Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2026/0423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогтой ын /РД:/,

Хариуцагч Баянзүрх Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн Захиргаа, удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн хуулийн зөвлөх Т.,

Гэрч: Монгол овогтой Цэнд-ийн /РД:/,

            Гэрч: овогтой /РД:/,

            Гэрч: ******* овогтой ийн /ИБД:/,

Гэрч: ******* овогтой ийн /РД:.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-д дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., гэрч Ц., Б., Ц., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 60 дугаар байрны үйл ажиллагааг хариуцан ажилладаг “” СӨХ- г бүртгэж   дугаар гэрчилгээг шинээр олгож, тус СӨХ-ны  гүйцэтгэх захирлаар Д. томилогдсоныг бүртгэжээ.

            1.2. Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10,12 дугаар зүйлийг зөрчиж, хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй тул холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан тухай” “” СӨХ-д мэдэгджээ.

            1.3. Нэхэмжлэгчээс шүүхэд анх 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тоот “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ны №******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосноор  нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан

            -“Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ны №******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан тухай албан шийдвэрийг хүчингүй болгуулах,

            -Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

            -Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэр гарсныг үндэслэн хэн нэгнээс хүсэлт ирүүлээгүй байхад шинээр “” СӨХ-ны гэрчилгээ дур мэдэн гаргаж, СӨХ-ны хууль бус Удирдах зөвлөлийн гишүүдэд олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-н дарга Д.Мөнхжаргалын бүртгэсэн, гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”

            -Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүй болгож, “” СӨХ-ны №******* гэрчилгээг дахин бүртгэх шийдвэр гаргахыг даалгах” зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2025/*******/ шүүгчийн захирамжаар 128/2025/1075/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2026 оны 1

дүгээр сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2026/******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн

            -“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэр гарсныг үндэслэн хэн нэгнээс хүсэлт ирүүлээгүй байхад шинээр “” СӨХ-ны гэрчилгээ дур мэдэн гаргаж, “” СӨХ-ны хууль бус Удирдах зөвлөлийн гишүүдэд олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-н дарга Д.Мөнхжаргалын бүртгэсэн, гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

            - Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүй болгож, “” СӨХ-ны №******* гэрчилгээг дахин бүртгэх шийдвэр гаргахыг даалгах” зэрэг шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосноор нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар тоот Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ны гэрчилгээг шинээр бүртгэсэн, олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоотыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж

тодорхойлсон.

            1.5. Тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар дахин хугацаа тогтоох тухай” “128/ШЗ2026/1558 дугаар шүүгчийн захирамжаар дахин хугацаа тогтооход нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар тоот Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн гэрчилгээг шинээр бүртгэсэн, олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоотыг илт хууль бус болохыг тогтоолгох”  гэж тодорхойлсон.

            1.6.  Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахаар удаа дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон боловч нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй тул тус шүүхийн  2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай” 128/ШЗ2026/******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

            1.7. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын  2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, №099 тоот СӨХ-д гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, №099 тоот СӨХ-д гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.

            1.8. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, №099 тоот СӨХ-д гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”  гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан.

            1.9. Тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэр гарсныг үндэслэн хэн нэгнээс хүсэлт ирүүлээгүй байхад шинээр “” СӨХ-ийн хууль бус удирдах зөвлөлийн гишүүдэд олгосон тус дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-н дарга Д.Мөнхжаргалыг бүртгэсэн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

            1.10. Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ, түүний захирал ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бичгийг шүүхэд ирүүлсэн.

            1.11. Нэхэмжлэгчээс эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, №099 тоот гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсноор тус шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн хянан хэлэлцэв.

            Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

            2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн   тоот “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ: “...Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэртээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10,12 дугаар зүйлийг зөрчиж, хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул  дээрх хуульд зааснаар 10-р зүйлд харгалзах "Удирдах Зөвлөлийн эрх, үүргээ зөрчсөн" гэж захиргааны шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлээ дурдсан байдаг. Дээрх үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр СӨХ-д олгосон №******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан тухай СӨХ-нд мэдэгджээ.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ захирал ******* нь тухайн шийдвэрийг авангуутаа СӨХ нь цаашид ажиллахгүй гэх хүсэлтээ өгсөн, СӨХ шинээр гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байхад А.д шинээр гэрчилгээ гаргаж өгсөн үйлдэл нь Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг зөрчсөн буюу Захиргааны актаар “” СӨХ-н гэрчилгээг хүчингүй болгож үйл ажиллагааг нь зогсоож байгаа шийдвэрийг шууд зөрчөөд дахин шинэ гэрчилгээг хууль бус хүнд ашиг сонирхлын зөрчилтэйгээр олгосон үйлдлийг шүүхийн журмаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            2.2. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ы 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 3-р хорооны “” СӨХ-ийн №099 тоот гэрчилгээг шинээр бүртгэж, №099 тоот гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэлээ: “... СӨХ-ийн Бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэргүйгээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинээр № дугаар гэрчилгээ олгохдоо Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв”-өөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Илтгэх хуудсаар бүрдүүлбэр дутууг мэдэгдсээр байхад дур мэдэн хууль бусаар “” СӨХ-г шинээр бүртэж №099 гэрчилгээг олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дах заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байхад СӨХ-ийн эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр огцруулсан Ц.д, Д.Солонгын хүсэлт огноогүй байхад шинээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №099 тоот СӨХ-ийн гэрчилгээг дахин шинээр бүртгэсэн нь 2025 оны 9 сарын 30-ны өдрийн Хяналтын зөвлөлийн №03/25 дугаар шийдвэрээр СӨХ-ны эрх барих Бүх гишүүдийн хурлыг зарласан шийдвэр, 2025 оны 10 дугаар сарын 21-ний Сенатор 60 СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын шийдвэр, Бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, СӨХ-ны Удирдах зөвлөлийн шинэ гишүүдийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Удирдах зөвлөлийн Хурлын шийдвэр Гүйцэтгэх захирлаар Т.г үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр зэргийг үл харгалзан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэсэн заалтыг зөрчиж шинээр гэрчилгээ олгосон нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа иргэн миний Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16.10-д заасан “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс,...олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг зөрчсөн. Захиргааны актыг гаргахдаа хууль ёсны үндэслэлтэй гаргах ёстой байсан. Гэтэл хууль ёсны үндэслэл байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд удирдах зөвлөл байнгын байна, удирдах зөвлөлийн гишүүд дутуу байвал бүх гишүүдийн хурлыг хийж нөхөн сонгох ёстой. Гэтэл дутуу гишүүнтэй хууль бус шийдвэрийг үндэслэн захиргааны акт гаргасан нь хууль бус байна...” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1.  СӨХ-ийн бүртгэл, гэрчилгээ олгосон эрх хэмжээний талаар:

Баянзүрх дүүргийн хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны анхан шатны бүртгэл, мэдээллийг Баянзүрх дүүргийн харьяа газар “Дүүргийн хөгжлийн төв” нь холбогдох хууль, журмын хүрээнд хариуцан зохион байгуулдаг бөгөөд бүрдүүлсэн баримт материалыг үндэслэн дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгодог эрх бүхий этгээд болно. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцэж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбоог шинээр бүртгэх, гэрчилгээ олгох журам”-ын дагуу холбогдох баримт бичгийг хянан шалгаж, бүрдэл хангагдсан эсэхийг нягтлах, хууль зөрчөөгүй эсэхийг шалгах ажиллагааг хийсний үндсэн дээр гэрчилгээ олгосон болно. Иймд захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд, зохих журмын дагуу шийдвэр гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хууль зөрчөөгүй болно.

3.2.  “” СӨХ-ийн бүртгэл, бүх гишүүдийн хурлын талаар:

 “” СӨХ нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 38 айл өрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 07 сарын 02-ны өдөр бүх гишүүдийн хурлаар СӨХ-ийг байгуулж, дүрмийг баталж, Удирдах болон Хяналтын зөвлөлийг сонгож, гүйцэтгэх захирлыг томилсон байна. Үүний дагуу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот гэрчилгээг олгож бүртгэсэн. Одоогийн байдлаар Удирдах зөвлөлийн гишүүд (Ц.Оюунхатан, Б., А., Ц.Энхболд, Т.Шинэбаяр), Хяналтын зөвлөлийн гишүүд (Д.Басбиш, Ц.дулам, Д.Мөнхбат) нь албан ёсны бүртгэлд өөрчлөлт ороогүй хэвээр байна. Хуульд зааснаар эдгээр бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд ийм шийдвэр, баримт бичиг эрх бүхий байгууллагад ирүүлж бүртгүүлээгүй болно. Дүүргийн хөгжлийн төвийн бүртгэл мэдээллээр СӨХ байгуулагдсанаас хойш хууль ёсны хүчин төгөлдөр бүх гишүүдийн хурал дахин зохион байгуулагдаагүй, 2 удаагийн хурал нь ирц хүрээгүй, хуульд нийцээгүй, зар мэдээллийн хугацаа зөрчсөн зэрэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна. Эдгээр зөрчлийг ажиглахаар оролцсон эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүд тухай бүрд нь тус хурал зохион байгуулагчдад мэдэгдсэн болно. Нэхэмжлэлд дурдсан бүх гишүүдийн хурал нь албажаагүй бөгөөд бүрэн бус гэж үзэх үндэслэлтэй.

3.3. Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын эрх хэмжээний талаар:

 Хуулийн 10 дугаар зүйлд Удирдах зөвлөлийн бүрэн эрх, 10.8.2-т гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг тус тус хуульчилсан. Дээрх заалтуудад Удирдах зөвлөлийг бүх гишүүдийн хурлаар, Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлийн хурлаар тус тус шийдвэрлэх эрх хэмжээтэй. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн хурлаар Т.г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх, шинэ гүйцэтгэх захирлаар Д.Солонгыг томилох шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр нь дээрх хуулийн 10.8.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр болно. Мөн хуулийн 12.4.9-д гүйцэтгэх захирал чөлөөлөгдсөн тохиолдолд 3 хоногийн дотор тамга, бичиг баримтыг хүлээлгэн өгөх гэж заасан боловч Т. нь уг үүргийг биелүүлээгүй байна.

3.4. Өргөдөл, гомдлын дагуу авсан арга хэмжээний талаар:

 Оршин суугчдаас СӨХ-ийн үйл ажиллагаа, Т.тэй холбоотой асуудлаар 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 02-ны өдөр, 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Баянзүрх дүүргийн өмчит “Дүүргийн хөгжлийн төв” нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд судалгаа, шалгалтын ажиллагааг зохион байгуулсан болно. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т зааснаар иргэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй бөгөөд төрийн байгууллага уг эрхийг хангах үүрэгтэй. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэдийн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хүлээн авч шийдвэрлэх, холбогдох нөхцөл байдлыг шалган тогтоох, шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдэд үүрэг, чиглэл өгөх үүргийг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 25 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангах зарчмын дагуу иргэн Т.д холбогдох албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, тайлбар авах зорилгоор сонсох ажиллагааг зохион байгуулсан болно. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд иргэдийн амгалан тайван, аюулгүй, хэвийн амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулах, СӨХ-ийн үйл ажиллагаанд үүссэн маргааныг хуульд нийцүүлэн зохицуулах, холбогдох этгээдэд үүрэг, чиглэл өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно. Дээрх ажиллагааны үр дүнд Дүүргийн хөгжлийн төвөөс тухайн маргаантай асуудалд дүгнэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн бөгөөд уг дүгнэлт нь маргаан бүхий нөхцөл байдлыг бодит баримтад тулгуурлан тодорхойлж, цаашид авах арга хэмжээний үндэслэл болсон болно. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэдийн эрхийг хамгаалах, зөрчлийг таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажилласан нь хууль зөрчөөгүй, харин ч төрийн байгууллагын үндсэн үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар:

 Иргэн Т. нь “” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд уг шийдвэр нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна. Иймд Т. нь СӨХ-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн статусаа алдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн холбооны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн чадамжгүй этгээд болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах этгээд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай бөгөөд энэ нь тодорхой, шууд хамааралтай байх ёстой. Өөрөөр хэлбэл Засаг даргын шийдвэр гарахаас өмнө түүний Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гүйцэтгэх захирлаар оролцох эрхийг Удирдах зөвлөлийн гишүүд нь хязгаарласан байсныг энд дурдах нь зүйтэй. Гэтэл нэхэмжлэгч Т. нь өөрийгөө СӨХ-ийг төлөөлөх эрхтэй этгээд болохоо нотлоогүй, маргаан бүхий захиргааны актын улмаас өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зөрчигдсөн байдал, түүний шууд хамаарлыг хангалттай илэрхийлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв Т. нь өөрийгөө гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа бол тухайн шийдвэрийн талаар иргэний журмаар шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой бөгөөд энэ нь СӨХ-ийн дотоод харилцаанаас үүссэн маргаан болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь эрх бүхий этгээдээс гаргаагүй, мөн эрх зөрчигдсөн байдал тодорхой бус тул хүлээн авах, хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

