| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2329002320017 |
| Дугаар | 2024/ДШМ/63 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/63
Ц.Цогт-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/,
Хохирогч нарын өмгөөлөгч: Т.Ганзориг /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Цогт-Очирт холбогдох 2329002320017 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Цогт-Очир нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалтад заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл ....хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчиж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн авто замын 57 дахь км-т 02-24 БУА улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон эсрэг урсгалд явж байсан 28-93 УАА улсын дугаартай “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Нэргүйбаатар, Г.Энхбаатар нарын биед хүнд, Г.Гүндэгмаагийн биед хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ц.Цогт-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
1. Шүүгдэгч Жагтыва овогт Цэнд-Аюушийн Цогт-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хохирогч Г.Энхбаатар, Г.Нэргүйбаатар, Г.Гүндэгмаа нарын эрүүл мэндэд хүнд, Д.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очирт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Цогт-Очирт мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очирт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15180000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхбаатарт, 15180000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нэргүйбаатарт, 14520000 төгрөгийг гаргуулж Г.Гүндэгмаад, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч Б.Балжиннямаас эд хөрөнгөд учирсан хохиролд 21684500 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогт-Очироос бензин шатахууны зардал, буудлын зардал болох 740037 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Нэргүйбаатарт тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Г.Нэргүйбаатарын гаргасан “2 сарын цалин хөлсөнд 14607600 төгрөг гаргуулах”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхийн “24 хоногийн цалин хөлсөнд 4737600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цогт-Очир, иргэний хариуцагч Б.Балжинням нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хохирогч Г.Гүндэгмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Цогт-Очир, иргэний хариуцагч Б.Балжинням нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Цогт-Очир нь гэм хорын хохиролд хохирогч Г.Энхбаатарт 3534000 төгрөг, хохирогч Г.Нэргүйбаатарт 936000 төгрөг, хохирогч Г.Гүндэгмаад 3725000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Балжинням нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхөд гэм хорын хохиролд 1156486 төгрөг, хохирогч Г.Гүндэгмаад 1810000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нэргүйбаатар нь ажилгүй байх хугацааны цалин болох 14607600 төгрөг, хохирогч Ц.Батмөнх нь ажилгүй байх хугацааны цалин болох 4737600 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй юм.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч нар нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, мөн нийгмийн даатгал төлсөн баримтаар урьд өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь тогтоогддог бөгөөд Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу дээрх мөнгийг хохирогч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй тул зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Б.Балжиннямаас гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэж өгнө үү.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.Балжинням эрхийн үнэмлэхгүй этгээдэд жолоогоо шилжүүлснээс үүссэн бөгөөд гэм хорын хохирлын мөнгийг Ц.Цогт-Очироос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Балжиннямаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүхээс тухайн хэргийн нөхцөл байдал дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлүүдийг харгалзан үзээд нэгдүгээрт Б.Балжинням гэдэг хүн Ц.Цогт-Очир гэдэг хүний ажил олгогч биш байна. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хугацаанд жолоогоо шилжүүлж өгсөн дараа энэ осол гарсан байна гэдэг агуулгаар хэргийг шийдсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчиж гаргаагүй. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Цалинтай холбоотой асуудал нь нийгмийн даатгал төлсөн баримт байгаа боловч хүн амын орлогын албан татвар төлөгдөөгүй гэдэг асуудал гарч ирсэн.
Хүн амын орлогын албан татвар төлсөн эсэх баримтаа хохирогч талаас гаргаж өгөөгүй. Тийм учраас шүүх шийдвэрлэхдээ нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхтэй гэдэг агуулгаар шийдсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нэргүйбаатарын ажилгүй байх хугацааны цалин болох 14607600 төгрөг, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхийн ажилгүй, өвчтэй байх хугацааны 4737600 төгрөгийг иргэний хариуцагч Б.Балжиннямаас гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзоригийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ц.Цогт-Очир нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 02-24 БУА улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд орж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн авто замын 57 дахь км-т эсрэг урсгалд явж байсан 28-93 УАА улсын дугаартай “Тоёота фийлдер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Нэргүйбаатар, Г.Энхбаатар нарын биед хүнд, Г.Гүндэгмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Нэргүйбаатарын “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багын Цагаан хад гэх газраас Улаанбаатар чиглэлд явж байхад миний эсрэг урсгалаар явж байсан машин урсгал сөрж ирээд намайг мөргөсөн. Өөдөөс машин гараад ирэхээр нь замаас гарах гээд баруун гар тийш жолооныхоо хүрдийг эргүүлсэн боловч замаас гарч амжилгүй мөргөлдсөн.” /1 дүгээр хавтас хэргийн 55 дахь тал/ гэх,
Хохирогч Г.Энхбаатарын “...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 05 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн ах Г.Нэргүйбаатарын хамт түүний эзэмшлийн 2893 УАА улсын дугаартай Тоёота кролла пелдер загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын зүг гарсан юм.
