)-д заасныг тус тус хангаагүй гэж үзэн ШУГТЭ-2016/07 дугаар тендерийн 2, 7 дугаар багцад шалгараагүй болохыг мэдэгдсэн байна. 

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагын хүрээнд,  Үнэлгээний хорооны шийдвэр, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 673 дугаар мэдэгдэлд дурдсан үндэслэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ. 

1. “ТОӨЗ 4.2.6. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон” гэх тендерийн шалгуур үзүүлэлтийг “2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Сангийн яамны хяналт шалгалтын 4 дүгээр танилцуулгад эрх бүхий улсын байцаагч Ц.Б*******, Г.Г*******, Б.Ц******* нар “хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6., 14.5-д заасныг зөрчиж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоосон; Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д тендерт оролцогч нь хуулийн 14.1.-д заасан нөхцөл байхгүй бичгээр худал мэдээлнэ, ТОӨЗ 18.1 (ё)-д заасныг зөрчиж худал мэдээлэл ирүүлсэн”  гэж татгалзсан үндэслэлийн тухайд;

“А*******” ХХК нь тендерт оролцохдоо 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/513 дугаар албан бичгээр  илт худал мэдээлэл бүхий тендер илгээж байгаагүй талаар мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6.-д заасныг зөрчөөгүй байна. 

Учир нь хариуцагчийн илт худал мэдээлэл ирүүлснийг тогтоосон гэх Сангийн яамны хяналт шалгалтын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр танилцуулгаар Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/02 дугаар тендер шалгаруулалтын 1, 2 дугаар багцад оролцсон “У*******” /А*******/ ХХК-ийн гаргасан зөрчлийг тогтоосон боловч хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.-д зааснаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулаагүй байна3. 

Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: ... 14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж зааснаар эрх бүхий этгээд ШУГТЭ 2016/02 тендерт нэхэмжлэгчийг илт худал мэдээлэл ирүүлснийг тогтоосон боловч мөн зүйлийн 14.5.-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, 57 дугаар зүйлийн 57.5.-д “Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.” гэж тус тус зааснаар бүртгэлд хамруулаагүй тул ШУГТЭ 2016/07 дугаартай тендерт нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэхгүй юм.

Харин Үнэлгээний хороо, хуулийн дээрх заалтуудын дагуу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан хуулийн этгээдийг дараагийн тендерт оролцуулахгүй байх эрхтэй юм. Хуулийн 14 дүгээр зүйл нь тендерт оролцогчийн ерөнхий нөхцөлийг магадлах зохицуулалт бөгөөд энэ нь тухайн тендер болгонд хамаарах тул хариуцагч Үнэлгээний хорооны энэ үндэслэл хуульд нийцээгүй байна. 

2. “ТОӨЗ 12.1 (ё) Барааны техникийн тодоройлолтод заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримт, Монгол хэл дээр ирүүлэх” гэх тендерийн шалгуур үзүүлэлтийг “2 дугаар багцад нийлүүлэхээр санал ирүүлсэн судас бөглөгч нь захиалагчийн шаардлагад нийцэж буйг нотлох баримт хангалтгүй” гэж татгалзсан үндэслэлийн тухайд;

Үнэлгээний хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар 2 дугаар багцад нийлүүлэхээр санал ирүүлсэн судас бөглөгч нь захиалагчийн шаардлагад нийцэж буйг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн боловч нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт хавсаргасан  судас бөглөгч нь захиалагчийн ямар шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь тодорхой бус  байна. 

Иймд энэхүү зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх боломжгүй байна.

3. “ТОӨЗ 18.1 (в) Гэрээг гүйцэтгэх, удирдах болон мэргэжлийн голлох 3-аас доошгүй боловсон хүчний чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл;” гэх тендерийн шалгуур үзүүлэлтийг “...Тодруулбал: эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх эрх бүхий байгууллага ЭМСС-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дүгээр “Шалгуур батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1-д баталснаар хүний нөөцийн бүрэлдэхүүнд худалдааны ба чанарын менежер, агуулахын эрхлэгч эм зүйч байна. Захиалга хүлээн авагч нь эм зүйч эсвэл эм найруулагч, бэлтгэгч нь эм найруулагч байна гэснийг хангаагүй” гэж татгалзсан үндэслэлийн тухайд;

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (в)-д “Гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын талаарх мэдээлэл” гэж, ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1 (в)-г “Гэрээг гүйцэтгэх, удирдах болон мэргэжлийн голлох 3-аас доошгүй боловсон хүчний чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл (мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулан) ирүүлнэ” гэж тус тус заажээ. 

“А*******” ХХК тендерийн баримт бичигтээ ажиллах хүчний чадавхийн талаар 6 ажилтны мэдээлэл гаргасан байх бөгөөд эм зүйч А.Дын болон бусад ажилтнуудын дипломын хуулбарыг хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх заалтуудад нийцсэн байна. 

4. “ТОӨЗ 18.2 (б) Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Ижил төстэй ажил нийлүүлсэн ажлын туршлага 3 жилээс доошгүй байх;” гэх тендерийн шалгуур үзүүлэлтийг “ТББ-д хавсарган ирүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, шүдний материал, оношлуур импортлох, ханган нийлүүлэх ХХ-15/23/0165 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 23-нд авсан нь ТОӨЗ-ийн 18.2 (б)-г хангаагүй” гэж татгалзсан үндэслэлийн тухайд;

Эрүүл мэнд, спортын яамнаас ХХ-15/23/0165 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон байгаа нь тендерийн баримт бичгийн “ТОӨЗ 18.2 (б) сүүлийн [ТШӨХ-д заасан тоо] жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй, доод тал нь нэг бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага;”, ТШӨХ-ийн ТОӨЗ 18.2 (б)-д “Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Ижил төстэй ажил нийлүүлсэн ажлын туршлага 3 жилээс доошгүй байх;” гэж заасантай нийцэхгүй байна. 

Учир нь 2015 оноос өмнө байсан гэх тусгай зөвшөөрлийг сунгуулж авсан талаарх баримтаа нэхэмжлэгч тендерт оролцохдоо гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-д “Тендер нь хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн шийдвэр хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасантай нийцэж байх тул “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 27.4. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ШУГТЭ 2016/7 дугаартай тендерийн 2, 7 дугаар багцад “А*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан  Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Н.ДАМДИНСҮРЭН