Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/62                                                         Даланзадгад сум

 

 

 

Т.Ариунбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: В.Төгсбаяр /цахим/,

Шүүгдэгч: Т.Ариунбаатар /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ариунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Ариунбаатарт холбогдох 2429000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Т.Ариунбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнисервис” ХХК-ийн ажлын байрнаас “Нөүт-20” маркийн гар утас хулгайлж иргэн Ц.Бүжидмаад 800.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Т.Ариунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Т. Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбаатарт 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбаатарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Ариунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

Давж заалдах гомдол гаргах учир шалтгаан нь шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл болгох гомдол гаргаж байна.

Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг 4 дүгээр багийн дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “Юнисервис” ХХК-ний байрнаас хохирогч Ц.Бүжидмаагийн Нөүт-20 маркийн гар утас авсан нь үнэн.

Өөрийн хулгайн гэмт хэрэгт холбогдож, бусдад учруулсан хохиролтой маргахгүй. Өөрийнхөө үйлдлийн хууль бус болохыг ухамсарлан ойлгож бий.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн 47 болон 77 дугаар хуудсанд авагдсан баримтаас харагдана. Мөн хулгайлсан гар утсаа эзэнд нь хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон нотлох баримт хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр тус тус нотлогдоно.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар намайг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Би оногдуулсан 6 сарын хорих ялаа хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг шүүгч та бүхнээс гүнээ хүсэж байна гэжээ.

 

           Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Анхан шатны шүүх хуралдаанд дээр ярьж хэлж байгаа зүйл болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж байгаа зүйлийг нь сонсоход гаднаас олсон гар утсыг би эзэнд нь өгөөгүй гэж байна. Тэгвэл гаднаас олсон буюу гудамжнаас олсон гар утсыг эзэнд нь өгөөгүй гэдэг чинь Эрүүгийн хуульд ямар зүйл ангиар зүйлчлэгдэх вэ гэхээр алдуул мал, гээгдсэн эд зүйлийг завших гэж хэлмээр байна. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэрэг нь өөрөө бусдын эд зүйлийг санаатай хулгайлчихсан хэргээр гэм буруутайд тооцоод шийдэгдчихсэн байна. Энэ нь хохирогч Ц.Бүжидмаагийн “Би ажлын байр нь дээрээ гал тогооны өрөөнөөс гар утсаа алдсан. Хувцсаа солихдоо түр хугацаанд гар утсаа өөрөөсөө жаахан хол тавьсан. Намайг хувцсаа сольж байхад гаднаас хамт ажилладаг ажлын залуу Т.Ариунбаатар орж ирсэн.” гэж мэдүүлээд байгаа нь ажлын байран дотроосоо хувцсаа солих гээд гар утсаа жаахан хол тавьсан байх хооронд нь хулгайд алдчихсан байхад гудамжнаас олсон гээгдмэл эд зүйлийг Т.Ариунбаатар авчихсан асуудал биш байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн зүйлчлэл дээрээ маргаад байгаа юм уу, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаад байгаа юм уу гэдэг нөхцөл байдалтай ярьж мэдүүлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн хэргээ шийдвэрлэхгүйгээр алга болчихдог байж хувийн байдлыг харж үзээч гээд байх юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч Т.Ариунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнисервис” ХХК-д ажилладаг байхдаа Ц.Бүжидмаагийн “Нөүт 20” маркийн гар утсыг гаднаас олоод ажлын улмаас буцааж өгөөгүй буюу гэр рүүгээ авч явсан. Гэртээ ирээд утсыг нь онгойлгосон. Тэгээд утсыг нь буцааж өгсөн. Үр хүүхдээ маш их санаж байна. Надад хорихоос өөр шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

          Шүүгдэгч Т.Ариунбаатарын гомдлыг дэмжиж байгаа байдлаар дараах хэд хэдэн үндсэн нөхцөл байдлыг шүүхээс анхааран үзээсэй гэж хүсэж байна.

          Т.Ариунбаатарын хувьд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү гэдэг байдлаар гомдлыг гаргасан.

          Шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэрэгт тодорхой хэмжээнд бодитой хууль эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, тухайн хэрэгт хамааралтай нөхцөл байдлаар бодитойгоор бүрэн дүүрэн үнэлээгүй байгаа тул өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

          Үйлдсэн гэмээ ухаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдэг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байгаа нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчим, нотлох баримтыг үнэлэх нөхцөл байдал зэрэг дээр анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул тухайн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг нь анхаарч үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Ариунбаатарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Ариунбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнисервис” ХХК-ийн ажлын байрнаас “Нөүт-20” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ц.Бүжидмаад 800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.Бүжидмаагийн “...Би гар утсаа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Галлерэй кемпийн гал тогооны ажлынхаа байран дээрээс алдсан юм.

Гар утсаа алдахдаа хувцсаа солих гээд түр хугацаанд гар утсаа өөрөөсөө жоохон хол тавьсан бөгөөд намайг хувцсаа сольж байхад гаднаас хамт ажилладаг ажлын залуу Ариунбаатар орж ирсэн бөгөөд Ариунбаатар орж ирээд гарахад миний утас алга болсон юм. Тэгээд Ариунбаатараас асуухад өөрийнхөө гар утсыг авч ирээд миний дураар руу залгаж өгсөн, тэгэхэд дуудаж байсан юм. Тэгээд хэсэг дуудаж байгаад энэ өдрийн 23 цагаас хойш утас унтраад дуудахаа больсон юм. Жимэйл хаягаа гар утастайгаа холбосон байсан учраас гар утсыг ашиглаж байсан хүний зураг миний ашиглаж байгаа хаягт жимэйлээр ирсэн. Тус ирсэн зураг нь надтай хамт ажиллаж байсан Ариунбаатарын эхнэртэйгээ авхуулсан зураг байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

Хохирогч Ц.Бүжидмаагийн “Uugnaa tunglag” жимэйл хаягт ирсэн гэрэл зургийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эд зүйл хүлээн авах тэмдэглэл үйлдсэн, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,

Гэрч У.Цолмончимэгийн “Би ажлынхаа байран дээр ажилтай байсан ба энэ өдөр 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орой 20 цаг 30 минутын үед ажил дээрээ очсон. Энэ үед 21 цагийн үед өдөр шөнийн 2 ээлж жагссан ба Ц.Бүжидмаа гар утсаа алдсан талаараа нэгдэж байхад хэлсэн. Тэгээд бид нар гар утсыг нь хайгаад олоогүй юм. Ц.Бүжидмаа Нөүт-20 маркийн гар утастай гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1714 дугаартай дүгнэлт  /хавтаст хэргийн 37-39-р хуудас/,

Шүүгдэгч Т.Ариунбаатарын “Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Галлерэй кемпийн ажил дээрээс Бүжидмаагийн гар утсыг хулгайлж аваад Улаанбаатар хотод авч ирээд өөрөө ашиглаж байсан юм. Тухайн гар утсыг би эзэнд нь буцааж өгсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Ариунбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Т.Ариунбаатарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Ариунбаатар нь “түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргаж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх хохиролгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” хүсэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ариунбаатарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул ял шийтгүүлсэн этгээдийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ариунбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбаатарын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 (далан) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

 

                                                                                           Л.УГТАХБАЯР