3.6. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд, нотлох баримтад тулгуурлан, хууль, журамд нийцүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг зөрчилгүйгээр шийдвэр гаргасан тул маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны үндэслэл бүхий хүчин төгөлдөр акт болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д зааснаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль давхар хэрэглэгдэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлууд болон хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд биш, захиргааны байгууллага хууль зөрчөөгүй, шийдвэр нь үндэслэл бүхий,  СӨХ дотоод маргааныг захиргааны акттай хольж тайлбарласан байна, Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасныг үндэслэн хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Захиргааны актыг гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг хавсарган хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангаа танилцуулаагүй үйлдэлд Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс 3 удаагийн зөвлөмж, нэг удаагийн мэдэгдэлдээ дурдахдаа бүх гишүүдийн хурал, холбогдох ажиллагаануудыг хийх, гэрчилгээ тамгыг хүлээлгэн өгөх зөвлөмж хүртэл өгсөн. Гэтэл өгөөгүй гэж тайлбарлаж байна. Тухайн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрээ гаргахдаа удирдах зөвлөлийн хууль ёсны дүгнэлтийг баримтлан шийдвэрээ гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9-д заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Баянзүрх дүүргийн засаг дарга дүүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг биелүүлээгүйгээс үүдэн тухайн байрны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал бий болсон байсан Баянзүрх дүүргийн Засаг даргаас  Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасны дагуу захиргааны акт гарган өмнөх гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны акт гаргах процесс болон захиргааны акт хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн гаргах эрх үүсэх энэ тохиолдолд Т. нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч бол өнөөдрийг хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын эрх үүргийг тайлбарлаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр нь нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын ажлаас нь чөлөөлөөгүй ба удирдах зөвлөлийн шийдвэрээр Т. ажлаас чөлөөлөгдсөн. Тиймээс сууц өмчлөгчдийн холбоотой эрх ашиг зөрчигдөөгүй байна...” гэжээ

Дөрөв. Шүүх хуралдаанд гаргасан гэрчүүдийн мэдүүлэгт:

Гэрч Ц. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “...2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын ирц бүрдээгүйгээс гадна маргаан болсон тул хуралдаагүй турсан. Хяналтын зөвлөлөөс дараагийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлыг зарласан. Тухайн хурлаар өмнө байсан хүмүүсийг чөлөөлж шинээр хүн сонгосон. Шинэ хүн сонгоход 901 тоотын залуу өөрийн хүсэлтээр орсон, шинээр 3 гишүүн орсон. Бүх гишүүдийн хурлаар н.Дэлгэр, н.Ганбат, н.Одхүү гэсэн гурван хүнийг шинээр сонгосон” гэв.

Гэрч Ц. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Анх 2020 онд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан удирдах зөвлөлийг 5 гишүүнтэйгээр сонгосон. Хуралд ороогүй хоёр гишүүний нэг нь тухайн байрыг барьсан инженер байсан, нөгөө хүн нь байрнаас нүүсэн тул удирдах зөвлөл 3 гишүүнтэй үлдсэн. Энэ хугацаанд Т.г чөлөөлөх болсон шалтгаан нь удирдах зөвлөл болон иргэдээс тайлангаа тавихыг удаа дараа шаардсан ч хүлээж аваагүй, байрны ажил хийгдэхгүй байсан. Сүүлдээ байр ганц орц гарцтай болсон, ус тогтон явган хүн явах боломжгүй болсон. Мөн цахилгаан шатны аюулгүй байдал алдагдсан тохиолдол гарч байсан. Энэ хүрээнд ямар ажил хийсэн тухайгаа танилцуул гэхэд танилцуулаагүй. Мөн цахилгаан шат янзалсан компаниас төлбөрөө төлөөгүй байсан гэсэн баримтууд, оршин суугчид болон хажуу талын Сууц өмчлөгчдийн холбооноос гомдол ирсэн. Энэ хугацаанд тайлангаа танилцуул гэж удаа дараа шаардсан хэдий ч танилцуулаагүй тул чөлөөлсөн.

Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гэхдээ тухайн өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй. Өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй учир өөрөөс чинь хүртэл тодруулж байсан. Өргөдөл өгөх болсон шалтгаан нь би Сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлж байсан ч цаашаа дамжуулан төлбөр хийгээгүй байсан ба ярилцах гэхэд ойлголцолд хүрээгүй. Удирдах зөвлөл бүх гишүүдээрээ цуглаж намайг чөлөөлөх байсан ч тухайн процесс болоогүй. Өргөдөл өгсний дараа удирдах зөвлөлийн хурал, бүх гишүүдийн хурал ч болоогүй” гэв.

Гэрч А. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2025 оны 8 дугаар сараас эхлэн Т.д санхүүгийн тайлан, СӨХ-ны төлбөр юунд зарцуулагдаж байгаа талаар танилцуулахыг шаардсан ч шаардлагыг биелүүлээгүй тул огцруулсан.  Өмнөх Удирдах зөвлөлийн гишүүд хэвээрээ Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд бүртгэлтэй байгаа. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын талаар мэдэхгүй учир нь албан ёсны хурлын зар аваагүй. Чөлөөлөгдсөн хуучин гүйцэтгэх захирал хурал зарлах эрхгүй, бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөл зарлах эрхтэй.

Анх удирдах зөвлөл 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Барилга барьсан компанийн инженер төлөөлөл болж н.Шинэбаяр, оршин суугчдын төлөөлөл н.Энхболд гэж байсан. н.Энхболд байраа зараад нүүсэн, н.Шинэбаяр барилгын компани барилгаа хүлээлгэн өгөөд барилгын бүрэн бүтэн байдлыг хангах 3 жилийн хугацаа дууссан бөгөөд манай байранд амьдардаггүй тул удирдах зөвлөлд байх шаардлагагүй гэж үзсэн. Нийт 5 гишүүнтэй байхаас байх ёстойгоос 2 гишүүн нь хамааралгүй тул үлдсэн 3 гишүүн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            2.Маргаан бүхий үйл баримтын тогтоогдсон нөхцөл байдлын талаар.

            2.1. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо /хуучнаар/-ны нутаг дэвсгэрт байрлах 38 айлын 60 дугаар байрны оршин суугчид хуралдаж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-ийн бүх гишүүдийн тогтоолоор “” СӨХ-ийг байгуулж “” СӨХ-ийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн даргаар Д.Оюунлхагвыг, гүйцэтгэх захирлаар Т.г тус тус томилсноор Баянзүрх дүүргийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл холбогдох материалыг хянан үзээд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “” СӨХ-г Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж, ******* дугаар гэрчилгээг олгожээ.

            2.2. “” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Т. нь 2020 оноос хойш СӨХ-ийн гишүүдэд санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавиагүй, удирдах зөвлөлийн удаа дараагийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэж, Т.г “” СӨХ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, “” СӨХ-ийн тамга, данс, гэрээ болон бусад холбогдох баримтыг 3 хоногийн дотор хүлээлгэж өгөхийг даалгажээ.

            2.3. “” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаар тогтоолоор “” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар Д.Солонгыг томилж, гэрчилгээг дахин гаргуулах тухай хүсэлт холбогдох материалыг Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-т хүргүүлжээ.

            2.4. “” СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой тус байрны оршин суугчид болон удирдах зөвлөлийн дарга Ц. нараас Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-т хандаж “” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Т.г албан тушаалаас нь чөлөөлсөн боловч Т. нь “” СӨХ-ийн тамга тэмдэг болон холбогдох материалыг хүлээлгэн өгөхгүй, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа талаар хүсэлтийг гаргажээ.

            2.5. Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ- нь  “” СӨХ-ийн оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай”, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 204 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгүүдээр нэхэмжлэгч Т.д “” СӨХ-ийн оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, оршин суугчдын эрх ашиг, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь сууц өмчлөгчдийн холбооны үндсэн үүрэг бөгөөд, “” СӨХ-ийн тамга тэмдэг, гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтыг “” СӨХ-ийн Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх, холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах тухай зөвлөмжүүдийг хүргүүлжээ.

            2.6. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 айлын 60 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл хүсэлтүүдийн хүрээнд Баянзүрх дүүргийн “Хөнжлийн төв” ОНӨААТҮГ-аас Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-ийн үйл ажиллагаа, удирдлагын зохион байгуулалт, бүртгэл эрх зүйн маргаантай асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулж, тус хяналт шалгалтаар “” СӨХ-ийн үйл ажиллагаанд санхүүгийн ил тод байдал хангагдаагүй, удирдлагын зохион байгуулалт, хариуцлага сул зэрэг зөрчил дутагдал илэрсэн хэмээн үзэж, тус төвийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 15 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Т.д дээрх зөрчлийг арилгаж, “” СӨХ-ийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох материалыг “” СӨХ-ийн Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхгүй байгаа тухай тайлбар, саналыг авахаар хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.

            2.7. Нэхэмжлэгч Т.Орилхүүгээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдлийн тайлбарыг хүргүүлсэн боловч тус тайлбар нь “” СӨХ-ийн тамга тэмдэг, гэрчилгээ бусад холбогдох баримтыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан шалтгааныг хуулийн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж дүгнэжээ.

            2.8. Ийнхүү Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “” СӨХ-нь үйл ажиллагаандаа ил тод байдал, хариуцлагын зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүгийн тайлан, орлого зарлагын мэдээлэл, дундын өмчийн ашиглалт болон засвар, СӨХ-ийн төлбөрийн зарцуулалтын талаарх мэдээлэл нь оршин суугчдад нээлттэй бус, удирдлагын зохион байгуулалт сул, оршин суугчдын оролцоо хангагдаагүй, дотоод маргаан үүссэн нь холбооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хууль дүрмийн хэрэгжилт хангалгүй, мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Т.г албан тушаалаас нь чөлөөлсөн боловч Т. нь холбооны ******* дугаартай гэрчилгээ болон тамга тэмдгийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхөөс татгалзсан, Т.д энэ асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа зөвлөсөн боловч өнөөг хүртэл биелэгдээгүй байх тул Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-ийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгож, “” СӨХ-ийн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол, гүйцэтгэх захирлыг шинээр томилсонтой холбоотой бүрдүүлсэн материалд үндэслэн “” СӨХ-д шинээр гэрчилгээ олгох тухай шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжилжээ.

            2.9. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10, 12 дугаар зүйлийг зөрчиж, хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаар дүгнэлтийг үндэслэн “” СӨХ-д 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлээс хассан тухай 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-д хүргүүлжээ.

            2.10. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г. нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 60 дугаар байрны үйл ажиллагааг хариуцан ажилладаг “” СӨХ-ийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хүсэлт, холбогдох материалыг хянан үзээд “” СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж дугаар гэрчилгээ олгожээ.

            3. Маргаан бүхий харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтын талаар.

            3.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүн сонгогдох боломжтой бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байхаар  мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заажээ.

            3.2. Энэ тохиолдолд холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаас сонгогдсон удирдах зөвлөл, уг удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирлын хооронд маргаан үүссэн, өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.8. “Удирдах зөвлөл дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 10.8.1. “холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох”, 10.8.2. “холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх” гэж зааснаар “” СӨХ-ийн удирдах зөвлөл хуралдаж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.г чөлөөлсөн нь маргаан дагуулж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг хариуцагч дүүргийн Засаг даргаас хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.

            3.3. Энэ хэсгийн 2-т заасан үйл баримтыг дүгнэн шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” А/69 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрэнд сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх, гэрчилгээг олгохтой холбоотой журмын заалтуудыг хэрэгжүүлж ажилласан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

            3.4. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9. “гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх” хуульчилсан үүргийг нэхэмжлэгчээс биелүүлээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

            4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан албан бичиг болон сууц өмчлөгчдийн холбоонд гэрчилгээ олгосон шийдвэр нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчид шууд сэргэх эрх байхгүй, энэ тохиолдолд СӨХ-ийн Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дүүргийн Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрх хуулиар түүнд үүсэхгүй гэж үзэхээс дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэрэг үүссэн байсан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, түүнийгээ бичгээр илэрхийлснийг шүүх хүлээн авч хууль зөрчөөгүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн төлбөрийг буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг баримтлан иргэн Т.гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн засаг дарга Г.ы 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “” СӨХ-д дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн засаг дарга Г.ы 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т. нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэр гарсныг үндэслэн хэн нэгнээс хүсэлт ирүүлээгүй байхад шинээр “” СӨХ-ны гэрчилгээ дур мэдэн гаргаж, “” СӨХ-ны хууль бус Удирдах зөвлөлийн гишүүдэд олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын “Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-н дарга Д.Мөнхжаргалын бүртгэсэн, гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН