| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0437/э |
| Дугаар | 485 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.УРАНЧИМЭГ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Д.Н, хохирогч Д.Отгонхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Д.Н холбогдох эрүүгийн “1811013960521” дугаартай, 186/2018/0437/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, хүнсний технилогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү, охины хамт Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, яргайтын 41 дүгээр гудамж, 700 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Д. /РД:УИ96122103/,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Ннь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 700 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эцэг Д.Отгонхүүгийн цээжний зүүн хэсэгт хутгалж, биед зүүн дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Тэр өдөр манай аав гаднаас согтуу орж ирсэн. Манай аав өмнө осолд орж байсан учир сэтгэцийн өөрчлөлтэй болсон. Тэр өдөр би хоолоо хийж байхад аав гаднаас согтуу орж ирээд яагаад хоолой орой хийж байгаа юм бэ? дүү хүүхэд хоёроо өлсөглөө гээд надруу уурлаад хүрээд ирхээр нь би намайг цохих гэж байна гээд ногоо арилгаж байсан хутгаараа зүссэн гэв.
1.2. Хохирогч Д.Отгонхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Тэр өдөр найзтайгаа нэг шил архи уусан. Тэгээд гэртээ ороход охин хоол хийж байсан. Би хоолоо ямар орой хийдэг юм бэ? дүү охин хоёроо өлсгөөд гээд уурлаад охинруу дөхөхөд охин хутга барисан тэгэхээр нь би чи надруу хутга чиглүүлдэг болоо юу гээд дөхөөд очиход намайг ногоо арилгадаг хутгаараа зүссэн гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсны дараа талууд шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Отгонхүүгийн:....2018 оны 05 сарын 03-ны өдөр би орой 7 буудлын орчим архи уудаг хэдэн нөхдүүдтэй хамт архи уусан, тэгээд гэрлүүгээ харих замдаа бас нэг 0.33 грамм архи авч ууссан. Тэгээд би гэртээ 22 цаг 30 минутын орчим харьсан. Гэрт ороход охин Нарангарав төмс арилгаад байж байсан. Би тэгээд чи одоо эртхэн хоолоо хийхэд яадаг юм бэ гэж загнасан. Тэгсэн манай охин Нарангарав одоо хийгээд байж байгаа юм биш үү гээд төмс арилгаж байсан хутгаараа миний цээжний зүүн хэсэгрүү хатгах шиг болсон. Би тэгэхээр нь чи одоо надруу хутга далайдаг болж байгаа юм уу гэж дайрахад манай охин сандарсандаа хутгаа миний цээжрүү нэг дүрчихсэн. Тэгтэл гаднаас манай эхнэрийн эгч Алгирмаа гаднаас ирээд чи аавыгаа хутгалчихсан байна шүү дээ түргэн дууд гэсэн. Охин маань түргэн дуудсан. 103-аас цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд том хүүгийнхээ машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэлд очоод оёулаад, госпитал очиж бас эмчилгээ хийлгэж хэвтсэн. Эмнэлэг дээр байхад цагдаагаас ирж надаас мэдүүлэг авсан. Би тэгэхээр нь охиндоо хутгаар хатгуулсан гэдгээ эхлээд нууж танихгүй 2 хүнд гудамжинд хутгалуулсан гэж худал мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг. /хх 18-20/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нгэрчээр мэдүүлэхдээ:....2018 оны 5 сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэртээ хоолоо хийх гээд ногоо арилгаад зогсож байхад манай аав Отгонхүү гаднаас согтуу орж ирээд намайг пизда минь чи эртхэн хоолоо хийхгүй яасан юм бэ? гээд орилоод байсан. Аав агсам тавиад намайг элдвээр хэлээд хараагаад байсан. Тэгээд аавыг цаашаа орон дээрээ хэвтээд унтаж бай гэсэн чинь намайг зодох гээд дайраад байсан. Би ногоо арилгаад сууж байтал аав миний ардаас нуруу хэсэгт маань гараараа цохьсон. Тэгээд би аавыг цаашаа түлхэх гэж байгаад хутгатай гараараа түлхээд цээжин дээр нь жижиг зүссэн байсан. Аавыг цааш нь түлхчихээд буруу хараад ногоогоо арилгах гээд зогсож байхад аав намайг ахиад зодох гээд дайрахаар нь би ногоо арилгаж байсан ногоон саарал өнгийн иштэй хутгаараа аавын мөрний хэсэг рүү дүрчихсэн. Энэ үед аав намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Энэ үед манай хашаанд байдаг ээжийн эгч болох Алгирмаа гэх хүн орж ирээд намайг загнаад намайг түргэн дууд гэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирэхгүй болохоор манай ах Одбаяр аавын цээжнээс гарч байсан цусыг бинтээр боож тогтоогоод өөрийнхөө машинаар эмнэлэг авч явсан. Аав эмнэлэгт шууд хэвтээд намайг очих гэтэл намайг маргааш өглөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 05 сарын 05-ны өдөр аав дээр очиж уулзахад аав надад цагдаа нар очиж уулзвал би юу ч мэдэхгүй гэж хэлээрэй, би тэр үед байхгүй байсан гэж хэлээрэй гээд байсан гэх мэдүүлэг. /хх 23-24/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Алгирмаагийн:....Би яг хутгалж байхыг нь хараагүй. Харин Нарангарав өөрөө надад аавыгаа хутгалж гэмтээсэн талаараа хэлсэн. Манай хүргэн дүү Отгонхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьдаг зантай. Отгонхүү авто аваарт орсноос хойш группэд байдаг. Манай төрсөн дүү Дэлгэрмаатай суугаад 20-оод жил болж байгаа гэх мэдүүлэг. /хх 25-27/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6287 тоот актын:
1.2. Д.Отгонхүүгийн биед цээжний зүүн дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт. /хх-32/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, фото зураг /хх-8/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6287 дугаартай дүгнэлт /хх-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, шүүгдэгч нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг хувийн байдлуудыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Д.Ннь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 700 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эцэг Д.Отгонхүүгийн цээжний зүүн хэсэгт хутгалж, түүний биед зүүн дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь :
- хохирогч Д.Отгонхүүгийн:....2018 оны 05 сарын 03-ны өдөр би орой 7 буудлын орчим архи уудаг хэдэн нөхдүүдтэй хамт архи уусан, тэгээд гэрлүүгээ харих замдаа бас нэг 0.33 грамм архи авч ууссан. Тэгээд би гэртээ 22 цаг 30 минутын орчим харьсан. Гэрт ороход охин Нарангарав төмс арилгаад байж байсан. Би тэгээд чи одоо эртхэн хоолоо хийхэд яадаг юм бэ гэж загнасан. Тэгсэн манай охин Нарангарав одоо хийгээд байж байгаа юм биш үү гээд төмс арилгаж байсан хутгаараа миний цээжний зүүн хэсэгрүү хатгах шиг болсон. Би тэгэхээр нь чи одоо надруу хутга далайдаг болж байгаа юм уу гэж дайрахад манай охин сандарсандаа хутгаа миний цээжрүү нэг дүрчихсэн….гэх мэдүүлэг. /хх 18-20/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нгэрчээр мэдүүлэхдээ:....2018 оны 5 сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэртээ хоолоо хийх гээд ногоо арилгаад зогсож байхад манай аав Отгонхүү гаднаас согтуу орж ирээд намайг пизда минь чи эртхэн хоолоо хийхгүй яасан юм бэ? гээд орилоод байсан. Аав агсам тавиад намайг элдвээр хэлээд хараагаад байсан. Тэгээд аавыг цаашаа орон дээрээ хэвтээд унтаж бай гэсэн чинь намайг зодох гээд дайраад байсан. Би ногоо арилгаад сууж байтал аав миний ардаас нуруу хэсэгт маань гараараа цохьсон. Тэгээд би аавыг цаашаа түлхэх гэж байгаад хутгатай гараараа түлхээд цээжин дээр нь жижиг зүссэн байсан. Аавыг цааш нь түлхчихээд буруу хараад ногоогоо арилгах гээд зогсож байхад аав намайг ахиад зодох гээд дайрахаар нь би ногоо арилгаж байсан ногоон саарал өнгийн иштэй хутгаараа аавын мөрний хэсэг рүү дүрчихсэн…..гэх мэдүүлэг. /хх 23-24/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Алгирмаагийн:....Би яг хутгалж байхыг нь хараагүй. Харин Нарангарав өөрөө надад аавыгаа хутгалж гэмтээсэн талаараа хэлсэн. Манай хүргэн дүү Отгонхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьдаг зантай. Отгонхүү авто аваарт орсноос хойш группэд байдаг. Манай төрсөн дүү Дэлгэрмаатай суугаад 20-оод жил болж байгаа гэх мэдүүлэг
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6287 тоот актын:
1.2. Д.Отгонхүүгийн биед цээжний зүүн дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт. /хх-32/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Нарангаравыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Отгонхүү мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