Тухайн үед уг тээврийн хэрэгслийг манай төрсөн ах Г.Нэргүйбаатар жолоодож явсан бөгөөд уг машинд би болон миний төрсөн эгч Г.Гүндэгмаа, бэр эгч Д.Батмөнх /Нэргүйбаатарын эхнэр/ нар зорчиж явсан.Тэгээд тус газраасаа хөдлөөд удаагүй 1-2 цаг явсны дараа өөдөөс хар өнгийн суудлын тэрэг урсгал сөрөөд хурдтай ороод ирсэн ба машин жолоодож явсан ах Г.Нэргүйбаатар хажуу тийш машинаа дартал жолоочийн эсрэг талыг хамаад мөргөчихсөн юм.” /1 дүгээр хавтас хэргийн 60-64 дэх тал/ гэх,
Гэрч Г.Гүндэгмаагийн “...Г.Нэргүйбаатар, Г.Энхбаатар, Д.Батмөнх нарын хамт Цагаан хаднаас ажлаасаа буугаад Улаанбаатар хот орох гээд 57 км гэсэн тэмдэг бүхий газар ирээд бензин авах гээд ороход хаалттай байсан тул тэндээ эргээд зам руу ороод 100 орчим метр явж байхад манай дүү Г.Нэргүйбаатар нь энэ яадаг машин бэ гэхэд нь би гайхаад харахад нэг хар өнгийн машин урсгал сөрөөд манай эгнээгээр орж ирээд мөргөсөн” /1 дүгээр хавтас хэргийн 73-78 дахь тал/ гэх,
Гэрч Б.Балжиннямын “...Би өөрийн эзэмшлийн 02 24 БУА дугаартай камри 50 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед найз охин Ц.Гэрэлцэцэг, найзын дүү болох Ц.Цогт-Очир бид гурав Эрдэнэт хотоос гараад 18 цагийн үед Улаанбаатарын хотын Драгон дээр ирээд 21 цагийн үед Цагаанхад руу гарсан.
Дундговь аймгийн Петровис шатахуун түгээх дээрээс машиндаа бензин хийгээд тэгээд найзын дүү болох Ц.Цогт-Очироос “чи машин барж явж чадах уу” гэхэд “би машин унаад явж чадна” гэсэн. Тэгээд “миний нойр хүрээд байна” гээд найзын дүү болох Ц.Цогт-Очирыг “машин барчих” гэхэд “за тэгье” гээд би машинаа өгөөд хойд суудал руу унтсан.
Ц.Цогт-Очир намайг дуудсан сэрээд харахад гадаа гэгээ орчихсон байсан бөгөөд цонхоор харахад Цогтцэций сумын хойно байрлах газар клонк дээр зогсож байсан. Ц.Цогт-Очир “одоо хашаа аль замаар явах вэ" гэж надаас асуухад би зам зааж өгөөд урагшаа нүүрс тээврийн 6 дахь км хүртэл хамт юм яриад явж байгаад тэгээд буцаад унтаад байж байхад тас тас хийх чимээ гараад босоод харахад манай замын эсрэг талд машины өмнө хэсэг баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан. ...Би гутлаа өмсөөд машинаас буугаад харахад манай машины зүүн хойд талд цагаан машинтай мөргөлдсөн байсан. ...Ц.Цогт-Очироос юу болсон талаар асуухад юм хэлээгүй.” /1 дүгээр хавтас хэргийн 93-94 дэх тал/ гэх,
Гэрч Ц.Гэрэлцэцэгийн “...тэгээд би нэг сэрээд одоо хаана явж байгаа юм бэ гэхэд Цогтоо миний хажуу талд машин бариад хоёр орох гэж байна гэсэн. Би эргээд ар талын суудал руу харахад Б.Балжинням ар талын суудал дээр хэвтээд унтаж байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Сэрсэн чинь би машины урд талын салоны дэрийг дэрлээд байж байсан. Юу болсон талаар Цогтоогоос асуухад Цогтоо юу ч дуугараагүй.” /1 дүгээр хавтас хэргийн 99-100 дахь тал/ гэх,
Гэрч Ж.Уранхүүгийн “...2023 оны 08 дугаар сарын 01-ний 07 цагийн үед байх дүү Ц.Цогт-Очир та хаана байна. Машин мөргөлдөөд осол гарсан хурдан хүрээд ирээч ээ гэсэн.
Осол болсон газар 10 цаг өнгөрч байхад очсон. Дүү Ц.Цогт-Очироос 02-24 БУА дугаартай Б.Балжиннямын машиныг хэн унаж явсан талаар асуухад дүү Ц.Цогт-Очир би осол болох үед машин унаад явж байсан. Нойрмоглоод зам тээврийн осол болчихсон гэж надад хэлсэн.” /1 дүгээр хавтас хэргийн 102-105 дахь тал/ гэх,
Гэрч Д.Батмөнхийн “...Тухайн үед нүүрс тээврийн засмал зам дээр ямар ч машин байхгүй байсан. Шатахуун түгээх станцыг өнгөрөөд 100 гаруй метр явж байхад замын эсрэг талын урсгалд өөдөөс хар өнгийн суудлын жижиг машин хуртай гарч ирээд гэнэт мурис гээд манай машины чанх урдаас мөргөсөн. Тухайн үед 07 цаг 20 минутад осол болсон.” /1 дүгээр хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Ёндонтүвшингийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн А/ Тоуоtа Сатгу 02-24 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Цогт-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
Б/ Тоуоtа Согоllа fieider маркийн 28-93 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Нэргүйбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
В/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх,
Г/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг Тоуоtа Сатгу 02-24 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Цогт-Очир нь зөрчсөн байна” /1 дүгээр хавтас хэргийн 159-160 дахь тал/ гэх,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10174 дугаартай “1. Г.Нэргүйбаатарын биед хүзүүний 2-р нугалмын их бие, зүүн хөл, баруун мэдрэлийн нумыг хамарсан зөрүүтэй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10864 дугаартай “1. Г.Гүндэгмаагийн биед зүүн шуу болон богтос ясны ил хугарал, халдварлагдсан шарх, зүүн шууны шархыг угааж, хугарлыг эвлүүлж гадна бэхлэгчээр бэхлэх мэс засал /2023.08.03/, зүүн шууны шархыг угааж үхэжсэн эдийг мэс заслын дараах байдал /2023.08.18/, /2023.08.24/, зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, зүүн хацар, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10862 дугаартай “1. Г.Энхбаатарын биед зүүн дунд чөмөгт ясны их эргүүлэг дайрсан хугарал, баруун зүүн умдаг ясны зөрүүтэй хугарал, зүүн аарцаг ясны дэлбэн, зүүн сүүжний тогооны үе дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” /1 дүгээр хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэх дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 224-225 дахь тал/, Ц.Цогт-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа, тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 250 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 26-34 дэх тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Цогт-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.Цогт-Очирт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байх ба гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болон Иргэний хуульд заасан хариуцвал зохих этгээдээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзориг нь “хохирогч Г.Нэргүйбаатар, Д.Батмөнх нарын ажилгүй байх хугацааны цалинг иргэний хариуцагч Б.Балжиннямаас гаргуулан хохирогч нарт олгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нэргүйбаатар нь “Экоглобал ложистик” ХХК-д ажилладаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зам тээврийн ослын улмаас ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон учир олох байсан орлого болох 14607600 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй.” /2 дугаар хавтас хэргийн 16 дахь тал/ гэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх нь “Миний бие нь “Аранзал алаг” ХХК-д тээврийн жолооч хийдэг. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зам тээврийн ослын улмаас хөнгөн гэмтэл аван ажил хөдөлмөрөө хийж чадаагүй тул олох байсан орлого 24 хоногийн цалин 4737600 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна.” /2 дугаар хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
Нийслэлийн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичигт Дашдондогийн Батмөнх нь манай эрүүл мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэс заслын тасагт 10 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн байна /3 дугаар хавтас хэргийн 32 дахь тал/ гэж тодорхойлон түүний өвчтөний түүх, холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлсэн байх ба анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгчөөс хохирогч Г.Нэргүйбаатарын хоёр сарын цалин 14607200 төгрөг, Д.Батмөнхийн нэг сарын цалин 4737500 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах гэсэн тайлбарыг гаргасан байна. /3 дугаар хавтас хэргийн 93 дахь тал/
Дээрх хүсэлт, тайлбар, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд хохирогч нар нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас хэдий хугацаанд ажлаа хийлгүйгээр хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, дээрх хохирлыг хэнээс нэхэмжилж байгаагаа тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирогч нарын өмгөөлөгчийн “ажилгүй байсан хугацааны цалинг иргэний хариуцагчаас гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч нарын өмгөөлөгч Т.Ганзоригийн “хохирогч нарын ажилгүй байсан хугацааны цалинг иргэний хариуцагчаас гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР