Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00035

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/01260/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох” тухай,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваажав /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Миний бие энхэр *******тай 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Хүү ******* 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, хүү ******* 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэндэлсэн.

            Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан байсан. Сүүлийн жилүүдэд гэр бүлээс гадуур харилцаа үүсэж, байнгын хэрүүл маргаантай байх болсноор хоорондоо ярилцаж хоёр тийш болж 2017 оноос хойш тусдаа амьдарсан.

Бид хоёр тус тусын амьдралаа зохиож бусадтай хамтран амьдарч байна.

            Иймд гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдүүддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй хоорондоо тохиролцсон. Иймд гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн асрамжийг тогтоож өгнө үү гэжээ.          

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. 2 хүү маань миний асрамжид байдаг. Гэр бүлийн гадуурх харилцааг ******* өөрөө эхлүүлснийг би  2015 онд мэдээд 2017 он хүртэл хүлээцтэй байж зогсоохыг маш их гуйсан.

******* энэ хугацаанд ааш зан эвдэрч, маш их архи ууж намайг зодож, мэс хүртэл хүргэсэн. Энэ бүхнийг тэвчих аргагүй байсан болохоор түр тусдаа амьдарч гэр бүл үр хүүхэд ямар чухал гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. ******* хүслээр сууна гэж суугаад сална гэхээр салдаг ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолтой байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч Өөлд овгийн ******* *******, хариуцагч Бугунууд овгийн нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, нэхэмжлэгч ******* Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 2021 оны 10 дугаар сарын 11, 15 өдөр 140,400 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ундрамд даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

4.а. Хариуцагчийн эрх үүргийг хангаагүй илт нэг талыг барьж шийдвэр гаргасан тухайд: Гэрлэгчдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тайлбар гаргах боломж бололцоогоор огт хангаагүй. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4.б Миний бие гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байтал шүүх хуралдаанд оролцох боломж бололцоогоор хангаагүй хэр нь шүүх хуралдаанд оролцож маргасан гэх байдлаар дүгнэж гэрлэлтийг цуцалсанд гомдолтой байна. Сүүлийн 2 шүүх хуралдааны товыг надад огт мэдэгдээгүй байж хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

4.в. Дундын өмчлөлийн асуудал, хүүхдүүдийг миний бие асрамждаа авсан ч төлбөр тооцоо, ахуйн хэрэглээний мөнгөн хөрөнгийн тооцоог зайлшгүй шийдвэрлүүлэхийг хүссэн ч эрх үүргээр минь ч хангалгүй, тайлбаруудыг үнэн зөвөөр нь шийдвэрт тусгаагүй хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа “...миний үйлчлүүлэгч надад хэлэхэд дундын хөрөнгийн асуудал, хүүхдийн асрамж, тэтгэлийг тогтоолгохоор хэлж байсан. Миний хувьд үйлчлүүлэгчийн шүүх хуралдааныг товыг мэдэгдэж чадаагүй. Үйлчлүүлэгчтэйгээ холбогдож чадаагүй байгаа. Иймээс миний хувьд бодит хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудал хязгаарлагдлаа...”, мөн шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5033 тоот захирамжаар эвлэрүүлэх ажиллагаа авч эвлэрүүлэн зуучлагчаас уулзалт товлоход ******* удаа дараа эвлэрүүлэх ажиллагаанд ирээгүй явдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.

******* нь шүүхэд хэрэг шийдэгдэж байх хугацаанд эд хөрөнгийн маргаан гаргах боломж эрх нь байсан боловч уг эрхээ эдлээгүй.

*******д 2021.10.25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарласан баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул эрх эдэлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 608 тоот шүүгчийн захирамжаар хэргийг сэргээсэн, мөн өмгөөлөгч авах эрхийг нь хангаж сонгосон өмгөөлөгчийг өмгөөлөлд бэлдэх боломжит хугацаа өгөхөөр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан.

Мөн ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааныг товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр *******гийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ******* гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхдээ талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэснийг анхан шатны шүүх талуудыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангах ёстой байтал “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хариуцагч ******* хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар гэрлэгчид 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэснээр хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж дүгнээд шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн давж заалдах гомдлоос үзвэл анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон боловч шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ”, 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудын хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, зохигчдыг гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргах эрхийг нь хангаагүй, талуудын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч *******гийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид шүүгчийн захирамжаар олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАЙГАЛМАА                                                                

                                  ШҮҮГЧИД                                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                     Л.АМАРСАНАА