Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/12011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12,985,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Б.У, гэрч Г.А, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Шаарийбадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.С Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12,985,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 06 сарын 07-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хөлсөнд 3,150,000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 48 хоногт 756,000 төгрөг, 2024 оын 12 сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хөлсийг хоцроосонтой холбоотой алданги 609,500 төгрөг, 2025 оны 07 сарын 03-ны өдрөөс 09 сарын 07-ны өдрийг хүртэл гэрээг цуцлаагүйн улмаас учирсан хохиролд 7,700,000 төгрөг, зуучлалын агентын төлбөрөөс гэрээг цуцалсан хугацаанд ногдох төлбөр болох 770,000 төгрөгийг нийт 12,985,500 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид барьцаа мөнгийг буцаан өгөөгүй учир 2025 оны 06 сарын 07-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрийн хөлсийг барьцаа хөрөнгөөр төлсөн, хөлсийг төлсөн учир алданги тооцох үндэслэлгүй, хөлсөлсөн хугацаанд нэхэмжлэгчтэй тохироод төлбөрөө төлж байсан, нэхэмжлэгч өмнө нь алданги нэхэмжилж байгаагүй, одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хөлсөлсөн байрыг хүлээлгэн өгснөөс хойш 2 сарын төлбыг нэхэмжилж байгааг байр хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон учир төлөх үндэслэлгүй, зуучлалын гэрээг агент болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан, нэхэмжлэгчийн өөрийн сонголтоор хийсэн гэрээ учир манай талаас тухайн гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О , хариуцагч Б.С  нар 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4161 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-гээр /хх 10/ , 79,35 мкв 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх зорилгоор байгуулжээ.

Иргэний хуулий 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Орон сууц хөлслөх гэрээний 4,7-д зааснаар гэрээг талууд хугацааны өмнө цуцалж 2025 оны 07 сарын 03-ны өдөр хөлсөлсөн байрыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэжмлэгч хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчид болон гэрч Г.А нарын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Орон сууц хөлслөх гэрээний 3.2-т зааснаар орон сууцны 1 сарын хөлс 3,500,000 төгрөг, төлбөрийг 3 сараар урьдчилж төлбөр төлөх сарын 07-ны өдөрт багтаан шилжүүлэхээр тохиролцсон байна. Үүний дагуу хариуцагч төлбөрийг 2024 оны 12 сарын 07-ны өдөр 10,500,000 төгрөг шилжүүлэх байсан боловч 12 сарын 11-ний өдөр бүрэн, 2025 оны 03 сарын 07-ны өдөр шилжүүлэх 10,500,000 төгрөгийг 03 сарын 14-ний өдөр 8,900,000, 03 сарын 18-ны өдөр үлдэх 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар /хх 13-16/ тогтоогдож байна.

Дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 3,6-д зааснаар нэхэмжлэгч хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу нэхэмжилсэн боловч хариуцагч үүргийг хугацаандаа төлөх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэн, нэхэмжлэгч тухай бүр зөвшөөрч байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч хөлсөө хугацаа хэтрүүлэн төлснийг хүлээн зөвшөөрч дараагийн төлбөр болох хугацааг хүртэл алданги нэхэмжилж байгаагүй байна.

Орон сууц хөлслөх гэрээний 3.7-д Хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар болсон тохиолдолд хөлслүүлэгч тал барьцааны мөнгийг буцааж олгохгүй гэж заасан бөгөөд зохигчид гэрээг хугацааны өмнө цуцалсан учир барьцааны мөнгийг нэхэмжлэгч буцаан өгөх үндэслэлгүй байна.

2025 оны 06 сарын 07-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүй, барьцаа хөрөнгөөр тооцох нь үндэслэлгүй байх тул хариуцагч хөлсийг төлөх, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх алдангийг нэхэмжлэгчид гэрээний 3.6-д зааснаар төлөх үүрэгтэй байна.

Иймд 2025 оны 06 сарын 07-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хөлс 3,150,000 төгрөг, алданги 609,500 төгрөг, нийт 3,759,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2025 оны 07 сарын 04-ний өдрөөс 09 сарын 07-ны өдрийг хүртэлх 66 хоногийн байр хөлсөлсөн хөлсөнд 7,700,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигчид орон сууц хөлслөх гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нотариатаар гэрээг цуцлуулаагүй учир бусдад хөлслөх боломжгүй байсан гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан ба эд хөрөнгө хөлслөх гэрээг талууд зөвшөөрснөөр цуцалсан тул хариуцагч Б.С ыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул зуучлалын агентын төлбөрөөс гэрээг цуцалсан хугацаанд ногдох төлбөр болох 770,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,718 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.С аас 3,759,500 /гурван сая долоон зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,226,000 /есөн сая хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН