Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00034

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/01494/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 272,000 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбат, хариуцагч С.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Би ******* суманд 1,2 га газар лууван тарьсан. Гэтэл *******ын 8 толгой үхэр 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр луувангийн талбайд орж хохирол учруулсан тул  үхрүүдийг хашсан байсныг ******* өөрөө ирж гарын үсэг зураад үхрээ хүлээж авсан.

Тухайн үед сумын ургацын комисс миний талбайд учирсан хохирлыг шалгаж 1 үхэрт 34,000 төгрөгөөр тооцож, 8 үхрийн 272,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан.

Гэвч ******* нь хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *******аас 272,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******гийн хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь өөрсдөө ногооныхоо хашааны хаалгыг онгойлгон мал оруулж, 2-3 цагийн дараа хөөж гаргахад нь би очиж гаргалцахад манай хүүгийн 1 ч үхэр байгаагүй. Манай хүүгийн үхэр үйлдвэр дотор сүүдэрлэж байхад нь хашсан байсан.

Би хохирлын акт тогтооход нь очно гэсэн боловч акт тогтоох үеийг мэдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******аас 272,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 8,810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 8,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хуурамч нотлох баримтад үндэслэн А дансанд нэг ч мал тоолуулаагүй намайг төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

4.б. Малгүй талаараа нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломж олгоогүй зөвхөн нэхэмжлэгчийн талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нотлох баримтуудыг дахин гаргах хүсэлтэй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

Хариуцагч тал “...өөрсдөө ногооныхоо хашааны хаалгыг онгойлгон мал оруулсан, хөөж гаргахад нь би тусалсан. Харин манай 10 үхрийн тухайд үйлдвэрийн дотор сүүдэрлэж байхад нь тэдний хашаанд орсон үхрийг хаших үед нь цуг хашигдсан. Орой хүмүүс үхрээ авах үед зураг үзүүлээд өгч байсан учраас, манай үхэр байсан учраас авсан, мөн тэр талбайд хураах лууван байгаагүй. Гэм хорын хохирлын үнэ 272,000 төгрөг төлөх боломжгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг  хариуцагч ******* нь эс зөвшөөрч  давж  заалдах гомдол гаргасан байна. 

Зохигчид  2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 272,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “эвлэрлийн гэрээ”-ээр хариуцагч *******аас гэм хорын хохирол 50,000 төгрөг гаргуулахаар харилцан зөвшилцөж, энэхүү эвлэрлийн гэрээг үл маргах журмаар сайн дураар биелүүлэх үүрэг хүлээж “эвлэрлийн гэрээ”-г  бичгээр  байгуулж  тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн,  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг,  мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан-Уул аймаг  дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 272,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “эвлэрлийн гэрээ”-ээр хариуцагч *******аас гэм хорын хохирол 50,000 төгрөг гаргуулахаар харилцан тохирсон  зохигчдын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  8,810  төгрөг, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 8,810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай                           

        

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.БАЙГАЛМАА                                                               

                                      ШҮҮГЧ                                          Г.ДАВААРЕНЧИН                                                                           ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА